Монголын сорууд уралддаг наадам

Сонгууль сайхаан. Ардчилсан Монгол Улсын жирийн иргэд амьдралаа сонгуульгүйгээр төсөөлвөл юутай уйтгартай. Сонгууль бол олонх монголын хувьд Үндсэн хуульд заасан ёсоор төрийн эрх ард түмний гарт дөрвөн жилд ганц удаа дөрвөн секунд шилжих алтан агшин билээ. Энэ өдөр сонгууль өгдөггүй юм гэхэд үгүй ядах нь ээ малгайн утаа сэрмүүлээд авдаг нь сайхаан. Дөрвөн жилдээ дор хаяж гурван удаа сонголт хийж байгаа юм. Ирц дорж хаяж 60 хувьтай гэхээр монголчууд сонгуулиас уйдаагүй ээ. Хуучин нийгмийн үед ганц даргын нэр дугуйлдаг байсан ч гэсэн ард түмэн хамаг л торго тоньтоо өмсөж аваад, баяр ёслолын байдалтай очиж саналаа өгдөг байжээ.

Сонгуулийг ямар нэг юмтай зүйрлэмээр бол наадам л дөхөж очно доо. Сүүлийн үед хүмүүс мөнгөтэй ч болж, мөнгөө сонгуулиар харамгүй тараадаг ч болж, хорин хэдэн хоногийн дотор гэрийн хаалгаар бараг нэг сая төгрөг орж ирж байхад наадахгүй гээд яах юм, наргихгүй гээд яах юм. Монголын буян шүү дээ.

Сонгуулийг би Монголын сор хөвгүүдийн уралдаан гэж боддог юм. Ер нь ямар л муу хүн болоод наанадаж өчнөөн мөнгөө зараад өнгөтэй өөдтэй плакат хэвлүүлээд олны итгэлийг авах гэж өрсөлдөж, хөдөө хотгүй хөндлөн гулд давхиж явав гэж дээ. Нэр дэвшигчдийг хулгайч гэж цололцгоодог л юм. Хулгай хийдэггүй монгол, ядах нь ээ боломж гарвал болгоно доо гэж бодоогүй монгол цөөхөн дөө.

Сэтгэлд хоногшсон уриа: Шилжилтийн үеийг цэглэнэ Амьдралын доройтлыг арилгана

Жил жилийн сонгуулиас нам намын уриа л сэтгэлд торж үлддэг билээ. Тээр жилийн сонгуулиар олны аав аятай П.Очирбат хэмээх нүнжигтэй нэгэн эрхмийн зурагны хажууд “Шилжилтийн үеийн цэглэнэ, амьдралын доройтлыг арилгана” гэсэн үгс дурайж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Одоо бодох нь ээ хээгүй, гүндүүгүй гэлцдэг тэр улстөрч маш том алдаа гаргажээ. Энэ алдаа нь магадгүй зориудаар өөр нэгэн хийгүй, сахалтай хүнд бууж өгсөн ч юм болов уу гэсэн хар сэр төрүүлэхэд хүргэж байна. Ядуу ч гэсэн нэрэлхүү, ядуурч байгаа шалтгаантайгаа эвлэрэх дургүйдээ саналаа үргэлж худалддаг Монголын ард түмнийг “амьдралын доройтол”-оор нь дуудаж л байдаг. Магадгүй зөвхөн, “Шилжилтийн үеийг цэглэнэ” гэсэн уриан дээрээ төвлөрсөн бол тийм ч амархан өеөдөөд өнхөрчихгүй л байсан болов уу. Нээрээ л монголчууд саяхныг хүртэл, чин үнэндээ Оюутолгой тэргүүтэй гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирэх хүртэл нэг л тийм нэгээс нөгөөд шилжсэн байдалтай, тэр шилжилт нь хэзээ хаана хүрч дуусахыг улстөрчид байтугай улсын үзмэрч ч хэлж чадахгүй байдалд л байж байсан даа.

Сэтгэлд хоногшсон бас нэг уриа: Таны итгэл Бидний зүтгэл

П.Очирбат гуай Н.Багабанди гуайд “өеөддөг”-өөс жил хагасын өмнө энэ уриа Монгол орныг ид байлдан дагуулж байв. Уриа алс баруун хязгаар Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багт ч хүрч, ардчиллын партизанууд сумаа морьтой, явган, машинтай хэд ч тойрсон юм бүү мэд. Ардчилллыг дэмжсэнээсээ болоод Увсын коммунист дарга нарын зуултанд аль хэдийнэ орчихсон сэхээтэн голцуу залуус ухуулагчийн хөлсгүй, өдөр шөнөгүй сурталчилгаанд явж байлаа. Харамсалтай нь Увсад энэ уриа ялсангүй. Харин улс даяар бол өөр үр дүн гарсан. Ардчилсан хүчин парламентад 50 суудалтай болсон юм. Энэ ялалт манай аав Б.Ядамсүрэнг яаж баярлуулж байсныг тод санаж байна. Аавын анд нөхөд, Зүүнговийн партизанууд ч өөрсдөө ялчихсан юм шиг л хөөрч дэвэрсэн улс байж билээ. Тэд бол 1990-ээд онд Мал хувьчлалын шийдвэр гарахаас бүр өмнө “Говийн хөгжил” нэгдлийн малыг сумын сургуулийн “П” хэлбэрийн байшинд хашиж байгаад ард иргэдэд буцаагаад олгочихсон зоригтой залуус л даа, тухайн үедээ. Удалгүй болсон орон нутгийн сонгуульд тэд сумандаа анх удаа ялалт байгуулснаас хойш өдий хүртэл Зүүнговь “цэнхэр” сум хэвээрээ байна.

Харамсалтай нь “Таны итгэл Бидний зүтгэл” уриагаа Төрийн ордонд залруутаа Ардчиллын лидерүүд мартаж орхисон билээ.Тэмцэж олсон эрх чөлөөний үнэ цэнэ нь эрх мэдэл гэж төөрөлдсөн залуу хүмүүсийг дэвэргэх гадаад хүчин зүйл, улс төрийн ов зальтнууд, олз ашиг хайгчид ордноор дүүрэн холхиж байсан цаг. Чөлөөт эдийн засгийн зоригтой шилжилт, хувьчлал зэргийг эхлүүлж байсан анхны Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ хамтран унагасан өдрөөсөө Ардчилсан холбоо эвслийн сүлд хазайсан билээ.

Монгол Улсын Засгийн газар өш хонзонгийн сэдлээр ахин нэг удаа, Эрдэнэт үйлдвэрийг Оросод найр тавьсан гэсэн шалтгаанаар ахин нэг удаа огцорсон юм. Дөрвөн жилд, дөрвөн Ерөнхий сайд тодруулж, оюун санааны удирдагч нь хэрцгийгээр алагдсан Ардчилсан холбоо эвсэл задарч, шинэ зууны анхны сонгуульд МҮАН, МСДН тусдаа оролцсон билээ. Төр үнэхээр хямарсан юм. Түмэн олон ч өнөөдрийнх шигээ л “ядуу” байлаа.

Сэтгэлд хоногшсон удаах уриа: Төрөө хямралаас гаргая Түмнээ ядуурлаас аваръя

1990-ээд оны сүүлээр хэвлэлийн бирж гэж амьдрал, архи хоёр буцалсан газар байлаа. Хэвлэн нийтлэх эрх чөлөөний гэрэл сүүдэр чухам л тэнд сүлэлдэж байсан гэдэг. Сөрөг хүчний шинэхэн дарга Н.Энхбаяр тэнд шар мэдээ бичээд шагийн архины мөнгө олдог байсан нөхдийг улс төрийн бохир явуулгадаа анх удаа ашигласан юм. Тэр өөрийнхөө тухай сөрөг мэдээг хэд нугарсан үнээр худалдаж аваад нэмэлтэнд нь өрсөлдөгчдийнхөө тухай хүн итгэхийн аргагүй бохир мэдээллийг өгч тараалгадаг байв. Хувьсгалчид хулгайч болж хувирав. Шар сонины цэцэглэлтийн үе Н.Энхбаярын улс төрийн мандал бадрал хоёр ийнхүү гайхаад байхаар юмгүй давхацсан юм. Эдгээр мэдээллийг нэгтгэж, социалист системийг магтан дуулагч асан нэгэн ахмад зохиолч “Хар дарсан он жилүүд” хэмээх ном хүртэл бичиж билээ. Энэ байдлыг мэдэрсэн хувьсгалч Э.Бат-Үүл “Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө” хэмээх гарчигнаасаа өөр агуулгатай илтгэл ч тавьж байлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярын парламентын танхимд ороод анх удаа хэлсэн үг нь “Монгол Улсын засгийн газрыг огцруулах” тухай байв. Энэ үгнээс төрийн хямрал эхэлсэн. Гэхдээ тэр эхлүүлсэн хямралаа эмчлэгчийн дүрээр төрийн толгойд гарч, улмаар Үндэсний удирдагчийн хэмжээнд өөрийгөө өргөмжлүүлж чадсан юм. Н.Энхбаяр Ардчилсан хувьсгалын үр шимээр өндийж ирсэн нялх хөрөнгөтнүүдийг намдаа татах ажлыг эрчимтэй хийсэн нь түүнд “Авлигын загалмайлсан эцэг” хэмээх алдрыг авчирсан. Гэхдээ түүний үед эдийн засаг тогтворжиж, өсөлт нь таван хувь шүргэснийг тэмдэглэх хэрэгтэй. Их өр тэглэх бизнесийнх нь Орос талын удирдагч Михаил Касьянов тойрохоо зуруулж, сөрөг хүчний тэмцэгчийн дүрд хувирчихаад байхад ч Н.Энхбаяр Монголд шүтүүлсээр л байлаа.

Хэлбэрийн хувьд тэр төрийг хямралаас гаргасан. Харин агуулгын хувьд улс төр бизнес хоёрыг хольсон намаг балчиг л үлдээсэн. Түүндээ өөрөө хамгийн түрүүнд сорогдсон. Харин ядуурлаас түмэн нь аврагдсангүй. Монголын гуравны нэг нь тэр үед ч, одоо ч ядуу байна, үлдсэн гуравны хоёр нь амьдралаа болгоод яваа юм шиг царайлавч нэдэр дээрээ гурван сарын цалин тасархад ядуурлын ангал руу нь унахад бэлэн хэвээр л байна.

Сэтгэлд хоногшоогүй урианууд: МАНАНгийн эхлэл

МАХН 2004 онд

“Таны төлөө

Таньтай хамт” хэмээх нялуун уриа дэвшүүлээд дөрвөн жилийн өмнө авсан суудлынхаа талыг алдав.

Харин МҮАН, МСДН болон бусад хувь хүний намуудын нэгдэл болох Ардчилсан намын толгойлсон “Эх орон-Ардчилал” эсвэл

“Өнөөдрийн дарамтыг арилгана

Өрх гэрийг тэтгэнэ” гэсэн уриа дэвшүүлж, эрх баригчидтай тэнцүү суудал авлаа. Одоо МАНАН гэсэн тодотгол аваад буй улс төрийн эрээ цээргүй нэгдэл энэ үед бий болсон билээ.

Бат дэд бүтэц, коммунист байгуулалттай МАХН-тай тэмцэхийн тулд үзэл баримтлал үл хамааран нэгдсэн МҮАН болон МСДН тэдэн дээр нэмэгдээд нэг компанийн нам болох МАШСН тэгээд МАХН нийлж дөрвөн жил засаг байгуулж тоглосон. Урвалт шарвалтаараа солонгос савангийн дуурийг ч дагуулахааргүй хөл хөдөлгөөн төрийн ордонд өрнөсний үр дүнд намуудын үзэл баримтлалын тэмцэл байхаа больж, хэн нь сайн попрох вэ гэсэн ганц л улс төрийн шалгуур бий болсон. Энэ үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газраа өндөгтэй зүйрлэж байлаа. Харамсалтай нь тэр өндөг нь муудчихсан байжээ.

Сэтгэлд хоногшсон урианууд: “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” + “Авлигачдыг цээрлүүлнэ”

Ардчилсан намаас төрсөн анхны Ерөнхий сайд М.Энхсайханыг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “гомдлын мөр” болгож “дэвшүүлэн зайлуулах” үүднээс нэр дэвшүүлжээ. Тэр МҮАН болон МСДН-ын механик нэгдлийг эхнээс нь эсэргүүцсэний хамт нам доторх тууштай либералуудын тулах сүүлчийн цэг нь болчихоод байлаа. Харамсалтай нь түүний уриа цаг үеэсээ түрүүлчихжээ. Монголчууд тэр үед авлигын хор хөнөөлийг өнөөдрийнх шиг амьдралаараа ойлгоогүй байсан юм. Хэрэв ЖиДҮ, концессын луйвар цэцэглэсэн 2017 онд М.Энхсайхан гарч ирээд “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн бол өөрийнх нь анх нийтлэлдээ бичиж байсан “Монгол ялна” уриатай Х.Баттулгаас ч илүү санал авах боломжтой байв.

Гэтэл үндэсний удирдагч Н.Энхбаярын “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээх уриа ард түмэндээ номлол мэт л үйлчилсэн билээ. МАХН ч гэнэ үү, МАН ч гэнэ үү хамаагүй утга зохиол судлаач Н.Энхбаярын энэхүү эв нэгдлийн идеалогийн өмнө өртэй билээ. Учир нь эв нэгдлээс өөр юм ярьсан үедээ энэ нүсэр бүтэц ямагт ялагддаг. Шинэ сэргэг зүйл хэчнээн яриад, их сургуулиудын улс төрийн тэнхимийг хөлсөлж байгаад шинэ санаа гаргуулсан ч 70 жилийн дарангуйллын имижийг нь давж цуурайтдаггүй нь гачлантай.

Сэтгэлд хоногшууламгүй уриа: Эх орны хишиг

2008 оны сонгуулиас эхлэн Ардчилсан нам “Алтан гадас” хэмээх ашиг сонирхолын фракцдаа дөрлүүлж, баруун төвийн үзэл баримтлалаасаа эгнэгт гажсан билээ. Байгалийн баялгийн тэгш хувиарлалт хэмээх баялгийн хараал болсон ойлголтыг АН-ынхан бодож олж, иргэн бүрт 1 сая төгрөгийн хувьцаа өгөх санаачилга гаргав. Уг нь бол өнөөдрийн 1072 хувьцааны үүдэл санаа л даа. Гэтэл МАХН энэ асуудлыг иргэдэд ойлгомжтой бэлэн мөнгө тараах амлалт болгоод хөрвүүлчихсэн юм. Ядуу Монголын ард түмэнд хар тамхи мэт үйлчилсэн “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг өгөх амлалтыг хашир стратегич С.Баярын удирдсан штаб  гаргав.

Давуулж амласныхаа хүчинд ч давуу суудал авсан. Харамсалтай нь мөнгөний амлалт гай дуудаж, 7 сарын 1-ний сонгуулийн дүнг эсэргүүцсэн сүрт жагсаал болж, эрх баригч намын байрыг шатаасан билээ. Өнөөдөр энэ хэрэг явдлыг зүгээр нэг эмх замбараагүй байдал байсан мэтээр сурталчилах болжээ. Үнэндээ бол хөөсөрсөн улс төр, дэвэргэсэн хоосон амлалт л ард түмний эгдүүцлийг төрүүлж, ахин нэг удаа гудамжинд гарахад хүргэсэн билээ. Эцэстээ МАХН (МАН) энэ балай популист амлалтаа хэрэгжүүлэх гэж Хятадын төрийн өмчит Чалко компанид нүүрсний экспортоо барьцаалж байлаа. Өрийг нь бараг дөрвөн жил нүүрс зөөж байж дараад, улсаараа баярлалдаж байснаа одоо амласан нь ч, амлуулсан нь ч мартаж дээ, хөөрхий.

Сэтгэлд хоногшоогүй уриа: Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье

Н.Алтанхуягийн “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” уриа тухайн үедээ маш прагматик байж, сонгогчдын саналыг ч татаж чадсан. Харамсалтай нь энэ уриа огцрохтой нь хамт мартагдсан. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн “Шударга бусын хонгил” хэмээх үг сүүлийн 10 гаруй жилд ямар ч сонгуулийн урианаас илүү хүчтэй байв. Энэ үг нь түүний улс төрийн сөргөлдөгч Ц.Элбэгдоржийн 2009 оноос хойш гол имижээ болгож буй “Шударга байцгаая” урианы эсрэгцэл юм.

Ардчилсан намын гол хүч болох МҮАН болон МСДН-ын үүсгэн байгуулагчид болон энэ хоёр лидерийн зөрчил даамжирсаар эцэстээ 2000 онд механикаар нэгдсэн намаа ахин задлахад хүрч байна. Энэ бол Монголын улс төрд сайн мэдээ. Улс төрд ахин баруун төвийн үзэл баримтлалтай хүчтэй нам, социал демократ үзэлтэй хүчтэй нам төрөн гарах ч боломжтой болж иржээ. Улс маань улс шиг хөгжихийн тулд урьдаар нам нь нам шиг нам болох хэрэгтэй юм.

Сэтгэлд хоногшуулсан урианууд: Эрх чөлөө, эв нэгдлээс ч хүчтэй ХҮЧ

2016 оны сонгуулиас хойш Монгол Улс уриа дуудлагаар хахаж цацахдаа тулсан. Нийгмийн сүлжээний тэсрэлт уриа дуудлагаа хоногшуулах кампанит ажилд шимтэй хөрс болжээ. Уриа дуудлага улам тод цуурайтахын хэрээр улсын эдийн засаг элгээрээ хэвтэх болов. Монголчууд эв нэгдэл, шударга ёс гэх мэт хийсвэр уриа эсвэл мөнгө тараах популист урианд татагддаг байснаа энэ үеэс “Хүч” хэрэглэхийг сурталдсан уриаг халуунаар дэмжих болжээ.

“Бид зүтгэнэ

Хамтдаа хөгжинө” хэмээх уриа М.Энхболд даргатай МАН-д үнэмлэхүй ялалт авчирсан.

МА(Х)Н цагийн цагт сонгуулийн кампанит ажил дээр АН-аас хоцорч явсан түүхтэй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэд бас л “Монгол Ялна” хэмээх уриаг давахгүй нь хэмээн сандчиж, “Эвтэй Монгол” уриан дээрээ “Ялна” хэмээх үг нэмж байв. Үүний үрээр намын лидерээ ялагдуулж, үр дүнд нь намаа ч хоёр хувааж орхисон. Эвтэй нь монгол ялсан нь тэр. Харин үүний дараа бодож олсон “Хүчээ нэгтгэе” хэмээх уриа утга зүйн хувьд Н.Энхбаярын гортигноос холдоогүй ч улс төрийн шинэ үр дагаварын жишээ байлаа. Тэр нь “хүч”-ний тэмүүлэл.

“Хүч”-ний тэмүүлэл нь 2017 оны сонгуульд “Монгол ялна” хэмээх олимпийн жүдогийн шигшээ багийн л уриа баймаар холбоо үг амжилт олсноос эхэлсэн. Үүнийг нь Н.Энхбаярын алдарт эв нэгдлийн номлолыг В.Путины авторитари дарангуйлагчийн дүр төрхтэй хослуулсан удирдагчтай МАН 2020 онд хүлээлтээс давсан амжилт гаргачихаад байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүчний ойлголтоо илүү оюунлаг санаагаар баяжуулсан уриа бодож олвол ахин ялалт байгуулах магадлал ч өндөр байна.


Дүгнэлт: “So boring…”

Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид уриагаа зарлалаа. МАН-аас "Баялагтаа эзэн Монгол" уриаг дэвшүүлжээ. Жилийн өмнө АН-ын дэвшүүлж байсан "Эзэн Монгол" мөрийн хөтөлбөрийг шууд хуулсан нь харагдана. Гэхдээ уг ярианы гол өгүүлэмж нь "Баялгийг нийтийн өмч болгох" гэсэн санаа цухуйгаастай: Нэр дэвшигч У.Хүрэлсүхимйн "Хувийн өмч гэж байхгүй" гэсэн үгтэй нийлээд энэ урианы цаад санаа бүр тодорхой болно. Эрх баригчид Ерөнхийлөгчийн институцийг авч чадвал томоохон нийгэмчлэл явуулах нь гэсэн хар төрөхөөр уриа. Хүчний тэмүүлэл туйлдаа хүрсэн нь энэ. 

АН-ын хувьд чухам яг дээрх заналхийлэл дээр тоглолт хийх зорилготой "Дарангуйлалгүй Монгол" гэсэн уриа сонгожээ. Одоогийн М.Энхсайхан анх хэрэглэж, Төвд судлаач Г.Ням-Очир эсээндээ гарвалыг нь тайлбарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулга амжилттай ашигласан "Монгол ялна" урианы илүү прагматик хувилбарыг ХҮН сонгожээ. Мэргэжил, нийгмийн бүлэг бүр дээр наах боломжтой "Монгол чадна" хэмээх хуулбар уриа нэр дэвшигчээ хэр хол хөтлөхийг ирэх хоёрхон долоо хоногийн дараа бид харцгаана. 

Сонгуулиар амьсгалсан 30 гаруй жилийн улс төрийн түүхийг урианаас нь хөөгөөд хайрцаглахад ийм байна. Залуусын хэлдгээр “so boring…”. Уйтгартай. Шинэ юмаар маруухан, эрэл хайгуул тааруухан. Эрчимт дуудлага үгүй том том ярьсан л 30 жил байсныг улс төрийн намуудын уриа яруу тод харуулж байна.


Алсын хараа: Маргааш дахин нар мандана

Энэ бол 2012 оны УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт “Иргэний зориг” намаас нэр дэвшсэн иргэн Ц.Буянзаяагийн уриа юм. Уран зохиол судлаач мэргэжилтэй тэрээр, Энэ уриа энэ удаадаа ялалт авчирахгүй ч, би ядаж нутгийн түмэндээ энэ их зорилгогүй улстөржилт дуусаж, амьдрал үргэлжилнэ, бүх зүйл бахь байдгаараа үлдэнэ гэдгийг сануулахыг хүссэн юм” гэж ярьж билээ.

30 жилийн турш 4 жил тутам 3 сонгууль хийсний хүчинд Монгол Улс үзэл санаа биш эрх ашиг, улс төрийн хонжоо л ярьдаг улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, судлаачидтай болжээ. Энэ мэтчилэн монголчуудын ой санамжийг богино зайнд төөрөгдүүлж болно, гэхдээ эрх чөлөөний мэдрэмжийг нь арилгах боломжгүй юм. Эрх чөлөөт хүнээс саруул ухаан гарна. Тэр саруул ухаанд л 20 жилийн турш алагдсан хэргийг нь хөзөр болгон тоглож ирсэн С.Зориг агсан итгэж байсан хэрэг. Тэр монгол хүнд биш, “монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн.


Үндэсний ТОЙМ сэтгүүл

№475, 476