Гадаад бодлого: Өмнөд Eвропт түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх цаг айсуй
Гадаад бодлого: Өмнөд Eвропт түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх цаг айсуй
Монгол Төрийн гадаад бодлого энэ цаг үед бүс нутгийн олон чиглэлд хэлбэрэлтгүй урагшилж, шинэ шинэ агуулгаар баяжин, шинэ шинэ түнш улсуудаар хүрээгээ тэлж байгаа билээ.
Цар тахлаас хойшхи энэ 4 жилд Түншлэлийн харилцаа хэрхэн өргөжсөнийг баримтаар дурдъя. Үүнд 2022 онд Хятадтай Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаагаа шинэ шатанд гаргаж байгаагаа нотлосон, мөн онд Японтой Стратегийн түншлэлийн харилцаагаа Тусгай стратегийн түншлэл болгож шат ахиулсан. АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаагаа 2023 онд Стратегийн гуравдагчхөршийн түншлэл болгож агуулгыг нь баяжуулсан. 2021 онд БНСУ-тай, 2024 онд ХБНГУ, Казахстантай харилцааны түвшингээ Стратегийн түншлэлийн харилцаанд хүргэсэн бол 2025 онд Турктэй мөн ийм түвшний түншлэлээ баталгаажуулсан. Монгол-Францын харилцаа 2023 оноос Онцгой эрхт түншлэлийн харилцаа болж шат ахиад байна. Иж бүрэн түншлэлийн харилцаа ч чамгүй үр дүнтэй төлөвшлөө. 2024 онд БНСBУ-тай, энэ 2025 онд бүр дөрвийн дөрвөн улстай, тухайлбал Чех, Польш, Узбекистан, Киргизстантай харилцаагаа Иж бүрэн түншлэлийн шатанд гаргасан бол 2023 онд Канадтай Xамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Ижбүрэн түншлэл тогтоохоо хоёр талаасаа нотлосон, 2024 онд Их Британитай хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлдхүргэх замын зураглалаа хэлэлцэн тогтсон, 2024 онд Австралитай харилцаагаа Иж бүрэн түншлэлийн түвшиндхөгжүүлэхээр тохиролцсон гэхчлэн гадаад бодлогын бахархам амжилтууд ил тод харагдана. Гадаад бодлогын тайлан биш тул зөвхөн түншлэл сүүлийн хэдхэн жилдхэмээн хүлээн авна уу.

Европт, тэр дундаа Европын Холбооны гишүүн орнууд дотор манай гадаад бодлого Франц, Герман, Австри, Ватикан, Словен, Чех, Польш гээд энэ олон айлчлалын явцад бат бэх тулгууртай болоод авсан. Эдгээр тулгуур дээрээ түшиглэн Өмнөд Европ руу гадаад бодлогын шинэ алхам хэрэгжүүлэх шаардлагатай, тийм цаг үе нь хэмээн судлаач эрдэмтний хувьд үзэж байна. Тэгэх тусмаа Өмнөд Европын геополитикийн статус өөрчлөгдөж, ач холбогдол нь тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед гарцаагүй тавигдах асуудал мөн.
Өмнөд Европ гэдгээр Балканы хойгийг оролцуулахгүйгээр Итали, Ватикан, Испани, Португал, Мальта, цаашаанаа Грек, Кипр, өөр жижиг карлик ганц нэг улсыг нэрлэж болно. Гэхдээ эдэн дотроо Монголд хамгийн ойр нь хоёр талдаа ЭСЯ-аа нээн ажиллуулсан Итали билээ. Эртний Ром гэж ярихгүйгээр Итали бидний хувьд яг одоо хэн бэ?
Итали бол 1861 онд эргэж нэгдээд орчин үеийн төрт-улсынхаа статусыг олсон Европын ба Өрнөд ертөнцийн жин нөлөө бүхий бүс нутгийн гүрэн. G7, G20 бүлгийн гишүүн. НАТО-гийн ба Европын Холбооны гол гишүүдийн нэг (аль алиных нь үндэслэгч), мөн Ром хотноо Папын харш, дэлхийн католик бүх сүмийн гол төв оршдог гэдгээр Итали өөр дэлхийн христианы ертөнцөд чухал үүрэг хүлээдэг улс. Италийн Эзэнт гүрний колони асан улс орнууд дотор, мөн Газар дундын тэнгист Итали бол өөрөө чухал, гол тоглогч нь. 2024 оны эхээр Ромд “Итали–Африк” дээд түвшний уулзалт тохиож, Африкийн 45 улс уригдан оролцож байснаар бол Африк дахь Өрнөдийн томхон төлөөлөл мэт. Залгуулаад энэ 2025 оны зун Ромд “Африкийн асуудлаархи Итали ба Европын Холбооны саммит” зохион байгуулагдан Ерөнхий сайд хатагтай Жоржа Мелонийн санаачилгаар Африкийн гадаад өрийг багасгах асуудал яригдсан. Төв Африк, Замби, Жибүти, Этиоп, Сомали, Танзани, Кени гэхчлэн Африкийн олон оронд Италийн ба Европын тусламж, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Италийн гадаад бодлогыг судлаж үзвэл үндсэн гурван чиглэлд дипломатын үйл ажиллагаагаа төвлөрүүлж байх шиг. Мэдээж Европын Холбоо, НАТО-гийн үндэслэгч нэг улсын хувьд Европ нэгдүгээрт, Трансатлантын аюулгүй байдлын архитектур хоёрдугаарт. Газар зүйн чиглэлүүд нь Газар дундын тэнгисийн сав газар, Трансатлантын түншлэл, Европ гэж жагсдаг.
Итали бол бидний хувьд яг хэн юм бэ гэдэгт хариулт. Глобал амбицтай эдийн засгийн гүрэн гэсэн ганц тодорхойлолт хангалттай мэт. Италийг Европын эдийн засгийн “артер” хэмээн нэрийдсэн нь буй. Африкийг Европтой холбож байна, Газар дундын тэнгисийн гол хаалга гэдэгт Итали, Турк хоёрыг нэрлэдэг. Нээлттэй зах зээлийн эрэлд тасралтгүй яваа бүс нутгийн гүрэн. Өндөр чанартай, нэмүү өртөг хэт шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр (манайхны брэнд гэж үхэлддэг) дэлхийд толгой цохидог Итали улс бидэнд бүрэн нээлттэй байна. Манай уул уурхай, хөдөө аж ахуйн зах зээл ч Италид нээлттэй байна. Улс төрийн харилцааны нэн таатай уур амьсгал ардчиллын жилүүдэд төлөвшин тогтсон. Монголын ардчилал, шинэчлэлийг тууштай дэмждэг улс. Манайхны сайн мэдэж байгаагаар Итали бол соёлын хэт их гүрэн мөн дөө бараг л. “Зөөлөн хүчин”-ий бодлого гэдгийг бид чухам Италиас л мэдэрдэг. Тийм “зөөлөн хүчин”-ий ресурс нөөц яндашгүй. Тийм хүч нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг уран сайхан, түүхэн өвтэйгээ хослоод ёстой л дэлхийд хосгүй гүрэн тэнд оршин байна.
Хөгжлийн түвшин, цэрэг-стратегийн хүч нөөц гээд эрэмбэлвэл Итали бол глобал ашиг сонирхол, амбиц бүхий дундаж гүрэнд тооцогдоно. Европын Холбоо, НАТО-гүйгээр бие даан глобал бодлого явуулах боломжгүй, тэр хоёр эвслийнхээ хүрээнд бол голлох тоглогчдын нэгд гарцаагүй орно. НАТО-гийн дорнод жигүүр гэдэгт Итали ихээхэн хариуцлага хүлээх ба цэргийн албан хаагчдаа НАТО-гийн байлдааны бүлгийн хүрээнд Румын, Унгар, Болгартбайршуулсан. Хэтдээ Хар тэнгист (“Сардини арлаас Крымхүртэл”) нөлөөтэй байхыг нь Вашингтоноос хөхиүлдэг. Балканы хойгийн аюулгүй байдлыг Италид даатгачихсан юм уу гэмээр ч сэтгэгдэл төрөхөөр.
Итали улс гадаад бодлогоо тууштай, найдвартай явуулахад газар зүйн байршил нь мэдээж том боломж олгоно. Геополитик, геостратеги, геоэдийн засгийн хамгийн чухал байршилтайд тооцогдоно. Тэр хэрээрээ нэн идэвхтэй тоглогч байсаар ирсэн. Геополитикийн статус нь ямагт дээшилж бэхжиж ирсэн.
Энэ улсын гадаад бодлогын тухай нэгд нэгэнгүй бичих зорилго тавиагүй тул Монголтойгоо хэрхэн холбох тухайд санал бодлоо бичье. Төв Ази руу Итали хэдийнээ нэвтрээд ороод ирсэн нь анхаарал татдаг. Тэр өнцгөөс байр сууриа илэрхийлье. Жилийн өмнөхөн дөө. Төв Ази-Италийн хамтын ажиллагааны шинэ платформ төлөвшүүлсэн. Олон талт хамтын ажиллагааны сүлжээ байгуулах төлөвлөгөө хэрэгжүүлж байна. “Төв Ази-Итали” форматын Гадаад хэргийн сайд нарын бага хурлын механизм төлөвшиж байна. Нийтлэг зорилтоо шийдвэрлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх стратегиа хамтран боловсруулж байна. Төв Азид Европын Холбоог Итали төлөөлж эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, усны аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт Итали тийшээ орж ирэхээр болж байна. “Төв Ази-Итали” форматын хүрээнд хоёр талын харилцааны механизм ид төлөвшиж байна. Энэ хэрээр Итали нь Төв Азид байр сууриа бэхжүүлнэ. Төв Азийг Итали хэрхэн харж байна вэ гэвэл эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс стратегийн ач холбогдолтой бүс нутаг төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагааны томхон нөөц бүхий бүс нутаг гэж үзнэ. Тийм учраас Төв Азийн бүх улстай түншлэлийн харилцаа тогтооно, тэгснээр цаадуул нь италийн хөрөнгө оруулалтыг татах, тэргүүний технологийг нь нэвтрүүлэх, мөн хүний хөгжлөө ахиулах давуу эрх эдэлнэ. “Төв Ази-Итали”-ийн аль алин нь хоёр талдаа стратегийн ач холбогдол өгдөг. Хоёр талын харилцааныхаа түүхийн шинэ чухал үе шатыг эхлүүллээ гэж үздэг. Тэгснээр Төв Азийн орнууд нь бүс нутгийнхээ эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн үйл явцад интеграцчилагдах замын бэлчирт ирээд буй.

Яг энэ фонон дээр Монгол-Италийн харилцааг авч үзмээр санагдана. “Төв Ази-Монгол” форматаар хамтын ажиллагааны шинэ эхлэл тавигдсан. Тажикистан, Азербайжаны Төрийн тэргүүн нар айлчлах урилгатай. Төв Азид манай гадаад бодлого бүрэн бүтэн болсон тэр боломжийг Монгол-Италийн харилцаанд тусгаж, магадгүй хамтран, гурвалсан харилцаа хөгжүүлж яагаад болохгүй гэж? Итали нэгэнтээ Төв Ази руу ороод ирсэн бол Монгол холгүй, бараг хаяанд нь байна. Нөгөө талаас. Монгол, Италийн хооронд 1970.06.29-нд дипломат харилцаатогтоосон, энэ онд 55 жилийнх нь ой тохиож байна. 1990 оноос хойш Итали нь манай улсын хөгжлийн сонгож авсан ардчилал, эрх зүйт төр, хүний эрх эрх чөлөөг дээдлэх, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг эргэлтгүй тууштай дэмжсэн, олон сая ам.долларын хүмүүнлэгийн буцалтгүйтусламж үзүүлж байсан. Хамтын ажиллагааны олон чухал баримт бичиг байгуулан мөрдөж байна. Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж байна. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комисс ажиллаж байна. АСЕМ-ын даргалагч улсын үүргийг манай улс Италиас шилжүүлэн авч байсан. Нэг үгээр Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатайулсын хувьд монголчууд бид Төв Азийнхнаас юугаар дутах билээ, хамтын ажиллагааны түвшинг шат ахиулж, түншлэлийн идэвхтэй харилцаа хөгжүүлэх цаг нь болсон мэт санагдана. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн, ардчилсан G7 бүлгийн гишүүдээс АНУ, Япон, Герман, Франц, Канадтай түншилж чадсан, Их Британитай түншлэх замын зураглалтай, өөрөөр хэлбэл G7 бүлгийн 6-тай нь. Тэгвэл цаана нь ганц үлдлээ–Итали. Италитай түншилж чадваас G7-д манай гадаад бодлого бүрэн бүтэн болох бус уу?
Эцэст нь учирлахад дээр бичигдсэнүүд бол судлаач-профессор миний хувийн үзэл бодол, байр суурь гэдгийг болгооно уу.

