Газрын ховор элемэнт
Газрын ховор элемэнт /ГХЭ/, ховор гэдэг нь “олдоц ховор” гэсэн үг биш, хаа сайгүй бий. Тасагны овоог ухахад ч жаахан юм олдож магадгүй.
Газрын ховор элемэнт
Газрын ховор элемэнт /ГХЭ/, ховор гэдэг нь “олдоц ховор” гэсэн үг биш, хаа сайгүй бий. Тасагны овоог ухахад ч жаахан юм олдож магадгүй. Асуудлын гол нь цул бөөгнөрөл хэлбэрээр олдох нь ховор, нийт 17 метал байдгаас хоорондоо маш төстэй химийн шинж чанартайтул ялгаж салгах, цэвэршүүлэхэд асар их хими, инженерийн мэдлэг шаарддаг. Бас ГХЭ нь цацраг идэвхт бодис биш, үнэндээ бид бүгдээрээ ГХЭ-д хүрээлэгдэж амьдардаг. Гар утас, дрон, ТВ, LED дэлгэц, чихэвч, орчин үеийн мэдрэгчтэй хөргөгч, угаалгын машинд хүртэл ГХЭ бий. Технологи хөгжихийн хэрээр ГХЭ биднийг улам бүр хүрээлнэ. Хэдэн жишээ дурдъя.
Бүх өнгийг улаан, ногоон, хөх гурван өнгөний холимогоор илэрхийлж болдог. LED дэлгэц, утас, ТВ-ийн пиксел бүрт энэ гурван өнгийг илэрхийлэх жижигхэээээнн ГХЭ зоочихсон гээд бүдүүн бараг ойлгочихож болно. Дэлгэцийг тогонд залгахад Европиум элемэнт электрон шилжилт хийж улаан гэрэл ялгаруулна, Тербий элемэнт ногоон өнгө гаргана. Hybrid машин баттерэйн зүрх нь Лантан элемэнт. Цахилгаан машины Li-ion баттерэйд ГХЭнь тогтвортой байдал, аюулгүй байдлыг сайжруулах “допинг” хэлбэрээр оролцож баттерэйн насыг уртасгана.
Чихэвч, чанга яригч, дрон, цахилгаан машинд дуу, хөдөлгөөн үүсгэж байгаа зүйл бол хүчтэй байнгын соронз. Тэр нь энгийн соронз биш Неодим элемэнт дээр суурилсан хайлш /металуудыг хооронд нь холиход хайлш үүснэ хэхэ/. Жижигхэн хэрнээ асар хүчтэй соронз. Хэрвээ энэ соронз байгаагүй бол өнөөгийн нимгэн утас, жижиг чихэвч, олон минут нисдэг дрон ямар ч боломжгүй. Дрон гэнэт хөгжиж, утасгүй чихэвч гарч ирсэн нь ГХЭ-ийн л ач. Неодим соронзтой мотор байхгүй бол дрон жижиг, хүчтэй, тогтвортой байж чадахгүй. Камерын өнгө, мэдрэгчийн нарийвчлал, гироскопийн тогтвортой байдалд хүртэл ГХЭ суурьтай материалууд оролцож байна. Дрон, робот, AI, зэвсэг бүгд ГХЭ-ээс хамааралтай болсон.Товчхондоо “газрын ховор элемэнт” бол ирээдүйн “газрын тос”. Гэхдээ газрын тосгүй бол машин явахгүй, газрын ховор элемэнтгүй бол ертөнц “асахгүй” гэсэн үг.
Газрын ховор элемент өөрөө аюултай бодис биш. Харин гол эрсдэл нь олборлолт, боловсруулалтын шатанд байдаг. Хүчил, хаягдал, дагалдах цацраг идэвхт элементүүд л жинхэнэ асуудал. Тиймээс өндөр хөгжилтэй олон улс олборлолтоос татгалзаж, харин Хятад коммунист төрийн шийдвэрээр олборлолт, боловсруулалтыг хүчээр тулган хэрэгжүүлж, өнөөдөр дэлхийн зах зээлийн 60 орчим хувийг дангаараа хангаж, геополитикийн том хөзөр атгаж сууна. ГХЭ бол нүүрс, алт, зэс, газрын тос шиг “их ухвал их ашиг” логикоор явдаг баялаг биш. Ашиг нь ухахдаа биш, ялгаж салгах, цэвэршүүлэх, цэвэр материал болгох шатанд бий. Нэг тонн хүдэр нь 100-200 доллар бол боловсруулсан нь 10,000+ доллар болох учир хүдэр ухаж зараад бол үндсэндээ ашиггүй шахуу аж. Тиймээс ч ГХЭбол уул уурхайн гэхээсээ илүү химич, материал судлаач, инженерийн салбар юм. ГХЭ-ийн хувьд “100 химич, материал судлаач нэг том ордтой тэнцүү” гэсэн зүйрлэл ч бий. ГХЭ дээр бол эксковатор биш лаборатори чухал.Газрын ховор элемэнт нь уул уурхайн гэхээсээ хими инженерийн салбар.
Манай улсын хувьд зөвхөн хүдэр зараад байвал бараг эргээд өрөнд орно, боловсруулалт зайлшгүй хэрэгтэй. Бас дээрээс нь олон инженэр химич материал судлаач бэлдэнэ, гадны хөрөнгө оруулалт ноу хау татах гэх мэт дор хаяж 7-10 жилийн тогтвортой үйл ажиллагаа хэрэгтэй. 4 жилийн циклээ ч бүрэн гүйцээдэггүй манайх шиг улсад нэлээд бэрх чээлэнж. Эцэст нь хэлэхэд, Монголын асуудал нөөцдөө биш. Түүнийг удирдах тэвчээр, мэдлэг, олон нийтэд зөвөөр ойлгуулах, улс төрийн популизмаа орхих чадварт л байгаа юм.

