Бугын орон


Намрын дунд сарын шинэд. Үүрийн бүрийд Хан Хэнтийн хайрхан уулс сүлэгдэж, орчин тойронд бүдэг гэгээ ноёлж нам гүм оргино. Төдөлгүй халиун бугын цээлхэн дуудлага, халтар хандгайн борхирох анир, хөх чонын бардам түрлэгт хөвч тайга сэрэв. Энэ бол үүрийн таван жингийн хором, наран авхайн туяа цацарч эхлэх торгон агшин дор үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэх намар цагийн өнгө төрх, хөг аялгуу бөлгөө. Үл ялих cэрүүн жавар жиндүүлэх шинжтэй. 

Үүрийн гэгээ ялимгүй тодорч, манан шингэрэх үесэд ойн цоорхойд сүүдийж харагдах гурван согоо руу багавтар буга дөхөх аядаж явтал унзад хоолой уянгалав. Нөгөө гурван согоо чихээ сортолзуулан намбалаг төрхөд хувирав. Ганц соёндоо ч сэрдхийн цочирч зүүнш ганц хоёр үсрээд баруунш эргэн зогтусав. Нар хараахан мандаагүй боловч гэгээ улам тодорсоор. Аппаратын дуранд мод, өвс ургамал, амьтны дүрсхарагдах төдий болов. “Нар минь алтан цацрагаа хурдан хайрлаач” гэж би амандаа үглэж, унзад хоолойтны бараа харахыг тэсч ядан хүлээж зогсов. 

Гэтэл соёндоо дахин сэртхийж цааш харайллаа. Тэр данхгар эвэртэй, унзад хоолойтны бараанд сүрджээ. Нөгөөдөх чинь мод руу харваж одсон соёндоогийн араас давхиж ороод буцаж гарч ирмэгцээ эргэж хараад нилээд дээд өнгөнөөс нарийхан хоолойгоор уцаарлангуй урамдав. Ойлгомжтой. Хөөрхий тэр тойруулгын соёндоогийн сүнс нь зайлсан байхаа. Арван дөрвөн салаа эвэртэй аваргын хураасан согоон сүрэгт санаархсан соёндоо хатуухан жавтий хүртсэн биз. Харин бүдүүн бугын ааш зөөлөрч найман согоогоо алгуурхан гилсээр баруунш мод руу орчихлоо. Нарны цацраг дөнгөж л арын модны оройд тусч эхлэв. Гэвч буга, согоо далдарсан нь харамсалтай. Миний фото зургийн ганзага хоосон үлдлээ. Гэхдээ ийм адал явдалтай агаад нандин агшинд хүмүүний сэтгэл өөрийн эрхгүй уяран хайлж түмэн юмсыг мартагнагдах. Үүнээс илүү жаргал хаанаас олдох билээ. 

Хэнтийн ой хөвчид халиун бугын намар ингэж л ирдэг ажгуу. Бугын намар гэх нь чихэнд сондгой сонсдож мэднэ. Намар намрын энэ үед л буга, согоо хоёр наадахын жаргал эдэлдэг учраас чингэж хэлж зүрхлэв. Ийм намар бугын ороо хөөцөөнөөр эхэлдэг. Нар мандахын өмнө, бас жаргахтай зэрэгцэн буга нууцлаг эгшигээр уран урамдаж, согоо сонор талбин шимтэж сонсдог. Юндэн дуулж, Нансалмаа уярч чагнадагтай зүйрлэвэл арай хэтэрчих болов уу.


Эрхэмсэг аялгуу

Орооны цагийн аварга буга цаанаа л нэг эрхэмсэг аястай, уран эгшиг, өнгө чимэгтэй аялгуугаар урамдах нь залуу зандан согооны сонор, мэдрэмжийг гижигддэг гэлцэнэ. Буга чингэж уянга төгс урамдах нь согоон сүргийг өдөх, түүнд өөрийгөө таниулах хийгээд өрсөлдөгч нэгнийг холдуулах шидтэй аж. Буга дуудлагаараа нас сүүдэр, хүч тэнхээ, ид шидээ хөвч даяар сонордуулж, сүрэг сүрэг согооны зүрх сэтгэлийг татаж, өрсөлдөх нэгний атаархал, хор шарыг хөдөлгөнө. Дуудлагынх нь өнгө авиа бүр өөр өөр утга өгүүлнэ. Эрийн цээнд хүрсэн буга урамдахын зэрэгцээ битүү борхирч, сөөнгөдүү улигнах, заримдаа сүйлэглэх ч маягтай дуугардаг нь болзоот согоотойгоо хүүрнэж буй хэрэг. Түүнээс нь элэгсэг дотно, халуун янаг, заримдаа эгдүүцэл, гомдол, уур уцаар ч сонсдох шиг болно. 

Үүнээс гадна орооны бугын эвэр дээр өвс ургамал наалдсан харагдах нь тохиолдлынх биш. Өөрийнхөө бяр тэнхээ, чалх шөрмөсний шидийг илчлэх гэж зориудаар бут, сөөг, торлог ухаж байж эврийнхээ салааг тийнхүү гоёж чимдэг гэж судлаачид үздэг байна. 




Манантай үүр


Амьдын чөлөөнд хатуу хөтүү түмэн нугачаа туулсан буурал бугын дөмөг хоолойноос өсвөр насныхан сүрдэн эмээж, хулчийж, сүүлээ хавчин зайлж оддог учиртай. Ийм балчир нэгнийг тойруулгын буга гэдэг. Согоогоо харамласан аварга эр тойруулгын нэгэн рүү хайр найргүй дайрч, учир зүггүй сэжин мөргөж, ольж сүйтгэжмэднэ.

Согооны төлийг илий, хоёр ойтойг нь зоргол, гурван настайг нь соёндоо, дөрвөн настайг нь цөх гэж тус тус нэрлэдэг хэмээн нутгийн буурлууд ярьдаг.


Будан дахь сүрдүүлэг

Орооны буга болбоос таах аргагүй ааш араншин гаргадаг. Түүний эр эсийн шид эрчилж, үнэр танарын мэдрэмж хурцдаж, тамир тэнхээ нь оволзох ахуйд сүрэг хураахын шуналд автагдаж ойр хавийнхандаа сүрийг үзүүлж, дайрч давшилж, “нүдэлдэж” хөөдөг. Зарим аварга нь хоорондоо зууралдаж үзэлцэх, шархдаж эндэх, тэр ч байтугай нэгнийхээ эвэрт орооцолдох ч энүүхэндаж. Ийм нүдэлдээнтэй таарч үзэх нь нэн ховор завшаан гэдэг, харин өчүүхэн зурагчинд эдүгээ хүртэл тийм аз гийсэнгүй л явна. 


Давшилт


Ороо эхэлмэгц буга шавар “нэмнээ” нөмөрдөг. Чингэхдээ шавар шавхайтай газар олж шээх бөгөөд түүндээ зориуд өнхрөн хөлбөрч биеэ нэлэнхүйд нь шавардана. 

“Нэмнээ” нь нүдэлдээний үед хөө хуяг мэт хамгаалалт, шээсний үнэр нь согооны хувьд “үнэртэй ус” гэнэ. Эр амьтны “арван гурван мэх”-ний нэг нь эндээс үнэртэх буй заа.


Эзний гишгээ

Ороо хөөцөө нь намрын адаг сарын шинэдээр өндөрлөж буга, согоо тус тусдаа сүрэглэдэг бөгөөд буга их ажлын дараа алдагдсан хүч тамир, тарга тэвээргээ нөхөх, шарх сорвио анагаахын тулд ихэвчлэн гонь биеэр бөглүү ойн төгөл, шугуйд шургаж олон арван өдөр хоног хэвтэж, идээшилж, унтаж амардаг байна. Энэхүү алжаал тайлж тэнхрэх “амралт” нь хахир өвлийг давах бэлтгэл юм санж. 



Амсхийх агшин

Халиун бугын хувьд намар жаргалтай цаг боловч ганцхан сарын дотор согоон сүрэгтэй хөөцөлдөн наадах, үр удмаа үлдээхийн төлөөх сорилтод өрсөлдөгч “эрс”-тэй үзэлцэх тэмцэлд хамаг бие, сэтгэл зүрх, хүч тэнхээгээ зориулдаг нь амаргүй нэгэн даваа болой. Амьд байгаль энэ жаргал, зовлон хоёрыг тэнцүүлсэн нь гайхамшигтай. 

Намрын зүс


Бугын намар жил бүр нэгэн үүрийн жингээр урамдаан, нүдэлдээнтэй эхэлж сарын дараа бас нэгэн үүрийн жингээр нам гүм өндөрлөдөг жамтай. 

Түүний хураасан согоон сүрэг нь жил бүрийн зуны эхэн сарын дундуур үрсээ төрүүлнэ. 

Эдгээр үр удмын эм нь хоёр насандаа, эр нь соёндоо насандаа үржилд орох бөгөөд халиун бугын намар жам ёсоороо л үргэлжилнэ. 

Монгол орны минь амгалан шаргал намар, ялангуяа үзэсгэлэнт бугын дуудлага, ороо хөөцөөний уянгын аялгуутай намар цаашид үеийн үед үргэлж оршиж, үр удам нь амгалан энх үржиж байх болтугай гэж залбиръсу. 

Монголынхоо амьтны ертөнцийн амгалан энхийг дээдэлцгээе.


2022.10.18