Монгол маягийн “октябрийн хувьсгал”
Монгол маягийн “октябрийн хувьсгал”
"Г.Занданшатарын" аравдугаар сар
Гомбожавын Занданшатар гэдэг хүн 2025 оны аравдугаар сард Ерөнхий сайдаас огцорч үзээд, буцаад томилогдож үзлээ. Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаас эхлээд намынх нь өвөө, эмээ нар, эмэгтэйчүүд, эгээтэй л намын гишүүдийнх нь хүүхдүүд хэвлэлийн хурал хийлгэж өмөөрсөнгүй. Том юм аа. Хэд хоног сайхан амарчихаад инээд алдаад орж ирээд ажлаа хийнэ дээ. Түүнийг буруутгах ч гэсэнгүй, өмөөрөх ч гэсэнгүй. Огцруулах үндэслэл нь үндэсний хэдэн ААН-д маань хэрэгтэй АМНАТ-тай холбоотой тогтоол байсан юм шүү дээ. Үр дүнд нь үүдээ барьсан уул уурхайн хэдэн компани өндийж магад. Г.Занданшатар бол хэзээ ч, яасан ч огцрохгүй хамгаалалттай гэж ойлгож болохгүй. Үндэслэл нь “гоё” байгаад, Үндсэн хуулиа зөрчихгүйгээр асуудлаа тавибал болно шүү дээ. Огцордоггүй Ерөнхий сайд гэж юу байх вэ. Гэхдээ хэн хохирсон бэ гэдгийг бодоорой. Халаа сэлгээний халтар хултар мэдээнүүд ч дүүрч, “олгой хагаравч тогоондоо” юм даа. Нэг намынхан олонх болчихоод, нэг жилийн дотор хоёр Засгийн газар аваад хаячихсан гэхээр улс төрийн тогтвортой байдлын хувьд ямар байх вэ?
Гэтэл эдийн засгийн үзүүлэлтүүд нь цойлоод байдаг? Зээлжих зэрэгллийг нь үнэлэхдээ Засгийн газрын бодлогыг нь магтаад, алт, зэсний үнэ өсөхийн хэрээр АМНАТ-ын шийдвэрийг зэрэгцүүлж зарлаж байсан нь Засгийн газар өөрөө биш, гадны шинжээч, ажиглагчид, үнэлгээний агентлагууд. Монголын улстөрчид олонхийн намын даргын сонгууль нь болох гээд АМНАТ-тай холбоотой бодлогын шийдвэрт нэг компанийг хардаад гэж гаднынхан ойлгохгүй. Эмнэлгээс таавчиктай гарсан эхийг өрөвдөөд Засгийн газраа огцруулдаг, эсвэл ирээдүйд бэр болох бүсгүйнхээ диорын түрийвчтэй зурагны эвлүүлэг, хүүгийнхээ унадаг машины зурагуудаас болж Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гомдоод огцруулдаг зэргийг бусад улс орон тэр бүр ойлгохгүй. Бид л тултал хариуцлага тооцоод авлигатай тэмцээд “алаад байна” гэж хөөрөөд байгаа юм л даа.
Харин бодлогын шийдвэрээс болж Ерөнхий сайдаа огцруулах гэтэл нэг л болж өгөхгүй байсан. Ингээд хонон өнжин чуулганы танхимаа эзэмдэж байгаад ирцээ хадгалаад, тэр ирцэн дээрээ маргаашийн хэдийг нь нэмээд арайхийн амьтай амьгүй 71 санал хүргэж Үндсэн хууль зөрчин огцруулсныг “Төрөөрөө тоглолоо” гэхээс зөөлнөөр юу гэх билээ? Монгол Улс Үндсэн хуулийн шүүхтэй. Тэр нь хуралдаад шийдвэрээ гаргахаар үг сүггүй хэрэгжих ёстой байтал хууль тогтоогчид нь “Одоо бид наад шийдвэрийг чинь хэлэлцэнэ” л гэнэ. Эсвэл “Тогтоол биш, дүгнэлт юм чинь шийдвэр биш л гэнэ”. Бүр болохгүй болохоор нь “Хэдүүлээ Цэцийн гишүүдийг эгүүлэн татчихъя” л гэнэ.
Бид ер нь ямар аймаар, сармагчингаас дор ухамсартай төр дээрээ залсан юм бэ дээ. За ингээд төрөөрөө тоглосон хар өдрүүд өнгөрч, Ерөнхий сайд нь хэд хоног “гадаа” байж байгаад орж ирж ажлаа хийх юм даг уу даа. Дахиад хэлье, огцруулж болно оо. Гоё огцруул.
“Живсэн" онгоцны ахмад ухаантай байж гэмээнэ аврах хантааз олж авах байлгүй дээ, Д.Амарбаясгалаан...
Дараагийн хэсэг. Дашзэгвийн Амарбаясгалан хэсэг эморч байснаа хэн нэгэн үл бүтэх зөвлөхийнхөө үгэнд ороод огло үсрээд өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын ажлаа өгчихлөө. Хэдэн нүүдлийн цаадахыг хэрхэн харсан болоод ийм алхам хийсэн юм бол? Эсвэл нүдэнд үл үзэгдэх дарамт, шахалт байв уу? Ямар ч байсан түүнээс нэхээд байгаа Бортээгийн уурхай нь яасан юм бэ? Нүүрсгүй болчихсон юм уу? Нүүрсийг нь УИХ-ын дарга нь кармаалаад явчихсан уу гээд үзтэл байрандаа л байж байна. Энэ яадаг уурхай болоод хүн амины хэрэгт гүтгүүлээд, нүүрсний хулгайч болов? Тэр уурхайд нь 793 сая тонн сул коксжих ангиллын нүүрс байгаа, өндөр үнслэгтэй нүүрсийг баяжуулж худалдан авалтын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, харин хялбар баяжигдах нүүрсийг нь ус ашиглахгүй баяжуулчихна. Ингэснээр тээвэрлэлтийн зардлыг 50 хувь бууруулна, жил бүр төсөвт 30-аад тэрбум төгрөг татвар хураамжид төвлөрүүлнэ, 200-аад ажлын байр бий болгоно. Ингээд л болоо. Байдаг л төсөл. Энүүнд чинь УИХ-ын даргаас нь хөөж байгаад нүүрсний уурхайгаа аваад багш, эмчийнхээ цалинг нэмнэ гэж ард иргэдээ уурлуулах ямар хэрэг байна аа? Үр дүнд нь яав? “Эмо” Д.Амарбаясгалан УИХ-ын сул гишүүн боллоо. Гэмт хэрэгтэн байсан бол УИХ-ын даргын албан тушаалтай, тушаалгүй УИХ-ын гишүүнээс нь огцруулж байгаад шалгана. Түүнийг би өмөөрөх гээгүй шүү.
Дахиад хэлье, “нүүрсний хулгайч” болгож болно оо. Нүүрсний “буянд” үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал илэрсэн үү? Орлогоос нь давсан зарлага гарч уу? Энэ талаас нь шалгаж болно. Ийм л байна. Тэрбээр улстөрч “улайссан”, “улангассан” байна лээ шүү. Ийм үед алдаа гаргах нь элбэг. Гэхдээ журмын нөхдөө “хонгилдуулж” яваа өмнөөс нь өмөрч, шархирч явааг нь ойлгодог ч “Живсэн онгоцны ахмад ухаантай байж гэмээнэ аврах хантааз олж авах байлгүй дээ л гэж бодож сууна.
Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын муу дарга, Д.Амарбаясгалангийн сайн найз юм байна
Энэ дунд юу гарч ирэв? УИХ маань яажшуухан хууль, тогтоомж батлаад байдаг юм бэ дээ? Тэр ирц, саналын будилаанаас харахад бараг анх удаа чуулган хуралдаж байгаа юм шиг, өөрсдийнхөө үйл ажиллагааны тухай хуулийг мэддэггүй, ямар хуулиар хамгаалуулдагаа, ямар хуулиар “зайлуулагдахаа”, юу болно, болохгүйгээ огт мэддэггүй юм байна шүү дээ. Сүүлийн хэдэн өдөр л улаан, ногооноор тодруулж байгаад утсан дээрээсээ ухаад байгаа харагдана. УИХ-ын Тамгын газрын дарга гэж төр, ард иргэдэд овоо тоогдож явсан залуу. Хашиж явсан албан тушаалуудаас нь хараад их итгэж явлаа. Хамтын ажиллагаатай байдаг. Гэхдээ шулуухан хэлье. Энэ удаагийн муухай үйл явдлын дараа “Б.Баасандорж та УИХ-ын Тамгын газрын хамгийн муу дарга байна. Д.Амарбаясгалангийн шалгарсан сайн найз нь юм байна” л гэж ойлголоо.
Х.Булгантуяа “Монголын улстөрч эрчүүд ямар аймшигтайг” илчиллээ
Харин хамгийн айхавтар халуун тамд унасанаа ч мэдэрч амжаагүй яваа Х.Булгантуяа гишүүний хувьд “Монголын улстөрч эрчүүд ямар аймшигтай” болохыг харуулж өглөө. Тэр хатуу эмэгтэй. Магадгүй цээжээрээ хамгаалсаар хохирч ч мэднэ. Дийлэнх эмэгтэйчүүдээс гардаг л зан. Харин шүүхийг хуурах эсэхийг нь харж л байя. Х.Булгантуяа гэж хэнсэн билээ? Одоогоос 12 жилийн өмнө, 32-хон настай, залуухан, даруухан бүсгүй энэ том намд нарийн бичгийн даргаар томилогдсон мөчөөс нь олон нийт түүнийг мэр сэр мэдэх болсон. Гадаадад сурч боловсорч ирээд "Оюутолгой"-гоос ажлын гараагаа эхэлсэн, "Петровис" компанид хэлтсийн даргаар ажилласан гэдгээр нь анх улс төрийн салбарын босгоор алхахад нь Д.Оюунхорол, О.Содбилэг нартай нэлээд харддаг байсан санагдана.
Үе үе МАН-ын доторх эмэгтэйчүүдийн талаарх элдэв шивнээн дунд хамгийн түрүүнд нэр нь цохиж явдаг нь амжилттай нь ч, ажилтай нь ч холбоотой биз. Лав л муур, могой зэрэгхэнээс дээш зэрэглэлийн “амитан”-тай зүйрлэдэг юм билээ. Аав, ээж нь сэхээтэн, өөрөө онц сурлагатан, Ейлийн их сургуулийг төгссөн, Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай, тогтсон сайхан гэр бүлтэй, МАН-ын босгоор алхсан эмэгтэйд өөлөх өө сэв даанч байсангүй. Арван хоёр жил улс төрд зүтгэхдээ түүний орлого айхавтар донсолгоотой нэмэгдэж эзнээ хардуулсангүй. Харин нэг содон юм бий. Тэр анх энэ намын нарийн бичгийн дарга болж байхдаа манай сонины тоймч Г.Отгонжаргалд ярилцлага өгсөн юм. Отгоо маань тэр үеийн олон залуусыг нээж, танилцуулсан даа.
Ингээд сонины шаргал хуудаснаа 12 жилийн өмнө юу гэж ярьж байсныг нь эргэн дурсахад соньхон байлаа...Эш татъя: Тэрбээр “Тони Блейрийн хүүхэдтэй хамт сурдаг байснаар дурсаж, найзынх нь аав хүүхдэдээ төгсөлтийнх нь баяраар ирээд “Энэ сургуулийг төгссөн хүн өглөө бүр өөрийнхөө амьдралыг бус бусдын амьдралыг бодож сэрэх ёстой. Чи ямар ч үед ажилгүй болж талхны мөнгөгүй болохгүй. Чамд энэ сургууль ийм боломж, нэр хүнд олгосон” гэснийг онцолжээ. Тийм ээ, нээрээ тэр сургуулийн төгсөгч учраас Х.Булгантуяа маань сайн сайхан яваа. Харин юу дутлаа гэж хуулийн хулгай, хуйвалдаанд нэр, гар холбогдож, Үндсэн хуулиа зөрчив дөө. Би хувьдаа түүнийг мэдэхгүйгээр хийсэн гэж огт бодохгүй байна. “Улс төр бол хар тамхи” гэж тэр өөрөө хэлж байж. Мэддэг байж. Нялуурч зусардах нь байтугай гар барьж байсан удаагүй болохоор Х.Булгантуяадаа л харамсаж байна. Бас Монголын улстөрч эрчүүдийн хэрхэхийг хамтдаа харцгаая.
Энэ өвөл их хүйтрэх төлөвтэй гэнэ. Намар ч жихүүн байна, урт бөгөөд налгар байна. Гуравхан сая хүнтэй улс орон, ганцхан жилийн дотор төрөөрөө яаж тоглодгийг олон удаа бүү харуулаасай. Ард иргэд бидний амьдралд төрийн зөв бодлого, эдийн засгийн үр нөлөө чухал болохоос та нарын сандал суудлын хэрүүл бол зүгээр л хоолны дараах дессерт төдий хүртээлгүй бөгөөд сониучирхаад өнгөрдөг зүйл. Хамгийн гол нь бие биедээ хайртай байгаарай. Төрийн ордон дотор амиа алдсан нэрт улстөрчийг хэн хөнөөсөн нь одоо болтол олдоогүй л байгаа шүү.