“Гэгээн наран” амралтын газарт хэд хоног амарч сувилуулахаар очсон Адъяа эрт эмчилгээ дуусч, үдээс хойшоос эхлэн завтай, хийцгүйрэх шинжтэй боллоо. Амралтын газар нь тохь тухтай, модны хаяа, уулын горхитой зэрэгцэх тус газарт үйлчлүүлэгчид олон. Өглөөнөөс эхлэн эмчилгээ сувилгаа, шавар усанд орж, тэнхрэлтийн элдэв асаргаанд нухуулсан амрагчид Адъяатай адил гадаалцгаана. Зарим нь сүүдрэвчинд тоглоцгоох. Горхи шандын хавиар элдвийг хүүрнэн, өнгөрсөн, өдгөө, ирээдүйг тунгаан, энд тэнд ажиллаж амьдарч байгаа үр хүүхэд, ач зээгээ ярьцгаах, улс орны талаар шүүмж хэлэлцэх, нийгмийн сүлжээнээс олж мэдсэнээ идэвхтэй хуучилцгаах орчинд, том сүүдрэвч дотор нас насны хэдэн хүн дуу шуу ихтэйхэн хөзөр тоглоцгоох нь анхаарал татах аж. 

Тэдний дунд эрүүндээ оочин хар сахалтай, саравчтай хар малгайтай, богино хар өмд, улаан цамцтай идэр насны нэгэн эрийн дуу тод, ихэнхдээ хожиж, тав арван төгрөг хураах нь Адъяад анзаарагдаж дэргэд нь очиж сонирхон зогслоо. Удалгүй тэдэнтэй нэгдлээ. Түрийвчний хэдээсээ хороож, бусдын адилаар мөнөөх дуу чангатай, гол дүр болж харагдах хар малгайтад цөөн хэдэн төгрөг алдав. Маргааш өдөр нь ч өчигдрийн дүр зураг үргэлжлэв. Харин үдийн алдад зөөлөн бороо шивэрч, тэнгэр бүүдгэрдүү, гадаа суугсадад нэн тааламжтай. Амрагчидэмчилгээ сувилгаагаа эрт дуусгацгаасан бололтой. Өнөөх сүүдрэвчиндээ цуглаж шаагилдан хөзрөө эхэллээ. Удсан ч үгүй өдрийн хоолондоо хэмээн зарласнаар тоглогсод хуйгаараа сувиллын хоёр том зоогийн газар руу хуваагдан алхацгаав. 

Адъяагийн хувьд эмчийн зөвлөгөөгөөр энэ хэд хоногт мацаг барьж байгаа тул сүүдрэвчинд үлдэж, дугуй ширээн дээр дэлгэсэн эрээн бүтээлэг, энэ тэнд тарсан хөзрүүдийг нь харан суух. Гэтэл түүнтэй өнөө эрүүндээ оочин сахалтай хар малгайт хүн бас үлдэв. Хоёр биенээ харан суусан тэд танилцаж, яагаад өдрийн хоолондоо орохгүй байгаагаа асууцгаан, бас бус аахар шаахрыг ярилцан цаг өнгөрөөлөө. 

Хар малгайт өөрийгөө Төгсөө гэж танилцууллаа. Цагаан хоолтон, тэгээд амралтын хоолонд орохгүй байгаагаа ярив. Бас дээр нь “Би гагнуурчин хүн шүү дээ” гэж хэлээд төвийн томоохон цахилгаан станцад 25 жил гагнуурчин хийснээ бардам янзтай хэлэх нь мэдрэгдэв. “Би чинь Ази тивийн аварга боксчин хүн шүү дээ” гэж байгаа юм шиг тийм нэг цээж түлхүү. Тэрбээр сувиллын төв хаалга руу харж “Миний үдийн хоолыг хүргэж ирэх ёстой юмсан” гэж хэлсэн нь том сайд дарга юм уу, томоохон компанийн захирал, эзэн аятай харагдав. Гэвч байдаг л нэг дүртэй нөхөр өмнө нь суух. 

-Цагаан хоол хүргэлтээр авдаг юм уу?

-Үгүй ээ, манай компанийн залуус авчирна... хэмээн өндийж утас руугаа хялам хийснээ, хаалга руу харж “Өө ирж байна” хэмээн бослоо. Сувиллын төв хаалгаар том хар жип орж ирж зогслоо. Дотроос нь том дарга, захирлын туслах, нарийн бичиг, шадар хүмүүс болов уу гэмээр өндөр цагаан хоёр залуу бууж, гоё хайрцаг савтай хоол цай бололтой юмсыг барьсаар нааш алхлаа. 

Тэдний нэг нь “Үдийн хоолыг чинь оройтуулаагүй биз дээ, ах аа” хэмээн саймширч, “Энэ саравчинд идэх үү” гэв. Өнөөх гагнуурчин хар малгайт нэлээн даам байдалтай “За наад ширээний юмсаа хураагаад хоол цайгаа дэлгэчих” гэснээр хоёр залуу гялалзтал хөдлөн хөзрийн ширээн дээр тансаг гэгч нь хоол унд өрөх нь тэр. Цагаан хоол л бололтой. Залуусын нэг нь “Төгсөө ах аа, нөгөө кофегоо уух уу” хэмээн асууж, арай л хоолыг нь ам руу нь дөхүүлэх нь халаг. Адъяаг ч зоогноос хүрт гэсэн болохоор гял цал ууттай савхаар хоолноос нь савхадлаа. Өнөө өндөр цагаан залуус тэр хоёрын хажууд зогсож, өнөө ямаан сахалт гагнуурчны юу хэлэхийг хүлээн зогсох нь их л сонин. Адъяад эвгүй ч юм шиг. Адъяагийн дотор “Энэ чинь юу билээ, ямар сайд даргын хүлээн авалт, цайллага дайллагад уригдчихсан билээ” хэмээн эргэлзмээр орчныг тэрхэн зуурт мэдрэв. “Яах аргагүй л амралтын газарт сувилуулж, гадаа нь салхилж суугаа хүн дээ, би” хэмээн дотроо бодов. Өмнөх хоолноосоо удаанаар, эрхэмсэгдүүхэн ам руугаа савхдан хийх гагнуурчин гэх тэр бор царайтай эрийг Адъяа тогтож харав. “Энэ яах аргагүй л том компанийн босс байна даа. Худлаа гагнуурчин гэж намайг доёолж байгаа юм байх даа. Гэтэл гаднах байдал, өмсөж зүүсэн нь яах аргагүй ажилчин анги харагдаад байх юм” хэмээн гайхширч ядав. Өнөөх гагнуурчин сая дуугарч “За та хоёр буц буц” гэснээр хоёр залуу юм хумаа эмхлүүллээ. 

Гагнуурчныг сая нэг хоолоо зооглож дуусах аядахад нь Адъяа тэвчилгүй тонгойж “Чи хө, гагнуурчин гэсэн үү” гэвэл, “Тийм ээ, дулааны цахилгаан станцад тасралтгүй 25 жил гагнуур хийлээ шүү дээ...” гэж өнөөх л бардам, баавар өнгөөр хэлж, хойш гэдийн “Идчихэж болмоор аятайхан юмнууд аваад ирж, та наадхаасаа дахиад идээч” хэмээн Адъяад хэллээ. 

Адъяагийн дотор “Энэ өөрийгөө гагнуурчин гэх. Байж байгаа байдал нь яах аргагүй босс, том захирал, даргын өнгөтэй байна даа” гэж бодогдсоор... 

-Энэ хоол хүргэж ирсэн залуус таны юу вэ?

-Манай компанийн залуус аа, даргын маань туслахууд нь...

-Чи чинь компанийн захирал хүн байх нь дээ?

-Үгүй ээ, би гагнуурчин. “Сүлд орших” компанийн гагнуурчин Төгсөө гэж танд хэлсэн дээ.

-Аан тэгсэн л дээ. Чи тэгээд энд ямар эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа хүн бэ?

-Юу ч хийлгээгүй. Захирал, бас манай нөхөд “Чи нэг 14 хоног сайхан амраадах” гээд энд авчирсан юм. Тоглохоос өөр хийх юм алга. Цагаан хоол энд байхгүй болохоор гаднаас залуучууд зөөж байхгүй юу... гэж хэлээд “Тэд тэгэх л ёстой хүмүүс” гэсэн маягтай хөдөлж байгаа том жипний хойноос харж, биеэ займчин тухалж, шүдээ чигчлээ. 

“Яасан гэхээрээ энэ гагнуурчин гэх нөхөр ийм айхавтар анхаарал халамжинд байдаг юм бол. Гагнуурчин л гээд байх юм. Монголд цөөхөн байдаг нарийн мэргэжлийн мэс заслын эмч гэж байгаа юм шиг л гагнуурчин гэдгээ бардам сайрхуу хэлэх юм” гэж Адъяа бодож суулаа.

Өнөө ямаан сахалтай гагнуурчин, Адъяа руу харж инээвхийлэн, донжтой харсанаа “Ах хүү, намайг нэг л гайхаж асуугаад байх шиг байна даа. Би байхгүй бол цаана чинь Монголын эрчим хүчний хэдэн том компанийн цаг хугацаатай төслүүд зогсчих гээд байна шүү дээ. Монгол Улс хохирчих гээд байна шүү дээ” хэмээн маазрааад ч байгаа юм уу... гэтэл үнэн яриад ч байх шиг... бахтай инээлээ. 

Гэхдээ учир начир нь тайлагдаж эхлэв бололтой. Адъяа “Монголоор л дүүрэн гагнуурчид байгаа биз дээ. Чи ямар ид шидтэй хүн гэхээр ийм их сүрхий яриатай байдаг билээ” гэвэл тэрбээр “Миний хийж чаддагийг өөр хүмүүс хийж чаддаггүй байж болно биз дээ. Үүндээ л байхгүй юу. Би 25 жил энэ улсын хамгийн том цахилгаан станцын гагнуурчин байсандаа нийслэл хөлдөх аюулаас аврагдаж байсан байж мэднэ шүү” гэж туудаг юм байна. Гэхдээ тэр яг л үнэнээсээ хэлэх шиг боллоо. 

Өөрийгөө өндөрт өргөсөн, бардам тэр нөхөрт “Тэгээд чи тэр станцаасаа гарчихсан юм уу. Өнгөрсөн цаг дээр яриад байх чинь” гэвэл тэрбээр “Гарсаан. Илүү ихийг өгч байгаа хүмүүстэй ажиллаж байна. Би чинь бас амьдралаа бодох хэрэгтэй биз дээ. Хувийн компаниудад гэрээгээр ажиллаж олж байгаа маань манай дөрвөн ам бүлд хангалттай. Хоёр томыгоо гадагш нь хүссэн сургуульд нь явуулчихлаа. Одоо хожуу гарсан ганц охинтойгоо эхнэр бид гурав амьдарч байна. Би чинь гурван жилийн цэргээр ардын армид алба хааж байхдаа гагнуурчин болсон хүн. Сүүлд нэг жил ЗХУ-д мэргэжил дээшлүүлсэн ухаантай. Миний боловсрол ердөө л тэр. Сүүлийн нэг жил Солонгосын хөрөнгө оруулалттай нэг том ажил дээр хийн гагнуур хийж байна. Хүмүүс атаархмаар цалин хөлс авч байгаагаа хүмүүсээс би нуудаггүй. Ялангуяа залууст хэлдэг. Яагаад гэвэл миний ажлыг үргэлжлүүлэх, хийгээд сурчих залуус олдохгүй байна. Цөөнгүй залуусыг дагалдуулах гэж үзлээ. Үсрээд нэг сар болоод л явчих юм. Хожим таарахад их сургуулийн оюутан болсон. Хуульч болсон. Эдийн засагч болсон ч гэх шиг цагаан гартнууд тууж явах юм байна шүү дээ... хэмээн урсгалаа. Адъяагийн гайхширч байсныг ердөө энэ хэдэн үг тэр дор нь тайлав бололтой. Монголын бурхан гагнуурчдын нэг байх нь гэж...

Ярьж болмоор, ил шулуухан үг яриатай тэр нөхөртэй ийнхүү нэлээн буу халсны эцэст “Чи тэгээд ер нь сард хэдийг олдог юм бэ. Чамд хүмүүс хоол унд зөөж байгаагаар бол чи ер нь сүрхий амьдрал ахуйтай, байшин савтай, унаа машинтай, мундаг байр суурьтай нэгэн бололтой” гэж асуув. 

-Нуух юм байхгүй ээ, Арцатын аманд хийсэн ажлын хөлсөнд авсан таван өрөө байранд амьдарч байна. Охиныхоо сургуульд ойртоод намар хичээл сургууль эхлэхээр хотын төвд очно. Тэнд бас гурван өрөө байр бий. Сая бага хүү маань Канад руу мастерт сурахаар явахдаа шинэ авсан Ланд300-гаа орхиод явсан. Надад ч эхнэр голдуухан унадаг 200 ч байгаа л даа... хэмээн ярих нь үнэндээ баярхал хийрхэлийг огтхон ч үнэртүүлсэнгүй. Харинчиг “Сайхан амьдарч байгаа эр хүн байна” хэмээн өөрийн эрхгүй бодогдож, сая л түүний ажил хийсэн, ажлын ард гарч сурсан байх гэмээр зангирсан том гарыг анзаарав. 

Удсан ч үгүй тоглоомчид нь хоолноосоо гарч ирсэнээр өнөөх гагнуурчин маань хөзөр тоглох хөгжил хөөр рүүгээ шумбан орлоо. Адъяа тэднээс холдож тамхи асаан суув. Тоглоомчид дунд дуу нь сонсогдох өнөөх гагнуурчны бардам яриа бодогдоно... Гагнуурчин... гагнуурчин. Өнөөдрийн залуусаас хэн нэг нь түүнээс гагнуурчны нарийн ур мэргэжлийг нь өвлөж, хүнээс сайхан амьдарч яагаад болохгүй гэж. Хүн бүрийн хүсээд байгаа сайхан амьдрал хажууд чинь байж л байна шүү дээ. Их дээгүүр сэвсэн хийрхэл энэ цаг үеийн залуусыг амьдралд хөлөө олоход нь мөн ч төвөг удаж байна даа гэж бодогдох. 

Гагнуурчны аз жаргалтай чанга дуу, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун дүр төрх, бүх зүйлийг өөрийн гараар босгож чадсан тэр их итгэл хажуугийн сүүдрэвчин дотроос дүүгтэл мэдрэгдэж байгааг Адъяа анзаарав. Тэр зүгээр л нэг гагнуурчин, гэхдээ зуу зуун саяын орлоготой баян гагнуурчин. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, ах дүүсийнхээ өмнө хариуцлагаа зуун хувь ухамсарласан эцэг, бас эр хүн. Тэр бас эх орныхоо өмнө үүргээ нэр төртэй биелүүлдэг иргэн. Түүний мэдлэг боловсрол гэвэл магадгүй гэрийнх нь бурхны гүнгэрваанд зэрэгцсэн гагнуурчны үнэмлэх нь байх. Зуу зуун саяын орлого авчирдаг гагнуурч­ны үнэмлэх нь. Харин өнөөд­рийн залуусын хүсэл мөрөөдөл бол зуу зуун саяын орлого олж өгнө гэж итгэсэн их дээд сургуулийнх нь диплом...