"Орчуулга хийхэд монгол үг хүрэлцэхгүй байна шүү дээ" гэхээр хүмүүс ихэвчлэн ингэж хэлдэг:

- Яалаа гэж. Монгол хэл яндашгүй баян. Чиний монгол хэл л ядуу байна!

Тэгээд би боддог юм.

Ок, миний монгол хэл ядуу. Минийхээс баян монгол хэлтэй хүмүүс мэдээж байгаа. Магадгүй зарим хүний монгол хэл минийхээс ядуу ч байж болно. Хүн хүний монгол хэл өөр...

Байз, байз!

"Хүн хүний монгол хэл өөр" гэж юу гэсэн үг вэ? Тийм байвал яаж бид өөр хоорондоо монгол хэлээр ойлголцох юм бэ?

Монголчууд бид монгол хэлээр харилцаж холбогддог. Тийм бол тэр монгол хэл нь нийтлэг байж таарна. Хүн хүний монгол хэл өөр байх учиргүй. Харин ч эсрэгээрээ монгол хүн бүрд байгаа монгол хэлний хамгийн нийтлэг хэсгийг л "Монгол хэл" гэж хэлэх ёстой бус уу?

Нэг монгол хүн "Банкны картаа блоклуулчлаа" гэж хэлтэл бусад нь сонсоод ойлгож байвал энэ монгол хэл мөн. "Банк", "карт", "блоклох" монгол үгс мөөн гэсэн үг.

"Тэлээ хурга шиг божийчхоод" гэхийг барагтай хүн ойлгохгүй бол, тэгвэл энийг монгол хэл гэхэд хэцүү л гэж хэлнэ. Монгол хэлнээс хасагдаж яваа монгол хэл гэх үү дээ (гэхдээ заавал хасаад ч яах вэ).

Минийхээр бол монгол хэл хаа нэг толь бичигт эсвэл хэлэмгий нэгний цээжинд хав дараатай явдаг зүйл биш. Монгол хэл бол бүх монголчуудын дундын хэрэглээгээр хэлбэржиж, мөнхүү түүн дээр тогтдог амьд бөгөөд динамик зүйл. Яагаад гэвэл эцсийн эцэст энэ бол бидний харилцааны л хэрэглүүр шүү дээ. Биднийг харилцуулж, ойлголцуулж, нэгдүүлж, зохицуулж өгдөг болохоороо үнэ цэнтэй. Түүнээс, үнэ цэнтэй болохоор нь бид хэрэглэдэг юм биш!

Тийм учраас монгол хэл бол хэн нэгний цээжинд бус хүн бүрийн цээжинд явдаг тэр зүйлийн нийтлэг хэсэг нь юм.

Орчуулганд монгол хэл хүрэлцэхгүй байгаагийн шалтгаан нь миний монгол хэл ядуугийнх гэхээсээ бидний цээж ядуу байгаатай холбоотой байх магадлал өндөр! Бидний сэтгэхүйн хүрээ 50 жил, 100 жилийн өмнөх үеийнхнээс төдийлөн тэлж шалиагүйн илрэх байхыг үгүйсгэхгүй. Бүр нарийн яривал үнэндээ энэ аргумент дангаараа шалтгаан болж чадахгүй. Жинхэнэ асуудлын гол нь биднээс бусад дэлхийн хүмүүсийн энэ 50 жил, 100 жилийн хугацаан дахь сэтгэхүйн хүрээний тэлэлттэй харьцуулахад бидний тэр хэмжээ бага байгаатай холбоотой.

Үндсэндээ бол 50, 100 жилээр түрүүлээд явчихсан хүмүүсийн яриаг монгол хэл рүү орчуулахад л хүндрэл үүсээд байна гэсэн үг л дээ. Ялангуяа шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдэв дээр.

Толь бичиг тэгвэл юу юм? гэж гайхаж болох. Минийхээр бол толь бичиг тухайн цаг үе дэх тэр хэлний гэрэл зураг. Тийм ч болоод гадны том том хэлнүүд бараг жил бүр зургаа даруулдаг. Харин монгол хэл хамгийн сүүлд хэзээ зургаа даруулсан бэ? Хэр давтамжтай даруулдаг вэ? 83 онд Цэвэл гэж хүний дарсан зургийг бид хэр удаан харах юм бэ?

Бид уг нь боломжоороо л хэлнийхээ зургийг тогтмол дарж баримтжуулаад явмаар байгаа юм. Тэгэхдээ болж өгвөл бодитоор нь. Юу гэхээр "банк", "карт", "блоклох", "ок" зэрэг үгсийг ч бас монгол хэл гэж бүртгээд явах нь зүйтэй гэсэн үг. Тэрийг заавал харь үр, зээлдмэл үг энээ тэрээ гэж ялгаж гадуурхаад, тусад нь зураг дарж яг яах гээд байдаг юм бэ? Хэлнийхээ зургийг цогцоор нь, байгаагаар нь л баримтжуулаад явъя. Ингэж байж л монгол хэл маань илүү хурдан хөгжинө, илүү цэгцтэй болно, хэрэглэхэд хялбар болно, бидний хэрэгцээ шаардлагыг хангадаг болж, түүний тусламжтайгаар бид арай бага хэрэлдэж, түргэн ойлголцдог болох учиртай юм аа.

За тэгтэл иймэрхүү юм ярихаар хүмүүсийн амнаас дараах хэдэн няцаалт ёс мэт оволзоод ирнэ ээ. Жишээ нь нэг иймэрхүү.

Няцаалт 1: Баахан гадны үгс хольж хутгаж яриад, монгол хэл маань эрэмдэг болж гүйцлээ. Одоо бүр байтлаа "Айм сорри" гэж мэндэлдэг болох нь. Энэ тэгээд хэлний хөгжил үү?


Орчуулга хийж байхад энэ хандлага ялангуяа редакторуудаас нэлээд цухалздаг юм. "Эмоц" гээд бичихээр заавал "сэтгэл хөдлөл" гэж засна. Монгол үг нь байхад нэмж үгээр яах юм бэ л гэсэн санаа яваад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор надад ийм нэг юм ажиглагддаг.

Жишээ нь япон хэлэнд үг дутвал (өөрөөр хэлбэл төдийг хүртэл оноож нэрлэсэн япон үг байхгүй тийм шинэ ухагдахуун гарч ирвэл) япончууд гялс түүнийгээ нэрлэх үг цоо шинээр зохиочихдог (эсвэл заримдаа тэр чигээр нь галиглаад авчихна). Харин монголд яадаг гэхээр, шинэ үг зохиохоос илүү хуучин үгсээ холбож нийлүүлэх замаар тэр шинэ ухагдахууныг буулгах гээд зүтгэчих хандлага их байдаг. Болсон болоогүй, ойлгомжтой ойлгомжгүй, янз янз. Эцэст нь нэг үгээр олон янзын юм тайлбарлаад улам л холион бантан болоод явчдаг. Тэгээд тэр болгоныг ялгаж салгаж тайлбарласан толь бичиг нь ч байхгүй. Нэг юм уншчаад мянган янзаар ойлгоод явчихна.

Нэг ёсондоо "Монгол үг нь байхад нэмж үг хэрэггүй" биш, харин ч нэг утга санаа, ухагдахууныг хүртэл олон янзын нюансаар илэрхийлэх олон үг байх тусмаа л сайн. Өдийд хүмүүс "Сайн уу?", "Сайн байна уу?", "Hi" гэх зэргээр өдөр тутамдаа мэндлэлцэж байна. Минийхээр бол эд бүгдээрээ л өөр нюанстай, өөр хэрэглээтэй үгс. Ямар үед хэнтэй мэндлэхээсээ хамаарч сонгож хэрэглэдэг. Хэрэггүй бол жамаараа л гээгдэх биз.

Хааяа орчуулга хийх үед байдаг л гэмээр энгийн бяцхан санааг монголоор эвтэйхэн буулгах гээд чадахгүй гацчих тохиолдол гарна. Тэгээд л уур хүрнэ дээ: "Хараал идсэн монгол хэл. Иймхэн юмыг илэрхийлэхийн төлөө би ингэж их тархиа гашилгах ч гэж" гээд л. Яах вэ, хэл болгон өөрийн онцлогтой нь үнэн л дээ. Гэхдээ л ор тас харьцуулах боломжгүй биш байх. Амьд (буюу идэвхтэй хэрэглэгддэг) үгийн сангийн хэмжээ л нэг юм хэлнэ дээ.


Няцаалт 2: Монгол хэл бол монголчуудын соёлын дархлаа. Гадаад үгээр чамирхаж яриад байвал эх соёлоосоо хөндийрнө. Миний монгол хэлээр бүү оролд, бла бла.


Оюутан байхдаа гадаад оюутнуудтай их буу халдаг байлаа. "Танай хэлэнд дур тавихыг ямар үгээр хэлдэг вэ? Япончууд явлаа гэдэг. Англиар ирлээ гэдэг. Манай вьетнамд асгарлаа гэдэг (орлоо ч бил үү)" нтр гээд л. Бодвол бороо их ордог нутгийнхны л харах өнцөг байх. Энэ чинь л нөгөө соёл гээч юмны чинь илрэл шүү дээ. Соёл гэдэг бол тухайн ард түмний сэтгэлгээний нийтлэг хэв шинж. Аливааг харах өнцөг, сэтгэх хэлбэр. Компьютераар яривал хүн нэг бүрийн үйлдлийн системийн тохиргоо маягийн зүйл. Тодотгоод, тодотгоод ердөө л энэ. Чухал уу гэвэл чухал. Гэхдээ ердөө иймхэн л чухал.

"Иймхэн л чухал" гэж юу гэсэн үг вэ???

Бид алив зүйлсийн эрэмбэ дарааг хольж сольж төөрөлдөхдөө гаргуун. Үр хүүхдийнхээ л төлөө ажиллаж явна гэж боддог хэрнээ, нэг анзаарахад үр хүүхдээ марттал ажлаа чухалчлаад явж байдаг. Цаана нь нөгөө хүүхэд нь олигтой ч хүмүүжилгүй золбироод явж байх жишээтэй.

Соёл бас тийм. Соёл бидний онцлогийг илэрхийлдэг гэдэг утгаараа л чухал болохоос үнэ цэнтэй болохоороо чухал биш юм. Соёл гэж нэг тийм шаазан бурхан шиг хэлбэр хэмжээтэй биет зүйлийг хэн ч юм нэг нөхөр бодож төлөвлөж урлаж үлдээгээд, тэрийг нь бид хэд хагалчилгүй шиг тэр хэлбэрээр нь хадгалж явах гээд зүдрээд байдаг юм биш. Соёл өөрөө хүссэн хүсээгүй цаг үеэ дагаад хувьсаад л явдаг.

800 жилийн өмнөх монгол хүн өнөөгийн биднээс шаал өөр соёлтой байсан. Аливааг харах өнцөг, сэтгэх хэлбэр нь өөр байсан (яаж ч сэтгээд өнөөгийн бид ахыгаа үхэхээр эхнэрийг нь өөрийн болгох уу?). Бодвол хэл нь ч өөр байсан биз. Соёл яг л зах зээл шиг тухайн цаг үеийнхээ эрэлтийг дагаад үлдэх нь үлдэж, гээгдэх нь гээгдэж, шинээр баяжихдаа баяжаад явна. Тэр зах зээлийг сөрж, зориудын идэвх санаачлагаар ямар нэг гээгдэх гээд байгаа элементийг сэргээх зэрэг явдал байж болох л байх. Гэхдээ үүн дээр өнөөх эрэмбэ дараагаа бодолцох хэрэгтэй. "Яг юуны төлөө вэ?". Мэдэхгүй ээ, ямар ч байсан л үнэ цэнтэй болохоор орхиж болохгүй гэж бодож байгаа бол эрэмбэ дараа аль хэдийнэ мартагдсаны шинж.

Ер нь соёлыг хамгаалалтаар биш довтолгоогоор л авч үлдэх боломжтой. Үүн дээр манайхны яг эсрэг хандлага түгээмэл ажиглагддаг юм. Морин хуурыг монголчууд л хийх ёстой. Хөөмийг гадаад хүнд бүү зааж өг. Улсын наадамд хар арьстан барилдаж болохгүй. Үндэсний радио хятадаар мэндчилж болохгүй. Үнэ цэнтэй өв соёлоо гадныханд алдчих вий. Харийн юмнаас холхон байцгаая. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй!

Харин гадныхан чанх эсрэгээр нь. Солонгосчууд кимчигээ, япончууд сүшигээ, мексикүүд такогоо дэлхийгээр л нэг зарж байна. Тэглээ гээд тэд өв соёлоо алдаад, үгүйрээд, золбирох нь байтугай харин ч нэг сумаар хоёр туулай буудаж байна.

Соёлоо нээлттэй байлга! Байнга салхи оруул! Үгүй бол Төвөд, Манжийн араас л орно шүү. Хэл ч бас адилхан.


Минийхээр бол монгол хэлэнд тулгарч мэдэх хамгийн том аюул бол бид монгол хэлээ гадны глобал том хэлнүүдийн түвшинд хөгжүүлж чадаагүй байж, хойч үедээ хар багаас нь гадаад хэл зааж байгаа явдал. Нэгэнт англи хэл сурчихсан хүнд монгол хэл сурах шиг хэрэггүй, дэмий, зовлонтой ажил гэж үгүй. Аа харин монгол хэлээр ухаан суучихсан хойноо гадны хэлд идэвхийлэн суралцах нь нэн чухал бөгөөд зөв зүйтэй хэрэг. Хүүхдүүд англиар хэлд ороод байвал ирээдүйд монголоор ярих хүн л цөөрнө. Тэгээд өмнө хэлсэнчлэн хэл гэдэг эцсийн эцэст харилцааны хэрэглүүр болохоор хэрэглэх хүн нь цөөрөх тусам мөхөл рүүгээ дөхнө өө л гэсэн үг.

Тэгвэл эх хэлээ гадны глобал хэлнүүдийн түвшинд хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ? Үүн дээр олон юм ярьж болох ч юун түрүүнд би улам их орчуулцгаая л гэж хэлмээр байна даа. Түүнээс цаашхийг өөрсдөө бодоод олно биз дээ.