“Тахиа донгодохоор өглөө болдог” гэж боддог л хүмүүс МАН-ын толгойд гарч дээ! Маргаашийн мандах нарнаар шинэ Засгийн газар хуралдах байх гэж мөн ч олон иргэн, ААН хүсэн хүлээсэн. Удах тусам танхимаа бүрдүүлэх Ерөнхий сайдад улам хэцүү болж, дарамт шахалт, шивнээ, захиас ихсэж “шантааж”  гэгчдээ орно шүү дээ.
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал УИХ-ын чуулганыг сүүлийн удаа даргалж мэдэгдэл хийх үеэрээ “Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй” гэсэн. 

Дараа нь Засгийн газрын тамгаа гардан авсныхаа дараа “Бид бие биеэ ялах гэж мөчөөрхөх тус биднийг бүгдийг нь хамтад нь эдийн засгийн бодит хямрал ялна. Өөр хоорондоо зөрчилдсөөр байх аваас дэлхийн хямралын давлагаанд бүгдээрээ илүү хохирно” гэсэн билээ.
Хамгийн үнэ цэнэтэй капитал бол цаг хугацаа. Эргэж олддоггүй. УИХ шахалт үзүүлж цаг хугацааг бүтээмжтэй ажиллах ёстой. Гадаад нөхцөл байдал ч үүнийг шаардаж байна. Монгол Улс бидэндээ том ч дэлхийн бөмбөрцгийн гадна биш дотор оршдогийг бүү март.

Өнөөдөр юу болов? Засгийн газаргүй Ерөнхий сайд даргагүй УИХ-ыг удирдаж байна? Н.Учралын карьер уруудаад байна уу, өгсөөд байна уу, бүү мэд. Гэтэл бүх удирдлага МАН-ын даргын гарт буй. Юу хүлээв? Хэн хүлээлгэв?

Одоо ажлаа хийцгээе, Ерөнхий сайд аа! Шинэ Засгийн газар гэхээр “шинэ хүмүүс л хийдэг” мэтээр өрөөсгөл ойлгодоггүй байх гэж бодож байна. Та яарч байна уу? Бид яарч байна. Дэлхийн улс гүрнүүдийн хооронд явагдаж буй задрал өөрөө маш хурдтай байгааг та харж байгаа гэж найдъя.

Геополитикийн талаасаа бид “Газар зүйн хоригдол” гэдгээ цаг мөч бүхэнд мэдэрч, амсаж буй. Монгол гэдэг Улсад, Монголын төрд итгэж болох эсэхээс бидний ирээдүй шалтгаална. Үүгээрээ юу гэх гээд байна вэ гэхээр Монголын төр “худалч” хамтрагч биш гэдгээ дэлхийн тавцан дээр харуулах шаардлагатай байна. Хөршүүдэд, гадны хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтворгүй байдлаар “имиж”-ээ болгож “ондоошсон Засгийн газартай хамтарч ажиллах сонирхол “үүсэхгүй”.

Жишээ нь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай “өчигдөрхөн” бусад оронд экспортын хориг тавьчихаад Монголд л нэмэхгүй гэсэн “алтан нөхцөл” өгч шатахууны гэрээ хийчихээд, “маргааш” өөр сайдтай танилцаж, дахин тэр тухай яримааргүй байна. Онгоцны шатахууны гэрээ л гэхэд "шинэ" сайдтай ямар хөг аясаар ярихыг бүү мэд. Лав л адилгүй. Монголчууд ажлаа алдчихсан байлаа гэхэд Оросын Засгийн газарт энэ нь хамаагүй шүү дээ.

Зам, тээврийн салбарт олон жил ярианаас цааш хөдөлж өгөхгүй байсан, улстөржсөн хэрүүл маргаанаар “цементлэгдсэн” гэрээнүүд ажил хэрэг болж, томоохон бус маш том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ. Дуусгаад хүлээлгэж өгөх нарийвчилсан цаг хугацаа, төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ ч бас монголчуудад төдийгүй Хятадын Засгийн газар Монголын Ерөнхийлөгч, Засгийн газартай хэлэлцэж тохирсон, УИХ-аар нь батлуулсан ажлынхаа үр дүнг үзмээр байгаа хэрэг. Гэтэл дотооддоо зодолдоод дэлгүүрийн захирлаар энэ төслийг чинь ахлуулж дуусгахаар шийдчихлээ гэвэл яах бол?

Тэгэхээр улс орны эрх ашгийн талаасаа “Стратегийн ач холбогдолтой” сайд нар гэж байдаг юм аа. Хэрэгжүүлж дуусгаад ард түмэнд ашгий нь хүртээхээс нааш тэр сайд нарыг сольж, төлөвлөгөөтэй, хугацаатай хэрэгжиж байгаа ажилд өөрийн талаас саад үүсгэж болохгүй. Сайд нь нас барчихсан бол өөр хэрэг. Гэтэл улс төрийн хэрүүл маргаанаа шийдэх гээд сайдыг нь сольчихсон гэвэл тэнэг хэрэг болно шүү.

Эрчим хүчний салбарын төслүүд бараг л гацаж эхэллээ. Учир нь хэлэлцэж тохирч, гар хөл, сэтгэл санаа нь нийлж ажиллаад байсан сайдыг нь “зайлуулчихсан”. Сонирхолтой нь “зайлуулсныхаа дараа” Засгийн газар нь тэр сайдын хүсээд гуйгаад байсан эрчим хүчний үнийг нэмж байж л эв зүйндээ орох юм байна гэдгийг “ухаараад” шийдвэр гаргасныг юу гэж ойлгох вэ? Мөнөөх л “мунхаг” улс төр.

Тэгэхээр ялангуяа хөршүүдтэй, гадаадын улс орнуудын Засгийн газар, ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэх нэн хөнгөлөлттэй нөхцөл боломжийг арайхийн олж авсан томоохон төслүүд гацдаг шалтгаан нь манай хоосон улстөржилтөд л байдаг. Алваа улсын тухайн салбарын сайдтай танилцана, сайдыг мэдэрч харилцана, хамтын ажиллагаа үүсгэнэ гэдэг маш урт хугацааг даван туулдаг. Энэ үгийг Төрийн тэргүүний чөлөөт яриан дундаас олж сонссон юм шүү.

Тэгэхээр шинэ сайд гэдэг тэр бүр сайн сонголт байдаггүй. Урт хугацаанд ажлыг гүйцэтгэж үр дүнд хүрч ард олондоо үр шимийг нь үзүүлнэ гэдэг маш том ач холбогдолтой. Ард нийтээрээ үүнээс хождог. Хатуухан хэлэхэд “САЙД” бол Засгийн газрын “хувцас, гоёл” биш. Ажиллах хүч! Үүнийг л ухаарч сэхээрэн, ажил хэрэгч байдлаар төрийн ажлыг тасалдуулахгүйгээр ажиллаач ээ гэж шинээр томилогдсон Ерөнхий сайд, МАН-ын даргаас хүсэж байна.