Хэрэггүй
Ингээд өчигдөрхөн мега хэмээн даналзаж байсан хэд хэдэн аварга төсөл миа болж хувирахыг бид нүдээрээ харж байна.
2025.10.13.
Монгол Улсад ноднин 4755 хүн хорт хавдрын улмаас нас барсан нь өдөрт дунджаар 13 хүн гэсэн үг юм. 2025 оны өдөр бүр бас тиймэрхүү тоо гарна. Жилдээ 8000 орчим хүн шинээр оношлогдож одоо 30 гаруй мянган хүн энэ аймшигт өвчнөөр шаналж байгаа ажээ. Байдлыг өөрчлөхгүй бол 2040 он гэхэд Монголд хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж танилцуулсан. Дэлхийн улс орнуудын дунджаар нийт нас баралтын 17 хувь нь хавдрын шалтгаантай байдаг бол манайд 24 хувьтай төдийгүй 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.
Түгшүүр зарлах хэмжээнд хүрсэн гэж үүнийг хэлэх байх. Тийм учраас ноднин намар Хавдар судлалын үндэсний төвийн дэргэдэх байр савыг тойрсон маргаан дахин дэгдэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч гэнэт хөдөлж нийслэлийн дарга нарыг зад загнаж байгаад арваад жил олдоогүй газрыг хэдхэн хоногт олуулаад “Найрамдал” зуслан хүрэх зам дагуу, Баянголын ам хавьд Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн аварга том цогцолборын газар дээр өөрийн биеэр очиж ёсолсон нь 2025 оны 1-р сарын 6. Бараг шав тавьсан гэхэд болно. Одоогийн эмнэлгээс гурав дахин том, барилгажих талбайн нийт хэмжээ 15 га, өрөө тасалгаа нь 95.300 мянган кв.метр, эмнэлгээс гадна судалгаа шинжилгээний төв, үйлчлүүлэгчдийн байр, бүр ажилчдын орон сууцтай байх юм. Эмч, ажиллагсдын тоо 1500 гаруй, тэднийг дараа сараас нь АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэнэ гэж зарлав. Энэ бүхнийг 2-3 жилийн дотор яаралтай ашиглалтанд оруулахаар ярьцгаасан нь бүтвэл сайн хэрэг. Гагцхүү энэ төсөлд нийтдээ 185 сая ам доллар буюу 650 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт шаардагдах тооцоог дуулгасан нь цочоолоо. Хагас их наядаас давсан тоо.
Тийм ихээр илүүчлэх мөнгө Монголд байхгүй нь мэдээж. Ингээд эхлээгүй байж гацаж эхлэв. Өнөөдөр тэр газрыг хашаалж томоос том самбарууд зоогоод зогсчээ. Сураглахад зураг төсөл хийгдэж байгаа гэсэн ганц хариулттай. Үүнд зориулж улсын төсвөөс хоёр жил дараалан багахан мөнгө дусааж буй. Ийнхүү Ерөнхийлөгчийн манлайлсан энэ ажил 2028,2029, 2030 гэх мэтээр алсран одож байна. Энэ хооронд жил бүр дунджаар 4700, түүнээс ч илүү байж магадгүй тооны хүн ...
Өөр арга алга уу? Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд хэдийнэ боссон УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн бэлэн барилга хэдий будлиантай, бас хэт өндөр үнэ нэхсэн ч 50-60 тэрбумаар нь шууд худалдаж аваад илүү олон хүнд буян үйлдэж болохгүй байсан уу? Зарим эмч, мэргэжилтний яриагаар бол, хавдрын тусламж үйлчилгээг ганц ХСҮТ үзүүлэх биш, бусад чиглэлийн эмнэлгүүд, тэр тусмаа эрт илрүүлж бага дээр нь эмчлэхийг чадах ёстой. Тэгвэл ХСҮТ өөрөө энэ өвчнөөр төрөлжсөн үндсэн эмнэлэг хэвээр байж бусдыг шаардлагатай мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаад явна. Анхнаасаа чиг үүрэг нь тийм ажээ.
Энэ зуур санаандгүй үйл явдал болов. 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ээс 69,5 тэрбум хөрөнгө гаргаж босгосон “Эрдэнэт медикал” эмнэлэг сэжигтэйгээр хувьчлагдсан байжээ. Өнөөдөр огцрох эсэхийн зааг дээр дэнжигнэж суугаа Г.Занданшатарын Засгийн газар тэр эмнэлгийг улсад хурааж аваад Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэрийг 8-р сард гаргаж, 9-р сарын эхээр Ерөнхий сайд өөрийн биеэр очиж үйл ажиллагааг эхлүүлжээ. Нээрээ, хавдрыг зөвхөн Улаанбаатарт эмчлэх ёстой гэж хууль дүрэм байгүй. Одоо баруун, зүүн, өмнөд бүсүүдэд ийм дэд төвүүдийг байгуулах гэх зэргээр тэртээ тэргүй бидэнд байхгүй 175 сая долларгүйгээр асуудлыг алхам алхмаар шийдээд явах юм биш биз? Ямар ч асуудлыг шийдэхэд мөнгө заавал хэрэгтэй ч зөв бодлого, тооцоо судалгаа, сайн зохион байгуулалтын ачаар огт мөнгөгүйгээр биш юм аа гэхэд бага зардлаар, илүү үр дүнтэйгээр шийдэж болохын нэг жишээ энэ.
Шинэ зууны эхэлж Оюутолгой ашиглалтанд орсноор Монгол Улсын төсөв рүү их мөнгө цутгахад бид түүгээр нь туйлдаг болсон. Удалгүй тэр нь багадаж өвөг дээдсийн нэрийг хүртэл сийхгүй барьсан бондууд (“хойч үе төлчих байх өө”) гарган дараа дараачийн мөнгө босгож зарцуулсаар өнөөдрийг хүрчээ. Дагаад төсөл хөтөлбөрүүд нь агуу, аварга болсон байна.
Саяхан Нээлттэй Нийгэм Форум дээр болсон 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа, заримыг бүр өмнө нь зарласан мега төслүүдийн тухай хэлэлцүүлгээр дараах жагсаалтыг танилцуулж ярилцав.
Засгийн газрын 14 мега төсөл:
1. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам, 2. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам,3. Газрын тос боловсруулах үйлдвэр, 4. Ураны төсөл, 5. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор, 6. Зэс боловсруулах цогцолбор, 7. Гангийн цогцолбор, 8. Алт цэвэршүүлэх үйлдвэр, 9. Эрдэнэбүрэнгийн 90 мвт усан цахилгаан станц, 10. Тавантолгойн 450 мвт-ын дулааны цахилгаан станц, 11. Эгийн голын 310 мвт-ын усан цахилгаан станц, 12. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр, 13. Хэрлэн-тоонот, Орхон-онги ус дамжуулах хоолойг барих, 14. Үндэсний хиймэл дагуул.
Эдгээрээс бүтсэн биш юмаа гэхэд бүтэж эхэлсэн төсөл ганц хоёроос хэтрэхгүй. Газрын тосны үйлдвэр хугацаандаа дуусахгүй нь дүүрч, бид ашиглалтанд оруулах гэж ухнатсаар байтал тэр хүртэл үлэмж нэмэгдэх нь гарцаагүй шатахууны хэрэгцээний тэн хагасыг арай ядан хангах ажээ. Гэхдээ яаж ийгээд урагшилсаар байгаа нь сайшаалтай. Бусад төслүүд бүгд асуудалтай, харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бага зэрэг найдвар төрүүлж байна.
Хэд хоногийн өмнө Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 149төслийн 105 нь буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна” гэж мэдэгдээд Удахгүй энэ бүгдийг эрэмбэлнэ гэв. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ихэнхийг нь хойшлуулна, хаяна.
Одоо нийслэлийн 24 мега төслийн жагсаалт.
1. Туулын хурдны зам, 2. Олон улсын түвшний уулзвар, 3. Өөдөө тэмүүлэх гүүр, 4. Шинэ тойрог зам, 5. ДЦС #5, 6. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, 7. Дулааны тархмал эх үүсвэр, 8. Лаг шатаах үйлдвэр, 9. Баруун далай орд төсөл, 10. Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, 11. Ханын материал орон сууцжуулах төсөл, 12. Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, 13. Хүннү хот, 14. Шинэ цэнгэлдэх хүрээлэн, 15. Туул усан цогцолбор, 16. Хөрсний ус, үерийн хамгаалалт, 17. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, 18. Олон улсын зочид буудал, 19. Улаанбаатар метро, 20. Улаанбаатар трам, 21. Тусгай замын автобус, 22. Дүүжин замын тээвэр, 23. Багахангай-Хүннү чиглэлийн салбар төмөр зам, 24. Хөнгөн төмөр замын тээвэр LRT.
Байдал арай дээр. Улаанбаатар хот түүхэндээ анх удаагаа дотоод төдийгүй гадаад, төгрөгийн төдийгүй долларын бонд гаргах эрх олж аваад (“улс яаж ийгээд төлчих байх өө”) тэр мөнгөөрөө энд тэндгүй ухаж төнхөн бужигнуулж байна. Бусад төслүүд тодорхойгүй горимд орж мартагдах руугаа явж буй. .
Анхнаасаа эргэлзээтэй, шаардлагагүй төслүүд олон байгааг хөндлөнгөөс шүүмжилж эхэлмэгц стратегийн ач холбогдолтой төслүүдэд саад учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль журмын санааг эрх баригчдын зүгээс хэдэнтээ цухалзуулсан. Гэхдээ эрхбиш ардчилсан улс санаатай юм хойно тэгэж зүрхлээгүй, оронд нь парк, цогцолбор, кластер, хот, бүс гэх мэт сүржин нэртэй төслүүдийнхээ агууг нотлуулах тулж судалгаа, ТЭЗҮ, дотоод гадаадын зөвлөх үйлчилгээ, уулзалт зөвлөгөөн давалгаалсан хоёр жил өнгөрчээ. Нэг жишээ бол Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Номтын ам руу 15,2 км урттай, хоёр эгнэсэн хонгил ухаад түүгээрээ Засгийн газрыг урагш нүүлгэж тансаглах “Төрийн нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” төсөл юм. Зөвхөн уул нүхлэх техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 55.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад суулгаж зарцуулсан мэдээлэл байдаг. Илт тэнэг санаа учраас тэгэсхийгээд таг болов. Энэ их мөнгө үр дүнгүй (бараг тэгэх байх) өнгөрсний хариуцлага төрийн албан тушаалтны буруутай үйлдлийн хохирлыг төр хариуцна гэдгээрээ нам дарах биз. Хэрвээ энэ мөнгийг хувь хүний буруугаас үрэн таран хийсэн бол цаазаар авахуулахаар наахна юм болохсон. Нийслэлд мөн адил төсөл, судалгааны бүхэл бүтэн газар, нэгжүүд байгуулагдаж төсөв мөнгийг үрж өгч байгаа.
Эдгээр судалгаа, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнүүдэд нэг ноцтой дутагдалтай. Албан тушаалтнууд тэнгэр өөд ширтэн хэвтэж байгаад бодож олсноос зайлахгүй Богд уулыг нүхэлнэ гэх мэт төслүүдийг эрх мэдлээ ашиглан элдэв хөтөлбөрт шургуулан батлуулж олон нийтэд танилцуулан албан ёсны болгож авдаг. Нэгэнт тэгсэн юм чинь араас нь судалгаа, тооцоо, ТЭЗҮ, урьдчилсан ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг захиалан төсөв мөнгийг асгаж өгнө. Нэгэнт дарга шийдчихсэн, 20-50 хөтөлбөр, мөрийн хөтөлбөр энэ тэрд орсон, мөнгийг өгч захиалсан учраас даргын санаанд нийцсэн цаасыг үйлдвэрлэж өгнө. Эцсийн эцэст бүтэх эсэх нь тэдэнд огт хамаагүй, “Бид судалгаа хийгээд судлаад өгсөн”, хэн нэгэн шүүмжлээд байвал “Цааш нь нарийвчлан судлах шаардлагатай”, бүр сүүлдээ “Төсөв хөрөнгө мөнгө олдоогүй учраас хэрэгжээгүй” гээд замхарч байна. Энэ олон төслүүдийн аль нэгийг, жишээлэхэд “Ирээдүйд тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр нэртэй шүлгийг “Дарга аа энэ чинь бүтэхгүй ээ” гэж эртхэн зогсоож хөрөнгө мөнгө хэмнэсэн баатарлаг судлаач нэг ч гараагүй. Ингээд өчигдөрхөн мега хэмээн даналзаж байсан хэд хэдэн аварга төсөл миа төсөл болж хувирахыг бид нүдээрээ харж байна.
P.S:
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17)-ыг 2026 оны 8 дугаар сард Монгол Улс зохион байгуулна. Эрх баригчид үүнийгээ байгаль орчны салбарт хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж тодорхойлоод тус хурлын барилга байгууламж, тоног төхөөрөмжинд 2026 оны төсвийн төслөөр 217,1 тэрбум төгрөг тусгажээ. Үүгээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур 5000 хүний хурлын байр, туслах барилга байгууламж, авто зам, зогсоол, цэвэр, бохир усны шугам татаж, шилэн кабель, холбоо дохиоллыг бий болгоно. Бас хурлын бусад бэлтгэл ажил, мэдээлэл сурталчилгаа, зочид, төлөөлөгчдөд үзүүлэх урлаг соёлын арга хэмжээнд 39,5 тэрбум төгрөгийн урсгал төлөвлөжээ. Арваад хоног бужигнуулах уг хуралд гадаадын 8-10 мянган зочид төлөөлөгч оролцох юм байна.
Гэхдээ нэг удаагийн арга хэмжээнд тийм их хөрөнгө зарцуулах шаардлага байна уу? 2015 онд АСЕМ зохион байгуулах гэж хэт сүржигнэсний эцэст Хүрхрээгийн амны наагуур хэдэн тансаг хаус баригдаж, Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт хүрээлэнд аймшгийн муухай хөшөө боссоноос өөр юу ч үлдээгүй. Хоёр гуравхан хоногт үрэн таран хийсэн, хулгайлсан гэгдэх хэрэг дуулиан өнөөдөр ч бүрэн барагдаагүй.
НҮБ ажлаа олигтой хийж чадахаа больсон тухай хаа сайгүй ярьдаг болжээ. Барьж авсан асуудлууд нь шийдэгддэггүй, хоосон хуралдахаас өөр шидгүй, үрэлгэн, үр ашиггүй гэх мэт. Тэр нь манайд яг халдварласан байна. Үнэхээр хэрэгтэй бол мэргэжилтнүүдийг гадаад дотоодоос шууд урьж дуудаад фургонд ч хамаагүй суулгаж цөлжилт дийлдэхээ больсон газраар аялуулж цочоож байгаад хөрөнгө мөнгө гуйхын оронд улсаараа дааж давахааргүй том хурал хийх нь. Ер нь НҮБ-ын нэрээр энд тэндхийн дарга нар Монголд шоудах санаатай байгааг Дональд Трампад дуулгах юмсан. Тэрбээр энэ намрын Ерөнхий ассамблейн 80-р чуулганд очихдоо урсдаг шат, индрийн төхөөрөмж гацсаныг тус байгууллага муу ажиллаж буйн жишээ болгоод элдэв хөтөлбөрүүдэд аудит хийхийг шаардсан хатуухан үг хэлжээ. Дараачийн удаа НҮБ-ыг шүүмжлэхдээ манай жишээг дурдана биз. Монголын нийслэлд НҮБ-ээс арван мянган хүнтэй хурал хийж ядуу улсыг зовоосон гэдэг ч юм уу. Энэ жилээс АНУ НҮБ-д төлдөг татвар, зарим агентлагт өгдөг санхүүжилтээ бүрэн зогсоосон буюу эрс бууруулсан дуулдсан. Бид урьдын зарим тансаглалаа ул болгох цаг ирж байх шиг.
(Үргэлжилнэ)