“Ерөнхийлөгчийн” хуулиас бүү ай, Үндсэн хууль парламентыг хамгаалсан!
-Эрхэм парламентчид аа! Ёс зүйн дүрмээ мөрдөж 580 хоногийн дараа нэр бүтэн, нүүр бардам сонгогчидтойгоо уулзахыг хүсье-
Хаяа хатавчаар, эсвэл тооноор бус, иргэд сонгогчдын захиалгаар хаалга дэлдэн орж ирсэн “эгүүлэн татах” хуулийн төсөл санаачлагчийнхаа хамтаар хаврын чуулганыг сүр дуулиантайгаар эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Хуулийн төслийг өргөн барихдаа ҮАБЗ-ын нарийн бичгийн даргаар “хөлөглөсөн” бөгөөд “яаралтай горимоор хэлэлцүүлэх” гэсэн нь анхаарал татсан. Тэр цаг мөчөөс “Ерөнхийлөгч парламентад халдаж эхэллээ”, “Ер нь Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүнийг татахад оролцож хууль санаачлах эрхтэй юм уу” гэсэн шүүмжүүд хөвөрсөн билээ.
Улсын Их Хурлын даргын хаврын чуулганыг нээж хэлсэн үгээс харвал уг хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд “ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь” ач холбогдол өгч, шүүн тунгааж, иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэнэ гэв. Үүнээс “яарахгүй юм байна, олон талаас нь шүүн тунгааж байж шийдвэрлэх нь” гэсэн ойлголт төрүүлэв.
Хаврын чуулганы эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд дээрх хуулийн төслийг дотооддоо хэлэлцэж эхэлсэн талаарх мэдээлэл түгж эхэллээ. Энэ талаар Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад хэрхэн заасан, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хууль зөрчсөн эсэх талаар лавлалаа.
1. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 26.1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэснийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлээр зохицуулсан хууль санаачлагч тус бүрийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг зохицуулжээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.2-т заасны дагуу санаачилж өргөн мэдүүлсэн төсөл байна.
2. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1.1 дэх заалт буюу “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан.
Энэ удаа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл нь УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоогүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Тиймээс мөн л хуулийн зөрчил байсангүй.
3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг баримтална” гэж заасан нь Ерөнхийлөгчид хууль санаачлахаас бусад тодорхой бүрэн эрхийг хуулиар шинээр өөртөө нэмж олж авахтай холбоотой асуудлыг хязгаарласан зохицуулалт бий.
Энэ зохицуулалтад Ерөнхийлөгчийг өөртөө эрх нэмсэн, ашиг олсон заалт хуульд хийчихгүй гэдэгт найдаж болох хязгаарлалт учраас найдаж болно.
Харин! “Парламент дуулж бай” гэе. Та бүхэнд өргөсөн тангарагаас гадна өөрсдийн тань баталсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Дийлэнх нь мартсан бололтой! УИХ-ын дарга Н.Учрал энэ албан тушаалд ажиллаж буй хугацаандаа парламентад өндөр ёс зүйг төлөвшүүлж, өргөсөн тангарагийн салшгүй хэсэг болсон Ёс зүйн дүрмийг ягштал мөрдүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэж ажиллана гэдэгт найдаж байна. Учир нь хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэрбээр “парламентыг хариуцлагажуулах”, “парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэхийн тулд иргэдийн санаа бодлыг тусган олноороо хэлэлцэж шүүн тунгаана” гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын 105 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан билээ.
Улсын Их Хурлын гишүүний тангарагаа сахин биелүүлэхэд тань Ёс зүйн энэхүү дүрэм маш чухал. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн дүрмээ уншаагүйгээр та цагаан толгойн үсгээ мэдэхгүй байж “Би уншиж чадна” гээд байгаатай адил билээ. Жишээ нь, тангарагт тань “хурлаа таслахгүй”, “хараалын үг хэлэхгүй”, “бусдыг дур зоргоороо, нотлох баримтгүйгээр гүтгэж гүжирдэхгүй” гэхчлэн заагаагүй ч УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, түүний дотор дүрмийн 3-т заасан “Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” гэдэг хэсэгт та бүхний өдөр тутамдаа гаргаад байгаа алдаануудыг нэг бүрчлэн заасныг уншаад өгөөч гэж гуйя.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд маш нарийвчилсан заалтууд бий бөгөөд та бүхэн үлдсэн 580 орчим хоногт сахин мөрдөж сонгогчидтойгоо нүүр бардам, нэр бүтэн уулзаасай гэж хүсэж байна. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390082232161&showType=1

