Ерөнхий сайдын ноорог намтар
“Улс төрчид юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай“
2025.06.04.
Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо. Амархан асуудал хэдий ч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сэдэв солих аргаар Баялгийн сан, Ухаа худаг, мега төслүүд, ардчиллын хувь заяа, Монгол орны ирээдүйг хүртэл дуудаж нэлээд хэд хоног чаргууцалдав. Хөндлөнгөөс энэ бүхнийг эрх мэдэлтнүүдийн ил далд тэмцэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хүчний дахин хуваарилалт, улс төрийн ямар нэгэн төвөгтэй үйл явцын илрэл, тогтолцооны хямрал хэмээн тайлбарлах нь холгүй байв. Үндсэн хуулийн зарим нэг заалт буруутлаа. Монголын ардчиллаас айсан урд, хойт хөршийн явуулгыг олж харсан нэгэн зурагтаар ярив. Мартсанаас, Женко-гүйгээр “бүтэхгүй юм” үгүй тул түүнийг хаагуур ямар юмаа хийгээд явааг үе үе нэхэж байлаа.
Яг үнэндээ аль нь ч биш. Том том тайлбар хийснээс биш шалтгаан нь тун энгийн. Хагас сарын өмнө амралт, наадам руугаа зугуухан хандаж байсан монголын улс төр Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээг харуулсан нийгмийн сүлжээний хэдэн пост, түүнд дургүйцэж талбай дээр гарсан залуучууд, гэхдээ тэднээс биш харин Л.Оюун-Эрдэнээс өөрөөс нь болж сад тавьсан юм. Цүнх, бөгж сэлтийг гялс тайлбарлаад салахын оронд хувийн асуудлаа төрийн хэрэг болгож Засгийн газраа самарлаа. “Би үхэхээр бүгд үхье”. Ардчилсан Намын хөөсөн нь бага хэрэг. Өөрөө дарга нь МАН-ыгаа, өөрөө тэргүүлдэг Засгийн газраа, сүүлдээ нам нь олонхи болсон УИХ-ыг барьцаалахыг оролдож “Огцрох амархан, үр дагаврыг бодоорой” хэмээн айлгаж, танхим дотроосоо хуйвалдсан. Гашуунсухайтад төмөр замын нээлтэд оролцоод ирэхэд нь дараачийн Засгийн газар бараг тодорчихсон байсан хэмээн гоморхож чадлаараа зууралдав. Даанч ганц ч нэр хэлсэнгүй. Цаг нь болохоор зарлах хоббитой Ерөнхий сайдын цаг нь болов.
Хэвлэл мэдээллийн хувьд сургамжтай явдал боллоо. Эгзэгтэй мөчид амиа хоохойлохын тулд яаж ч түйвээж мэдэхээ харуулсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж жинхэнээсээ хэн бэ? Ийм байсан уу, хожим ийм болов уу? Түүнийг бүр улс төрд орохоос нь сэтгүүлчид энэ асуултын хариултыг олох байсан юм. 1990-ээд оны төгсгөлөөр сэтгүүлч Нямбуугийн Билгүүн “Ирээдүйн Ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” уриатай “Дээдсийн хүрээлэн” сонин гаргаж байлаа. Чадаагүй ч оролдсон нь сайн хэрэг. Харин ирээдүйн Ерөнхий сайд нарыг хүмүүжүүлэхийг орхигдуулжээ.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хувьд төрсөн нь гарцаагүй үнэн. Түүнийгээ он сар өдөртэйгээр бичдэг нь сайн хэрэг. Бас дунд сургуульд суралцаж төгссөн байх магадлал 100 хувь учраас түүнийг дээд сургуульд элсэн орсноос хойшхи намтрыг албан ёсны болон өөр бусад хэдэн эх сурвалжаас харьцуулж үзлээ. Википедиа-г албан ёсны эх сурвалж гэж үзэхгүй ч бага сага уншив. Тэнд өгүүлэл оруулахдаа гадаад дотоодгүй, тал талаасаа харилцан хянаж бичилцдэг зарчимтай бөгөөд улс төрчдийн намтрыг төдийлөн тоодоггүй, хуруу хошуу дүрээд байдаггүй, харин эзэд нь даварч дураараа дургасан харагддаг. Википедиа дахь монголын улс төрчид гэж төгс хүмүүс. Өмнөх Ерөнхийлөгч нарын нэг нь намтраа улаан цайм сайжруулж байгаад баригдсан удаа бий. Л.Оюун-Эрдэнийн намтрын англи, орос хувилбарууд ерөнхийдөө гадаад сурталчилгааны агуулгыг агуулсан тул улс орноо бодоод орхиё. Харин хятад зэрэг хэл дээрх намтарт зарим нэг сонин баримт нүдэнд туссан.
Сургууль, боловсрол, эрдмийн зэрэг цол
Засгийн газрын албан ёсны mongolia.gov.mn сайт:
2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
2015 онд АНУ, Харвард Кеннеди их сургуулийн Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
УИХ-ын parliament.mn сайт:
2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
wikipedia.org:
Л.Оюун-Эрдэнэ 2008 онд Монгол Улсын Их сургуулийг Эрхзүйч мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн. Улмаар 2011 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Улс төрийн шинжлэх ухааны Магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2015 онд Харвардын их сургуулийг төрийн бодлогын чиглэлээр Магистрын зэрэгтэй төгссөн. Харвардын их сургуульд суралцсанаар төрд зүтгэх мэдлэг, чадвар, итгэл үнэмшлээ илүү их олж авсан гэж тэрбээр олзуурхдаг.
2008 онд хэвлэгдсэн “Алсын хараа” номын хавтсан дээр
2006 онд Австралийн Мельбурний их сургуульд олон улсын хүмүүнлэгийн хөгжлийн ажилтны мэргэшлийн зэрэг хамгаалсан. 2008 онд МУБИС-д нийгмийн ухааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, докторант.
МАН-ын nam.mn сайт:
Мэргэжил: Төрийн удирдлага
Энэ нөхөр нэлээн эрт эхэлсэн юм биш үү? “Би гучтай байхдаа хотод орж ирсэн ш дээ” гэж өөрийн амаар гайхуулж суугаа бичлэг нь алдартай. Тэгвэл 1980 онд төрсөн, 1998 онд 10-р анги төгссөн тэрбээр 2001 он хүртэл “Бэрс” дээд сургууль (гуравхан жилд багтааж?) болон дараачийн хэдэн их дээд сургуульд суралцаагүй болж таарна. Хэрвээ 2005 онд Австралид мэргэжил дээшлүүлсэн юм бол Бэрхээс шууд Мельбурн ниссэн байх нь. Тэнд очоод юу судалсан нь бас зөрүүтэй. УИХ-ын намтарт Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бол “Алсын хараа” номондоо олон улсын хүмүүнлэгийн хөгжлийн ажилтны мэргэшлийн зэрэг хамгаалсан гэжээ. Зүгээр нэг дээшлүүлээгүй, хамгаалсан гэнэ шүү! Мөн 2008 онд МУБИС ба МУИС хоёрыг зэрэг дүүргэжээ. Тухайн он жилүүдэд лав МУИС-т хамт суралцсан байх учиртай хүмүүс Оюун-Эрдэнийг санадаггүй, төгсөгчдийн жагсаалтаас хайгаад олдоггүй гэсэн. “Бэрс”, МУИС, МУБИС-ын дипломуудыг нь үзээд өгөх юмсан. Ийнхүү сэтгүүлч, эрх зүйч, боловсрол судлаач, улс төр судлаач атал МАН-ын сайтад мэргэжлийг нь зөвхөн төрийн удирдлага гэжээ. Төр удирдахаар төржээ гэсэн санаа. Харвардад суралцсаныг 2017 онд УИХ-ын гишүүн А.Ундраа хэрхэн дүгнэснийг бүгд мэднэ.
Намтрыг ингэж бичихгүй ээ. Энэ бол зөвхөн Оюун-Эрдэнэд биш бүх улс төрчдөд хамаатай. Үүнээс хойш ганц он, сургуулийн нэр биш, яг хэдэн онд аль салбарт элсэж ороод хэдэн онд ямар юугаар төгссөнийг бүрэн бичдэг, тэгэж бичихыг нэхдэг болъё. Сайнхүүгийн Ганбаатар гишүүн Монгол, Орос, Английн дөрөв, таван их сургуулийн нэрээр олон жил рекламдаж явсан ч нэгийг ч (!) дуусгаагүй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрч байлаа.
Ажилласан байдал:
Засгийн газрын албан ёсны mongolia.gov.mn сайт:
2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002-2008 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал
2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
УИХ-ын parliament.mn сайт:
2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
МАН-ын nam.mn сайт:
Ажил Мэргэжил:
Төрийн албанд. Баянзүрх дүүргийн ЗДТГ. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга. 2007-01-01 — 2008-01-01
Төрийн албанд. Бэрх ЗДТГ. Тамгын газрын дарга. 2001-01-01 — 2002-01-01
Төрийн албанд. Улсын Их Хурал. УИХ-ын гишүүн. 2016-01-01 — 2020-01-01
Улс төрийн ажилтан. Монгол Ардын нам. ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч. 2012-01-01 — 2012-12-31.
Улс төрийн ажилтан. Монгол Ардын нам. Нарийн бичгийн дарга. 2011-01-01 — 2012-01-01
Хувийн хэвшил. Дэлхийн зөн Монгол ОУБ. Бүсийн захирал. 2002-01-01 — 2007-01-01
Улс төрийн ажилтан. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл. Хэрэг эрхлэх газрын дарга. 2008-01-01 — 2010-01-01
Бусад. Монгол Улсын Засгийн газар. Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга. 2019-01-01 — 2021-01-01
Бусад. Монгол Улсын Засгийн газар. Монгол Улсын Ерөнхий сайд. 2021-01-01
Улс төрийн ажилтан. Монгол Ардын Нам. Монгол Ардын намын дарга. 2021-03-01 —
wikipedia.org (монгол):
2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 41 насандаа Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.
2021 оны 6 дугаар сарны 25-нд МАН-ын XI Бага хурал хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон байна.
Тэрбээр 2001 онд Бэрх тосгонд тамгын газрын дарга болжээ. (Урьд галч, жижүүр хийж үзсэн бол байдаг л зүйл) Тэндээ нэг жил ажиллаад Дэлхийн зөн хэмээх христийн, гэхдээ үүнийгээ албан ёсоор хэлдэггүй олон улсын буяны байгууллагад ажилд оржээ. Тэнд бүр Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал байсан ажээ. Бүхэл бүтэн тив хариуцаж яадаг албан тушаал вэ? Википедиа-гийн хятад дээрх намтарт түүнийг “Дэлхийн Зөн-д ажиллаж байхдаа олон нийтийн байгууллага, хүүхдийн байгууллагад тусалсан нь түүнийг Монголын залуу үеийнхний дунд нэр хүндтэй болгосон” (Google translate-ийн орчуулга) гэжээ. Харин энэ зургаан жилийн хугацаанд христийг шашинд орж “Амьд үг” христийн сүмд пастор болж бужигнуулсан тухайгаа огт ярьдаггүй. Усан баталгааг нь харж байсан хэд хэдэн хүнийг мэднэ. Ер нь манай улс төрчдийн намтарт шашин шүтлэгийн талаар огт байдаггүйг залруулах хэрэгтэй.
2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга болсныг хятад хэл дээрх википедиа-д дурдахдаа “орон нутгийн сонгуульд 100 хувийн санал авчээ”. Хэрвээ энэ үнэн бол Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хэрэг. Эндээс мэдэж авсан бас нэг сонин гэвэл “Оюун-Эрдэнэ 2009 онд тухайн үеийн МАХН-ын Удирдах хорооны Ерөнхий газрын даргаар томилогдсон. Тэрбээр “Хэлэлцэх асуудал No6” шинэчлэлийн төлөвлөгөөг санаачлан боловсруулж, намын нэрнээс “хувьсгал” гэдэг үгийг хасах санал гаргасан. Энэхүү санал нь намын удирдлагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нам дотроо хагарал үүсгэж, эцэстээ 2012 оны УИХ-ын сонгууль бүтэлгүйтэхэд хүргэсэн” (Google Translate-ийн орчуулга) юм байна. Энэ ч арай дэндэнэ ээ. Ийм учраас хятад википедиа-г бүрмөсөн орхиё.
2000-аад оны эхээр Намбарын Энхбаярын засаглал эхлэхэд МАХН-ын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд цугларсан залуучуудын амбиц дийлдэхээ болив. Тэд Ерөнхий сайд дээр орж “бид хүртмээр байна” гэсний дагуу Ашигт малтмалын газрын даргаар гол усны нэртэй нөхрийг тавьж өгсөн гэдэг. “МАСЗХ-ны удирдах ажилтнуудыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцуулах” (үнэхээр тийм нэртэй) бүхэл бүтэн хөтөлбөр зарлаж байлаа. Мөнгө төгрөг нь илүүдэж эхлэв. Чухам тэр үед Хадгаламжийн банкны Чимэдцэрэн тэргүүлэн казино тоглосон хэрэг дэгдэж тус холбооны хэд хэдэн зүтгэлтэн шүүхээр орж, тэдний нэг Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордны ард, хүүхдийн тоглоомын талбай дээр М.Энхболдоос газар авч “Солонгост оёдолчин хийдэг эгчийнхээ явуулсан мөнгөөр” үйлчилгээний төв барьж цаашдаа шударгаар амьдрах болсон билээ.
Тэгвэл МАСЗХ-нд арай хожуу орж ирээд Ерөнхийлөгчийн сонгуулиар Намбарын Энхбаярыг дэмжих Number One хөдөлгөөнийг санаачилж тодорсон Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа шийрийг хатаах болов.2012 онд Д.Амарбаясгалангийн хамт АНУ-д МАСЗХ-ны нэрээр компани байгуулж, албан ёсны төлөөлөгчтэй болж, даанч МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн намынхаа залуучуудыг АНУ-д аялуулж, тэгснээ намаасаа шилжүүлсэн хувьдаа нэхэж, улмаар шүүхдэлцсэн зэрэг үйл явдлууд хөвөрчээ. 2010-аад оны эхээр 11-р хороололд Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын хоёр давхар байранд “Голден бридж” нэртэй хэлний сургалтын төв ажиллаж байсан. Үүсгэн байгуулагч нь Л.Оюун-Эрдэнийн найз П.Мэндбаяр, харин захирлаар нь Оюун-Эрдэнийн эхнэр Б.Туул ажиллаж байв. (П.Мэндбаяр, Б.Туул хоёр бас Бэст дриллинг нэртэй компанийн эзэмшигчид гэж бичигддэг). Энэ сургалтын төв Төрийн албан хаагчдыг сургах нэрээр улс төсвөөс ямар нэгэн тендергүйгээр 2,5 тэрбум төгрөгийг авсан нь баримттай, харин Оюун-Эрдэнийн Харвардад суралцсан зардал мөн төсвөөс “Голден бридж”-ээр дамжин гарсан байж магадгүй сураг байсан.
Ингээд Харвард хүрээд зогсоё. Хориод жилийн өмнө сургууль соёл, диплом сэлтээсээ эхлэн жижиг сажиг худлыг үйлдэж, тэр нь зүгээр өнгөрмөгц тамга тэмдэг, төгрөг доллар луу өсч дэвжин ял зэмгүй мултарсаар намтраа цэвэрлэж аваад 2016 онд УИХ-д оржээ. Дараачийн амбицаа барьж ядаад 2018 оны 12-р сард (дараачийн сонгуулиас жил гаруйхны өмнө!) УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын эсрэг чуулганы танхим дотор биш Сүхбаатарын талбай дээр тансаглан босч (хэн санхүүжүүлсэн? “Голомт” гэж үнэн үү?) дараачийн албан тушаалаа булаан авах хүртэлх болон хойшхи намтар, цаашилбал Оюун-Эрдэнийн гэр бүлийн байдал бусад Ерөнхий сайдуудтай харьцуулахад хаалттай, дуудлагаар үйлчилдэг хэдэн сэтгүүлч, хувийн пиар компанитай, тэдэндээ тендергүйгээр төсвийн мөнгө өгч нийгэмтэй харьцаж ирсэн, тэр нь хөрөнгө орлогын мэдүүлэгт огт тусдаггүй, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Улаанбаатараас ярьж байна”, “Зориг” зэрэг заваан ярилцлагуудаар телевизүүдийг дүүргэсний наана цаана үлдсэн цагаан толбууд сөхөгдөлгүй хэвээр өнөөдрийг хүрсэн байх юм.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн жинхэнэ намтрыг эртхэн бичих ёстой байжээ. Нүдний өмнө ил мэт боловч эмх замбараагүй, хараал ерөөл хов живтэй холилдсон баримт мэдээлэл, үгийн алдаа, амны хий төдий байсан зүйлүүдийг эргэн нягталж монголын улс төрчдийн ноорог төдий намтрыг Л.Оюун-Эрдэнээр дуусгаж, одоо гуч хоногийн дотор томилогдох ёстой дараачийн Ерөнхий сайдаас бүрэн намтрыг эхлүүлэх цаг болжээ. Эс тэгвээс шинэ үе маань ахмад байтугай дунд үеийнхнийг #Огцрох амархан гэж байгаад хүмүүжүүлэхэд хүрч байна. Албан ёсны намтар бол албан ёсны намтар. Намтраа хэр үнэн бичсэн, юуг бичээгүй, нуусан, “мартсан”-аас бүгдийг мэдэж болох ажээ. Улс төрчид юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай.
P.S:
Би үргэлж боддог юм. 2004 онд TV9 телевизийг японы тэр байгуууллагаас Намбарын Энхбаярт бэлэглэсэн гэх тэр албан бичгийг үзэх юмсан. Цаадуул нь харь орны Ерөнхий сайдад телевиз өгч болохгүйг мэдэхийн дээдээр мэдэх учиртай, энэ байтугай юм гарвал бөхөлзөөд огцордог улс. Хэрвээ тэр телевизийг Ганданд хүлээлгэж өгсөн бол Н.Энхбаяр хүмүүжлээ алдахгүй, “Өргөө” зочид буудалд санаархахгүй, тэгээд орон шоронд орохгүйсэн.