Миний Монгол орон жижигхээн эдийн засагтай. Тэр хэрээрээ айдаст автана,бас нөлөөнд орчихдог эмзэг, мэдрэмтгий шинж чанарыг агуулдаг. Монголд гадны банкууд орж ирлээ гэхээр “Арилжааны хэдэн банк минь яана даа” гэх. Орж ирэхгүй болохоор нь өөрсдөө арилжааны хэдээ үгийн муухайгаар балбаж гарна. Энэ талаараа манайхыг Африкийн орнуудтай адилтгах тал олон. Үнэхээр ч манай банк, санхүүгийн салбарын үүд хаалгыг онголзуулаад байгаа томоохон банкууд бүгдээрээ л тэр тивийн орнуудыг залгичихаад буцахдаа замдаа гэдсээ илэн айсуй мэт дүр зураг харагдана. Харин манай хууль тогтоомжид, ялангуяа Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа энэ талаар нэлээд дархлаатай, няхуур хандаж байсан нь олзуурхууштай. Гэвч “хагалах тусам хагарна”, задлах тусам задарна” гэгчээр “Айх тусам айлгах нь” үнэн тул шинэ Монгол орны хувьд бас чиг “мангастай нүүр тулаад үзье” гэсэн байдлаар олон улсын хэлээр, олон улсын нүдэн дээр ил тод учраад авахыг үзэхээр зориглохоос өөр аргагүй. Ингээд гадны банкуудын Төлөөлөгчийн газруудыг нээх нь тодорхой. Тойрох аргагүй. Гэхдээ тэднийг салбараа нээхийн өмнө Банкны тухай холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулах, Төв банкныхаа үйл ажиллагааг эмх цэгцтэй болгох, үүсэн нөхцөл байдлыг сайтар судалж эрсдлээс хамгаалж Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг батлахаар УИХ-ын хэсэг гишүүд ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн гол үзэл баримтлал нь гадны хөрөнгө оруулалтын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах боломж олгохдоо, тодруулбал салбар нээх зөвшөөрөл өгөх тохиолдолд гол шалгуур нь тухайн банкин дахь төрийн мэдлийн эзэмшил нь 50 хувиас багагүй байх гэдэг шалгуур тавьж буй нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, Төрийн даалгавраар ашиггүй ч хамаагүй ажиллаж их хэмжээний зээл олгож Монголын аж ахуйн нэгж, иргэдийг залгих аюултай тул энэ хамгаалалтыг оруулсан болов уу.

Хуулийн төслийн талаар санаачлагч болон ажлын хэсгийнхэн удалгүй ярьж эхлэх биз. Харин энэ оны есдүгээр сарын 5-нд Улаанбаатарт Төлөөлөгчийн газрын нээлтээ хийсэн ICBC буюу БНХАУ-ын Аж үйлдвэр, Худалдааны Банк буюу ICBC (Industrial and Commercial Bank of China) –ийн талаарх олон нийтэд ил болсон мэдээллийг багцлан өгүүлье. 2009 оны дэлхийн санхүүгийн хямрал томоохон банкуудыг эрсдлээ бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг шаардсан хэрэг. Ингээд хүлээлтийн байдалд байх хугацаандаа манай арилжааны банкууд хоёр ч банкаа тарааж нураачихаад сууж байтал Японы “Sumitomo Mitsui Banking Corp” буюу SMBC 2013 онд Төлөөлөгчийн газраа нээсэн. Үүнээс хойш сүүлийн дөрвөн жилд гадны банкууд манайд Төлөөлөгчийн газраа нээх явц тасалдсан нь манай экспортын түүхий эдийн үнэ ханш буурснаас болсон гэдэг шалтгаанаар тайлбарлагддаг. 

Дэлхийн шилдэг 1000 банкны жагсаалтыг Хятадын банк анх удаа тэргүүлсэн тухай 2013 оны долдугаар сард BBC мэдээллээ. Үүнээс дөрвөн жилийн дараа Монголд буюу Монголд төлөөлөгчийн газраа нээсэн хэрэг. Манай хувьд бол ICBC нь Монголд Төлөөлөгчийн газраа нээсэн Хятадын хоёр дахь банк. Гэхдээ олон улсын зээлжих зэрэглэлийн А1 үнэлгээ, “The Banker” сэтгүүлээс гаргасан чансаагаар нийт активын хэмжээ зэргээрээ өмнөхөөсөөилүү нэр хүндтэй гэгдэж байна. 

Монголчууд одоо цагийн байдлаараа өмнө нь Bank of China-г хүлээж авч байснаасаа өөрөөр, хууль тогтоомжоороо хуяглан байж хүлээж авахаас өөр замгүй. Тиймээс хувийн хэвшлийн компаниудын олон улсаас хөрөнгө босгох, зээл авах боломжид эерэгээр нөлөөлнө, дотоодын банкуудад тухайн банкаар дамжаад бусад улсуудтай корреспондент харилцаа, харилцагчийн холбоо тогтоохдоо ICBC банкны өргөн сүлжээг ашиглах боломж нээгдэнэ гэсэн хүлээлттэй угтлаа. 

2013 оны арванхоёрдугаар сард өмнөх жилд гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан ICBC “Bank of America”-тай байраа сэлгэж, нэгдүгээрт бичигдсэн байна. Харин “JP Morgan” өмнөх жагсаалтын амжилтаа бататгаж, хоёрдугаарт эрэмбэлэгдэж “Хятадын банк анх удаа...” хэмээн дуулиан тарьж байв. Үүнд ICBC хөрөнгийнхөө хэмжээг нэг жилийн дотор 15 хувиар өсгөж, 160.6 тэрбум ам.долларт хүргэж чадсан амжилт нь ийнхүү тэргүүлэхэд нөлөөлсөн гэдэг. Тухайн жил “Дэлхийн шилдэг 1000 банк”-ны оны жагсаалтад Хятадын 96 банк, мөн “Топ 10”-т Хятадын дөрвөн банк багтаж байв. Энэ талаар “The Banker” сэтгүүлийн эрхлэгч Брайан Каплен “Сүүлийн жилүүдэд Европ, Америкийн банкуудын ашиг буурч байхад Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор тус улсын банкууд хүчирхэгжиж, үйл ажиллагаа нь улам тэлж байна. Харин хамгийн их алдагдалтай ажилласан 25 банкны 24 нь Европ тивд харьяалагдаж байна. Алдагдлаараа толгой цохисон 10 банкны зургаа нь Испани улсынх байна” хэмээн тайлбарлаж байсан юм. 

ICBC Монголд ямар бэлэгтэй ирэв. Одоо ичих завгүй тул бэлгийн мориных нь шүдийг үзэж байж оруулахаас өөр замгүй болсон. ICBC банк $3.62 их наядын хөрөнгөтэй, жилд $134.8 тэрбумын орлоготой, хөрөнгийн хэмжээгээр дэлхийн хамгийн том банкинд тооцогддог. Дэлхийн 44 оронд салбар, төлөөлөгчийн газартайгаас гадна Standard Bank of South Africa банкны хувийг эзэмших замаар Африкийн 20 оронд шууд бус төлөөлөлтэй болоод байгаа аж.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын банкны үйл ажиллагааг зохицуулна гэж эрх баригчид мэдэгдэж байгаа. Гадны банкууд хөрөнгө оруулалтын банк болон арилжааны банк гэдгийг олон улсын сонгодог утгаар нь ойлгож байгаа. Манайд энэ хуулийг зөвхөн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллах Хөрөнгө оруулалтын банкинд үйлчилнэ гэж ойлгодог. Эрэлт хэрэгцээний хувьд Монголд Төлөөлөгчийн газраа нээж буй болон нээх хүсэлт тавьсан банкууд Монгол Улсын Банкны хуулийн дагуу арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх зорилготой орж ирдэг. Харин манай бодлого боловсруулагчид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулна гэж байна. Тэгэхээр хууль эрх зүй, нэр томъёоны хувьд ч, нэгэн жижиг газар нутагт үүрэг рольоо хэрхэн тодорхойлох вэ гэдгээ ч анхнаасаа тодорхой болгохгүй бол Монголоос гараад явсан тохиолдолд, жишээ нь “ICBC Монголыг орхилоо” гэсэн мэдээ дэлхийн банк санхүүгийн салбарт ямар сөрөг нөлөөтэйг дутуу үнэлээд байх шиг санагдана. 

ОУВС-гийн мэс заслын орон дээр зовиурлаж хэвтээ гашуун тавиланг маань хажиглаж хөөх, болгоомжилж гадуурхах явдал үгүй хийх аваас Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудын олон улсаас хөрөнгө босгох, зээл авах боломжид эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлтээ үгүй хийж мэдэх юм. Гэхдээ сонор сэрэмжтэй байх нь илүүдэхгүй. Тухайлбал ICBC-г Төлөөлөгчийн газраа нээхээс өмнө юу болов, дараа нь юу болов гэдгийг анхааралтай ажиглах нь чухал. ICBC 2017 оны 9 дүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн. Үүний өмнө 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-аас манайд суугаа Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ны “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгчийг, Хятадын банкны ӨМӨЗО дахь салбарын дарга Жан Шөү Чуаныг, мөн Хятадын төмөр замын 1-р групп компанийн орлогч дарга Гуо Вуй тэргүүтэй төлөөлөгчдийг, Голомт банкны Тэргүүн дэд захирал Томас Бравенес нарыг нэг өдөрт багтаан тус бүр хүлээн авч уулзсан. Мөн ICBC-г Төлөөлөгчийн газраа нээсний маргааш МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайширыг хүлээн авч уулзсан. Энэ бүхэн мэдээж ажил хэрэгч уулзалтууд байсан. Жишээ нь Голомт банк болон ICBC банк нь Хятад, Монгол хоёр улсын гадаад худалдаа эрхлэгчид үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх болон банк хооронд төгрөгийн арилжаа хийх боломжийг бий болгосон гэх мэт. Гэхдээ “Нэг бүс, нэг зам”-ын хувьд төмөр зам ч, банк ч эмзэг чанар талаасаа манай улсын хувьд нэн онцгой, стратегийн салбар.Аварга загасанд наалдсан өчүүхэн замаг байхдаа улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг ашиг орлогоос илүүд тавих нь монгол онцлог юм. Одоо бидэнд эх оронч уу, эрлийз үү гэх биш олон улсын жишгээр боловч монгол хүний саруул ухаанаар дэлхийтэй харилцах сорилт ирж байна. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, ICBC зэрэг дунших цагаар энэ л хамгийн чухал зангилаа асуудал болоод байна.