Тэнцвэрт гадаад харилцаа

Олон улсын гадаад харилцаа цэрэг, улс төр, эдийн засаг, байгаль орчин, шашин шүтлэг олон зүйлээс хамаардаг ч ерөнхийдөө “тэнцвэр” гэдэг ганц үгэнд багцлагдана. Эхэн үеийн эрдэмтэд “хүчний тэнцвэр”-ээр тайлбарлаж байсан бол хожим “аюул заналын тэнцвэр”-ээр тайлбарлав. Хаана тэнцвэр алдагдана тэнд хямрал, дайн тохиолдож дараагийн тэнцвэрийн цэг дээрээ тогтдог. Тэнцвэрийн цэгийг тогтоогч улс гүрнүүдийн тохиролцооноос бусад жижиг улсууд өөрсдийн байр сууриа олж авна. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, комунизмын нуралт манай улсын ардчилал, тусгаар тогтнол, цаашдын тавиланд онцгой нөлөөлсөн билээ.

Монгол Улсын гадаад бодлого ч “тэнцвэр”-ийг баримталдаг, энэ тэнцвэрээс аль нэг тийш хэлбийх тусам бидэнд аюултай. Манай улс Япон, Солонгос, Австрали, Пакистан нарын хамт “NATO Global Partners” найман гишүүн улсын нэг. Түүнчлэн НАТО-ын эсрэг гэмээр ШХАБ-ын ажиглагч гишүүн улс. АНУ, ОХУ, БНХАУ гурвуулантай нь стратегийн түншлэлийн найрсаг харилцаатай. Ийм “тэнцвэртэй” гадаад харилцаатай улс дэлхийд бараг байхгүй. Товчхондоо Монгол улсын ардчилал, тусгаар тогтнол Орос, Хятад, Баруун ба гуравдагч хөрш гэсэн тулгын гурван чулууны тэнцвэр юм. Энэ гурван талын нөлөөлөл тэнцвэртэй байж бидний гадаад бодлого амжилттай үргэлжилнэ, аль нэг тийш хэлбийх юм бол тогоотой ус асгарна л гэсэн үг. Олон нийтийн үзэл санаа барууныг хэт шүтсэн, оросыг хэт шүтсэн, хятадыг хэт шүтсэн аль нь ч байж болно. Харин Төр “тэнцвэр”-ийн цэгээ л барих учиртай. Ер нь ч манай олон нийт “ояа”, “мояа”, “хуяа”, “ууяа”, “нөүваар”, “америк тролл” гэж хуваагдаж хэрэлддэг нь угтаа эрүүл бөгөөд тэнцвэртэй үзэгдэл юм.

Түүхэнд байгаагүй найрсаг харилцаа

Монгол, Хятадын харилцаа түүхэнд байгаагүй найрсаг хэмжээнд байгаа тухай аль аль талын албаныхан онцолж байгаа. Гэхдээ найрсаг гэдэг нь тэнцвэрээс хазайж урд зүг хэлбийхийн нэр бишээ, ердөө л манайхан “хэлсэн амандаа хүрдэг” болж эхэлсэн хэрэг. Төмөрзам, Тавантолгой дээр сүүлийн 10-20 жил хятадын талтай ярьж тохирсоноосоо эргэж буцсаар, нэг толгой нь нэг өөр юм, нөгөө дарга нь бүр өөр юм ярьсаар “учир нь ойлгогдохгүй” өдий хүрсэн. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, хоёр улс харьцангуй ажил хэрэгч, бодит шийдлүүд гаргаж буй. Жишээ нь 2022 оны хоёрдугаар сард Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн холболтын цэгийг харилцан тохирч, 16 жил гацсан асуудлууд эцэслэгдэн шийдвэрлэгдлээ. Мөн өнгөрсөн оны наймдугаар сард Ван И-ийн айлчлалаар алдарт Гашуунсухайт-Ганцмод боомтын техникийн нөхцлийг тохиролцох санамж бичиг зурав. Улмаар есдүгээр сард нь Тавантолгой-Гашуунсухайтын алдарт 267 км зам маань нээгдэж, саяхан буюу 2023 оны 6-р сарын 14-нд нь хил холболтын төмөр замыг Хятадын талаар гүйцэтгүүлэх шийдвэр гарсан юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам тавигдаж, Ханги-Мандал боомт байнгын ажиллагаатай болох гэж байна. Мөн саяхан тавдугаар сард Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гадаад бодлого нэн түрүүнд өөрийнхөө ашиг сонирхлыг тодорхойлох, дараа нь цаад талынхаа ашиг сонирхлыг мэдэх, улмаар хоёр талын ашиг сонирхол дээр огтлолцох цэгээ тогтоож, эцэст нь арга хэрэгслээ бүрдүүлэх ёстой. Ши Жин Пин бүрэн эрхээ баталгаажуулсаны дараа хамгийн түрүүнд дурдсан мэдэгдэл нь Хятадын баян хоосны ялгааг арилгах, тэр дундаа хөгжлөөр хоцрогдож буй зүүн хойд мужуудаа тэнцвэртэй хөгжүүлэх тухай байв. Ухаандаа Хятад улс зүүн хойд мужууддаа өөрсдийн гэсэн “Шинэ сэргэлтийн” бодлого хэрэгжүүлж таарах нь. Энэ зорилго нь манай улсын хөгжлийн зорилготой энэ цаг үед яв цав огтлолцож байна. Ашиг сонирхол бол хоёр талаас бүрдсэн. Нүүрсийг бол зарж чадах, зөөж чадах хэмжээнд чинь авья л гэнэ, зөвхөн нүүрсний экспортоо гэхэд л гурав дахин нэмэх боломжтой. Харин арга хэрэгсэл нь өнөөх л “боомтын сэргэлт”, “энэ олон” төмөр зам, хоёр талын гэрээ, хэлэлцээр юм. 

Халуухан жил хагас

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хоёр дахь удаагаа БНХАУ-д айлчлах гэж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Бээжингийн олимпын нээлтийг тохиолдуулан анхны айлчлалаа хийж байв. Үүнээс хойш жил хагас хүрэхгүй хугацаанд дэлхий ч, Хятад ч өөрчлөгджээ. Украйны дайнаас дэлхийн эдийн засагт хүндрэл үүсч, нэг талаас Орос, Хятад нөгөө талаас барууны орнуудын харилцаа түүхэнд байгаагүй хурц, төвөгтэй болж ирэв. Хятадын дотоодод комунист нам, төрийн удирдах бүрэлдэхүүнд ч өөрчлөлт гарч, цар тахлын хөл хорио, хязгаарлалтын хатуу дэглэмүүд дуусав. Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тэтгэвэртээ гарсан. Харин шинэ Ерөнхий сайд Ли Чяны хамгийн эхэнд хүлээн авч уулзаж буй Засгийн газрын тэргүүн нарын нэг нь Л.Оюун-эрдэнэ бөгөөд ингэсэнээр бүрэн эрхийн хугацаандаа БНХАУ-ын хоёр Ерөнхий сайдтай уулзсан Монголын анхны Ерөнхий сайд болж байна. 

Жил хагасын л өмнө Хятадын эрх баригчид цар тахалтай тэмцэх, олимп зохион байгуулах, ХКН-ын их хурлаар эрх мэдлээ хадгалж үлдэх зэрэг дотооддоо халуухан цаг үеийг туулав. Манай улсын хувьд ч улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал халуухан байлаа. Товчхондоо аль аль талууд улс төрийн хувьд халуухан жил хагасыг туулаад, одоо дараагийн албан уулзалтаа хийж, харилцаагаа дараагийн шатанд гаргах гэж байна.

Эрчим хүч

Хэдийгээр барууны ертөнцийн эсрэг талд хоёул зогсож буй ч орос хятад хоёр яг Монголын хувьд өөр өөрсдийн байр суурь, ашиг сонирхолтой. Монгол Улсыг эрчим хүчний хувьд хараат байлгах Оросын бодлого бол Хятадын бодлого биш. Тиймээс бидний хувьд хоёр хөршийн ашиг сонирхлын дунд өөрийн ашиг сонирхол дээр тулгуурласан “тоглолт” хийх боломжтой. БНХАУ-ын дэмжлэгээр 90 мегаваттын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн ажил идэвхтэй өрнөж буй. Уг айлчлалын хүрээнд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал ажил хэрэг болох хүлээлт байна.

Дэлхийн эрчим хүчний чиг хандлага буцаад цөмийн эрчим хүч үрүү шилжиж, Франц улс Хятадтай хамтарч атомын цахилгаан станц байгуулах нь тодорхой болсон. Францын компани монголд ураны ордыг ашиглахаар зорьж ажиллаж буй. Францын ерөнхийлөгч Макрон ч саяхан айлчлаад явсан нь энгийн явдал биш байх. Товчхондоо франц, хятадын хамтарсан атомын цахилгаан станцын түүхий эдийг монголоос хангаж чадвал хятад-монгол-франц гэсэн гурвалсан хамтын ажиллагаа хөгжих цонх бидэнд бий. Айлчлалын хүрээнд яригдах нэг сэдэв. 

Анхаарал татсан Монгол

Айлчлал зөвхөн БНХАУ-ын өндөр албан тушаалтнуудтай хийх уулзалтаар хязгаарлагдахгүй, энэ сарын 27-29-нд Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ)-ын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулган зохион байгуулагдах бөгөөд үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна төр засгийн удирдагч нар, үндэстэн дамнасан корпорациуд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд нарын 1,500 гаруй төлөөлөгч оролцох аж. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголд НҮБ-ын ЕНБД, Францын Ерөнхийлөгч, Польшийн Ерөнхийлөгч, ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй олон орны Төрийн өндөр дээгүүр албаныхан, Гадаад хэргийн сайд нар ар араасаа айлчилсан явдал нь дэлхийн хамгийн “хэцүү төвөгтэй” хоёр том улсын дунд хавчуулагдсан Монгол улсыг дэлхийн анхааралд орж байгааг харуулж буй. Ийм сонирхолтой цаг үед болж буйгаараа энэ удаагийн айлчлал онцлогтой. Тун удахгүй олон улсын эмэгтэй сайд нарын чуулга уулзалт Монголд зохион байгуулагдаж, Ромын Пап түүхэн айлчлал хийх гэж байна. Украйны дайнтай холбоотойгоор нөхцөл байдал сараар биш өдрөөр өөрчлөгдөж буй эгзэгтэй үед Монгол улс өөрсдийн байр суурь, өөрсдийн тэнцвэрт гадаад харилцааг улам бататгах нь чухал юм.