Өмнөх нийтлэл:

МОНГОЛ УЛСЫН 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ГАДААД БОДЛОГО, TYYHИЙ ОНЦЛОГ (1)
МОНГОЛ УЛСЫН 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ГАДААД БОДЛОГО, TYYHИЙ ОНЦЛОГ (2) 


Энэхүү цуврал нийтлэлийг зөвхөн ноён Х.Баттулгад зориулаагүй, түүний халааг авах 6 дахь Ерөнхийлөгчид зориулж бичиж байгааг хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого залгамж шинжтэй, зөв эхлэлийг зөв өвлөх гэдэг утгаар дараагийн шинэ Төрийн тэргүүнд хүрэх болтугай!

Хэдийгээр өнөөдөр ард иргэддээ дуурсагдахгүй байгаа боловч ноён Ц.Элбэгдорж өөрөө 2014 оны хавар санаачилж, намар хэрэгжүүлж эхлүүлсэн гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын механизмыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол санаачилга нь Монголоос байсан боловч гурван талаас гаргасан хүч чармайлтын бодит үр дүн байлаа. Гурван талын хамтын ажиллагааны механизмыг нэгэнтээ төлөвшүүлж бүрдүүлж чаджээ. Гурвалсан дээд хэмжээний уулзалтууд ямагт ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын хуралдааны үеэр тохиож хэвшлээ. 2014-2019 онд 5 удаа уулзжээ. 2020 онд цар тахлын бодит хүчин зүйлээс болж энэ уулзалт хойшилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт цахимаар явагдсан. 

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч нь ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор 2018 онд Хятадын Циндао хотыг зорихдоо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын  Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалт, 2019 онд Киргизстаны нийслэл Бишкек хотноо5 дахь удаагийн уулзалтад оролцсон. Энэхүү чухал гурван талт механизмыг хэр чинээндээ ашиглахыг ч зорьсон. 2018 оны уулзалт түүний анхны уулзалт байсны хувьд анхаарал татсан. Түүнд оролцохдоо тэрээр бодлого байр сууриа дараахи байдлаар нэн тодорхой томъёолсноос дор эшлэе.

Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэх. Гурван талын байгуулсан “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай. Хамтарсан механизм бий болж байж гурван талын хооронд уулзалт, мэдээлэл солилцоо идэвхжиж, хэрэгжих явцыг түргэтгэх юм. Нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүд, тухайлбал Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгохын төлөө илүү их идэвх чармайлт гаргахыг уриалж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх саналыг миний бие дэвшүүлж байна. Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой. “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг гурван тал соёрхон баталж, удахгүй хүчин төгөлдөр болж байгаа нь уг замыг ойрын хугацаанд барих таатай нөхцөл бүрдүүлнэ хэмээн итгэж байна. Цаашид Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн нарийвчилсан судалгаа хийх, эдийн засгийн үндэслэлийг сайтар боловсруулах үүднээс Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулахыг яаравчлах нь зүйтэй гэж үздэгээ дашрамд илэрхийлье.

Хоёрдугаарт, гурван талт хамтын ажиллагааны бусад чиглэл, механизмын тухайд. Цаашид гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэлийг хангах хүрээнд гурван улсын Тээврийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэд бүтцийн төслүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой тус механизмыг тогтмолжуулах саналтай байна. Аялал жуулчлал нь гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой салбар бөгөөд Цайны замыг сэргээх тал дээр гурван тал анхаарч байгаад баяртай байна. 2019 онд болох “Silk Way” авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх асуудалд хоёр хөршийн тэргүүн анхаарал хандуулж өгнө үү гэж хүсье. Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг орос, хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна гэжээ.

“Нэг бүс–Нэг зам”-ын  бүтээн байгуулалт гурвалсан хамтын ажиллагааны нэг гол тулгуур байх болно гэдэгт Монголын тал итгэдэг. Хоёр хөршийн санал болгосноор, “Нэг бүс–Нэг зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд Оросын хөгжлийн стратеги, ялангуяа Европ, Азийг сундалсан их замын бүтээн байгуулалт, Монголын “Хөгжлийн зам” санаачилгыг энэ  гол шугам дээр харилцан холбож, хөрш орны газар зүйн давуу талыг оновчтой ашиглах, тэгснээрээ үе шаттайгаар хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Хаяа нийлсэн газар зүйн хүчин зүйл нь тэр чигээрээ давуу тал болно. Эдийн засгийн даяаршил, бүс нутгийн интегралчлал гүнзгийрч буй өнөөгийн цаг үед гурван тал хамтран харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх, хөгжлөө нэгтгэх үр өгөөжтэй замыг сонгож, хөрш гурван улсын гурвалсан хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой хэмээн Хятадын удирдагч өөрөө ярьсан байдаг.  

Хоёр хөрштэй тогтоосон манай эдийн засаг-худалдааны харилцаа нөгөө хоёр хөршийн өвөр хоорондын худалдаа-бизнесийн харилцаанаас ихээхэн хамааралтай, өөрөөр хэлбэл тэр хоёр улс манайхыг алгасан худалдаа арилжаа хийж байсан ч Монголд ямар нэг үлдэцтэй байх ёстой гэж үзсэн Төрийн тэргүүн бол ноён Х.Баттулга өөрөө юм. Түүний ярьснаас:– Хятадын цэвэр усны компани Оросын Дорноос цэвэр ус савлаад, Хятад руугаа экспортолж байна. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн судалж байгаад эндээс яаж ашигтайг нь авах вэ гэдгийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж, хувийн компаниуд ч идэвхтэй ажиллах хэрэгтэй. 

Эдүгээ Монгол, Орос, Хятадын хувьд улс төрийн итгэлцэл, иж бүрэн стратегийн түншлэл эрх зүйн хувьд бүрэн баталгаажсан. Ийм бат бөх суурин дээр хамтын ажиллагааны гол  гол төслийг ахиулах, тэгснээрээ бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлж, гурван улсын эдийн засгийн хонгилын хөтөлбөрөө хэрэгжүүлэх л үлдлээ.

Тав. Гуравдагч хөршүүдтэй

Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь хоёр хөрштөө баригдаад гурван талын харилцаандаа түүртээд өрнөдийн ардчилсан түншүүдээ орхичихсон мэт сэтгэгдэл монголчуудын дунд мэр сэр цухалздаг. “Элбэгдоржийн гадаад бодлогын үнэт өвийг орхигдуулсан” гэх шүүмжлэл ч АН-ын дарга нарын зүгээс ганц нэг удаа хэлэгдсэн.

Анхандаа ийм сэтгэгдэл төрүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй. 2017-2018 онд Орос руу түлхүү анхаарч, ШХАБ-д жинхлэх хэрэгтэй хэмээн ярьж, тэр нь Монголын нийгэмд сенсаац дэгдээснийг гуравдагч хөршөө үл тоолоо гэж үзэхэд арай ч хөнгөднө, хэтрүүлэг болно хэмээн би тухайн үед нь тэмдэглэж, харин ч сөргүүлж бичиж байсансан. 

Газар нутгийн хувьд Азид байрладаг, том утгаараа глобал геополитикийн өнцгөөс авч үзвэл Монгол нь Ази-Номхон далайн бүс нутгийн улс юм. Манай улсын нэг онцлог бол Европын улсуудтай Оросоор хиллэдэг, Азийн орнуудтай Хятадаар хиллэдэг. НҮБ-ын гишүүнбараг бүх улс оронтой дипломат харилцаатай. Гадаад харилцааны жин нөлөөг нь авч үзвэл Монгол нь дэлхийн ба бүс нутгийн улс төрийн бодлого тодорхойлоход жолдох боловч давуу тал олонтой. Дипломат харилцаа тогтоосон улс орны зөвхөн тоон үзүүлэлтээс гадна дэлхийн хоёр том гүрэн Орос, Хятадын дунд оршдог,тэр хэрээрээ олон улсын анхаарлын төвд байх магадлал өндөр. Тоталитари, хагас тоталитари дэглэмтэй хоёр гүрний дунд ардчиллын тугч болж яваа нь экзотик үзэгдэл мөнөөсөө мөн. Түүндээ эрхбиш үнэнч явна. Хоёр хөрштэй эн тэнцүү иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. АНУ, Япон, Энэтхэгтэй стратегийн түншлэлийн харилцаатай.  Газар зүйн байрлал ба дээрхи давуу тал, онцлогийг ашиглаж гадаад харилцаагаа өргөжүүлэхэд тус нэмэр хүргэх нь ноён Х.Баттулгын бодлогын нэг онцлог байв.

Тэрээр Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал уулзалтад (Дорнын эдийн засгийн форум) Монгол Улс төрийн тэргүүний түвшинд гурван удаа угсраагаар оролцсон рекордыг тогтоогоод байна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн томхон төслүүдээ тэнд танилцуулж, гарц боломж бүрийг ашиглахыг зорьсон. Хоёр талын айлчлал хийж, зардал чирэгдэл, хөл болохгүйгээр иймэрхүү чуулга уулзалтын индрийг ашиглаж болно гэдгийг ноён Х.Баттулга харуулж чадсан. 2017, 2018 онд Дорнын эдийн засгийн форумын үед Японы Ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа, хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бүр тодорхой салбарыг хөндөж ярьж байв. Японы дэмжлэгээр ноос, ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал, Нарны гүүр гэх мэт олон том бүтээн байгуулалт хийгдсэн нь монголчуудад ихээхэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байсныг онцлон тэмдэглэсэн. Монголд аж үйлдвэр хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн салбарт Японтой ойр дотно хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллах санал тавьсан. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хариуд нь батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ болон Зүүн хойд Азийн бүс нутаг түүний дотор Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах санал тавьсан. Япон улсын Засгийн газраас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж Монгол Улс далайд гарцтай болох, эдийн засгийн харилцаагаа тэнцвэржүүлж, тэлэх бодлого баримталж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж байсныг эргэж санах нь зөв биз ээ.

2017 онд Монгол Улс-БНСУ-ын хоёр Ерөнхийлөгчийн уулзалт дээр ноён Мүн Жэ Ин хэлэхдээ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бизнесийн салбараас төрсөн улс төрч, УИХ-ын гишүүн, хоёр удаа сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд ажлаа амжилттай хийнэ гэж итгэж байна. Ялангуяа авлигатай тэмцэх, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна гэжээ. Мөн тэрээр “Монгол Улс, БНСУ-ын хооронд хэл, түүх, газар зүйн хувьд ижил төстэй зүйлс байдаг учраас ах дүүс гэж боддог. Монголоос олон хүн БНСУ-д ажиллаж, амьдарч Солонгосын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа. Бидний уулзалт хоёр орны харилцааг улам хөгжүүлэх сайхан уулзалт болоосой гэж хүсч байна” гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэлжээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсч байв.

Дээр жишээ болгож хоёр уулзалтаас эшлэв. Энэчлэн Дорнын эдийн засгийн форумд асуудал дэвшүүлж хөөцөлдсөн сэдэв мундахгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох, бүс нутаг дахь оролцоогоо нэмэгдүүлэх, тодорхой ярьвал манай том боломж гэгддэг хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох саналаа ч бүс нутгийнхаа орнуудад хүргэж байв. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ-тай хамтран ажиллахаас гадна эдгээрийг нэгтгэж, Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлж ярилцжээ. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний нийлүүлэгч болох манай саналын хариуд БНСУ нааштайгаар хүлээж авч буйгаа илэрхийлсэн. 

Коксжсон нүүрсний гурван том хэрэглэгч манай бүс нутагт байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улс. Харин хажууд нь байгаа бидэнд нүүрс нь байна. Гашуунсухайтаар гарч буй нүүрс зөвхөн нэг худалдан авагчтай учраас бид дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй. БНСУ, Японд эцсийн хэрэглэгчид очиж буй нэг киловатт эрчим хүч 20 цент. Харин манай улсын нийлүүлэх эрчим хүч хамгийн ихдээ 15, цаашилбал 10 цент байх боломжтой. Учир нь Хятадын эрчим хүчний компани 1000-1500 орчим км-т нийлүүлэхэд алдагдалгүй байх шугамын технологи нээсэн. Өөрөөр хэлбэл, 1000 км-т 1.2 киловаттын алдагдалтай байх технологи юм хэмээн 5 дахь Ерөнхийлөгч өөрөө ярьсан байдаг.

Энд зориуд тэмдэглэхэд, гуравдагч хөрштэй тогтоосон харилцааны түүхэнд Монгол-Америк, Монгол-Япон, Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцаа ноён Х.Баттулгын өнгөн дээр ил тодоор бичигдэн үлдэж байна. Монгол Улсын гадаад бодлогын нэн чухал тулгуур болох өрнө, дорнын тэргүүлэх чиглэлийн улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгох зорилт 2018-2019 онд амжилттай хэрэгжлээ. АНУ-тай стратегийн түншлэл тогтоохоор ажилласан, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааг АНУ-тай 2018 онд тунхагласнаа жил хүрэлгүйгээр 2019 оны зун Стратегийн түншлэлээ зарлаж чадлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д 2018 оны намар хийсэн албан ёсны айлчлалын тухай Хамтарсан мэдэгдэлд АНУ-ыг “чухал гуравдагч хөрш”, “дотнын анд”, “чухал түнш орон” хэмээн бүр нэрлэсэн байгаа нь улс төрийн гүн агуулга бүхий дүгнэлт гэж ойлговол зохилтой.

Японтой XXI зууны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг урагшлуулах чиглэлээр ажилласаар, анхлан 2010 онд үндсэн зорилгоосоо давж Стратегийн түншлэлд хүрсэн бол 2018 онд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоохоор ажиллаж байгаа Японы үйл ажиллагааг дэмжсэн хамтарсан мэдэгдэл гаргасан. Монгол, Японы улс төрийн дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь бүү хэл улам ойртуулах чиглэлээр ажиллаж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ш.Абэ нар дээд хэмжээнд тогтмол уулзаж байв. Ерөнхий сайд ч хоёр дараалан Японд айлчилсан. 

-Үргэлжлэл бий