Цагаан хэрэм
1945 оны 8-р сарын хорьдоор монголын морьт цэргүүд дахин Цагаан хэрмийг хүрсэн, бүр давсан
2025.09.03.
Улс үндэстэн бүрийн түүхэнд хэзээ мартагдахгүй онцгой үйл явдлууд байдаг. Түүхийн бүхэл бүтэн үе, олон жил үргэлжилсэн дайн тэмцэл, өөдөлж уруудахын эхлэл юмуу төгсгөлийн цэгийг хатгаж, билэг тэмдэг болж үлдсэн тэр цаг мөчийг хэлж байгаа юм.
Хорьдугаар зуунд 1945 онд Рейхстагийн оройд Улаан арми улаан туг мандуулсан, 1961 онд Юрий Гагарин сансарт ниссэн, америкчууд саран дээр бууж “энэ бол хүний ганц алхам боловч бүх хүн төрөлхтөний хувьд аварга үсрэлт” гэж хэлсэн, 1989 онд хоёр Герман нэгдсэн (тэр өдөр нь өнөөдөр, сая хажуугаар нь явахад Германы ЭСЯ баярын арга хэмжээтэй, урдах замыг хаасан харагдав) зэрэг бол тэдгээр улс орнуудын хувьд тийм чухал үйл явдал. 1964 оны Токиогийн олимп, 1988 оны Сөүлийн олимп бол энэ хоёр улс дайны сүйрэл, хямралын дараа хөл дээрээ босч бяр амтагдсаныг илтгэх онцгой үйл явдлууд.
Заавал агуу том үйл явдал байх албагүй. XX зууны монголын хувьд Богд хаант Монгол улсыг тунхагласан 1911.12.29 гээд олон бий, гэхдээ ганцыг нэмэхсэн. Тэр бол Их Монгол Улсаас хойш хагас мянган жилийн дараа монгол цэрэг хятадууд нүүдэлчдийн нутгийг тусгаарлаж босгосон Цагаан хэрэмд хүрсэн явдал. Бүр хоёр удаа!
1913 оны таван замын байлдааны үеэр Богд хааны цэрэг Цахарын нутагт баахан байлдаж Цагаан хэрмэнд тулж очоод төдөлгүй буцжээ. Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэг байх. Тэгэхэд “ардын засаг” байтугай аппарат хэрэгсэл ч гэж юу байлаа, нотлох баримт үгүй биз. Хятадуудад байж таарна, гэхдээ тэд “үхэр жилийн үймээний” архивыг нээж бидэнд үзүүлэхээс өнгөрсөн. Хятадтай дайсан, улаан хамгаалагчид дайрч магадгүй санагддаг байсан тэр цаг үеийн сурагч би нэгэн романд (хэрвээ би андуураагүй бол С.Дашдэндэв гуайн “Улаан наран” роман) монголын цэргүүд Өвөр монголын нутагт хятадын хар цэрэгтэй байлдаж байгаа тухай уншаад хэрэндээ бахдаж байснаа мартдаггүй.
1945 оны 8-р сарын хорьдоор монголын морьт цэргүүд дахин Цагаан хэрмийг хүрсэн, бүр давсан. Зөвлөлтийн улаан армийн анги, нэгтгэлүүдийн хамт мөн л Цахарын цөл, элсэн манханыг туулж Долоннуур, Жэхэ хотуудыг чөлөөлөхөд араас нь очсон маршал Чойбалсан, бас Лхагвасүрэн жанжин нар Цагаан хэрмийн дэргэд монгол, зөвлөлтийн цэргийн дарга нартай авахуулсан хэдэн зургийг энд тэндээс цуглуулж харлаа. Манай цэргүүд парад хийж маршалын өмнүүр жагсан өнгөрөхөд цаана нь бас Цагаан хэрэм харагдана. 8-р сарын 23-ны өдөр байжээ.
Манайхны хийсэн “Түүх мартахгүй” нэртэй уран сайхны нэлээд сагсуу (хэтрүүлэгтэй гэсэн үг) кинонд Цагаан хэрмийн цамхаг дээрээс маршал Чойбалсан урд зүгт дурандаж генерал Ж.Лхагвасүрэн Бээжинг чөлөөлөх тушаал хүлээж буйгаа илтгэхэд "Бид өвөг дээдсийнхээ хилийн зааг дээр зогсож байна" гээд тушаал өгөх шинжтэй зогсох мөчид байлдааны ажиллагаагаа зогсоох тухай Сталины тушаал ирдэг. Цуг байсан зөвлөлтийн цэргийн командлагч Исса Плиев, энэ тушаал ганц хоногийн дараа ирсэн бол Бээжинг эзэлж амжих байсан гэнэ. Тэр өдрүүдэд Бээжин үнэхээр япончуудын гарт байсан ч ялагдах нь тодорхой, гэхдээ гоминданы цэрэг урдаас орж ирээгүй байжээ. Зогсоогоогүй бол чөлөөлчих байсан юм биш үү?
Өнөөдөр Монгол цэргийн музейд гарсан үзэсгэлэн дээр энэ сэдвээр хэд хэдэн уран зураг үзлээ. Зарим нь 13-р зуунд хамаарна. Ерөөсөө Цагаан хэрэм гэдэг бол монголчуудын ой санамжинд өглөө бүр биш юмаа гэхэд үе үе санаж байх ёстой тийм хязгаар байж иржээ. Тийм учраас 1945 оны Чөлөөлөх гэж нэрлэсэн дайны ажиллагааг Хятадын нутгийг Японоос чөлөөлж өгөхөөс илүүтэйгээр Өвөр Монголоо чөлөөлж авах утгаар эргэлзээгүй хүлээж авсан. Японд дайн зарлах тухай БНМАУ-ын Бага хурал, Засгийн газрын тунхаглал бичигт “Эдүгээ хэдэн зуун жилийн турш өөртөө бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнохын төлөө зорьж ирсэн санаа сэтгэлийг дагуулан Монгол овогтон нэгэн гэр улс болж … “ гэсэн бол маршал Чойбалсан Монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ "... Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно", мөн Ардын хувьсгалт цэргүүдэд хандаж “Өнөөдөр та нар өөрийнхөө Засгийн газрын тушаалаар манай эрх чөлөө, тусгаар тогтносон улсын хилийг давж, Бүх монголын заналт дайсан Японы самурай нарын дарлагдлын дор зовж байгаа манай ах дүү Дотоод Монгол, Баргын газар нутаг дээр орсон байна. Та нар бол Бүх монгол үндэстнийг чөлөөлж нэгдүүлэн тусгаар тогтносон бүрэн эрхэт нэгдмэл чөлөөт улс болгохын тулд ариун шудрага дайнд орсон байна” гэж хэлсэн байх юм.
Өнөөдөр “монгол цэрэг Цагаан хэрэмний дэргэд” гэсэн сэдэв явахгүй, энэ үйл явдлын баримт, сэлтийг түүхчдийн хэлснээр “эргэлтэнд оруулах” нь өнгөрсөн байх. Уг нь хятадууд Японыг өөрсдөө ялж хараахан бараагүй, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан арми, хажууд нь манайхан явж (монгол цэргийн хамгийн ширүүн тулаан Жанчхүүгийн даваанд болсон) баруун хойт нутгийг нь чөлөөлөлцөж өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр Бээжинд болсон парад дээр хэлсэн үгэндээ Ши Жиньпин дарга монголыг дурдсангүй. Түүхийг ялсан нь төдийгүй хүчтэй нь бичиж байна.
Юутай ч Чөлөөлөх дайны Ялалтын баярын мэнд ээ!