Ардчилсан намын гишүүний батлахтай иргэний тоо батлах өвөрлөөгүй ч ардчиллын төлөө цохилох зүрхтэй иргэний тооноос уг нь хавьгүй цөөн.
Магадгүй, ардчиллын төлөө гэхээсээ Ардчилсан намын төлөө хэзээ ямагт санал дугуйлдаг иргэний тооноос ч цөөн байж мэднэ.
Гэтэл тэрхүү олон зуун мянган монголчуудын өмнөөс ердөө Та бүхэн шийдвэр гаргадгаараа илүү их хариуцлага хүлээсэн хүмүүс билээ.
Та бүхний итгэл үнэмшил, үнэт зүйлсийн нийлбэрээс бүтсэн Ардчилсан нам бол Монголын анхны, ууган ардчилсан улс төрийн хүчин. Тийм л учраас  Монголын ардчиллын хэм хэмжээг та нар тогтоож, өнгөрсөн, одоо, ирээдүйг нь тодорхойлж, хувь заяаг нь шийдэж ирсэн болохоор “Ардчилсан нам ардчиллыг өмчиллөө” гэж нэг хэсэг нь зэмлэцгээдэг. Ардчиллыг та бүхэнтэй булаалдагчдын үгийг энд ишилж байгаа ч үнэндээ Монголын ардчиллыг Ардчилсан намынхан та бүхэн өмчилж ирсэн билээ. Яагаад гэхээр Монгол ардчилсан орон болох эсэхээс эхлээд ардчиллын хувь заяатай холбоотой шийдвэр бүрийг, алдаа, оноо бүрийг та бүхэн төрүүлцгээсэн. Тэгэхдээ ардчилсан хувьсгалыг амьдралаараа өлгийдөн авсан мянга, мянган эгэл ард иргэд, тэдний итгэл, сэтгэлийн өмнөөс тэр бүх оноотой, алдаатай олон шийдвэрийг гаргасаар иржээ. Ингээд бодоход ардчиллыг та бүхэн “өмчилсөн” нь үнэний адилаар намын нэрийн өмнөөс гаргадаг шийдвэр бүрээ зөвхөн өөрсдийн л хэрэг мэт сэтгэж дадсан зэмтэй хүмүүс.

Хорин жилийн өмнө ардчиллынхан айл болгон машинтай болно гэж ярихад “худлаа тууцгаалаа” гээд чичилж явснаа мартсан хижээл эр өнөөдөр тэтгэвэртээ гарчаад хувийн тэргээрээ “халтуур” хийнгээ хажуу дахь хүндээ социализм сайхан байсныг магтаж, “муусайн А намынхан идээчин, уугаачин” гэж хараан зүхнэ. Хажууд нь сууж явсан үйлчлүүлэгч хариуд нь “Танд ажлын хажуугаар наймаа хийхийг, хувийн өмчтэй байхыг, тэтгэврээс өөр орлого олж болохыг хэн зөвшөөрсөн гэж бодож байна. Хэний ачаар, ямар нийгмийн буянаар та халтуур хийгээд юу бодсоноо ярьж, хэн хүссэнээ хардаж сэрдэх эрхтэй болсон гэж боддог вэ” гэж уурсана. Өнөөдрийн монголчуудын оюун санаан дахь зөрчил энэ. Нэг нь Ардчилсан намыг зүхэж байхад хоёр нь тэднийг өмгөөлдөг. Тэд “Хар хүний өмнөөс шар хүн” гэдэг шиг эрх мэдэлд хүрсэн Ардчилсан намынхны алдааны өмнөөс чичлүүлж, оноо гавьяаны нь өмнөөс хэн нэгэнд цээжээ дэлдэн бардамнадаг. Магадгүй өнөөгөөс хорин жилийн дараа гэхэд энэ дүр зураг алга болж ч мэднэ. Яагаад гэхээр цагаан морин жилийн өмнөх нийгмийн хар бараан нь өнөөдрийн ардчилсан нийгмийн хар бараанаас огт өөр өнгөтэйг мэддэг бидний үеийнхэн цагийн эрхээр цөөрнө. Эрх чөлөөн дунд эрх чөлөөгөөр мэндэлсэн жаалууд “өөрчлөлт” гэдгийг ойлгохгүй ч байж мэднэ. Ерэн оны хувьсгалын тухай, та бүхний гавьяаны тухай тэд сурах бичгийн хуурай хуудсаар төсөөлнө.

Тиймээс та бүхэн яг өнөөдөр л ардчиллыг алдаа, оноотой нь хамт жинхнээсээ өмчилдөг энэ цаг үеийн эгэл жирийн мянга, мянган гишүүн, дэмжигчээ сонсох ёстой билээ.

Та бүхэн дахиад түүхэн шийдвэрийн өмнө зогсч байна. Тэгэхдээ энэ бол Монголын нийгэмд өөр үеийг авчрах, эсэхийг шийдвэрлэж мэдэх чухал сонголт. Тодруулбал, Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй болох үгүйд нөлөөлөхүйц шийдвэрийн өмнө зогсч байна.

Ардчилсан нам дотор өөрөө өөрийгөө босгож ирсэн лидерүүд, тэднийг дагасан үзэл санааны хэсэгчлэлүүд болох фракциуд ил тод оршдог. Их, багаар эрх ашиг зөрчилддөг, өрсөлддөг үнэнтэй. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх нь тэдгээр фракциудын дээр доороо, өмнө, хойноо орох өрсөлдөөнөөр шийдвэрлэгдэх асуудал биш билээ.

Үнэндээ бол Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай яригдаж байгаа, бас ардаа тус тусын фракц бүхий лидерүүдийн хэн нь ч нэр дэвшсэн чансааны хувьд ялгаагүй хүчтэй. Харин хамгийн гол нь эцсийн шийдвэр гаргах үйл явцыг Ардчилсан намын Их хурал, түүний төлөөллийн байгууллага болох ҮЗХ-ны гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээр хөтлөх ёстой болохоос биш хэн нэгний урьдчилан тунг тогтоосон хороор, хэн нэгний захирамжаар гаргах ёсгүй юм. Энэ бол зарчим.

Яагаад эрх бүхий байгууллагын, Их хурлын гишүүдийг хуралдахаас нь өмнө хэн нь хэний фракцийнх болохыг бүртгэн тоолж, хэсэг хэсгээр найрч, тал тал руу урвуулахыг хүсээд байгаа хэрэг вэ. Энэ удаагийн шийдвэр Монголын эрх ашигтай холбоотой асуудал болохоос биш нам доторх өрсөлдөөнд хэн нь хэнийгээ дийлэх, хэний тал олонх болох тухай асуудал биш юм. Зөвхөн гишүүд өөр, өөрсдийнхөө сэтгэлийн дуудлагаар саналаа өгөг. Хэн нь олонхийн дэмжлэг авч чадаж байна вэ, тэр хүн л Монголын нийт сонгогчдын ч олонхийн саналыг авна гэсэн үг. ҮЗХ-ны 228 гишүүн, Их хурлын 800 гишүүний санал гэдэг нийт сонгогчдын тусгал юм. Энэхүү бодитой тусгалыг засварлаж, ойлтыг нь өөрчилж, өөрөө өөрсдийгөө хуурах нь Ардчилсан намд ашигтай биш нь ойлгомжтой.

Ардчилсан намын залуу гишүүдэд ч тийм айдас байгаа учраас, өмнөх үеийнхээ алдааг давтахыг хүсэхгүй байгаагаа хэвлэлээр зарлалаа. Угтаа нам доторх талцлаар асуудалд хайн хагалдаг “зарчмыг” дэмжихгүй байгаагаа мэдэгджээ. Үе залган гарч ирж буй ардчиллын залуу удирдагчдыг өмнөх үеийн фракциуд ийш, тийш нь чангаахаас тэд залхсан ч байж болох. Тэгэхээр энэ удаад залуусаа ч сонсох хэрэгтэй болжээ. Бас ардчилалд элэгтэй мянга, мянган жирийн гишүүн, дэмжигчдийнхээ хүсэл, бодлыг сонсоорой.    

Ардчилсан Ерөнхийлөгчийг хүсч буй Ардчилсан намын удирдах байгууллагын гишүүд та бүхэн энэ удаад ч Монголын хувь заяанд нөлөө үзүүлэх эгзэгтэй мөч дээр зогсч байна. Монголын нийт сонгогчдын нэг хэсэг, Ардчилсан намын жирийн гишүүн, дэмжигчдийн олонхийн хүсэн хүлээж буй шийдвэрийг өмнөөс нь гаргах хариуцлагыг хүлээсэн ҮЗХ, Их хурлын гишүүдэд захидал дайсны шалтгаан энэ юм.