Жокерийн манифест, гэр хорооллынхон, Артаньяны “Бөгс”
Соён гэгээрч чадаагүй боловсрол муутай сэхээтнүүд “Жокер”-ыг галзуу хүний тухай кино хэмээн буруу ойлгоно билээ. “Жокер” галзуу хүний тухай кино огт биш, “Хүндлэл” үгүйлсэн хүний тухай кино юм!
Өдгөө шуугиан тариад байгаа “Жокер” хэмээх кино, хүн төрөлхтний түүхийн шинэ эрин үеийг эхлүүлж байна, хэдийгээр тэгэж ухаарахад эрт байгаа болов чиг.
Би үүнийг ээлжит нэгэн гайхалтай уран бүтээл үзээд сэтгэл хөдөлсөн үзэгчийн хувиар хэлээгүй. Урлагийн бүтээл талаас нь үнэлж байгаа ч юм биш. Хүний нийгмийн хөгжилд үзүүлэх хойшдын үр нөлөөг нь тооцон хэлж байна.
“Жокер” цаашдаа, тухайн нийгэмд өөрийгөө дорд үзэгдсэн гэж бодож байгаа хүмүүсийн “Тунхаг бичиг (Манифест)” байх болно. Хүндлэл хүсэгчид болон аливаа алагчлалыг эсэргүүцэгч нийгмийн бүлгийн нарратив байх болно.
“Жокер” киног бүтээгчид болох Тодд Филлипс, Скот Сильвер нар “Бэтман, харанхуйн хөлөг баатар” хэмээх нэртэй бидний сайн мэдэх киног деконструцид оруулан уг киногоо бүтээжээ.
Уншигчдадаа деконструкци гэж юу болохыг товч тайлбарласу.
Хорьдугаар зууны эхээр, хүний ухамсрыг хэрэглэж буй хэл нь ажиллуулан удирдаад байдаг болохыг Витгенштейн гэгч нэгэн суутан илчилжээ. Нэг ёсондоо хүний оюун ухаан, компьютерийн оюун ухаантай адилхан “хэл” хэмээх софтверээр ажилладаг байна.
Витгенштейны санааг Жак Деррида нэртэй философич цааш нь хөгжүүлж, хэл бол тэмдэгтүүдийн тогтолцоо болох ба энэ тэмдэгтүүд нь бодит ертөнцөөс утгаа авдаг гэхээсээ илүүтэй тэмдэгт хоорондын ялгаанаас л утгаа олж авдаг хэмээв. Жишээ нь “хар”, “цагаан” гэж тэмдэгт хоорондоо ялгаатай байгаа учраас бидний оюун ухаан хар, цагааныг ялгахаар утгачлан бодож чадна. Хэрэв хар, цагааныг нэг тэмдэгтээр тэмдэглэчихвэл өөр өөр өнгүүд байгааг зөнгөөрөө мэдээд байвч оюун ухаан маань “юу гэж хэлэхээ мэдэхгүй” гацаад зогсчихно.
Ингээд зогссонгүй, Деррида улам цаашлан европын сэтгэлгээний загвар нь хоёр туйлт буюу бинар ялгаан дээр түшиглэдэг гэсэн. Ямар нэг юмыг “сайн” гэх утгатай болгохын тулд өөр нэг юмыг “муу” гэсэн утгатай болгодог. “Зөв” гэж хэлүүлж байгаа зүйл “буруу” гэж хэлүүлэх зүйл рүү заана. Өөрөөр хэлбэл нэгийг нь “хилсдүүлж” байж нөгөө нь утгачлан тодруулна. Уг нь бодит ертөнцөд байгаа аливаа зүйл; муу ч биш, сайн ч биш, зөв ч биш, буруу ч биш, зүгээр л байгаа л зүйлс юм.
Деконструкци гэдэг бол “эерэг” утга олж авсан “юм” нь өөрөө “юу”-г “сөрөг” болгон “хилсдүүлсэн” болохыг илчлэх арга юм. Ингэж илчлэхдээ ямар нэгэн юмыг эерэг утгатай болгон дөвийлгэж байгаа бичвэр (текст) дэх сул үгээр илрэх “ам алдалт”-ыг олзлон аваад, сөрөг утгатай болсон юмны уг байдлыг гаргаж ирэх замаар эерэг бологчийн мөн чанарыг илчилдэг ажээ.
Та бидний сайн мэдэх “Бэтман, харанхуйн хөлөг баатар” кино (нэг төрлийн бичвэр гэж үзье)-ны эерэг талын баатар нь Бэтман, сөрөг талын баатар нь Жокер билээ. Жокер “Би байхгүй бол чи байхгүй” хэмээн Бэтманд хэлж байгаа нь мөнөөх Дерридагийн нотолоод байдаг, “Бэтман” хэмээх тэмдэгтийг “Жокер” хэмээх тэмдэгт л эерэгээр утгачилж өгч буйг ньхаруулсан аж.
Уг кинон дээр Жокер өөрөө, их хэцүү амьдрал үзсэнээсээ болоод ийм аюултай этгээд болсонхэмээнэ, түүнийгээ олон янзаар ярьж “ам алдана”. Киноны энэ “ам алдалт”-аас “Жокер” киног бүтээгчид санаа авчээ. Тэгээд л чухамдаа “Бэтман”-ийг л баатар болгохоор “золионд” гараад байсан “Жокер”-ийн жинхэнэ түүхийг илчлэхээр шийджээ. Ийнхүү, “Бэтман, харанхуйн хөлөг баатар” киноны деконструкци нь болох “Жокер” кино бүтээгдсэн байна.
“Жокер” киног бүтээгчид зөвхөн Бэтманийг деконструкцид оруулах төдийгөөр амбиц нь хязгаарлагдсангүй, хүн төрөлхтний моралийн асуудлыг гайхамшигтай сөхөж тавьжээ. Хүнийг хүн ёсоор хүндлэх хүндлэлийн суртал болох гуманизмийн шинэ үеийн дуудлага болжээ.
Энэ киног үзэгчид; нэг талаас, хөгжлийн бэрхшээлтэйгээс өөр гэм хийгээгүй гэнэгүй гэмгүй нэгнийг; гудамжинд ч, оффист нь ч, гэрт нь ч гэх мэтээр хаана ч мөшгөн дорд үзэн зодож, чадаж, элэглэж, тоглож, тохуурхаж, хуурч байгаа хүмүүн-бидний өөрсдийн жудаггүй, хуншгүй авирыг хараад хирдхийсэн; нөгөө талаас, энэ бүх доромжлолыг тэсэж дийлэхээ болиод хайрлах гэдэг моралийн “гинж”-ээ мулт татан хаяад араатан болж байгаа Жокерийг хараад хирдхийсэн. Хүн бүрийн дотор байдаг өөдгүй муу эгогийн эсрэг босож байгаа Жокерийг хараад хирдхийсэн.
Олон хүн Жокер кинонд гардаг хүчирхийлэл нь эвгүйцүүлсэн гэдэг. Үнэндээ “Жокер” кинон дээр гардаг хүчирхийлэл Тарантиногийн кинонууд дээр гардаг хүчирхийллийн хажууд шалихгүй байсан. Тэгсэн атлаа үзэгчдийг илүү их хирдхийлгэсэн юм.
Магадгүй, Тарантино, хүний дотор байдаг хүчирхийлэлд дурлах эгог нь ашиглан кинонуудаараа “гладиаторийн тоглолт” үзүүлдэг байсан бол бол Тодд Филлипс, хүний хүчирхийлэлд дурлах муу эгогийн эсрэг босч байгаа “гладиаторуудын бослого”-ыг харуулсан тул хүмүүсийг илүү их цочоосон байх.
Хүмүүс бид, хүчирхийлэлд дурлах “ромын боолын эзэд”-ийн дур ташаалыг дотроо далдуур тээж явсаар байдгийг Тарантино ашиглаад байсан юм.
Тарантино түүхэнд болсон үйлд явдлуудыг маш их деконструкци хийдэг найруулагч. Гэхдээ Тодд Филипссын хажууд үнэндээ болхи деконструкци хийдэг байжээ.
“Жокер” киног марксистууд, коммунистууд тун таагүй хүлээж авсан. Жишээ нь орчин цагийн марксистуудын манлай сурталч Слава Жижек “Жокер филм...” түүнд яг юу тохиолдоод жокер болчихвоо, түүнийг ойлгоцгооё” гэх хандлагатай байгаа нь надад таалагдсангүй” хэмээн сэтгэгдлээ хэлжээ.
Жижек тэгэлгүй яахав. Ангийн тэмцлийг үгүйсгэж, нийгмийн зөрчлийг моралийн төдий асуудал болгож харуулахад марксистууд угаасаа дургүй шүү дээ!
Үнэхээр “Жокер” кино, хүний нийгэм дэх зөрчил нь явсаар “ангийн тэмцэл”, “криминалуудын самуун” мэтийн солиотой хүчирхийлэлд хүртлээ хурц болдгийн цаад шалтгаан нь хүндлэл тухайн нийгэмд дутдагаас үүдэлтэй гэдгийг харуулсан байна. Тэгээд бас, нэгэнт дорд үзэгдэгсэд хүчирхийлэл рүү хальтрах юм бол угаасаа хүчирхийлэх шалтаг хайж байсан радикалууд болон криминалууд энэ байдлыг шүүрэн авч нийгмээ түйвээж буйг мөн харуулсан. 1917 оны Октябрийн хувьсгал гээчийг болъщевикууд, криминалуудтай хамтарч хийсэн билээ!
Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлшээр гэр хорооллыг хангах үлэмж далайцтай арга хэмжээ авсан юм. Гэр хорооллынхон маань ч баяртай байсан. Учир нь өөрөө голомт нь болохоороо хотын утаанаас хамгийн их хорддог, хохирдог нь гэр хорооллынхон.
Тэд хөлдөж үхэхгүйн тулд гал түлдэг. Хүүхэд, хөгшдөө дааруулахгүйн тулд гал түлдэг. Өөр арга байхгүй!
Тийм учраас сайжруулсан түлш авахаар гэр хорооллынхон уртаас урт оочёрлож байсан. Эрэлтийг нь хангаж дийлэхгүйгээс мөнөөх түлш олдохгүй тасалдах явдал ч гарч байлаа.
Сайжруулсан түлшийг тараахдаа “Ямар ч төрлийн зууханд таарна!”, “Аюулгүй!”, “Өөр төрлийн түлш, нүүрс хэрэглэж галлавал хатуу хариуцлага тооцно!” гэх зэрэг заавар өгч, сурталдаж байсан. Нэгэнт засгийн зүгээс баталгаа гаргаж өгч байгаа болохоор гэр хорооллынхон итгэж л таараа.
Ингээд хэрэглээдэхсэн чинь гэр хорооллын олон хүн угаартаж амиа алдлаа. Хорвоогийн амтыг дөнгөж амталж байсан нялх хүүхдүүд тэдний дунд байсан юм! Гэр хорооллынхон түлшний аюулгүй байдалд нь эргэлзэж, айж сандрав.
Гэтэл юу болсон гэж санана аа?! Гэр хорооллынхныг маань дорд үзэн нүүр нүдгүй буруутгаад, муухайгаар доромжилдог байгаа. Тэднийг буруутан болгов.
Гэр хорооллынхныг буруутгаж байгааг хөндлөнгөөс нь харсан эрүүл ухаантай хүний зүрх шимширмээр болж байв. Засгийн газрын шадар сайд нь “...тархин доторхи утаагаа арилга...” л гэнэ. УИХ-ын дарга, дагалдан яваа хүмүүсийн хамтаар аргаа барж байгаагаа хэлж буй гэр хорооллын иргэнийг шоолон хөхрөлдөж ч байх шиг. “Өөрсдөө галлаж чадахгүй тэнэг байна” гэх мэссэжийг УИХ-ын гишүүд сайд нар ам уралдан хэлцгээсэн.
Дээдсүүдээс ганц Б.Бат-Эрдэнэ (аварга) гишүүн л албаны хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болоод гэр хорооллынхон осолдлоо гэдгийг санаа зовон хэлсэн дээ. Үнэндээ “Ямар ч төрлийн зууханд таарна” хэмээн заавар өгч байсан инженер, осол болсны дараа л “Приус шиг зууханд л таардаг байхгүй юу” гэсэн шүү дээ!
Ядахдаа эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой нийслэлийн Ардчилсан Намын дарга Баттулга “мод түлээд ч угаартдаг байхгүй юу” хэмээн эрх баригчдын хариуцлагагүй явдлыг хаацайлав.
Нийгмийн сүлжээнд нүүрээ нуусан лалрууд ч харин найгүй муухай нацистууд гэдгээ ичгүүргүй харууллаа. “Гэр хорооллынхон бүгдээрээ хурдан угаартаж үхээсэй” хэмээх солиот ч байсан, харамсалтай нь тэр ганцаараа биш байв. Нацистууд л хорт хийн камерт амь тавьж байгаа еврейчүүдийг хараад ингэж хэлж байсан юм шүү.
Хэнээс ч дутуугүй, утаагүй эрүүл орчинд амьдрахыг хүсэж байгаа гэр хорооллынхныг дорд үзэн мөшгөн доромжилж байгаа дээдэс ба Монголын нацистуудыг харахаар; бусдад инээд баяр хайрлах гэсэн гэнэн мөрөөдөлтэй Жокерийг дорд үзэн дээрэлхэн зодож байгаа танхай залуучуудаас өгсүүлээд нүүр рүү нь шаах Томас Уэйн хүртэлх дээдсүүдийн ааш авир, санаанд яг бууж нүдэнд харагдсан.
Гэр хорооллынхныг дорд үзэж байгаа дээдсүүд ингэхэд өөрсдөө үнэндээ яг хэн юм бэ? Гэр хорооллынхныг баалан доош хийж байгаа шадар сайд Ө.Энхтүвшин, сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй дээдсүүд өөрсдөө чухам хэн юм бэ?
Тэдний хэн болохыг Артаньяны “Бөгс” хэмээх гайхалтай нийтлэл хэлээд өгсөн. Нийтлэлд; “...монгол даргын “энэ бөгсийг базнуу байнуу миний дур” гэсэн бодол тээж яваа тэр толгой” дахь итгэл нь “Хамгийн амар хялбараар баяжаад байгаа явдал, ур чадвар шаардахгүй байгаа явдал, мөн “яасан ч яадаг ч үгүй юм байна” гэсэн бодол, эцэст нь өөрснийх нь ичгүүргүй зориг”-оос нь асжээ хэмээн маш онож бичжээ.
Манай дээдсүүд бол жаран тэрбум, улсын төсвийн хөрөнгө, жидүү, тариалан сангийн хөрөнгийг хулгайлж завших зэрэг олон хэргийг зүрх алдалгүй хийгээд, цайрчихсан ердийн нэг муу хулгайч маягтай болсон улс юм. Тэдэнд хүнийг хүндлэх, морал, ёс суртахуун, оюун ухааны гэгээ гэх мэтийн хүмүүнлэгийн охь болсон ойлголтууд дэндүү ахадсан.
Ганган хээнцэр, гоё үгтэй болохоос биш идэшээ хайж яваа амьтас, эрх мэдэл дагаж эр бяр олсон төдий амьтас аж. Амьтанлаг болсон тул оюун нь мохож, өөрсдийнх нь аархал өөрсдийг нь ямар аюул руу хөтөлж явааг төсөөлөх ч үгүй. “Бөгсчингүүд” ийм л байдаг даа.
“Би бол төр” хэмээн данхалзаж байж толгойгоо авахуулсан Луй ХVl-аар “хаалгаа нээсэн” Соён гэгээрлийн эрин үеийн өмнөхөн францын язгууртнууд ялзарч дуусаад, өнөөгийн манай “бөгсчингүүд” шиг болчихсон байжээ.
Өөрсдийгөө “тэнгэрлэг дээдэс” хэмээн ихэрхдэг Версалийн ордонд бүгэх францын язгууртнуудын авлигадах, идэж уух, садарлан самуурах нь хэтэрсэн байв. Хажуугаар нь усанд хааяахан нэг орно, бэлгийн замын халдварт өвчин их тусна, ордныхоо хонгил гудмаар нэг бааж шээнэ гэх мэтээсээ болоод мөнөөх язгуурнуудын биеэс айхтар муухай үнэр үнэртэнэ. Үнэрээ дарах гэж үнэртэй ус гээчийг нээж, их түрхэх боловч тэр нь хөлс, хулмас, зузаан хирнийх нь үнэртэй холилдоод огиудас хүрэм айхтар болно. Версалийн ордны салхин доор зогсоход “адууны жүчээ шиг” үнэртдэг байсан гэдэг.
Тэр цагийн Францын язгууртнууд буюу “бөгсчингүүд” гэгээрэл боловсролоос их хол. Мухар сүсэгтэй. Язгууртан гэдгээ илэрхийлэх ганган хувцас, аальгүйтэн ёслох хөдөлгөөн, эрх мэдэл зэргээс өөр гайхуулах юм тэдэнд байгаагүй ажээ. Гэхдээ Ө.Энхтүвшин шиг тэнэг их зантай. Жирийн хүнийг муухай дорд үзнэ.
Ихэрхүү тэнэглэл, үнэр хоёрт нь тэсэхээ байсан Монтескье, Кондорсе зэрэг сэхээрсэн язгууртнууд Версалийн язгууртнуудын мунхаглалаас зайгаа барин холдсон юм. Тэгээд зогсохгүй соён гэгээрлийн хөдөлгөөний манлайлагчид болцгоосон билээ.
Соён гэгээрлийн эрин үеийн гол уриа дуудлага бол “Хүн бүр хүндлэл хүлээх эрхтэй!”хэмээх лоозон. Энэ лоозонгоор илэрхийлэгдэх үзэл санааг гуманизм хэмээдэг бөлгөө.
Орчин цагийн хүмүүс гуманизмаас хэчнээн их хол байгааг “Жокер” кино харуулжээ. Соён гэгээрч чадаагүй боловсрол муутай сэхээтнүүд “Жокер”-ыг галзуу хүний тухай кино хэмээн буруу ойлгоно билээ. “Жокер” галзуу хүний тухай кино огт биш, “Хүндлэл” үгүйлсэн хүний тухай кино юм!
Тийм болохоор “Жокер” кино орчин цагийн гуманизмийн туг байх хувь заяатай ажгуу! “Жокер” дорд үзэгдэгсдийн манифест байх болно. Манай гэр хорооллынхны “Хүндлэл” нэхсэн тэмцлийн манифест байх болно оо!