- Залхлаа!

“Нийгмийн ёзоор” гэх шинэ хэллэг гаргаж ирж байгаа юм биш. Суурь, фундамент, монголчилсон “хундамент” гэхчлэн үгс бий. Ёзоор гэчихэд хэн ч ойлгоно. Нийгмийг бат бэх байлгах учиртай суурь, баганынх нь ёроолын цутгуур гэсэн санаа. Шүд өвдөөд ёзоор руугаа нөлөөлөөд буйл хавдаад өвчин сэдэрдэг шиг Монголын нийгмийн суурь нь идээ бээрээр дүүрээд түүнийг арилгах гэж 30 жилийн цуцалтгүй хөдөлмөрөө төр-засаг нь зориулж байгаа улигт үлгэрээ л би ярих гэж этгээд гарчиг сонгон авлаа.

“Улс гэрээ тохинуулах Түмний 76” гэх хөдөлгөөний уржигдрын хэлэлцүүлэг-хурал “5А”-тай тэмцэх уриатай болж өнгөрсөн ба тэр “5”-ынх нь эсрэг тэмцэх сондгой өнцөгөө илтгэл болгож тавиач гэсэн урилгын дагуу би эсэргүү үзэл бодлоо ил гаргаж танхимын уур амьсгалыг ундууцтал ярьснаасаа энд эвлүүлж бичлээ. Ялаа нисэхэд дуулдахаар нам гүм байсан даа. 

“5А” гэдэг нь Монголын нийгмийн идээ бээр болж буй ажилгүйдэл, авилга, автозамын түгжрэл, архидалт, агаарын бохирдол гэж нэрлэсэнтэй нийтлэлч-судлаач бибээр 100 хувь санал нэг байна. Харин засч залруулах арга замын тухайд би сондгой өнцгөө гаргаж тавихаас аргагүйд хүрлээ. Тэгж эрс тэс, радикал арга хэлбэрээр шийдэхгүй бол жилийн жилд ярьсаар, УИХ дээр нь 30 жил ярьсаар, Төр толгойлох гэж гарч ирсэн Ерөнхийлөгч нь 30 жил ярьсаар чухам залхаачихсан учраас л би радикал аргыг эцсийн арга хэмээн үзэж тулгаж байгаа хэрэг л дээ.

“5А” дээр “1Я” гэдгийг би нэмэх саналтай. “5А+1Я” буюу ядуурал нэмэгдэнэ. Энэ “6”-гаас болж Монголын нийгэм идэгдээд дууссан, идээ бээр нь нийгмийн суурь ёзоорыг маш хэврэг болгочихсон, хэзээ мөдгүй ялзрах, нурж унах, хагарах, эсвэл нийгмийн аймшигт үймээн самуун (хувьсгал!) дэгдэхийн босгон дээр ирчихсэн гэж л би улиг болтол яриад бичээд байгаа нэгэн билээ.

“5А”-г эрэмбэлэхдээ яг донжийг нь олсон эсэх дээр надад эргэлзээ байна. Эхнийхээсээ (ажилгүйдэл) дараагийн дөрөв нь урган гарч байгаа гэдэг нь ойлгомжтой. Агаарын бохирдлыг урагш нь татаад гуравт оруулчихсан бол болох юм шиг. 

Авилга гэдэг нь эрх баригчид, улс төрчид, төрийн албан хаагчдад хандуулж нялзаадаг ял гэдэг нь ойлгомжтой. Ядуурлынх нь шалтгаан гээд УИХ-ын спикер хүртэл нэрлээд тавьчихсан учраас эрх баригчдаас ял нэхэхийг хэн ч саатуулахаасаа өнгөрсөн. Харин нөгөөх дөрөв нь үндэсний хэмжээний гамшиг гэдгийг албан ёсоор, хариуцлагатайгаар хүлээн зөвшөөрөхөд л эр зориг дутаад байх шиг.

Улиг болтол ярьсаар залхаачихсан учраас л би радикал аргыг эцсийн арга гэснээ өчье. 

  1. Ажилгүйдэл. Ажилгүйдэлтэй өнөөг хүртэл төр-засаг нь дан гуйж гувших, ятгах, эх оронч сэдлийг нь төрүүлэх, уран сайхандах аргаар ажилласаар (тэмцэх биш юм аа) өнөө хүрчээ. Үр дүн нь: Ажилгүйдэл хэзээ ч арилж байгаагүй, арилах ч үгүй, бахь байдгаараа. Бас нэг үр дүн: Улсаараа нэг ТББ-тай болж авсан, ажилгүйдлийн талаар уул овоо шиг асар их цаас овоолсон, араас нь овоолж байна. Дүр эсгэсэн баахан хурган дарга нар ажилгүйдлийн талаар амаа цангатал ярьсан. Өөр үр дүн байхгүй.
  2. Авилга. Арван хэдэн жилийн тэртээ, чухам 2004 оны УИХ-ын сонгуулийн дараахнаас эрчтэй ярьж эхлээд өнөө хүргэж байна. Айхтар том ял шийтгэл оноосонгүй. Эзнээ яг олж оносон эсэх нь эргэлзээтэй. Ямар ч гэсэн АТГ гэдэг хууль хүчний лут аппараттай болж авсан нь дэвшил байх. Ядуурал байж байвал авилга арилна гэж хэзээ ч байхгүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх л үлдсэн.
  3. Автозамын түгжрэл. Эхний өчсөнөө давтчихъя. Замын түгжрэлтэй өнөөг хүртэл төр-засаг нь хувийн тэргэтэнгүүдийн толгойг нь илэх, гуйж гувших, ятгах, бага зэрэг хүчлэх (дугаарын хязгаарлалт), зөгнөх, мөрөөдөх аргаар ажилласаар (тэмцэх биш юм аа) өнөө хүрчээ. Үр дүн нь: Гурван сая хүн нэг сая хуучин машинтай болоод авсан, нэг сая гаран жолооч бэлээхэн байж байна. Жолооны курс, замын цагдаа тооны хувьд өссөн, машины худалдаа, шатахууны худалдаа ёстой цэцэглэсэн, машин засварын газруудад ажлын байр нэмэгдсэн. Эсрэг үр дүн: Нийслэлд нь хэзээ ч арилахгүйгээр зам түгжирсэн, агаарын бохирдол ихэссэн, жолоо мушгиж яваа бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа алдаж гүйцсэн. Замын осол эндэгдэл ихэссэн.
  4. Архидалт. Бас л эхнийхийг давтчихъя. Архидалттай өнөөг хүртэл төр-засаг нь толгойг нь илэх, гуйж гувших, ятгах, эх оронч сэдэл төрүүлэхээр уран сайхандах, зөгнөх, мөрөөдөх аргаар ажилласаар (тэмцэх биш юм аа) өнөө хүрчээ. Үр дүн нь: Архидалт хотын төвөөсөө гэр хороолол, хөдөө рүүгээ шилжсэн нь дэвшил гэлтэй. Гэхдээ хэзээ ч арилахгүйгээр нийгэмд гүн шигдсэн гамшиг хэвээрээ байна. Бас нэг үр дүн: Архины үйлдвэрүүд язганаталаа ажиллаж, тасралтгүй үйлдвэрлэж байна, архины нэр хүнд, бизнес өндөрт байна. Бас нэг үр дүн: ТББ-ын тоо тоймоо алдсан, архидалтын эсрэг уул овоо шиг асар их цаас овооллоо, араас нь овоолж байна. Дүр эсгэсэн баахан эмч, цагдаа нар архидалтын тухай амаа цангатал ярилаа. Бодит үр дүн байхгүй.
  5. Агаарын бохирдол. Эхнийхийг давтчихъя. Агаарын бохирдолтой өнөөг хүртэл төр-засаг нь толгойг нь илэх, гуйж гувших, ятгах, эх оронч сэдэл төрүүлэхээр тэнгэрийн юм ярих (хэзээ буй болох нь мэдэгдэхгүй дагуул хот, аж үйлдвэрийн парк гэхчлэн), бага зэрэг уран сайхандах, зөгнөх, мөрөөдөх, нутгийн зөвлөлдөх аргаар ажилласаар (тэмцэх биш юм аа) өнөө хүрчээ. Үр дүн нь: Агаарын бохирдол лав нийслэлд хэзээ ч арилахгүйгээр, харин ч хими-бактериологийн дайн хийсний дайтай ул мөр-гамшиг болж үлдсэн. Монгол хүний биеийн дархлаа, ген рүү нэвчээд ороод ирсэн. Бас нэг үр дүн: ТББ-ын тоо тоймоо алдсан, агаарын бохирдлын талаар уул овоо шиг асар их цаас овооллоо, араас нь овоолж байна. Дүр эсгэсэн баахан хурган дарга нар агаарын бохирдлын талаар амаа цангатал ярилаа. Бодит үр дүн байхгүй.

“5А”-тай тэмцсэн ардчилсан Монголын ардчилсан-хүмүүнлэг ажлын үр дүн ийм л байна. Ерөнхий асуулт: Үр дүн байна уу? 

Хариултыг нь монголчууд өлхөөн олоод хэлчихнэ. Миний амыг таглах гэсэн оролдлого бишгүй гарна. Хаанаас л бол хаанаас надтай цэцэрхэх монгол хүн даан ч олон байгааг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн бүтээснээ, овоолсон цаасаа ярилгүй яах юм. Тэдний буруу биш.

Дахиад асууя. Эцсийн үр дүн байна уу? 

Тэгэхлээр огтоос үр дүнгүй байна гэдгээ дээр 5 пунктээр би өччихлөө. Харин яаж үр дүнд хүргэхээ радикал, эрс тэс, хойшлуулшгүйгээр яг одоо хүч хэрэглэн хэрэгжүүлэхгүй бол болохгүй боллоо, Монгол маань ёзоороороо ганхлаа, нурж унахад ойртож байна гэдгээ дахиад нэг өччихье. Улс төрд популизм хэрэглэхийг хориглох тухай хууль батлахаас эхэлнэ. Дараа нь: 

  1. Ажилгүйдэл. Ажилгүйдэлтэй хуулийн дарангуйлал, мөнгөний дарангуйллыг хослуулж өршөөлгүй тэмцэнэ. Дарангуйлахаас өөр арга алга. Гучин жил тасралтгүй ятгаж гуйгаад нэмэр алга. Одоо эцсийн аргаа хэрэглэнэ. Хуулийн хүрээнд нэн даруй ийм хууль гаргая: Насанд хүрсэн, хөдөлмөрийн насны, эрүүл саруул монгол хүн ажил эрхлээгүйн төлөө татвар байнга төлж байх тухай хууль. Татвараа төлөөд ажилгүй гэртээ сууг. Ардчилсан монгол хүнийг албадаж болохгүй гэж байгаа бол “Төр байх аваас татвар байна” гэдгээ гаргачихна гэсэн үг. Мөнгөний дарангуйлал гэдэг нь мөнгөнд донттол нь ажлын хэнээтэй болгочихно гэсэн үг. Үүнд нөгөө уран сайхандах, зөгнөх аргуудаа хэрэглэчихнэ. Бүр цэцэрлэгийн хүүхэд байхаас нь “мөнгөний дон”-той болго гэсэн үг. Гэхдээ тэр нь ажил эрхэлбэл мөнгө урсан орж ирнэ гэсэн хүмүүжил шүү дээ –“Ажил хийвэл ам тосдоно”.
  2. Авилга. БНХАУ-д авилгатай тэмцэж буй арга туршлагаас нэг хэсэгтээ хуулбарлах хэрэгтэй мэт. Төрийн төмөр хатуу нударгаа нялцганахгүй, эргэж хургахгүй, өршөөлгүй үзүүлээч ээ л гэж би хэлж байгаа хэрэг шүү дээ. Авилгачин төрийн түшмэдийг улс төрд эргэж орж ирэхгүй болтол нь шийтгээд цөлөөд хоосруулаад өгөхөөр бусад нь сургамж авч л таарна. Авилгад авсан бүх хөрөнгийг нь хураана, гудамжинд гаргана, үр хүүхэд нь авчилгачин аав ээжээ үзэн ядтал нь шийтгэнэ. Авсан өгснийг зэрэг шийтгэнэ. Өгсөнд нь шийтгэл оноохгүй байгаагийн гайгаар Монголд амь бөхтэй байгаа үзэгдэл юм шүү дээ. Энд зөвхөн албадлага л үлдсэн. 
  3. Автозамын түгжрэл. Замын түгжрэлтэй эрс тэс, эргэж хургахгүй, өршөөлгүй тэмцэх цаг нь болсон. Нийслэд давхиж яваа машины тоог 2-3 дахин хорогдуулж байж тэмцэл үр дүнд хүрнэ. Өөр зохицуулалт байхгүй. Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлээд үз. Яахнав харъя. Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз. Яахнав харъя. Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз. Яахнав харъя. Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гарга. Яахнав харъя. Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз. Монголд орж ирж буй машины рэ-экспортыг дэмжье. Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг. Яахнав харъя. Ерөөсөө хувийн машины нэр хүндийг унагаж байж монголчуудын машины шуналын дэвийг зогсоож чадна. Эсрэгээр нь нийтийн тээврээ сайжруулаад уран сайхандаад нэр хүндийг нь өсгөе.
  4. Архидалт. Архидалттай толгойг нь илэх, эрхлүүлэх, гуйж гувших, ятгах, эх оронч сэдэл төрүүлэх замаар тэмцэхгүй ээ. Одоо боллоо. Хүн ард залхлаа. Архичин гэдэг бол арилчихсан дотортой, дээд зэргийн хувиа хичээгч болчихсон байдаг тул яг таарсан аргыг нь хэрэглэе. Төрийн төмөр, өршөөлгүй нударгыг архичид дээр гаргая. Архидалт ба архичныг эрүүгийн гэмт хэрэгтэй зүйрлүүлэн тэмцэе. Засаршгүй архичаар хөдөрмөрийн колони байгуулж албадан ажил хийлгэе. Архичдыг хомроглон баривчилж, албадан эмчлээд албадан спираль тавьж хэвшэе. Энд ардчилал, хүний эрхийн тухай, хүнлэг ёсны тухай, хөөрхийлөх тухай ямар ч яриа байж таарахгүй. Тийм яриа өчүүхэн төдий гарахад л төлөвлөсөн ажил чинь баларна. Үндэсний архины үйлдвэрүүдийг хаах, хязгаарлах, бүтээгдэхүүнийг нь зөвхөн экспортын чиглэлтэй болгох, сард архи зардаггүй ганц өдрийг 7 хоногтоо нэг удаа (Даваа гариг болгонд худалдахгүй, хэрэглэхгүй) болгож ойртуулах, ерөөсөө архины нэр хүндийг дотооддоо унагах, архи байнга хэрэглэдэг бие хүн, айл өрх бүрээс архидсны татвар авах гэхчлэн олон арга өмнө маань нээлттэй байна. Энд зөвхөн албадлага л үлдсэн. 
  5. Ард иргэдийнхээ толгойг илж, гуйж гувшиж, ятгаж агаарын бохирдолтой тэмцээд нэмэргүй ээ. Хуулийн дарангуйллыг хэрэглэх хэрэгтэй. Нийслэлд утаа гаргаж гал түлж байгаа айл өрх бүрээс өндөр татвар авна. Түлж байгаа түлшнийх нь агуулга чанараас шалтгаалан татвараа өсгөнө. Химийн хорт бодис түлж байгаа бол эрүүгийн хуулиар шийтгэх хүртэл хуулиар дарамтлана. Татвах төлөхгүй гэвэл Улаанбаатараас нүүнэ, хүчээр нүүлгэнэ. Энд ардчилал, хүний эрхийн тухай яриа байж таарахгүй. Татвараас гадна Экологийн терроризмын тухай хуулиа УИХ нэн даруй боловсруулж батлах хэрэгтэй. Экологийн терроризм гэдэгт зөвхөн утаа бус хөрсний бохирдол, усны бохирдол, хур хог, бохир заваан, ариун цэвэрч бус, хэнэггүй аж төрсний хариуцлага, ой сүйтгэх, түймэр тавих бүгд тусгагдах ёстой. Манай нийслэл заавал сая давсан хүн амтай байх ёсгүй. Нийслэлд аж төрөх шаардлагатай, шаардлагагүй гэсэн шалгуураар хүн амаа ангилаад үзэж болно. Энд зөвхөн албадлага л үлдсэн.Энэ бол ардчилал, хүний эрхээс гадуур асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааны тухай асуудал хэмээн өндөрт авч үзэх хэрэгтэй. 

“5А”-тай тэмцэх арга хэлбэрийн тухайд миний дэвшүүлж байгаа санал монголчуудын олонхид нь өнөөдөр таалагдахгүй байж болно. Монголчууд эргэж хургах дуртай, хоёрын хооронд гурвын дунд, өөх ч биш, булчирхай ч биш байдаг араншинтай. Хөөрхийлөх донтой. Хөөрхийлсөөр хөөрхийлсөөр нэг сая ядуу ба гуйлгачин хүнтэй болж аваад тэднийгээ чирч явах гэж улс орон нь сөхөрчихөөд сууж байна. 

Шийдье гэхлээр дахиад л хөөрхийлөл. Хөөрхийлж ханахгүй. Буруутныг өөрсдөөс нь биш, төр барьж байсан, барилцаж байгаа улс төрийн дайснуудаасаа эрж хайгаад олоод нэрлээд заагаад өгчихтэй зэрэг ядуу хүн ядуурлаасаа сална гэж гонжийн жоо. Тэр нэр заагдсан нүд үзүүрлэгдсэн этгээдээс мөнгө гаргуулж ядуурлаа арилгуулах юм болоод хэвтчихнэ. Өөрөө гар хөдөлгөж ажил хийж амьдрал ахуйгаа авч явах ёстой гэдгийг монгол хүнд ухааруулж чаддаггүй, болдоггүй, энэ юуных вэ? Нөгөө байгаллаг чанартай, байгалийн хуулиараа, хөр зөнгөөрөө, зоргоороо нийгэмд аж төрөх гэдэг тэр монгол араншин чинь энэ л дээ. 

Хуучин 2018 оноо үдэж, шинэ 2019 оноо угтах торгон мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсний дотор миний олзуурхсан нэг эшлэл бий. Юу хэмээвээс:

 - 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгынхаа эзэн байх болно гэжээ.

“Эрс шинэчлэлийн жил”–энэ бол хоосон уриа лоозон биш, биетэй бодитой хэрэгжих болоод л тэгж нэрлэсэн хэрэг байх. “Эрс” гэдэг тодотгол нь бүр ч таалагдлаа. Нялцаганахгүй, толгойг ньилэхгүй хандана хэмээн ойлгогдож байна. Одоо л “5А”-тай тэмцэх дээр тэр эрс шинэчлэлээ зарлаж эхлүүлэхгүй бол оройтлоо. Өөр ямар салбарт, юун дээр эрс шинэчлэл хийх гэж хүлээзнээд нөөгөөд байгаа юм бэ?