Гао Синзяний “Намрын цэцэгс” өгүүллэгийг уншихад ийм л мэдрэмж төрдөг (өгүүллэг монгол хэлнээ орчуулагдсан).

Хязгааргүй орчлон дахь хүмүний өчүүхэн оршихуйг зүрх зүсэм өгүүлж, Хятадын уран зохиолд шинэ уур амьсгал бий болгосноор “Шүтээн уул” бүтээлээрээ 2000 онд Нобелийн шагнал хүртсэн Гао Синзянь нь зохиолчоос гадна уран зураач, уран бичлэгтэн, уран зохиол шүүмжлэгч, театрын найруулагч билээ. Гао энэ шагналыг хүртсэн анхны хятад уран зохиолч боловч эх орноосоо цагаачлан өдгөө Францад аж төрж байна. Францууд оросууд шиг хошин шогийн нарийн мэдрэмжтэй. Тиймдээ ч Гао Синзянийг тус улсын иргэн болсноос хойш хоёр жилийн дараа шагнал хүртээсэнд “Энэ удаад Францын хоёр настай иргэн эл хүндтэй шагналыг хүртлээ” хэмээн тодорхойлсон байдаг. 

Хятад дахь америк сургуульд боловсрол эзэмшсэн жүжигчин бүсгүй, барууны үзэл баримтлалтай банкны ажилтны гэр бүлд 1940 онд мэндэлсэн зохиолчийн залуу нас уйтай. Таван настайгаасаа ээжийгээ дагаж тайзан дээр гарч, арван настайгаасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлснээс хойш уран бүтээлээ таслаагүй хэмээнэ. Аравтайдаа бичсэн анхны өгүүллэгээ өөрөө зурагжуулжээ. Аав, ээж нь Соёлын хувьсгалын үеэр хэлмэгдэж, ээж нь тэсэлгүй амиа егүүтгэсэн бол аав нь цагаадсан ч удалгүй өөд болжээ. Францын уран зохиолоор их сургуульд мэргэшин сурсан Гао дурлаж сонгосон ажил мэргэжил нь хожмоо түүнийг хавчин гадуурхахын гол шалтгаан болно гэж даанч бодоогүй биз ээ. 

1979 онд Дэн Сяопиний өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжиж эхэлснээр цагаадсан зохиолч тэр хүртэл бичсэн хэд хэдэн чемодан дүүрэн бичвэрээ шатааж устгасан тухайгаа өгүүлсэн нь бий. Гэхдээ эх оронд нь түүнийг үргэлж хавчин гадуурхаж байсан гэвэл үнэнд нийцэхгүй. Цагаадаад уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж, хэд хэдэн жүжиг бичсэнийг нь Бээжингийн театруудад тавьж байжээ. Гэлээ ч этгээд үзэлтэй зохиолчийн 1983 онд бичсэн “Автобусны зогсоол” жүжгийг нийгмийн сэтгэхүйг бохирдуулсан хэмээн хориглож, дараа нь 1986 онд бичсэн “Тэртээх эрэг” жүжгийг нь абсурд гэж хорьсноос хойш жүжгүүдийг нь ахиж тайзан дээр тавьсангүй. “Автобусны зогсоол”-ыг Бэккэтийн алдартай “Годог хүлээхүй”-тэй зүйрлэх нь бий. 1987 онд уран зохиолын шагнал хүртэхээр Герман руу гарахыг нь зөвшөөрсний дараа Гао Синзянь эх нутгаасаа яваад эргэж очоогүй билээ. Ингээд 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлаас хойш ХКН-аас албан ёсоор гарчээ. 

Гао ганцаардмал, зожиг хүн. Францад амьдардаг хятад цагаачидтай ч харилцаад байдаггүй. Бэхэн зургуудаас нь хүртэл ганцаардал ханхална. Абстракт хэв маягтай бэхэн зургийн гучаад үзэсгэлэн гаргасан тэрээр “Зураг зурахдаа би барокко, аль эсвэл Бахын аялгууг сонсох шиг болдог. Тодорхой хэмнэлгүй ийм аялгуу сэтгэл зүрхэнд минь тун ч тодхон дүр зургийг зураглан буулгадаг” хэмээн өгүүлжээ. Арван хоёртойгоосоо зурж эхэлсэн тэрээр усан, тосон будгаар зурж байсан ч 1978 онд Францад очиж, Европын мастеруудын тосон будгийн уран зургуудыг үзэж таашаагаад тэдний энд хүрэхгүйгээ мэдэрч, түүнээс хойш хятад бэхээр л зурдаг болжээ. Өөрийнх нь хэлснээр шинийг эрэлхийлсэн уран бүтээлээрээ абстракт урлаг, дүрслэх урлаг хоёрын хооронд буй хоосон орон зайн нөхөх гэж хичээдэг аж.

Францад суурьшаад Соёлын хувьсгалын тухай өгүүлсэн “Ганц хүний библи”-э бичиж, удалгүй алдар нэр, амжилт далласан “Шүтээн уул”-аа хэвлүүлжээ. 1982 онд Бээжинд байхын бичиж эхэлсэн энэ романаа зохиолч долоон жилийн дараа Парист дуусгажээ. “Ганц хүний библи”-йг нь судлаачид Солженицыний бүтээлтэй төстэй ч гэлцэнэ. Харин өөрөө бол коммунист үзэл суртал хүний оюун ухамсрыг хэрхэн хордуулж, үүнээс үүдээд олон хүн ухаан балар болсныг илчилж ил болгосноороо Солженицынээс ялгаатай хэмээнэ. “Солженицын нийгэмд буглаж бугшсан бүхнийг дэлхий ертөнцөд дэлгэн харуулахыг зорьж санасандаа хүрсэн бол миний хувьд огт өөр зүйлд тэмүүлдэг. Зохиолч хүн өөрийн ертөнцийг бүтээж цогцлоох учиртай” гэжээ.

Гао Синзянийг Соёлын хувьсгалын үеэр тосгонд ажиллахаар хуваарилагдсан хойно эмч нар түүнд уушгины хорт хавдартай, ихдээ л арван сарын настай гэсэн аймшигт онош тавихад Хөх мөрний ай өөд хэрэн бэдрэхээр сэтгэл шулуудсан байдаг. Арван сарын турш аялсан тэрээр анхандаа үхлээ угтан явж байна л гэж сэтгэсэн хэмээн дурсжээ. Ингээд Хөх мөрний ундарга дээр ирэхэд эмч нар түүнийг азаар буруу оношилсон нь тогтоогджээ. Аяллынхаа турш өөртөө л зориулж бичсэн, бумбын шашны үзэл цухалзах энэхүү тэмдэглэлд хүн байгалийн зохилдлого, амьдрах, тэмцэх гал халуун хүсэл, үхэл мөхлийн айдас, эрх чөлөөний тухай бодрол эргэцүүлэл, энэ болоод нөгөө ертөнцийн тухай нэг, хоёрдугаар биеэс ээлжлэн өгүүлнэ. Түмэн газрын урттай энэ аялалд гарахдаа зэн буддизмын үндэслэгч Хуэйнэнийг дээдэлж явдаг тэрээр алхам алхмаар үхэлдээ ойртож байна гэж төсөөлж байснаа ч үгчлэн буулгажээ. Хөх мөрний урсгал мэт намуун дөлгөөн өгүүлэмжид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг сүлэлдэнэ. Бодитой ба хий ертөнцийн юмс үзэгдлийг нэгэн дэвтэрт эмхлэн нийцүүлсэн нь ерөөс амьдралыг зүүд зэрэглээ мэт санагдуулах жигтэй мэдрэмж төрүүлдэг. Аяллын тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн эл зохиол Хятадын алс бөглүү нутгаар хэрэн хэсүүчилж, өтгөс буурлуудын хууч ярианд уусан хайлж, уул нуруудаар аялж, дур булаам охид бүсгүйчүүд хийгээд сэтгэл гонсойм эрхтэн дархтнуудтай нүүр тулж асан үүх түүхээ дэлгэсэн өвөрмөц нэгэн намтарчилсан бүтээл болжээ. Уг романыг Гао Синзянийг Нобелийн шагнал хүртэхээс өмнө англи, швед хэлнээ хөрвүүлэн хэвлэжээ. Өдгөө энэ бүтээл 36 хэлнээ хэвлэгдсэн байна. Шведийн академийн хувьд сүүлийн дөч тавин жилийн турш уншигчдад үндэснийхээ онцлогийг өвөрмөц маягаар дэлгэн харуулсан шинэ төрлийн уран зохиол, уран зохиолын шинэлэг өгүүлэмжтэй, этгээд мэт санагдаж болох гоозүйн мэдрэмж бүхий зохиолчдыг дэлхийд таниулахаар зорьж байгаа гэж хэлж болно. Шүтээн уул ямархан бүтээл болохыг цухас ч атугай таниулах үүднээс төгсгөлийн 81-р бүлгийг орчуулан хүргэе.

***

Цонхны цаана цасан дунд мэлхий сууна. Нэг нүдээ анисан мэлхий нөгөө нүдээрээ өөдөөс цоо ширтэнэ. Тэр бол бурхан гэдгийг би мэднэ ээ.

Өөрийг нь ойлгох болов уу гэсэндээ өмнө минь ийнхүү иржээ.

Нүдээ аньж, нээж надтай ярилцаж байна. Бурхан хүмүн бидэнтэй хэл үггүй, чив чимээгүй ярилцдаг. Энэ нь бурхан мэлхийн дүрд хувилж болдогтой л ижил жам ёсны үзэгдэл буй заа. Мэлхий дугариг нүдээ цавчлаа. Хүн болсон өчүүхэн над дээр харц тусгасан нь хэдий зол завшаан.

Нэг нүдээ аньж, нөгөөгөө нээж буй нь хүн бидэнд үл ойлгогдох хэл аялгуу юм. Бурханы хувьд би түүнийг ойлгох эсэх нь огтхон ч чухал биш. Мэлхий нүдээ анивчаа л биз гэж бодоод өнгөрч болох ч энэ мэлхий угтаа юу ч олж харахгүй байгаад чанадын учир оршиж байгаа ч юм бил үү?

Ид шид гэж үгүй хэмээн бурхан хүсэл шунал нь үл гүйцэгдэх хүн надад өгүүлж байна. Тэгвэл юунд тэмүүлэх вэ? гэж түүнээс лавлан асуухад аанай л чимээ имээгүй орчин, будран унах цасан хариу болно. 

Энэ л амгаланд бүхлээрээ ууснам. Энхжингийн оронд ч ялгаагүй ийм л амирлангуй байдаг биз ээ. Энд баяр баясал үгүй. Баяр баясал нь зовлон түгшүүрийн нөгөө тал шүү дээ.

Цас лавсан ороход хаана байгаагаа үл мэднэ. Дээрээс дарах бүүдгэр тэнгэр хаанаас үүднэ вэ? Эргэн тойрноо ажлаа. Өөртөө бол бүхнийг таньсан мэт сэтгэвч ухаад үзвэл уураг тархи хөндий хоосон.

Ард ямар нэгэн үйл өрнөж, намайг далдын нүдээр ажиж буй нь лав. Тиймээс юмс үзэгдлийг ойлгож ухахгүй ч ухаарсан дүр эсгэх нь зүйтэй.

Гэвч үнэндээ би юу ч ойлгохгүй, юу ч мэдэхгүй нь л үнэн болой. Тийм ээ, тэр л үнэн.

1982-1989 он

Бээжин-Парис