Honey money

   Номын нэрийг яагаад орчуулсангүй вэ гэдэг асуулт шууд толгойд орно. Уншаад дуусахад орчуулаагүй нь оножээ гэж бодогдоно. Тэгээд “царайны сайхнаар цай сүлэх” байтугай ашиг тустайг ухаарна. Ер нь бол ухааруулна. Залуучуудад, ялангуяа охид бүсгүйчүүдэд дур хүсэл өдөөсөн тачаангуй намба төрх чинь нэг их чухал биш дээ гэж сургадаг хүмүүс өөрсдөө зүс царай тааруухан биш юмаа гэхэд ёс суртахуунаар маруухан амьтад байдаг. Кэтрин Хакимын “эротик капитал” гэж томъёолсон гоо үзэсгэлэнг өгөршсөн хуучинсаг үзэлтэн ба радикал феминистүүд үнэ цэнгүй болгохоор дуу дуугаа аван “тэмцдэг” ажээ. Кэтрин Хаким бүх охид бүсгүйчүүд, тэр дундаа мөнгө санхүү нимгэн, оюун ухаан гойд биш, эс бөгөөс тэнгэрийн умдаг атгачихаагүй л бол өөрийгөө өөд нь татаж аль чадахаараа ашиг хүртэх ёстой хэмээн шулуухан айлдсан байна.

Кэтрин Хаким амынхаа зоргоор бурдаг инфлюзэр биш, олон арван нийтлэлээрээ өөрийгөө зарлан тунхаглачихсан London School of Economics сургуулийн нэр хүндтэй багш. Honey money гэдэг аазгай хөдөлгөсөн томъёолол No money, no honey хэлцээс үүдэлтэй нь андашгүй боловч өргөн дэлгэр тайлбар, олон эх сурвалжийн статистик, хавсралтууд энэ ном шинжлэх ухааны бүтээл гэдгийг нь батална. Уншсан хүмүүсийн олонх, түүн дотроо “нэгэнт төлөвшсөн сэхээтнүүд”, түүнчлэн феминистүүд хачин ихээр эгдүүцэж, Кэтрин Хакимыг харааж зүхнэ гэдгийг баттай хэлэх байна.

Гэхдээ юу юугүй харааж ерөөхөөр яараад яах вэ. Өнгөрсөн зууны гарамгай социологич Пьер Бурдьё хувь хүн эдийн засгийн, соёлын, нийгмийн, бэлгэ тэмдгийн дөрвөн капиталтай гэж үзсэн бол Кэтрин “эротик капитал” гэх өөр нэг нөөц бололцооны тухай өгүүлсэн юм. Гадна үзэмж, хуял тачаал өдөөх чадварыг илэрхийлдэг энэ нэр томъёог Америкийн социологчид анх түрүүнд хэрэглэснийг зохиогч үгүйсгэсэнгүй, харин ч сэтгэл татах ад, хүнтэй харилцах чадвар, сексийн туршлага зэрэг эв дүйг нэмсэн нь өвөрмөц мөртөө үнэмшилтэй уншигдаж байна.

Кэтрин Хакимын зөв хэмээн бодном. Аль ч үндэстэн, ямар ч улс оронд залуу царайлаг эмэгтэйчүүдийн “эротик капитал” эрчүүдийнхээс хавьгүй өндөр үнэлэгдсээр ирснийг орон орны статистикаар нотолж байна. Эр, эмээс үл шалтгаалаад сэтгэл татсан царайлаг залуучууд л аль аятайхан албан тушаалд очиж, илүү цалин аваад зогсохгүй, арьсны өнгөөс үл шалтгаалан АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэнэ. “Царайны сайхнаар цай сүлэхгүй” ч “хувцсаар нь угтаад, ухаанаар нь үддэг” нийгэмд ганган дэгжин, донж маягийг ойшоолгүй орхих ёсгүй, гэхдээ Кэтриний задлан шинжилгээ гашуун үнэнийг хайр найргүй гаргаж тавьсан байгаа.

Кэтрин Хаким залуу эмэгтэйчүүд учиргүй сэтгэл татахаар биш ч гэлээ хэзээд эрчүүдийг татах ид шидтэй гэжээ. Эрчүүд харин эсрэгээрээ, зүс царай базаахгүй эрчүүд хүүхнүүдийн сэтгэлийг төдийлөн татдаггүй гэнэ. Үүнийг Кэтрин “эрчүүдийн сексийн дутагдал”-аар тайлбарлаад эмэгтэйчүүдийн янаг тачаангуй гадаад төрхийг “үнэлдэг” зар сурталчилгаа үүнийг нотолно гэсэн байна. 

Шашны ягшмал номлол, тэр дундаа загалмайн шашин эмэгтэйчүүдийн хуял хөдөлгөдөг нөлөөг эрт урьдаас хазаарлан барьсан учир эрчүүд нь хүсээд, эмэгтэйчүүд нь татгалздаг харилцаа тогтсон гэж Кэтрин үзсэн байна. Тэр бүү хэл загалмайтны моногами буюу нэг эм, нэг эртэй нөхцөх ёс нь царай зүс базаахгүй, хөрөнгө чинээ муутай, нийгэмд нөлөө багатай эрчүүд адаглаад ганц эмтэй нөхцөх гэхдээ зохиосон “улс төрийн арга заль” гэдэг дүгнэлт хийжээ. 

Ном бүхэлдээ феминистүүдийг бухимдуулна. Кэтрин Хаким “Эмэгтэйчүүдийн яаж амьдрахыг заасан эрчүүдийн тогтоосон уламжлалын эсрэг огт тэмцээгүй феминистүүд бүсгүй хүний мөн чанарыг нухчин дарахаар зүтгээд байдгийг ихэд гайхсан буй. Тэрээр “Феминистүүд яагаад эмэгтэйчүүд юу өмсөж, яаж амьдрахыг заах гэсэн эрчүүдийн уламжлалтай тэмцсэнгүй вэ? Бүсгүй шинжийг арилгах биш магтан мандуулах ёстой бус уу? Яагаад гоё сайхнаа эрчүүд дээр ашиглаж байхыг дэмждэггүй юм бол?”гэдэг асуулт тавьжээ. Хариулт нь онц сонирхолтой юм билээ. 1960-аад оны Сексийн хувьсгал нэг эр, нэг эмтэй нөхцөх уламжлалыг ганхуулж, эмэгтэйчүүдийн онгон биеийн үнэлэмжийг илтэд бууруулснаар эмэгтэйчүүдийн боломжийг нэмсэн шигээ эрчүүдийг ч бас дураар тавьсан аж. Жараад оноос хойш эрчүүд эмэгтэй хүн өөрсдөөс нь илүү биш боловч мөн л секс хүсэж явдгийг нь хүлээн зөвшөөрсөн байна. 

Кэтрин Хаким ижил хүйстний бэлгийн амьдралыг ч тойрч гараагүй бөгөөд бас л нэгэнт тогтсон үзэл санаатай харшилмаар санаа дэвшүүлжээ. Гэхдээ биеэ үнэлэлт болон бусад “секс ажил”-ыг бүрэн хуульчилж, либеральчлах хэрэгтэй гэдэг гаргалгаа нь “охид ариун бол төр ариун” гэх үзэлтэй хэний ч болов зэвүү, дургүй хоёрыг зэрэг хөдөлгөнө. Царайлаг, хөөрхөн, тачаангуй залуу охид хөгшин, царай муутай, баян эрчүүдэд оногдоно гэхээр хэнд сайхан санагдах билээ.

Сэтгэл хангалуун биеэ үнэлэх боломж нөхцлийг Кэтрин Хаким уран зохиолын олон жишээгээр зөвтгөсөн. “Эротик капитал” эргэлтэд орох ёстой. Эмэгтэй хүний “эротик капитал”-ын үнэ цэнийг үгүйсгэдэг феминистүүд эрийн эрхт ёсноос хулчийлж, хоёр нүүр гаргалгүй Honey money номыг бичсэн Кэтрин Хакимаар бахархахаас аргагүй. “Эрчүүдийн сексийн дутагдал”-ыг өнө эртээс шийдсээр ирсэн ууган мэргэжлийн тухай ч нухацтай хэлэлцэх нь зүй.

Номыг уншихад Коммунист намын тунхгийн “Хүний биеийн эрхмийг арилжааны өртөг болгож, тоо томшгүй олон бөгөөд бичиг баримтаар баталсан, буянаараа олсон эрх чөлөөний оронд гагцхүү ичих нүүргүй чөлөөт худалдааг тавьжээ. Ганц үгээр хэлбэл, хөрөнгөтнүүд шашин шүтлэг, улс төрийн чимэглэлээр сэтгэлийг зассан мөлжлөгийг ил, ичгүүргүй, шууд, хатуу ширүүн мөлжлөгөөр халжээ” гэдэг үгс санаанд орж мэднэ. Гэхдээ К.Маркс “эротик капитал”-ын тухай яриагүй нь тодорхой.

Харин Кэтрин Хаким эротик капиталыг “Зарим хүн нүүрний буянтай, сайхан амьдардаг. Тэд дур тааламжтайгаас гадна эерэг зан чанартай. Тэд хөгжөөнтэй, нөхөрсөг, өөртөө итгэлтэй, таатай, бүр харизамтай ч байдаг. Хаалга тэдний өмнө нээгддэг. Хүмүүс тэдэнд тусалдаг. Тэд биднээс цөөн бэрхшээлтэй учирч, тэр нь ч хурдан шийдэгддэг бололтой юм. Эротик капитал бол бүх харилцаанд үүрэг гүйцэтгэж байдаг нэр нь тодроогүй хөрөнгө” гэж тодорхойлсон буй. Энэ ном шинжлэх ухааны бүтээл гэдгийг эхэнд хэлсэн, 370 нүүртэй номын 173 нь тайлбар, эшлэл, номзүй, индекст зориулагдсан нь үүний гэрч юм. Арвин судалгаа, эх сурвалж ашигласан зохиогч номоо “эротик капиталын нөлөө нь энэ номд авч үзсэн судалгааны түвшнээс хоёр дахин их, зарим тохиолдолд түүнээс ч илүү гэж үзэхэд буруудахааргүй байна” хэмээн төгсгөжээ. Кэтрин Хаким хүйс хоорондын бүхий л харилцаа, арилжааны суурийг “сексономикс” гэж томъёолсон нь номын үндсэн агуулгыг хэлээд өгнө.