Гурван сарын найманд зориулсан Монгол бүсгүйн магтуу буюу
Гурван охин төрүүлсэн Хатан бэрүүдээ алдаршуулъя

Гурван хүү төрүүлсэн бүсгүйг “дархан бэр” хэмээн цоллож, айл хотол, амраг саднаараа алдаршуулан хүндэтгэх ёсон монголчуудын дунд буй. Чухам юуны учир хүү хэмээн хүйс заасны угийг хөөвөл дайн тулаантай эрт цагт элгэн саднаа хамгаалах эр цэрэг олныг төрүүлсний тул гэх. Орчлон ертөнцийн бүхий л юмс цагийн эрхээр хувьсан өөрчлөгддөгийн адилаар ёс заншил, уламжлал хүндлэл ч шинэлэг санаа, шинэ агуулгаар баяжиж бас болохгүй гэж үү?

Юун хэмээвээс, дайн тулаангүй энхийн цагт хүйсийн тэнцвэр ихэд чухал, ялангуяа өнөөгийн энэ нийгэмд эмэгтэй хүний үүрэг эрчүүдийнхээс их биш юм аа гэхэд адил болжээ. Тийм ч учраас охин төрүүлэгч эхчүүдээ хөвүүд өсгөгч ээж нарын л адил дэмжин, олон түмэндээ алдаршуулах нь зүйтэй, үүний тул гурван охин төрүүлсэн эхийг “хатан бэр” хэмээн өргөмжилдөг, хүндэлдэг, хань нөхөр нь ч, хадам талынхан нь ч дээдэлдэг ёсыг одооноос эхлэн тогтоох юм сан.

Тэгээд ч.., тэгээд ч монгол бүсгүйчүүд гоо сайхны охин тэнгэр байж, хатуу энэ орчлонг уясган, хахир энэ хорвоог зөөллөж ирсэн, яруу эгшиглэнгийн дагинас билээ. Арын нь гэрэлд адуу манамаар, өврийн нь гэрэлд үс самнамаар, ерэн есэн жилийн юмыг угтан тосон мэдэгч, арван найман настай Алтангэрэл дагина, гунан гунан гишгэхэд нь гурван өнгийн цэцэг дэлгэрч, дөнөн дөнөн гишгэхэд нь дөрвөн өнгийн цэцэг дэлгэрнэм гэлээ. Монгол туульд бүсгүй хүний гоо үзэсгэлэнг ийн магтан дуулдаг ажээ. Өнгө нь гурван хаврын тоорын цэцэг мэт, үнэр нь есэн намрын сүмэн өвс мэт, харзны ус шиг мэлтэлзсэн намуун зөөлөн ааштай, хараацайн жигүүр шиг тахиралдсан нарийн сайхан хөмсөгтэй, гучин хоёр өнгийн солонго татуулах, гуа үзэсгэлэнт монгол эмэгтэйг гурваар нь төрүүлсэн эх хүн та, “ХАТАН БЭР” мөнөөс мөн.

Тэгээд ч.., тэгээд ч, айл гэрийн амь зуулга, ахуй үйлдвэрлэлийн хүнд хэцүүг эрт цагаас нааш эмэгтэйчүүд маань үүрсээр ирсэн уламжлалтай. Гоо үзэсгэлэнтэй юм гээд гоодож шунхдаад зүгээр суусангүй, уяхан туяхан юм гээд унтаж хэвтсээр ажлыг алдсангүй, үйлэнд уран, үгэнд сэцэн байж, адуу малаа ч өсгөж, айл гэрээ ч авч явсаар. Алсын хараатай агуу ухаантай гэх эрчүүдийг шатар нүүж суухад нь уран бэрийн саруул ухаан хэрхэн авардаг билээ дээ. Эрчүүдтэй хамт наадамлаад учраа болгоноо давж, үзүүр түрүүнд үлдсэн бүсгүйгээс болж монгол бөхийн зодог энгэр задгай болсон түүхийг та дуулаа л биз дээ. Амьдрал үйлэндээ арчаатай, ажил төрөлдөө самбаатай, уран нарийн ухаантай, урсгал ус шиг хүчтэй, бахархам ийм сайхан эмэгтэйг гурваар нь байтугай ганцаар нь төрүүлж өсгөсөн ч эрхэм ижий та “ХАТАН БЭР” мөнөөс мөн.

Тэгээд ч.., тэгээд ч, өвөр зуураа багталцахгүй, үхрийн эвэр шиг сөргөлдөөд ирсэн таван хүүг Алун гуа эхийн сургаал ухааруулсан, өөрийнхөндөө хүртэл хаягдаад, өлөн зэлмүүнд өртөж явсан Тэмүжин тэргүүт ах дүүсийг Өэлүн эхийн өмөг хайр, өр нимгэн сэтгэл аварсан, атаат дайсны эсрэг Ану хатан, Мандухай цэцэн амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан... Тэдэнтэй зэрэгцээд Цогт хунтайжийн эх Чинтайх “Мялын намтар”-ыг орчуулсан, Ордосын номч далай цэцэн жүнгэн хатан Тайгал “Гэсэрийн тууж”-ийг хөрвүүлж байсан, бичгийн эрдэмтэй билиг танхай ийм бүсгүйчүүд ч бишгүй л байсан билээ. Эрэлхэг зоригоороо эх орноо хамгаалахын сацуу эрдэм номд төгс гэгээрсэн эрхэмсэг сайхан бүсгүй гурвын гурвыг төрүүлсэн эх хүн та “ХАТАН БЭР” мөнөөс мөн. 

Үлгэр домог, үүх түүхэнд л ийм гайхамшигт бүсгүйчүүд байгаад, өнөө цагт үгүй болсон юм бас биш ээ. Хорин нэгдүгээр зууныг хонгор бүсгүйчүүд минь жавхлантайяа угтаж, эмч багш, эрдэмтэн ажилчин, жүжигчин тамирчин, зүйл бүрийн авьяаслаг бүсгүйчүүд тодорч, өнөөгийн Монголын нийгмийг, өрх гэртэйгээ хамт өндөрт өргөж явааг бид нүдээр үзэж байна. Жалхаажавын Мөнхцэцэгийн уран сайхан зураг баримал дэлхий нийтэд монгол зураачийн гарын төдийгүй ухааны урыг таниулж, Жамсран гуайн охин Урангуа багш нэгэн үеийн түүхчдийг төрүүлж, Лувсандоржийн Өлзийтөгсийн шүлэг өгүүллэгээр ард олны гоо сайхны сэтгэлгээ уужимсан тэлж, Ариунаагийн дуу, Дээгийгийн хийл аялгуу хөгжмийн амтыг мэдрүүлж, бөхийн орон хэмээх Монголын нэр нүүрийг дэлхийн дэвжээнээ нядханууд маань тахалсаар.

Ийм агуу, ийм зөөлөн, ийм ухаалаг эмэгтэй хүмүүнийг гурвантаа төрүүлсэн эхчүүлээ бид “Хатан бэр” хэмээн өргөмжлөхөд буруудах нь юу сан билээ? Тийм ээ, гурван сайхан хатныг төрүүлсэн “ХАТАН БЭР”.

Өргөмжлөхдөө үлгэр домог, өнө эртний туулийн ёсыг заавал ч үгүй дагах ч бас хэрэггүй юм. Хэрэвзээ тэгнэ гэвэл “хатан бэр”-ээ бид

Алтан шарга морин дээрээс нь
Аяархан түшиж буулгаад
Торгон жолоог нь бүүргээс нь өлгөж
Тосон цулбуураар нь морий нь хөтөлж
Өндөр занднаас уяад
Өвгөн занднаар сүүдэрлүүлээд
Бэр болох дагинаа
Бурхан хааныд оруулахдаа
Буйман баатар, Өгдэй мэргэн хоёр
Буруу зөв хоёр талаас нь түшээд
Дөрвөн зуун зээгтэй
Дөчин дөрвөн угалзтай
Дөрвөн мянган шаглаартай
Дөрвөлжин цагаан үүдийг
Дөчин идэр залуу эр
Дөнгөж дангаж даагаад өргөхөд нь
Бэр болох дагина нь
Бурхан хааныд орлоо... гэдэг шиг юм болно. 

Гэвч тэгэх заавал хэрэггүй, хатан бэрүүд маань эгэл даруу, энхрий зөөлөн улс. 

Гурван охинтой бүсгүйн нөхөр та эхнэртээ сайхан цэцэг аваад л оч. “Хатан бэр - хань минь” гээд үнс.

Гурван охинтой бүсгүйн аав ээж, хадам эцэг эх та охиндоо хамгийн дуртай амттаныг нь авч өгөөд “Миний охин чинь “хатан бэр” юм шүү дээ” гээд духан дээр нь үнэрлэ.

Гурван охины нэг нь хэрвээ чи өөрөө бол ээждээ аяга сайхан цай, амтат сайхан хоол хийж өг. “Ээж ээ, та хатан бэр шүү дээ, энэ өдөр дураараа амар” гээ.

Энүүхэн урмын үгэнд чинь л баясаад эх дэлхийгээ улам л гэгээрүүлэх, халамжит хань, хайртай охин, халуун дулаан эх, хатан бэр юм шүү дээ тэд чинь.