Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн Анагаахын салбар сургуулийн Хорт хавдрын тэнхмийн зөвлөх профессор, тус сургуулийн харьяа эрүүл мэндийн төвийн хавдрын эмч Мүхэржи Сиддарта нь цусны бүлэгнэл, эсийн бичил орчин болоод хорт хавдрын эсийн харилцан үйлчлэлийг олон жилийн турш судалжээ. Сүүлийн үед жирийн үүдэл эс, хорт хавдрын эсийн холбоо хамаарлыг судалж буй. Түүний лабораторид үүдэл эсийн бичил орчин, тэр дундаа цус бүлэгнэхэд оролцдог үүдэл эсийг түлхүү судалж байна. “Хорлолын хаан – хорт хавдартай тэмцсэн түүх” номоороо Пүлицэрийн шагнал хүртсэн Сиддарта нь Стивэн Хокингийн нэгэн адил шинжлэх ухааныг энгийн хэлээр өргөн олонд түгээн таниулдаг эрдэмтэн, өнөө үеийн тэргүүлэх сэхээтний нэг билээ. “Хорт хавдартай тэмцсэн түүх” ном монгол хэлээр гарч буйтай холбогдуулаад түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

-Та хорт хавдрын судалгаа шинжилгээний салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-2008 оноос хойш дагнан судалсан гэхээр 11 жил болж байна.

-Хорт хавдар гэж чухам юу юм бэ?

-Хорт хавдар бол генийн өвчин. Гэхдээ нэг төрлийн өвчин биш, цогц өвчин. Эдгээр өвчин бидний биологийн суурь чанартай нягт холбоотой. Базаад хэлбэл устаж үгүй болохоо мэдэхгүй, хяналтгүй хуваагдах эсийн гаж төлөв юм. Энэ өвчин ерөөсөө ганц эсээс үүдэлтэй. Гажсан эс хуваагдаж олшрохын хэрээр улам гаждаг. Түрүү булчирхай, хөх, цусны хорт хавдар адилхан шинжтэй ч эсийн түвшинд үзвэл хорт хавдар бүр өөрийн гэсэн онцлог, ялгаатай чанартай. 

-Хорт хавдар настай хүнд илүү удаан явцтай байдаг уу?

-Харилцан адилгүй л дээ. Зарим төрлийн хорт хавдар маш удаан явцтай, зарим нь хурдан, үүнчлэн зарим хүний хавдар богино хугацаанд томордог бол зарим хүнийх удаан байна. Зарим хавдрыг эмчлэх бүрэн боломжтой бол зарим нь эмчилгээгүй байгаа нь тухайн төрлийн хавдрын генетиктэй холбоотой. Хавдар газар авч олон ген гажихын хэрээр хортой эс дархлааны системээс өөрийгөө хамгаалах чадвартай болдог.

-Ген яг яаж гаждаг вэ?

-Ген 4-5 янзаар гаждаг. Нэгд удамшил, хоёрт канцероген буюу хорт хавдар үүсгэх гаднын хүчин зүйлсийн нөлөө, гуравт эсийн хуваагдлын үед санамсаргүй тохиолоор, дөрөвт эсэд вирус нэвтэрснээр, тавд ген гажсан ч тухайн эсийг хоруу болгож чаддаггүй, эсийн бичил орчны өөрчлөлтөөс болж хоруу болдгийг саяхан нээлээ. Орчин нь өөрөө гажсан байвал эс хортой болж чаддаггүй гэж би төсөөлж байна. Энэ үүднээс би хорт хавдрыг үртэй зүйрлэж, ямар ч үр, шимтэй хөрсөнд үрслэн ургадаг, шимгүй хөрсөнд ургадаггүй гэж үзэж байна. 2020 он гэхэд би Хорт хавдартай тэмцсэн түүх-дээ 3-4 бүлэг нэмж гаргахаар төлөвлөж байгаа. Нэг бүлэгт нь тухайлан энэ талаар өгүүлнэ. Эсийн генийн өөрчлөлт угтаа эсийн бичил орчинтой салшгүй холбоотой. Орчин нь бүрдэж байж сая хорт хавдар бий болдог.

-Та ер нь ямар учраас хорт хавдрын тухай ном бичихээр шийдэв?

-Анх 2004 онд Бостон хотын эмнэлэгт дадлагажиж байхад хэвлийн хөндийн хурц явцтай хорт хавдартай өвчтөн маань “Би өвчнөө ялан дийлэхийг үнэхээр их хүсэж байна. Тийм ч учраас юутай тэмцэж байгаагаа сайн мэдмээр байна” гэж хэлэхэд хариу өгөхийг хичээсэндээ энэ номоо бичиж эхэлсэн. Чингэхдээ хүн төрөлхтөн чухам хэзээнээс хорт хавдрын тухай мэддэг болж, энэ өвчинтэй яаж тэмцэж байсан тухай уншигчдад энгийн ойлгомжтойгоор дэлгэн хүргэхийг зорьсон доо. 

-Номоо тодорхой хүрээний уншигчдад зориулж бичсэн үү, эсвэл өргөн олонд хүргэе гэсэн хүсэлтэй байв уу?

-Ерөөсөө өргөн олонд хандаж бичсэн ном. Ингэхдээ хорт хавдрын тухай нарийн тодорхой ойлголт өгөхийг их хичээсэн. Тэр дундаа хорт хавдартай өвчтөн, тэдний гэр бүл, энэ өвчинтэй ямар нэгэн байдлаар нүүр тулсан хүмүүс, бид чухам энэ тэмцлийн хаахна явааг мэдэх л учиртай. Тэгж байж итгэл сэтгэл төрнө шүү дээ. 

-Бидний сэтгэл санаа, оюун бодол хорт хавдрын явцад нөлөөлдөг үү?

-Оюун санаа өвчин эмгэгт нөлөөлдөг нь эргэлзээгүй юм. Гэхдээ эмч хүн сэтгэлээ барь, гутарч гунивал эмчилгээ үр дүнгүй болно, муу юм бодох нь хорт хавдартай болгоно, өөдрөг итгэлтэй бай гэж хэлэхэд би дургүй. Ингэж сэтгэх нь үеэ өнгөрөөсөн. Ийм үг сонссон хүн өөрийгөө буруутгаж, өвчиндөө улам дарлуулах магадлалтай. Өөдрөг хүн үхэлд баригдаж, өвчтэй гэдгээ мэдээд гутарч гуньсан ч өдий болтол амьд яваа олон хүнийг би мэднэ. Хавдартай хүнд “сэтгэлзүйн эмчилгээ” хийх ёстой гэсэн мухар сүжгээс би үнэндээ айдаг. Яах вэ, тэгснээр сэтгэлийг нь ялимгүй засаж болох юм, түүнээс цаашгүй. Үүний зэрэгцээ тархинаас ялгарч буй дааврууд хорт хавдрын эсэд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үүднээс ултай суурьтай судлах хандлага бий. Гэхдээ энэ салбар нялхаараа, дараагийн арван жилд л илүү мэдээлэлтэй болох магадлалтай.

-Хорт хавдартай гэдгээ мэдсэн хүн мэдээж гансран шаналдаг байж таарна.

-Тэгэлгүй яах вэ. Үхэлтэй нүүр тулахад байж суух газраа олж ядах нь мэдээж. Бид үнэндээ сэтгэлийн там эдлэхээс айж эмээдэг. Гэхдээ хүмүүс үхэл гэхээс илүүтэй өвчин шаналлаас айдаг. Надад үзүүлж эмчлүүлсэн хүмүүсийн зарим нь мэс засал, мэс заслын үр дүнг баталгаажуулах эмчилгээгээр эдгэрдэг. Ийм хүмүүст би 5-10 жилийн нас байна гэж хэлдэг. 

-Таагүй мэдээг өвчтөнд яаж дуулгадаг вэ?

-Хамгийн гол нь цаад хүнийхээ үгийг сонсох учиртай. Багш нараасаа анх сурсан зүйл гэвэл энэ. Муу юм дуулсан хүний амьдрал хөмөрсөн тогоо шиг орвонгоороо эргэдэг. Үр хүүхдээ сургууль соёлыг нь төгсгөчих юмсан гэж хүсэж яваа нэгэн ч байна, өөрөө төгсчих юмсан гэх хүн ч байна. Өвчтөнийхөө амьдралын зорилгыг мэдэх хэрэгтэй. Тэгсэн цагт “Хэн хэн маань хичээвэл тэр цагийг үзэж тун магадгүй” гэж хэлэхэд хүний сэтгэл эерч, хүсэл тэмүүлэл сэргэдэг.

-Өвчтэй хүн, өргөн олон ч энэ өвчний талаар бүдэг бадаг ойлголттой байдаг. Туслаа л бол өнгөрлөө гэж боддог нь нууц биш.

-Тэр үнэн. Энэ номоороо би хорт хавдар хэмээх эл өвчин хэдий нарийн, анагаахын судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны ололт нээлтийн ачаар өдгөө ямар эмчилгээ хийж байгааг дэлгэрэнгүй өгүүлье гэж бодсон. Хорт хавдрын эсийн геном өөрөө маш адармаатай. Энгийн эстэй харьцуулахад хортой эс ихээхэн гажсан (мутацлагдсан) байдаг. Хөхний хорт хавдрын геномыг тайлаад үзвэл генийн гажилтаараа дотроо олон янз байдгийг олж харах бүрэн боломжтой. Ингэмэгц тэр болгоны эмчилгээ ондоо байх нь мэдээж гэж бодоод та “Энэ ч ёстой бүтэхгүй юм байна” гэж эргэлзэж болох юм. Гэвч нарийн судалбал эдгээр мутац угтаа тогтсон тодорхой зарчимтайг анзаарна. Үүнийг ойлгохын тулд урьдын судалгаа шинжилгээг эргэж харах учиртай. Тэр бүхнийг би номдоо өгүүлсэн.

-Хорт хавдартай тэмцсэн түүх-дээ та зарим эмч нар үхэл амьдралыг төдий л ялгаж салгахаа больж, хөшүүн хойрго болдог гэж бичсэн байх юм.

-Тийм ээ. Хавдрын эмнэлэгт ажилладаг хүн яалт ч үгүй үхэлтэй нүүр тулдаг. Залуухан дадлагажигч нар “Би хавдрын эмч болмооргүй байна. Аврагдаж байгаа нь алга шүү дээ” гэж толгой сэгсрэн шантардаг. Энэ бол буруу хандлага. Хорт хавдартай өвчтөнийг асран халамжлах нь дотроо лабораторийн шинжилгээ, хөнгөвчлөх эмчилгээний арга барилыг багтаасан анагаах ухааны бие даасан салбар болон хөгжиж байна. Энэ салбартай анагаах ухааны бусад бүх салбар холбоо хамааралтай. Хавдрын эмчийн тухайд хүний амь амьдралыг шидийн мэт өөрчлөх чадалтай шүү дээ. Хэн нэгэнд тус хүргэж, баяр баясал авчирна гэдэг юутай ч харьцуулшгүй нандин мэдрэмж юм.

-Тэгвэл одоо хорт хавдрын талаар ид хийж байгаа судалгаа шинжилгээ, түүнийг дагаад шинээр нэвтэрч байгаа эмчилгээний талаар ярилцъя.

-Шинэ судалгаа шинжилгээ гэвэл ерөнхийдөө дөрвөн чиглэлтэй. Нэгд, зарим төрлийн хорт хавдарт ихээхэн үр дүнтэй байгаа дархлааг дэмжих эмчилгээний судалгаа. Дархлааны тогтолцоог хорт хавдартай холбож судлах нь тун бага байсан ч эмч нар зарим төрлийн хорт хавдар, ялангуяа арьсны меланомыг эмчилгээ хийлгүй дархлааг дэмжихэд дарагддагийг ажигласан байдаг. Гэлээ гээд дархлааны систем хавдрыг яаж дарж байна, яагаад зарим төрлийн хавдрыг л дарж байгааг нарийн мэдэхгүй байлаа. Одоо бол энэ талын судалгаа өргөжсөний үрээр хорт хавдрын эмчилгээнд шинэ урсгал бий болж байна. Хоёрт, хорт хавдрын эсийн метаболизмыг хорих судалгаа. 1920-иод онд Германы биологич Отто Варбург хорт хавдрын зарим эс хүчилтөрөгч, глюкоз хоёроор тэжээгддэг гэж үзсэн. Гэтэл хэвийн эс бас энэ хоёроор тэжээгдэн хуваагддаг. Судлаачид цус, тархины хорт хавдрын эс эсийн бодисын солилцоонд нөлөөлж, хүчилтөрөгч, глюкоз хоёроос энергиэ яаж ялгаруулан авдгийг тогтоосноор энэ үйл явцыг хариуцсан генүүдийг онилсон зорилтот эмчилгээ нэвтэрч байна. Гуравт, хорт хавдрын генд чиглэсэн эмчилгээ. Эс болгон ген агуулах бичил организм юм. ДНХ-гийн бүтцийг химийн бодисоор өөрчилснөөр хавдрын эсийн ДНХ-д нөлөөлж, сууриар нь эмчлэх судалгаа өргөжиж байна. Үүнийг дагаад энэ өвчний талаарх шинэ ойлголт үрсэлж, шинэ төрлийн эмчилгээ нэвтрэх нь дамжиггүй. Дөрөвт, хорт хавдрын эсийн бичил орчныг эсийн үржил хуваагдал, үсэрхийлэл тархалттай холбон судалж байна. Цусны зарим төрлийн хорт хавдар ямар учраас чөмөг, дэлүүнд үүрлэнэ вэ, түрүү булчирхайн хорт хавдар яагаад ясанд үсэрхийлдэг вэ, хортой эсийн үржил хуваагдал эсийн онцгой орчинтой ямар холбоотой вэ, яагаад эмийн эмчилгээнд дарагдахгүй байна вэ, хавдрын эс хаана үүрлэнэ вэ, энэ үүрийг нь шинэ төрлийн эмчилгээгээр үндсээр нь устгах боломжтой эсэхийг ид судалж байна. Шинэ эмчилгээ эдгээр судалгаанд түшиглэн хөгжинө.

-Сүүлийн үед та агаар дуслын замаар халдварладаг, бараг бүх хүнд байдаг, ходоод, гэдэс, шүлсний булчирхай, тунгалгийн хорт хавдар, склероз, гепатит үүсгэдэг герпесийн төрлийн Эпштэйн-Баррын вирусийг түлхүү судалж байна. Энэ тухайгаа ярина уу?

-Хорт хавдар үүсгэдэг Эпштэйн-Баррын вирус олон мянганыг дамжин хувьссаар байна. Би Стэнфорд, Оксфорд, Харвардад суралцаж байхын л хорт хавдрын эмчилгээ судалгааг сонирхож, Бостонд дадлагажин, хорт хавдрыг вирустэй холбосон судалгаа шинжилгээ хийж эхэлсэн. Саяхан Нэйчэр сэтгүүлд судалгааныхаа үр дүнг тайлагналаа. Манайхны ажигласнаар өөх тос ихтэй, уураг багатай, нүүрс усгүй шахам кетоген хоолны дэглэмийг зарим төрлийн молекул түвшний эмчилгээтэй хослуулах нь хорт хавдрын эмчилгээнд эерэгээр нөлөөлж байна. Хоолны дэглэм угтаа молекул түвшний эмчилгээтэй харилцан үйлчилдэг. Эмч нар эм бичиж өгдөг ч юу идэхийг нарийн зааж өгдөггүй шүү дээ. 

Корнэллийн их сургуулийн профессор Льюис Кэнтлитэй хийсэн анхан шатны туршилтаас үзэхэд тийм гэж хэлэх бүрэн үндэстэй. Гэхдээ эмчилгээнд тустай энэ хоолны дэглэмийг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа нь энэ гээд эрүүл хүмүүс мөрдөх ёсгүйг энд хэлэх нь зүйтэй. Хоолны дэглэм молекул эмчилгээтэй хоршин байж л үр дүнгээ өгнө. 

-Молекул эмчилгээ гэж ер нь юу вэ?

-Энэ бол нэг төрлийн химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээ эсийг устгадаг бол молекул эмчилгээ илүү нарийн. Химийн эмчилгээг таарсан бүхнээ балбаж цохидог алхтай зүйрлэдэг бол молекул эмчилгээ нь түлхүүртэй ижил, тухайлсан байг онилдог.

-Молекул эмчилгээг хоолны дэглэмтэй хослуулснаар ямар үр дүнд хүрч байна вэ?

-Юун түрүүнд амьтанд ургуулсан хүний хорт хавдарт энэ эмчилгээ ихээхэн үр дүнтэй нь батлагдлаа. Тун удахгүй хүний хоёр гурван төрлийн хорт хавдрыг ийм эмчилгээгээр туршилтын журмаар чанд хяналттай эмчилнэ.

-Ер нь хорт хавдраас шалтгаалсан нас баралтын хувь хэмжээ буурч байна уу, нэмэгдэж байна уу?

-Олон улсын хэмжээнд авч үзвэл нэмэгдэж байгаа. Энэ нь угтаа хүн ам урт насалж байгаатай шууд холбоотой. Хүний наслалт нэмэгдэх тусам хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгдэнэ.

-Хэзээ нэгэн цагт хорт хавдрыг эмчлэх эм гарах болов уу? Та юу гэж бодож байна?

-Хорт хавдартай хийж байгаа тэмцэлд ямар ч ахиц дэвшил гарсангүй гэж үзэж байгаа хүнээс илүү гутранги үзэлтэн үгүй биз. Зарим төрлийн хавдрыг бүрэн эмчлэх боломжтой болсон нь үнэн. Хөхний хорт хавдар үсэрхийлсэн ч өвчтөний амьдралыг уртасгах боломж хавьгүй нэмэгдсэн. Түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээний тухайд бүр ч илүү үр дүнд хүрсэн.

-Ходоод, гэдэс, уушгины хорт хавдрын тухайд?

-Шулуун гэдэсний хорт хавдрыг эрт оношилбол эмчлэх бүрэн боломжтой. Харин нойр булчирхайн хавдар бараг эмчилгээгүй хэвээр байна. Гэтэл уушгины хорт хавдрын өвчлөл тамхи татах явдал элбэгшсэнийг дагаад нэмэгдсэн нь хөдөлбөргүй үнэн. 

-Элэгний хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгахад эдгэрэх үү?

-Элэгнээс үсэрхийлсэн л бол нэмэргүй. Архи элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг ч үүнээс өөр олон хүчин зүйл бий. Одоогоор гепатит В-гийн вакцин гарсан ч гепатит С-гийн вакциныг гаргаж авч чадаагүй л байна. Элэгний хорт хавдраас сэргийлэх мэдээ мэдээлэл нэмэгдэж байгаа ч ерөнхийдөө эмчилгээ маруухан байна.

-Тэгвэл хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Хорт хавдрыг анхан шатанд цусны шинжилгээгээр илрүүлдэг болж байна. Эсийн бүх ДНХ-г цуснаас илрүүлэх боломжтой. Урьд бид үүнийг илрүүлэн шинжилж чаддаггүй байсан бол одоо чаддаг болсон. Хөхний хорт хавдар үүсгэдэг генийн гажилт байгаа эсэхийг цусыг нь шинжлээд тогтоож чаддаг болсон. Гэхдээ энэ гажилт яван явсаар хорт хавдар үүсгэх үү, эсвэл унтаа чигтээ оршсоор байх уу гэдгийг хэлж чадахгүй байна. 

-Витамин ер нь хүний биед ашигтай юу? Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг үү?

-Та витамины дутагдалтай бол хэрэгтэй байлгүй яах вэ. Витамин хорт хавдар үүсэхэд нөлөөлдөггүй. Хорт хавдар В, эсвэл С витамины дутагдлаас болж үүсдэггүй. Хорт хавдартай хүн витамин уугаад ямар ч нэмэргүй. Гэвч химийн эмчилгээг давахад витамин хэрэгтэй.

-Альтернатив, уламжлалт эмчилгээний талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бүх л эмчилгээ өргөн дэлгэрэхээсээ өмнө альтернатив шинжтэй байдаг гэж би үздэг. Химийн эмчилгээ ч цагтаа альтернатив гэж адлагдаж байлаа. Би хувьдаа альтернатив эмчилгээг ихээхэн сонирхож ажигладаг. Бидний туршиж буй маш олон эмийн бэлдмэл ургамлын гаралтай боловч эдгээр нь хорт хавдрын эмчилгээ, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд яаж нөлөөлдгийг нарийн тодорхой судалсан нь аанай л хомс байна. 

-Танай өвчтөнүүдийн хэдэн хувь нь эмчлэгдэж, хэдэн хувь нь энддэг вэ?

-Далан хувь нь эмчлэгдэж, гучин хувь нь энддэг.

-Тэгэхээр энэ нь хорт хавдар цаазын ял биш гэсэн үг үү?

-Тийм ээ. Бүх юм эмчилгээнээс хамаарна. Энэ талаар би их өөдрөг үзэлтэй явдаг шүү.

-Эцэст нь та эмч хүний хувьд онкологийн ирээдүйг яаж төсөөлж байна вэ?

-Ойрын 10-20 жилд хорт хавдрыг илрүүлж эмчлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрэх нь тодорхой. Ерөөсөө онкологийг цац суваргатай зүйрлэж болно. Суурь нь урьдчилан сэргийлэх явдал бол дээхэн талд нь хавдрын эрт шатны оношилгоо байрлана. Харин оройд нь нэгэнт үүссэн хорт хавдрыг хүлээж авч эмчлэх асуудал байна.