МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт товлогдсон. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг тодруулах, цаашилбал МАН дангаараа эрх барих эсэхийг энэ хурлаар шийдэх юм. Өнгөрсөн өдрүүдэд баахан Ерөнхий сайд болох кандидат таамаглан нэрлэж хэтэвчий нь ухаж, хөнжлийг нь сөхлөө. Харин нэг л хүний нэр үзэгдсэнгүй. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгох гэнэтийн нэр. Гэхдээ харамсалтай нь өнгөрсөн өдрүүдэд мөлжиж, мэрээд байсан Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын аль нь ч биш. Бас өрсөлдөгчгүй ч биш юм. Энэ бол Цэндийн Мөнх-Оргил. УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан, Гадаад харилцааны сайд асан. Хамгийн хар толбо нь “Долоон сарын нэгний хэрэг” гэж түүхэнд үлдсэн таван хүний амьтай холбоотой асуудал мөн боловч хуулийн байгууллага шалгадгаа шалгаад, ном сэлт болгоод түүхэнд үлдээчихсэн болохоор үүнд ямар хариулт хэлэхээ тэр өөрөө мэднэ. Түүнээс юу хүсэн хүлээхээ ч Ерөнхийлөгч, МАН-ынхан, сонгогчид мэднэ.

Яагаад Ц.Мөнх-Оргил гэж? Юуны өмнө Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх гэсэн монголжуу, товч хариу хэлье. Цааш нь зөгнөл зохиовол Төрийн тэргүүнээр Сүхбаатарынхан залгамжилна ч гэж хошигнож болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг МАХН-д элсэж байхад арваад жил намын ажил хийчихсэн хэзээний улстөрч болчихсон байсан. Харин Ц.Мөнх-Оргил насаар ч, төрийн албаар ч түүнд ахархах бүрэн эрхтэй.

Ц.Мөнх-Оргил УИХ-д дөрвөн удаа сонгогдож, ХЗДХ-ийн сайдаар хоёр удаа, Гадаад харилцааны сайдаар мөн хоёр удаа томилогдон ажилласан байдаг юм. Тэд 2004-2006 онд, Ц.Элбэгдоржийн Засгийн газарт У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар ажиллаж байлаа гэж. 2008-2012 онд Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн байлаа. У.Хүрэлсүх МАН-ын генсек байв. 2016-2017 онд, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт У.Хүрэлсүх Шадар сайд, Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар дахин нэг танхимд ажиллаж байгаад У.Хүрэлсүх намаа ч, танхимаа ч “унагаан удирдаж” өнөөдөр хэн болсныг та бид мэднэ. Ийм л холбоостой. Ер нь Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайд MCS гэдэг гурван үсэгтэй компанитай ямар нэг байдлаар холбоотой байх болов уу гэсэн таамаглал байсан. MCS, Энержи ресурс, Ухаа худаг энэ бүхнээс асар холгүй л кандидат байгаа биз дээ. Ийм хүний нэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхээр ёстой л сэмжиндээ ороох шахан нууцалж байгаа юм байх. Гэхдээ мэдээж өрсөлдөгчтэй.


Ерөнхийлөгчийн санал болгосон нэр, намтрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ индрээс уншиж танилцуулна. Энэ бол зайлшгүй хийгдэх ажил. Харин өрсөлдөгч байх ёстой гэдэг үүднээс танхимаас Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлэх магадлал өндөр байна. УИХ-ын сонгуульд МАН-ыг дараалан ялуулсан намын дарга, генсек нарын хувиар МАН-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын экс генсек Д.Амарбаясгалан нар ийм аргаар Ерөнхийлөгчийн санал болгож буй нэр дэвшигчийг сөрөх буюу соёлтойгоор татгалзахаар шийдсэн бололтой. 

Ингээд намын гишүүд экс, эдүгээгийн дарга нарынхаа удирдлага дор саналаа багцлаад Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдаар томиллоо гэхэд урьдчилан таамаглаж буйгаар ердөө ирэх аравдугаар сар гэхэд л түүний Засгийн газар огцрох магадлалтай. Г.Тэмүүлэнд мэдээж халгүй. Хөрөг зурагаа Төрийн ордны 3-р давхарт гялс өлгөчихөөд гараад алхчихна. Үүний дараа яана гээч? Хоёр хөрвөөсөн Засгийн газрыг тогтворжуулж өгөөч гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг урилгаар энэ удаагийн парламентын гурав дахь Ерөнхий сайдаар томилох болов уу. “Өлмий дээрээ хэр удаан зогсох вэ дээ” гэгчээр Д.Амарбаясгалан энэ саналаас хэдэн удаа татгалзах вэ дээ. Тавин нас хүрэхээсээ өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэх CV-тэйгээр хожмын өдөр, нас нь хүрэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд яагаад ялагдана гэж?

 “Хөзөр болчихоод” байгаагаа ч мэдээгүй Г.Тэмүүлэн сүүлийн өдрүүдэд намынхаа Их, Бага хурлын гишүүдэд өөрийг нь дэмжихийг хүссэн мессеж ирүүлж буй гэх яриа бий ч хэдийгээр ҮАБЗ-ийн гишүүн болчихоогүй байгаа ч эрхэм улстөрчийн захидал харилцааны нууцад халдах боломжгүй. Тэр өөрөө ч намайг худлаа бичлээ гэж нотлох аргагүй.  

Ингээд миний бие хошигнон жиргэсэнчлэн, Г.Тэмүүлэн Ерөнхий сайд болбол Тэмүгийн бараа шиг үзэмжтэй, гоё, бас бэлэгтэй, гол нь удаан эдэлгээгүй. Гадаадаас айлчин гийчин олонтой зуны гурван сард залуухан, хөөрхөн, смартлаг Ерөнхий сайдаараа гоёод, намар гэхэд усны шувуудтай хамт үдээд УИХ-ын даргаа “тушаал буулгаж” Ерөнхий сайд болгоно. Ёрлож байгаа ч юм биш энэхүү “Завсрын Засгийн газар” яасан ч 2028 оны сонгууль хүртэл тэсэхгүй. Тэр тусмаа Г.Тэмүүлэн “ядуу ардын” хүү биш ээ. Түүний аав Ч.Ганзориг 2000-2004 онд Үйлдвэр, худалдааны сайдаар, 2004-2007 онд Сангийн дэд сайд, 2007-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. “Жаст” групп, Өмнөд Африкийн “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээний хэрэг гэгч таван жил үргэлжлэн шалгагдаж эцэст нь батлан даалтын гэрээг Ш.Батхүү нь Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган хуурамчаар үйлдсэн болж таараад ял эдэлсэн. Харин Ч.Ганзориг 48 цаг саатуулагдаад суллагдсан билээ. Харамсалтай нь “Стандарт” банкинд төлөх өрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан. Ийм амархан.

Хүү нь хайртай эмэгтэйдээ 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн гэх шалтгаанаар Ерөнхий сайдаа огцруулсан. Оронд нь Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 51 сая ам.долларын хохирол төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрээс төлүүлчихсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Үйлдвэр худалдааны сайд, Сангийн дэд сайд асангийн хүүг томилох нь хэр оновчтой юм бол? Хэдийгээр аавын хэрэг хүүд хамаагүй гэх боловч хүүгийн бөгжөөр аавыг огцруулж болж л байна шүү дээ.

Энэ нь ч дүүрч. Хамгийн гол нь УИХ-ын сонгуульд 68 суудал авч дангаараа Засгийн газар байгуулах эрхээ сонгогчдоос авсан боловч тогтвортой ажиллах үүднээс улс төрийн бусад намыг хамтарсан Засгийн газартаа урьж ажиллуулсан боловч намын дотоод хямрал, хагарлаас үүдэн Засгийн газраа задалчихлаа. Тэгэхээр нэгэн парламентын хугацаанд хоёр байтугай огцрох Засгийн газартай, тогтворгүй улс төртэй Монголын төртэй том төслүүд дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах, урт хугацааны яриа хэлэлцээр хийх улс орон өнөөдрийн цаг үед олдохгүй л болов уу. Тэгэхээр тогтвортой Засгийн газартайгаар, гадна талдаа зөв харагдах, дотроо бодлогоо цэгцэлж үргэлжлүүлж чадах тэр Ерөнхий сайд нь Ц.Мөнх-Оргил л болж таараад байна, миний бодлоор. 

                                                                                                                                                            2025.06.07