2023.12.19.

Энэ арван хоёрдугаар сарын хүйтэн өдрүүдэд Улаанбаатарт цахилгаан тасалдаж болзошгүйг эрчим хүчнийхэн анхааруулсантай зэрэгцэн шатахуун хомсдож нийтээрээ бухимдаж эхэлмэгц “өвөл болохоор хүйтэн болдог, хүйтэн болохоор цахилгаан дулаан илүү их хэрэгтэй болдог” манай амьдралын үнэнийг гэнэт ухаарсан эрх баригчид амиа хоохойлж аврал эрэхдээ бараг л сүнс дуудаж УИХ дээр ноцтой яриа өрнүүлсэн байна.  

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “... тэгээд нэг үл үзэгдэгч л хамаг юмыг зогсоож байдаг, цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Тэр үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг мэдэж байгаа ш дээ, бид нар бүгдээрээ. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц яасан, Чойжилсүрэн сайд аа? Арав, хорин жил ярьж байна, шатахуун ч гэсэн тэр...” хэмээжээ.  

Араас нь өөр хэд хэдэн гишүүн төстэй мэдэгдэл хийв. Эрхэм гишүүдийн ярьсныг сэтгүүлчид шүүрэн авч шуугиуллаа. Тэдний мэдээ, тойм, сурвалжлагууд стратегийн төслүүдийг гацаадаг гадаад болон дотоодын үл үзэгдэгч хүч байгаа гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч илчилсэн тухай юм. Гэхдээ бид азтай, яагаад гэвэл манайд МҮОНРТ нэртэй, бяр бяд, хуулийн хамгаалалт, тусгай хангамжаа багтааж ядсан байгууллага бий. Түүнийг мянган өдөр тэжээсэн бол нэг өдөр хэрэглэх ёстой. Одоо тэрхүү үл үзэгдэгч хүчийг эрэн сурвалжилж баримт нотолгоотойгоор илчлэн зарлаж монголын хэвлэл мэдээллийг манлайлахгүй юм бол гэж олон нийтийн радио, телевиз гэж байгаад яах юм бол? “Хэн гэдгийг мэдэж байгаа” гэж итгэлтэй хэлсэн Г.Занданшатар дарга, түүнийг нь давтсан гишүүдээс сэмхэн асууж мэдээд “бид мэдээллийн эх сурвалжаа нууцлах дархан эрхтэй” гээд гүрийхэд болно. Аливаа хорлон сүйтгэгчдийн нэрсийг нууцлах тухай заалт Төрийн нууцын жагсаалтанд байхгүй билээ.

Харин нэгэн гишүүний ухаан, шударга хоёр нь дэндээд түрүүлээд ам алдчих шиг болов. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Н.Ганболд “Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал ойлгомжтой байна л даа. Геополитикийн шахалтанд орж байна ш дээ, бид нар, тийм ээ. Оросоос орж ирж байгаа эрчим хүчээ оргил ачааллын үед түгээхийн тулд оргил бус өдрийн ачааллын үед нь дотооддоо, энгийн үгээр хэлбэл паувер банкиндаа хурааж байгаад оргил ачааллын үедээ өгч байсан. Энийг ашиглалтанд оруулангуут нөгөө илүүдэл өгч байсан эрчим хүчээ хязгаарлаж байна гэдэг бол бас л Монголын хийж байгаа төслүүдийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл дээ...”гэсэн байна. Сонин юм аа. оросууд биднийг хорлоё гэвэл паувер банк буюу эрчим хүчний хуримтлуурыг баригдаагүй байхад тэгээгүй, харин баригдсаны дараа хязгаарласанд талархах ёстой бус уу? ОХУ-аас ирсэн тэр дуулиантай албан бичгийг харахад аваар ослын улмаас Монголд 150 МВт-аас илүүг нийлүүлж чадахааргүй байна гэдгээ мэдэгдсэн, таслана гээгүй, таслаагүй, одоо гэрээний дагуу нийлүүлсээр байгаа. Тэгээд ч импортын эрчим хүчийг нэмж авах техникийн боломж байхгүй болсон гэж Эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдэгдлээ.  

Гэсэн ч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр гадаад, дотоодын үл үзэгдэгч хүчээр нэгдүгээрт оросууд, хоёрдугаарт иргэний нийгмийн зарим нэг байгууллага, хүмүүсийг тодруулсаар байна. Тэр нь амар биз. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “... яахав ийм том төслүүд дээр бол ингээд дотоодын, гадаадын оролцогч нар байна. Оролцдог хүмүүс бий... Гадаадад ч байгаа, дотоодод байгаа. Аль аль ... сонирхол байгаа. Бидэнд нэг л асуудал байгаа. Эрчим хүчний эх үүсвэрээр өөрийгөө хангах чиглэлд анхаарахгүй бол болохоо байжээ гэдгийг харуулаад байгаа юм” гэжээ. Тогтохсүрэнгийн хэлсэн гадаад гэдэг нь барууны улс орнууд биш, Бангладеш, Буркино Фасо биш, мэдээж Хятад биш, харин Орос гэдгээ нэрлэчихэж чадалгүй хулчийсан нь дүүрч, харин “эрчим хүч болохоо байсныг” дөнгөж сая олж харсан нь дэндүү харамсалтай.

Миний мэдэхээр, оросууд лав сүүлийн гучин жилийн турш элдвээр хэлүүлэн байж бидний дутсан цахилгаан эрчим хүчийг бидний хүссэн хэмжээгээр, байнга нэмэгдүүлж, таслалгүй, түлш шатахууныг бол өөрсдөө колонкоо байгуулаад хангая гэсэн санал тавьсныг няцаасанд огт гомдолгүй, манай бизнес эрхлэгчид дундуур нь орж хэдхэн зуун км-ийн цаанаас бэлэн төмөр замаар нь авчирч дамласаар ханатлаа томорч олигархууд болж чадсан тийм хямд үнээр өгч ирсэн билээ. Бид энэ хугацаанд аль алинаар нь тусгаар тогтнож чадаагүй нь Оросын биш Монголын асуудал.

Сэлэнгэ мөрөн дээрх УЦС-ыг саатуулсан хэрэгт төрийн бус зарим байгууллага, хүмүүс чичлүүлж байгаа. Гэхдээ бид эндээ яаж ч тонгочсон, Байгаль нуурт нөлөөлж мэдэх том хүчин чадалтай станц барих бол ОХУ-аар зөвшөөрүүлж байж эхлүүлэхээс өөр аргагүй. Энэ хооронд ил, далд зөрчил тэмцэл, лобби, наймаа бүгд гарна. Хэлэлцэх л ёстой. Удахгүй эхлэх дараачийн том тэмцэл бол Хэрлэн голын усыг говь руу урсгаж уурхайнуудыг хангах төсөл юм. Хэрлэнгийн ус Дорнодоос цаашаа багасахгүйгээр хил давна гэдгийг БНХАУ-ын өмнө нотолж байж хэрэгжих байх. Хил дамнасан гол усыг олон улсын гэрээ хэлэлцээрээр ингэж зохицуулдаг юм байна. Хоёр том хөршийн дунд оршдог, "эх оронч биш" голуудтай бидний хувь заяа энэ. Яахав, дур мэдээд үзээд алдаж болох л юм...

Яг одоо Монгол ТВ-ээр “Тэргэл сар” нэртэй канадын урт сериал гарч байгаа. Англи нэр нь Blue Moon. Өөрийн үзсэн ганц хоёр ангиас мэдэж авснаа уламжлахад, америкийн нэгэн компани канадын ундны усыг хулгайлах (яг тийм үгээр орчуулсан) санаархлыг тойрч хоёр улсын нууц албад, бизнес, бүлэглэл, тагнуулууд хоорондоо бараг дайтаж байх юм. Бүр алалцана. Саяын нэг анги дээр мэргэн бууч залуу өөр нэг нөхрийг маш холоос ганц сумаар устгав. Энэ киноны баатруудын амнаас гарч байгаа үг хэллэгүүдээс дурдвал ... АНУ-ын ЭСЯ-ны сайтыг хакердсан ... Торонто-гийн төвд Америкийн тугийг шатаасан байна... Канадын Засгийн газар усны тухай хууль гаргаж усаа хамгаална... америкчуудад баригдаж болохгүй ... америкчууд ус зөөвөрлөх асуудлаас савраа татвал ... гэх мэт. Бас америкийн ерөнхийлөгч өөртэй нь ярья гэхэд нь канадын ерөнхий сайд бололтой бүдүүн эр завгүйгээр шалтаглан аргалах талаараа яриад суув.  

Энэ арай дэндэнэ ээ. Хэдий уран сайхны кино боловч яаж ч фантаазлаад АНУ, Канадын хоорондоо ингэж зөрчилдөх боломжтойг төсөөлж чадахгүй учраас Google-ээр бяцхан хайж үзээд хачирхлаа. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 7 хувийг ганцаараа хадгалдаг Канад улсын нутаг дэвсгэрээс АНУ-ын Калифорни зэрэг ган гачигт нэрвэгдсэн өмнөд мужууд руу ундны цэвэр усны тээвэрлэж хүргэх асуудал бүр 50-60 жилийн турш яригдаж ирсэн нь үнэн юм байна. 1980-аад оны төгсгөлд Хойт Америкийн чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсаны дараагаар зургаан компани Канадаас ундны ус экспортлох зөвшөөрөл авсан боловч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хэрэгжээгүй өдий хүрсэн гэж ойлгов. Усны асуудал хаа сайгүй тоглоом биш аж.

Мөн тэр өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ““Томоохон орнуудын сонирхлыг Монголд бий болгох замаар бид нар ураны ордоо ашиглаж тэрний бүтээгдэхүүн хуваах гэрээнийх нь дагуу том атомын цахилгаан станцуудыг барих ёстой л гэж би үздэг. Тэгэж байж л бид эрчим хүчний тусгаар тогтнолоо олж чадна... Мэдээж тодорхой хэмжээгээр Монголыг хөгжүүлэхгүй байх гэсэн ийм бодлогууд тодорхой хэмжээгээр байдаг, тэрэнд нь хүмүүс гар хөлөө оролцуулдаг, тийм учраас энэ бол цэвэр улс төрчийн эр зоригийн асуудал байх ёстой” гэсэн байна.

Энэ баатарлаг эрийн хэлээд байгаа нь францын “Орано”-тай удахгүй байгуулах шар нунтаг олборлох гэрээ юм. “Арева”, “Бадрах энержи” гэвэл манайхан шууд ойлгоно. (Гагцхүү энэ гэрээгээр атомын цахилгаан станц барих боломжгүй, хажуугаар нь оросууд Монголд бага оврын АЦС байгуулж өгөх санал тавьсан байх юм) Өнгөрсөн намар манай Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үеэр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний протоколын танилцуулгад энэхүү ураны төсөл 2028 оноос хэрэгжсэнээр 30 жилийн хугацаанд нийт 3,8 тэрбум долларын татварын орлого Монгол Улсын төсөвт оруулахаар тооцоолсон бол оросууд монголын нутгаар байгалийн хийн хоолой тавьж жилдээ 50 сая куб метрийг дамжуулсны төлбөрт Монгол Улсад зөвхөн нэг жилд 1 тэрбум орчим доллар өгөх гэж зарласан, гэтэл хятадууд энэ хоолойг зөвшөөрөхгүй нь тодорхой болсон гэх мэтээр бид нэг, хоёр, гуравдахь хөршүүдийн дунд бөмбөг мэт шидэгдэж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нохойн замаар орж магадгүй болжээ. Бөөн өр үүсгэн барьж буй аварга том үйлдвэрт монголын зүүн хязгаараас хоолойгоор өтгөн зуурмаг газрын тосыг урсгаж авчрахад маш их эрчим хүч шаардагдахаас гадна хэмжээ нь хүрэлцэхгүй, үүний оронд газрын тос нэрдэг жижиг үйлдвэрүүдийг олборлолтоо дагуулж энд тэндгүй байгуулах нь зүйтэй байжээ  гэхчлэн мэтгэлцдэг болсон байна.

Сүүлийн үед тавдугаар цахилгаан станц яагаад үл бүтсэн талаархи баримтууд дэлгэгдлээ. Арав гаруй жилийн өмнө олон улсын тендер зарлаж хөрөнгө оруулагчдыг олж шалгаруулаад, бүр гэрээ байгуулсан хэрнээ товлосон газраа чөлөөлж өгөөгүй зэрэг элдэв гацааны гинжин урвалаас болж нэг мэдэхэд сураг алдарчээ. Таван толгойн цахилгаан станцын тендер яг одоо та бидний нүдэн дээр будилж явна. 2015 оны үед Багануурын цахилгаан станцыг барихаар баахан хятадууд орж ирнэ гэж эсэргүүцсэн хүмүүс уриа лоозонгоор дүүргэсэн хэвлэлийн хурал хийснийг санаж байна. Тэгэхэд Багануурын нүүрсний орд дээр хятадын нэгэн компани 700 МВт-ын цахилгаан станцыг концессын гэрээгээр байгуулж 25 жил ашиглаад манайд хүлээлгэж өгөх байсныг Эрчим хүчний сайд байсан Ц.Даваасүрэн тэр олон хятадаас айж биш, огт өөр шалтгаанаар, тухайлбал дэндүү том хүчин чадалтай учраас төвийн эрчим хүчний системд хэт давамгайлж бараг л манай эрчим хүчний хараат бус байдал алдагдана хэмээн гацааж байгаад цаг алдуулж зогсоожээ. Өнөөдөр эргээд харахад үнэхээр тэнэгтсэн хэрэг. Хэрвээ энэ станц баригдсан бол Улаанбаатар хот 150-хан км-ийн цаанаас хангалттай эрчим хүч авч, гэр хорооллоо бүгдийг нь цахилгаанаар халааж утаагаа арилгасан, эрчим хүчээр Оросоос тусгаар тогтносон байх байжээ.

Энэ бүгдийг эрэгцүүлээд Г.Занданшатарын зарласан үл үзэгдэгч хүч нь нэр бүхий улс төрч, албан тушаалтнууд гэж бараг шийдчихээд байснаа тэрхүү Даваасүрэн улс төрөөс зайлах байтугай УИХ-ын гишүүн хэвээрээ, бүр Барилга, хот байгуулалтын сайдын суудалд заларч явааг гэнэт анзаарч дээрх бодлоо өөрчилж тэр хүч бол улс төрийн нам өөрөө юм байна гэж үзлээ. Үл биш, ил үзэгдэгч хүч болой.

МАН.

Өмнө нь ямар ч буруу зөв бодлого явсан, алдаа саатал гарсан бай, энэ бүгдийг 2016 оноос хойш Засгийн эрхийг дангаараа барьж ирсэн Монгол Ардын Нам засч залруулаад тав байтугай зургадугаар цахилгаан станцыг бариад ашиглалтанд оруулах хугацаа өнгөрсөн байх. Тэр бүх алдсан боломжийг тоочихгүйгээр алгасч МАН-ын хамгийн сүүлчийн хоёр дарга - У. Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт холбогдуулж хэлэхэд, тэд ээлж дараалан Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох замд саад учруулж мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулгын зангаснаар нүүрсний хулгайд хүргэсэн шийдвэрүүд, офтэйк гэрээ, мухар төмөр замын төслүүдийг нууцад оруулж өгсөн, бас МАН-ыг сонгуульд ялуулахын тулд тэтгэврийн зээлийг цуцалж, Ерөнхийлөгч болгохын тулд цахилгаан дулааныг үнэгүй түгээж ард түмнээ хэсэгхэн зуур коммунизмд амьдруулсан зэргийн үнэ өртөг нь тус бүр бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгөтэй тэнцсэн байна.

АН.

Өнгөрсөн арван хэдэн жилд улс орны хөгжлийг урагшлуулах том төслүүдийг гацааж хохироосон хүнээр Халтмаагийн Баттулга тодорчээ. Хэрвээ тийм бол энэ хүн Ардчилсан Намын олон жилийн турш туурвисан бүтээл гэдгийг заавал санах учиртай. 1996 онд тус нам Засгийн эрхэнд гарсны дараа “Баянгол” зочид буудал, “Махимпекс”-ыг туйлын эргэлзээтэйгээр хувьчилж өгснөөр энэ бүхэн эхэлжээ. Чухам Ардчилсан нам түүнийг 2008-2012 онуудад Монгол Улсын хамаг дэд бүтцийг хамсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилон ажиллуулж, тэр яриад байгаа нүүрсний төмөр замыг эд бад хийлгэсэн. Солонгосын банкыг луйвардсан Номарангийн хэрэг, Төгрөг нуурын утаагүй түлш, Шинэ төмөр зам, Майдар хот, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Шинэ яармаг, Шинэ сум, Халх голын чөлөөт бүс бараг бүгд АН-аас олгосон эрх мэдлээр хийгджээ. 2014 онд өөрийн багтдаг Засгийн газраа “заналтайгаар” (өөрийнх нь хэлснээр) унагаад улс төрөөс зайлав уу гэтэл 2017 онд Ардчилсан нам өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн сонгуулсан ба цаадах нь яаж зүгээр байхав, төрийн дээд өндөрлөгөөс дараачийн "хэрэг"-үүдээ үргэлжлүүлсэн. Ийм хариуцлагагүй нам байж болох уу? Болохгүй. Гэхдээ болдог юм байна. Ирэх 2024 оны сонгуулиар Ардчилсан Нам түүнийг УИХ-д оруулна, хэрвээ АН ялбал, бас хэрвээ янз бүрийн эвсэл энэ тэр гарвал намынхаа доторх хамгийн том бүлэглэлийн толгойлогчийн хувьд гүйцэтгэх эрх мэдэлд дахин очно...