Бага ангид сурдаг жаахан дүүгийнхээ жигтэйхэн нууцалсан гурван дугтуйг яагаад ч юм нээж үзчихмээр санагдаад болдоггүй. Арав хүрээгүй насны хүүхдэд ямар учиртай гурван дугтуй байнга дагаж явдаг, яагаад тэгтлээ “хайрлаад” байгааг нь мэдмээр. Ингээд зээ дүүд наалдлаа. Хичээл сурлага, ангийн гоё охидоос эхлээд өдөөхгүй сэдэвгүй үлдээсэн ч дугтуйны учрыг л палхийтэл асууж чадсангүй. Гэтэл дэргэд нь сууж байсан намайг цочтол мессежны дохио дуугарч дүү хүү утсаа шүүрэв. Инээд алдан мессеж бичиж байснаа өөрөө гэнэт дугтуйны тухай ярьж эхэлдэг байна шүү. Ирсэн мессежний тухайд төрсөн өдрийн урилга байсан юм. Уригдсан болохоор бэлэг өгөх ёстой. Аав ээжээсээ бэлэгний мөнгө асуух ч үгүй “3” дугаартай дугтуй руу гараа шургуулж гар эсгэм таван мянгатын хоёр дэвсгэрт гаргаад ирэв. Тэгснээ тайлбарлаад ярьж байна. 

Эхний дугтуй дахь мөнгө хамгийн зузаан нь. Гэхдээ хэдэн төгрөг байгааг хэлэхгүй гэнэ. Боловсрол, сургалт, дамжаа, хичээлийн хэрэглэлд зориулагддаг учраас аав ээж, ах эгч нарын зүгээс хамгийн их хөрөнгө оруулалт “татдаг” нь гэнэ шүү. Дараагийнх нь эрүүл мэндийн “салбарынх”. Багш тэгж заасан учраас энэ дугтуй заавал байх ёстой ч хааяа өөр салбар руу “зээлэх” нь бий гэж байна. Гурав дахь дугтуй жаахан элэгджээ. Бусад гэсэн бүрхэг шошготой энэ дугтуй хавь ойрын хамаг хэрэгцээг хангадаг гэнэ. Төрсөн өдрөөр нь их зузаардаг аж. Учир нь ангийн найз нөхөд, ном, тоглоом зэрэг хэвшил болсон бэлэг өгдөг бол гэр бүл, хамаатан саднууддаа “Надад мөнгө өгөөрэй” гээд сэм захьчихдаг гэнэ. Одоо хэр нь нялхаараа санагддаг зээдээ төрсөн өдрийн бэлгэнд амттан,тоглоом зөөхгүй гэж амлаад саяхан гэнэтийн явдал тохиолдож хандив тусламж гуйтлаа сандарсанаа бодоод гурван дугтуйны талаар баахан сонирхлоо.

Эхлээд багш нь даалгавар болгоход хэн ч биелүүлээгүй. Дараа нь зарим хүүхэд хуримтлалаараа юу хийсэн тухай ярьж өгөхөд төдөлгүй ангиараа хуримтлалтай болсон гэнэ. Тэр ч байтугай аав ээж нь тус тусын, тэгэхдээ гурваас олон дугтуйтай болсон талаар зээ дүү ам халан ярьж гарав. 

“Миний дүү банкны карттай болбол...” гэхэд “Яваандаа болноо. Эхлээд хэр тэсч, ямар хэмжээнд хуримтлуулахаа үзэж байгаа юм” гэж байна. Шинийн нэгнийг дүү минь хөөрхөн божгор хуруугаараа хоног тоолон хүлээнэ. Учир нь цагаан сараар мөнөөх гурван дугтуй нь эрс зузаардаг болохоор тэр. Би ч гэсэн шинийн нэгнээс эхлэн гурван дугтуй зэхлээ. Дансанд биш дугтуйд хадгалж үзнэ ээ. “Мөнгө мөнгөө дууддаг” гэдэг үг дансан дахь мөнгөнд хамаатай юм болов уу.Ямар ч байсан хуримтлалтай, хуримтлал нь төрөлжилттэй байх чухал гэдгийг хуримтлуулах мөнгөгүй байсан бидний үе, хойч үеэсээ суралцаж эхэлж байна.