“Хаалга задгай Шамбалын хаагуур нь ч орсон болно” гэж Т.Содномнамжил найрагч бичжээ. “Үхлийн үүд өөрөө нээгддэг” гэж Д.Галсансүх найрагч бичжээ. “Үе үе үхлийн тухай бодож бай, амьдрал чинь утга учиртай болно” гэж О.Дашбалбар найрагч сургажээ. “Үхлийг судлахын суурь нь ганцаараа орших болой” гэж энэ номын бичээч бичжээ.

Монгол хүн үхлийг хэрхэн ойлгодог, буддист итгэл үнэмшил монголчуудын соёлд яагаад гүн гүнзгий нэвчсэний херменевтик гаргалгааг Г.Ням-Очир хэмээх бадарчин бээр монгол хэлтний бүхий л соёлын хүрээгээр бядан эрж, биеэр мэдэрч, оюунаар таньж, сэтгэлээр бясалгаснаа ийнхүү сонордохын төдий ойлгомжтой “Гарын авлага” болгон бичжээ. Бичихдээ хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй ойлголт, ухагдахууныг онолын зэвхий хашаанд тууж оруулаад хүн зоноосоо тасалж бэртэгчилдэг одоо цагийн бичээчдийн ужиг хандлагыг тас цохиж, яруу найргийн хэм хэмнэлээр бичжээ. “Ариун библи”-ийг санагдуулам энэ сул тэлмэн найруулга үнэндээ XIX зуунд Их хүрээнд амьдарч асан Бичээч цорж Агвандоржийн “Эрхэм их хэрэгт үгийн тэмдэглэл” хэмээх зохиолын хэл, хэлбэр ажээ.

“Оршоолго” ном бол буддизмын ёс зүй, соёлын нөлөөллийг судлахад амьдралаа зориулсан хүний итгэл үнэмшил нь юм. Очирбатын Дашбалбар, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Ганхүүгийн Пүрэвбат хэмээх монголын буддизмын гурван их сартваахийн оюун санааны урсгал Г.Ням-Очирын бичвэрээр үргэлжилж байна.

Баатад овогт Гончигын Ням-Очир. Уран зохиолын хүрээнийхэн түүнийг “Хүрээ хөвгүүд” бүлгэм, “Люмпен пастухын уран зохиол” хэмээх алдарт шүүмжээр мэднэ. Нийгмийн сүлжээнд “Танхай банди” хэмээх үүсгэл нэрээр нь танина. Өмнөд Монголын ах дүүс өмөг түшгээр нь мэднэ. Харин хойч ирээдүй түүнийг “Тонилохын номын сан” цувралаар нь таних болно. “Оршоолго” ном бол чухам энэ цувралын үүд, хөтөч бөлгөө.

Үймэх сэтгэлийн аясаар биш аглагийг шүтэн ганцаардах тэмүүлэн хүнийг хүн болгодог, адгууснаас ялгадаг цор ганц хүч. Хүний бусад үйлдэхүй үнэндээ амьтны явдлыг арай л ухаалаг, арай цэвэрхэн давтсан хувилбарууд билээ. Тэгэхээр үхлийн тухай энэ ном үнэндээ амьдралын утга учрын тухай, хүн өөрөө хүн байж, хүн хэвээрээ эцэслэх хүсэл тэмүүлийн тухай трактатуудын цоморлог юм.

Эхний бүлгийг уншихад таны дотор мартсан нэгэн зөн сэрж тийчлэх болно. Хоёрдугаар бүлгийг уншихад та эргэлзэж, өөрөөсөө, бас бичээчээс асууж эхэлнэ. Гутгаар бүлгийг уншихад таньд үхэлд бие сэтгэлээ бэлтгэх зориг эрмэлзлэл төрнө. Энэ бол орчлонг туулах ганцаардлын тавилангаа оюун санаандаа танин мэдэж буй мөч. Мөнхийн рашааныг хэн маань ч уугаагүйгээс хойш ганцаардлын чөлөөндөө тавтай морил доо!