Японд “хуруугаа хазуулах” шахсан түүх

ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Японд Элчин сайд байсан Дарамын Ёндон гуайн дурсамжийн ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН “ЦӨМРӨЛТ” гэх бүлгээс эш татаж толилуулъя.

Социалист Монгол, капиталист Япон хоёр хамтран ажиллах гэж Москвагийн тээг саадыг даван урагшилсаар байжээ. “Говь” хэмээх ноолуурын лут үйлдвэртэй болчихлоо гэдэгт гомдож хорссон (бүр хориглосоор байтал шүү!) зөвлөлт нөхөд “Май тэгвэл” гэсэн шиг ээрмэлийн үйлдвэр 1981 онд бариад өглөө. Сүлжмэлийн II үйлдвэр залгалаа. Орос ах нарын тусламжийг манайхан талархан хүлээн авлаа. Гэлээ гээд японы “Говь”-оо зогсоолтой биш! 

Д.Ёндон гуай бичсэн нь: Сүлжмэлийн үйлдвэртээ сэтгэл нь ханаад цаашаа Японтой гүнзгийрэхгүй гэж бодож байтал биш боллоо. 1979 онд “Говь” үйлдвэрийг барьж байгуулах ажлын явц байдлын тухай асуудлаар Японд суугаа элчин сайд Д.Цэрэндондовын сонсголыг Намын Төв Хороонд хэлэлцүүлэв. Түүнд оролцсон П.Дамдин дарга барилгын явцад тохиолдож байгаа саад бэрхшээлийн тухай ярьсны эцэст:–Саяхан ГЯЯ-ны орлогч сайд Японд очиж зөвхөн улс төрийн асуудал яриад ирсэн байна. Одоо Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Д.Салдан даргыг Японд явуулж эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг ярилцах хэрэгтэй байна гэв. Япончууд Д.Салданг айлчлуулахаар урьж байсан, тийнхүү айлчлахыг бид ч дэмжиж байсан юм. Гэвч түүний толгой дээр ямар лантуу бууж, уг асуудал хэрхэн эргэхийг хэн мэдэж байлаа. Ямар ч атугай тэрбээр 1979 онд багтаж айлчлах нь бүү хэл, түүнийг япончууд ахин дахин урьсаар байсан боловч 1980 оноос хойших арван хэдэн жилд Японы нутагт хөл тавьж чадаагүй нь нэн хачирхалтай байсныг хожим надад өөрөө нотлон ярьсан билээ.

1977 онд манай улс ЖАЙКА-гийн шугамаар 120 мянган ам. долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн овор багатай трактор зэрэг техник, тоноглол авав. 1978-1979 онд нийт 110 мянган долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг мөн л үнэ төлбөргүй авч ашиглав. Эдгээр техник, төхөөрөмжийг манай эрх мэдэл бүхий дээд байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу хүлээн авч байгаа боловч Японтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх асуудал яригдах бүрд дээрх тоног төхөөрөмжийг Японоос авахыг хэн зөвшөөрч, яах гэж авсан юм хэмээн эргэн зууралдах нь халгаатай байлаа. 

Үнэндээ Монгол, Япон улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны дараа хоёр орны хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэхэд “Говь” үйлдвэр хоёр талыг холбогч гүүр болж өгөх ёстой байлаа. Гэвч үйлдвэрийн барилгыг барих явцад багагүй тээг саад, бэрхшээл тохиолдож байв. Японоос илгээж байсан ачаа замдаа саатах, алдагдах, гэмтэх явдал цөөнгүй гарч байв. 1978 оны 11 дүгээр сард ЗХУ-ын Находка боомтод ирсэн ачаа 1979 оны 3 дугаар сар хүртэл наашаа ачигдахгүй байсны учир нь олдохгүй байв. Мөн 1979 оны 9 дүгээр сарын байдлаар Японоос Находка боомтод ирсэн 10 тонн ачаа ор сураггүй алга болсон байлаа. Түүнээс гаднаүйлдвэрийн барилгыг босгоход зориулан ирж байгаа багана хэлбэрийн том том төмөр хийцийг засч эгцлэхийн аргагүй болтол нь матаж тахийлгасан байдаг байв. 1979 онд 40 орчим тийм хийцийг тахийлган матриулсан байсан учир заримыг шинээр захиалах, заримыг өөрсдөө засаж янзлах гэж цаг хугацаа алдаж хүч хөрөнгө зарцуулж байлаа. Японы элчин сайд И. Цугэ надтай уулзаж “Ийм төмөр хийцийг нугалж тахийлгах хүчтэй хэрэгсэл танайд байхгүйг би сайн мэдэж байна. Ямар хүмүүс ямар зорилгоор замд нь тэдгээрийг ингэж гэмтээж тээг саад хийгээд байна вэ?” гэж асууж шалж байв гэжээ. 

1981 онд “Говь” үйлдвэр ашиглалтад оров. Түүний бүтээгдэхүүнийг Японд гаргах, тэднээс үйлдвэрийн сэлбэг, элдэв тоног төхөөрөмж худалдаж авах болсон зэргээс 1982 оноос хойш хоёр улсын худалдааны хэмжээ нэлээд нэмэгдэв. Үүний зэрэгцээ Японтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх асуудал хөндлөнгийн саад тотгортой тулгарсан хэвээр байв.

1983 онд П.Дамдин даргатай уулзахад:–Ер нь металлургийн үйлдвэр хөгжүүлэхгүй бол манай эдийн засгийн хөгжил ахихгүй нь. Японоос металлургийн жижиг үйлдвэр авах гэхэд улс төрийн элдэв шалтаг заагаад хүн бүр дургүйцээд байх юм. Одоо Зөвлөлт Холбоот Улстай хамтарч Финландаас үйлдвэр авах боломжийг судлах шаардлагатай байна. Гэхдээ Финландаас үйлдвэр авахыг ч “ах нар” дургүйцэж байгаа гэв. 

1983 оны гуравдугаар сард миний бие Япон улсад дахин очих болж удирдамжаа батлуулахад дээрээс хэн ч хянаж үзнэ гэсэнгүй. Цэдэнбал дарга Москвад байсан болоод тэр болов уу. Бид Японд очиж ГЯЯ-ны сайд Абэ, ЖАЙКА-гийн ерөнхийлөгч Нарита нараас гадна албаны бусад хүнтэй уулзаж ярилцав. Мөн манайхаас Японд үйлдвэрийн ажилчид явуулж дадлага хийлгэх, ЖАЙКА-гийн шугамаар хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах салбарт техник төхөөрөмж авах хүсэлт тавьсанд нааштай хандаж манай талын тодорхой саналыг авч үзэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. 

1985 оны гуравдугаар сард байх, намайг Москвад ажлаар очиход ГЯЯ-ны орлогч сайд М.С.Капица хүлээж авав. Михаил Степанович ГЯЯ-ндаа Монгол, Хятад, Солонгостой харилцах асуудал эрхэлсэн Алс Дорнодын нэгдүгээр хэлтсийн даргаар 10 гаруй жил ажиллаад, 1982 онд орлогч сайдаар томилогдсон, эрдэмтэн, бидний эртний танил, эгэл наргианч авиртай хүн байлаа. Манайхан түүнийг “халзан дарга” гэнэ.М.С.Капица бид сонирхсон зарим асуудлаар санал солилцсоны эцэст тэрбээр их л албархуу байдлаар хэлсэн нь: –Танай нөхөд, ялангуяа аж ахуй хариуцсан хүмүүс Японтой эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэж их улайрч байна. Манай Намын Төв Хорооноос эл асуудлаар Танай Намын Төв Хороонд захидал бичихээр төлөвлөж байсан. Одоо нэгэнт Намынхаа Төв Хорооны гишүүн Та хүрэлцэн ирсэн учир захидал бичиж явуулахаа азнав. Иймээс Японтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх асуудалд нэн болгоомжтой хандахыг Намынхаа Төв Хорооны удирдлагад заавал уламжлаарай гэв. Хариуд нь би юу ч дуугараагүй. Тийн дуугүй байх нь сулхан дуугарч муухан хэлснээс дээр байдаг удаа бий. “Манайхны Японтой харилцах асуудлаар нөгөө хуучин дуугаа дуулсаар байгаа юм байна. Харин Намын Төв Хороогоо төлөөлж ярих нь хэр үндэстэй бол доо?” гэсэн бодол төрж байв. 

1990 оны эхээр Монгол оронд ардчилсан өөрчлөлт өрнөж гадаад харилцаа маань харьцангуй бие даасан байдалд орж эхлэв. Чухамхүү үүний дүнд Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном Япон улсад анх удаа албан ёсоор айлчилж, Японы экспорт, импортын банкнаас зээл авах, түүний баталгааг Засгийн газраар нь гаргуулах, зээлийн хөрөнгөөр бага хүчин чадалтай хар металлургийн үйлдвэр байгуулах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ. Түүнчлэн цайр, хар тугалга, зэсийн ордыг хамтран ашиглах санал тавьсан нь Монголын ашигт малтмалыг ашиглахад Японыг хэрхэвч оролцуулж болохгүй гэж байсан урьд үеийн шаардлага үнс болохын тэмдэг байв. Гэвч монголчууд биднийг хөндлөнгөөс шахан хавчиж хааж боодог арга барил хараахан арилах болоогүй байжээ. Токио дахь ЗХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Япон улсын ГЯЯ-ны Монголтой харилцах асуудал эрхэлсэн ажилтныг урьж уулзан:–Танайх Монголд хар металлургийн үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа гэсэн. Илэн далангүй хэлэхэд танайх Монголд тийм үйлдвэр байгуулж яах юм бэ? Монголчууд түүнийг чинь эзэмшиж чадахгүй шүү дээ. Та нар алдаатай алхам хийх нь дээ! гэж ятгажээ. ГЯЯ-ны ажилтан хариу өчихдөө:–Монголчууд хар металлургийн үйлдвэр байтугай, түүнээс нарийн үйлдвэр эзэмшиж чадаж байна. Тухайлбал “Говь” хэмээх маш нарийн оньс тоногтой нэхмэлийн үйлдвэрийг хэрхэн эзэмшиж байгааг танай хүмүүс сайн мэдэж байгаа даа гэсэн байдаг юм. Энэ уулзалт ярианы тухай Японд суугаа манай ЭСЯ-наас мэдээлсэн билээ.

Монгол улс олон арван жилийн турш ЗХУ-ын ивээлд байж түүний санхүү, эдийн засгийн тусламжийг голлон түшиглэж ирсэн нь үнэн. Гэтэл ЗХУ болон Монгол оронд өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц өрнөх тутам хоёр орны эдийн засгийн уламжлалт өргөн харилцаа хумигдаж татарсаар зогсоход хүрчээ. Монгол улсын дотоод гадаад нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл, тусламж авах явдал манай гадаад эдийн засгийн бодлого, харилцааны чухал зорилт болсон юм. Эл зорилтыг хэрэгжүүлэхэд чухамхүү Япон улс гол үүрэг гүйцэтгэх байжээ. Гэхдээ манай орны дотоод улс төрийн байдал хэр тогтвортой байх, ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь хэр тууштай явагдах, эргэлт буцалтгүй болж чадах эсэхийг Японы албаны хүмүүс анхааралтай ажиж байсны зэрэгцээ Монголд санхүү, эдийн засгийн дорвитой тусламж үзүүлбэл ЗХУ болон БНХАУ хэрхэн хандах болгэж болгоомжилсон тал байсан болов уу гэжээ.

Орос нөхдийн гоморхол хардлага явсаар байсан ба монголчуудыг тэнэг малаар нь дуудаж япончуудад ярьж ятгаж байсан түүх ийнхүү дэлгэгджээ.