Оюутолгойн зэсийн ордыг ашиглах уу, эс ашиглах уу гэдэг асуултын хариуг УИХ-ын хаврын чуулганаас хүлээж буй цаг үе. Намар, хаврын чуулганы завсарт хуралдсан ээлжит бус чуулганаар энэхүү ордыг ашиглах талаар манай Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-ын гишүүд гар дээрээ хүлээж авсан ч хэлэлцүүлгийг хаврын чуулган хүртэл хойшлуулсан юм. Харин хаврын чуулган хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяаг хэрхэн шийдэх бол? Ээлжит бус чуулганаар гэрээний төслийг эргүүлж тойруулж үзсэн гишүүдийн ам нэг их сайнгүй байгааг тооцоолж үзэх л хэрэгтэй болжээ. УИХ дахь хоёр намын бүлэг “Хэлэлцэж болно оо, хэлэлцэхээс наана их юм байна” гэсэн дүгнэлт дээр ерөнхийдөө байр суурь нэгдсэн юм.

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулаад хэрэггүй, өдгөө буй эрх зүйн орчинд нь тохируулаад гэрээ хийх чиглэлийг Их хурлаас Засгийн газарт өгснөөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн өвлөөс хэлэлцээрээ эхлүүлсэн юм.

Эцсийн үр дүнд нь 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт бүхий төсөл дээр хоёр талын гэрээг 30 жилээс багагүй хугацаагаар байгуулах тухай хуулийн заалтад үндэслэсэн “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төслийг боловсруулжээ. Энэ гэрээний төслийг буй болгох гэж Хөрөнгө оруулагч ба Монголын Засгийн газар багагүй хугацааг зарцуулснаас гадна хоёр талын эрх ашгаа тусгахын тулд ширүүхэн тулцгаах үе ч цөөнгүй байжээ. Энэ бүхний эцэст гэрээний тодорхой хувилбар дээр тогтсоноо Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээд буй нь тэр юм.

Тэрхүү төслөөр бол Монголын тал Оюутолгойн ордын 34 хувийг эзэмших бөгөөд 30 жилийн дараа гэрээг сунгана. Ийн сунгаснаас нэг жилийн дараа Монголын талын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлж, 50 хувьд хүргэхээр болжээ. Монголын талын эзэмших 34 хувьд Оюутолгойн ордын хэдэн тонн зэс, хэчнээн тонн алт харьяалагдах вэ гэдэг асуулт ч урган гарна. Иймэрхүү “бодитой зүйл” нэхсэн асуултад гэрээний ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын өгч буй хариултаар бол ордын Монголын талын эзэмшлийн 34 хувийн үнэ цэн нь өнөөгийн ханшаар гурван тэрбум 300 сая төгрөгөөр хэмжигдэж буй ажээ. Энэхүү 34 хувийг Монголын төрийн өмчит “Эрдэнэс МGL” компани эзэмших юм.

Оюутолгой хэмээх говийн жижигхэн бор толгойн нэрээр нэрлэгдсэн ордын зэсийн нөөцийг мөн л өнөөгийн байдлаар 35 сая тонн гэж үзэж буй. Үүнийг олборлохын тулд ил болон далд уурхай байгуулах бөгөөд 5-5.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ. Нөөц болон шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тус ордод хайгуулын ажил хийж, улмаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компанийн тооцоо, судалгаанд үндэслэн хэлж буй юм. Хэдэн жилийн өмнө Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчтай бас л хэлэлцээрт орж, гэрээний өөр нэгэн хувилбарыг тохирсон сон. Тэр үед ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллар гэсэн тооцоог гаргаж байжээ. Түүнчлэн ордын нөөцийг бүрэн тогтоогоогүй, техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байгаа нь ч гэрээний төслөөс тодорхой болов.Мөн уурхай байгуулахаас өмнө, ордыг ашиглаж эхлэхээс урьтаад Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчаас 125 сая ам.долларыг урьдчилгаа болгон авахаар тохирчээ.

“Хуульд нийцээгүй хүсэл шунал”

Дээрх нь УИХ-д өргөн мэдүүлээд байгаа гэрээний төсөл дэх зарчмын шинжтэй гол асуудлууд. УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр гишүүдийн зүгээс үзүүлсэн хариу реакц ч энэ хэдэн асуудлын эргэн тойронд өрнөсөн билээ. Тодруулбал, гэрээний хугацаа 30 жил байгаа нь зохисгүй, нөөцийг бүрэн тогтоогүй нь буруу, шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ гэнэт өсч 5-5.5 тэрбум ам.долларт хүрсний шалтгаан нь тодорхойгүй, тэгээд ч урьдчилгаанд 125 сая ам.доллараас илүүг авах ёстой гэсэн тодорхой хэдэн саналаар УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэн томьёолж болохоор байна.

Гэрээг 30 жилээр байгуулах гэдэг нь ажлын хэсгийнхэн, эсвэл хөрөнгө оруулагчдын тэнгэрээс шүүрсэн тоо биш харин хуульд буй тодорхой заалт юм. Түүнчлэн уул уурхайн түүхээс харахад томоохон орд газрын нөөцийг ашиглалтаас өмнө бүрэн тогтоох гэдэг ойлголт нь тун харьцангуй зүйл гэж үзэх мэргэжлийн хандлага ч байдаг аж.

Харин Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар бол гэрээний төсөлд “тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл”-ийг хавсаргасан байхаар заажээ. Тэгэхээр бодит байдал, Монголын хууль эрх зүйн орчин ийн зөрчилдсөн хэрэг юм. Хууль, эрхзүйн орчинтой зөрчилдөж буй зүйл нь гагц бодит байдал ч бус юм. Эрхэм гишүүдийн хүсэл шунал ч хуультай зөрчилдөж буй. Хуульд 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтад 30 жилийн гэрээ байгуулахаар заасан атал “Алтан загасны эмгэн”-ий хүсэл бол уг хугацааг 15 жил байхад л хангалттай гэж үзэх болов. Энэ нь зөв байж болох ч өнөөгийн хууль эрх зүйн орчинд л нийцүүлээд гэрээ байгуулаадах гэж шавдуулсан этгээд нь УИХ билээ. Тэгснээ одоо болохоор хуульд нийцүүлсэн зарчмыг хүсэлд нийцээгүй гэж дүгнэлээ.

Иргэний нийгмийнхэн л дэвшүүлсэн болохоос бус “Эхлээд эрхзүйн орчноо бэлтгэж байж гэрээ байгуулах ёстой” гэсэн зарчим харин зөв байсан юм биш байгаа?

Гэрээний төслийн талаар оргож бусгасан, онож алдсан олон санааг энд ярьж болно. УИХ-аар төслийг хэлэлцэх явцад ч тэдгээрийг санал болгон дэвшүүлж болно. Харин төслийг хэлэлцэж эцсийн үр дүнд хүргэх үү, эсвэл тэр чигт нь хаах уу гэдэг өнөөдөр өөрөө асуудал болжээ. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахаа түр азная, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаа хойшлуулья гэдэг байр суурь Их хурлын танхимаас гарлаа гэхэд гайхах зүйлгүй гэх эх сурвалж ч буй юм. Зэсийн энэхүү томоохон ордыг өнөөдөр эдийн засгийн эргэлтэд оруулахаас татгалзах үндэслэлийг зарим гишүүд “МАХН-ын амласан иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийн эх үүсвэр болж чадахгүй. Бас хямралаас гаргах хөшүүрэг ч байж чадахгүй учраас” хэмээн томьёолж буй.

Уг нь Оюутолгойн ордыг олборлож, баялгийг эргэлтэд оруулснаар бий болох ашиг орлого монголчуудад л хүртээлтэй асуудал болохоос бус дэлхийн түүхий эдийн зах зээл дээр төдий л нөлөөтэй үйл явдал биш аж.

Дэлхийн жилийн хэрэгцээний зэс 15 сая тонн гэсэн статистик байдаг. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили үүний ердөө дөрвөн хувийг нийлүүлдэг байна. Харин Монгол нэг хувийг нь нийлүүлж буй. Бид “Эрдэнэт”-ийг хаалаа гэхэд, зэсийн экспортоо зогсоолоо гэхэд дэлхийн зах зээл дээр мэдрэгдэх, үнэ ханшид нөлөөлөөд байх чичиргээ ч үгүй бололтой. Түүнчлэн Оюутолгойгоосоо зэс олборлодог болж, Чилийн өмнө хөл тавилаа гэхэд дэлхийн жилийн хэрэгцээний тав хүрэхгүй хувийг хангадаг болох юм биз. Гээд дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө юу байж болох билээ.

Харин өнөөдөр дэлхийн жилийн зэсийн хэрэглээний нэг хувийг хангадаг “Эрдэнэт”, алтны хэрэгцээний мөн л нэг хувийг нийлүүлдэг алтны уурхайнуудаасаа Монголын төсөв 40 гаруй хувиа бүрдүүлж, Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувийг бүтээдэг. Тэгэхээр Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх нь бидний л амь амьжиргааны хэрэг болохоос буй бусдын хэрэгцээг боож хаагаад байх бор шидэмс биш ажээ.