“Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав гэдэг зураач зурсан” гэх ойлголт Монгол даяар нэвт тарсан, түүнд зон олноороо итгэсэн. Тэгэлгүй ч яах билээ, нийтэд тэгээд ойлгуулчихсан юм чинь. Алдарт “Монголын нэг өдөр” уран зургийг Шарав зурсан, Монголын анхны маркийг Шарав зурсан, анхны мөнгөн тэмдэгтийг бас Шарав зурсан. Богд хаан, Ленин багшийн хөргийг тэр бас зурсан. Сонин сэтгүүл, ном судар, хувьсгалын ухуулах хуудсууд... ерөөс тухайн үеийн бүх зургийг Марзан Шарав л “зурсан” гэдэг!

Энэ баримтыг арай өөр өнцгөөс харвал, бүтэн 100 гаруй жил завсар зайгүй ухуулсаар, XX зууны эхний хагаст түүнээс өөр зураач Монголд байгаагүй юм шиг ойлголтыг ард түмэнд өгчихсөн мэт санагдана. Уг нь тэр үед Жүгдэр, Сономцэрэн, Цэнд, Хасгомбо, Г.Дорж, Лодой лам, Дамба зэрэг авьяас чадалтай, нэр алдартай олон зураач Монголд байсан юм сан. Тэднээс гадна авдар сав эрээлдэг доод зиндааны монгол, төвөд, хятад урчууд ч цөөнгүй, тэр ч байтугай нэг австри зураач байсан баримт бий. 

Би бээр 1983 онд маркийн зураач болтлоо бусдын л адил, Монголын анхны маркуудыг Марзан Шарав зурсан гэдэг ойлголттой явсан билээ. Маркийн зураач болоод л тэдгээр маркийг анхааралтай ажиж эхэлсэн. 

Надад төрсөн хамгийн анхны эргэлзээ бол Шаравын зурсан гэх, 1924 онд хэвлэгдсэн Монголын анхны марк болох “Очирт”-ын ур хийц 1926 оны хавар, өвөл гарсан хоёр өөр дизайнтай “Соёмбот” маркуудаас илт өөр байсан явдал юм. Нэг хүн ганц хоёрхон жилийн зөрөөтэй зурсан гээд байдаг. Гэтэл харьцуулаад харахад тэр гурван маркийг хоёр, магадгүй гурван өөр хүн зурсан байж болзошгүй байдаг! Илт тодорхой энэ ялгааг олж харахын тулд заавал зураач байх албагүй. Зөвхөн тэдгээр маркийг харьцуулаад үзэхэд хангалттай!



Тэгвэл Монголын анхны маркийг хэн, хоёр, гурав дахийг нь хэн зурсан байх вэ? гэсэн асуулт толгойд өчнөөн эргэлдэвч түүнийгээ цааш нь ухаж төнхье ч гэж бодсонгүй өдий хүрчээ. Үүнийг тодруулах зорилгоор миний бие 2021 оны 6 дугаар сарын 13-нд фэйсбүүкт “Монголын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү?” гэсэн гарчигтай бичвэр оруулсан бөгөөд үүнээс уламжлан 2021 оны 7 дугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д сэтгүүлч Д.Гансаруултай хийсэн “Монголын анхны “Очирт”, “Соёмбот” маркуудыг “Марзан” Шарав зурсан гэдэг ч хоёр өөр хүн зурсан байх магадлалтай” гэсэн гарчигтай ярилцлага минь хэвлэгдсэн юм.

Эдгээрийг уншсан цөөнгүй хүн санал бодлоо хэлсний дотор 1993-1997 онд “Монгол шуудан” компанийн Ерөнхий захирал байсан Намсрайн Төмөрхүү 2022 оны 3 дугаар сард надтай ярихдаа “Шарав зураач манай анхны маркийг зурсан гэдэг нь үнэн юм байна лээ. Мандалын Бат-Очир марканд “Очир” зурахыг санал болгож, зурж бүтээсний хөлсийг төлсөн тухай архивын бичиг баримт байдаг юм байна билээ шүү! Айхтар таталсан бичиг байсан болохоор би уншиж чадаагүй ч хуучин монгол бичиг сайн уншдаг нэг хүнээр уншуулсан...” гэсэн нь анхаарал татаж билээ. Гэвч тэрхүү баримтыг гартаа барьж, нүдээрээ үзээгүй тул одоохондоо “магадгүй” гэж хэлье дээ.

Тэгвэл ийм нэгэн сонирхолтой баримт гараад ирлээ.  

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр нийгмийн сүлжээнд: 

“Монгол марк цуглуулж байгаа хүмүүсийн заавал олж авч судалж үзэх нэн чухал номуудын нэг бол Wolfgang C.Hellrigl-ийн “Монгол шуудангийн түүх. 1841-1941” ном билээ. 

...Тэгээд нөгөө номоо сонирхоод харж суутал нэгэн сонирхолтой баримт олж харав байна. 1924 онд гаргасан Монголын анхны Элдэв-Очиртой маркийн эх загвар зургийг Австрийн зураач Лотар Шонуэр (Lothar Schonauer) бүтээсэн гэсэн мэдээлэл олж үзлээ. Дэлхийн I дайнд Австри-Унгарын армийн бүрэлдэхүүнд байлдаж яваад, оросуудад олзлогдсон хүн юм даг уу даа. Тэгээд Сибирьт хорих лагерьт хоригдож байхад нь Орос оронд хувьсгал гарч, тэр үймээнийг далимдуулан оргон Монголд ирээд, хэсэг хугацаанд гэрэл зурагчин, арилжааны зураач маягаар амь зууж байх үедээ зурсан гэх юм... Яах аргагүй сонирхолтой хувилбар. Манайд ч бас Марзан Шарав гэх мэтийн хувилбарууд байдаг. Судлан үзэж, нэг мөр болгомоор” гэж бичжээ. Сонирхолтой баримт, нягтлууштай л өнцөг.

Эршүүдийн Отгонбаяр гэдэг надтай амьдай, зураач, куратор, урлаг судлаач залуу “Монголын Урлаг” (Mongolische Kunst) сайтад 2021 оны 12 дугаар сарын 27-нд бичиж, 2022 оны 1 дүгээр сарын 6-нд “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн “Монголын сүүлчийн хааны ордны зураач Марзан Шарав” хэмээх арав гаруй жилийн  судалгааныхаа үр дүнг эмхэтгэсэн нийтлэлдээ “...”Элдэв-Очир” нэртэй Монгол Улсын шуудангийн анхны маркийг урласан нь 1924 оны 7 дугаар дугаар сарын 1-нд хэрэглээнд гарсан байна” гэж бичсэн бол, зураач Шаравын уран бүтээлийг 46 дахь жилдээ судалж яваа гэх “Марзан Шарав хишигтэн” ТББ-ын тэргүүн, зураач, барималч, сийлбэрч Ч.Хишигчулуун 2020 оны 5 дугаар сарын 29-ний “Өдрийн сонин”, 2023 оны 3 дугаар сарын 6-ны “Өнөөдөр” сонинд өгсөн “Жил улирах тусам “Марзан” Шарав биднээс холдсоор байх уу” зэрэг ярилцлагадаа түүнийг анхны марк зурсан гэж ярьжээ.

Дээрх гурван эрхмийн байр суурийг би хүндэлж байна. Онцгойлон, энэ талаар судалгааны ажил хийж байгаад нь зураач хоёр анддаа талархаж байна. Энэ бол үнэхээр судлах ёстой асуудал мөн. Харин энэ асуудлыг олон жил судалж байгаа тэдний хэн нь ч, мөн ахмад урлаг судлаач, доктор Л.Батчулуун гуай ч Н.Төмөрхүү гуайн ярьсан баримтыг гаргаж ирсэнгүй. 

Эршүүдийн Отгонбаяр мэргэжлийн урлаг судлаач, архивт суудаг хүний хувьд судалгааны ажлыг баримтаар нотолдог гэдэг академик алтан зарчмыг мэдэх л учиртай. Тэрбээр “…Манайхны зарим хүмүүс бусдын хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэх, амны зоргоор дэгдсэн цуу ярианд итгэх, дураараа таамаглах зэрэг сул талтай. Зураач Б.Шаравын бүтээлийг өөрийн гарын үсэг байдаггүй гэдгээр нь далимдуулан үгүйсгэх, өөр уран бүтээлчдэд хамруулан үзэх гэсэн оролдлогууд маш олон байдаг. Архивт сууж үзээгүй, гурван ном дуустал нь уншаагүй хүний үгээр үг хийж явдаг ийм хүмүүстэй олон удаа таарч явлаа...” гэж бичсэн нь цаагуураа намайг түншин, зэмлэсэн бололтой. Энэ ч яах вэ, байх л асуудал. Харин би түүнээс “Арваад жил архивт суухдаа анхны монгол маркийг Марзан Шарав зурсныг нотлох баттай баримт олсон уу?” гэж асуумаар байна. Ингэснээр зөвхөн анхны маркийн талаарх эргэлзээг бүрмөсөн цэглэхээс гадна Монголын орчин үеийн дүрслэх урлагийн эхэн үеийн учир нь олддоггүй олон будилааныг тайлах эхлэлийг ч тавьж мэднэ. Ийм алтан боломжийг урлаг судлаач, тэр тусмаа залуу хүн алдалгүй барьж авбал тун сайн сан.

Анхны монгол маркуудтай адилхан “Марзан Шарав зурсан” гэх уран зургууд дээр ч бөөн эргэлзээ төрдөг, “Хэн зурсан юм бол?” гэдэг асуулт гардаг. Алдарт “Монголын нэг өдөр” зургийн эх дээр түүний гарын үсэг байдаггүй шиг санагдана. Би лав хайгаад олоогүй. Зураачид, урлаг судлаачид, дүрслэх урлагт ойр болон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ажиллаж байсан зарим хүмүүсээс асуухад бас олж хараагүй байдаг. 

Тухайн үед шашны гүн сүсэг бишрэлтэй, бурхан бүтээдэг зураачид “нүгэл” хэмээн цээрлэж,  зурган дээрээ нэрээ бичдэггүй хатуу дэгтэй байж. Ганц манай Монголд биш, Европ дахинд ч ийм байсан. Сэргэн мандалтын үеэс хойш буюу ХVI-ХVII зууны үеэс шашны мухар сүсгээс ангижирсан Европын “эсэргүү” зураачид бүтээл дээрээ нэрээ бичиж эхэлжээ. Гэхдээ манай Монголын зураачид энэ ёсыг ХХ зууны эхэн үед ч үнэнчээр сахиж байсан бололтой. Бурхан урлаачид бүтээлийнхээ ард тамгаа дардаг нэг ёс бий. 

Энэ талаар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Урлаг судлалын ухааны доктор Ням-Осорын Цүлтэм гуай “Сүүлийн үед Марзан Шарав их л нэрд гарчихсанаас, үнэндээ том уран бүтээлч биш байсан болов уу гэж боддог. “Монголын нэг өдөр”-ийг түүний нэртэй холбож ярих юм. Би хувьдаа Шарав гуайн бүтээл гэхэд сайн итгэдэггүй”  гэж Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, зураач, урлаг судлаач  Ж.Саруулбуянд хэлж байсныг тэрбээр 2017 онд бичсэн “Марзан Шаравын шинээр олдсон нэгэн бүтээлийн тухай” гэдэг эрдэм шинжилгээний бүтээлдээ тэмдэглэн үлдээж. 

Belfast-aas гэж хаяглаж, нэрээ бичээгүй нэгэн зураач нийгмийн сүлжээнд:

“Марзан Шарав “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” зэрэг бүтээлийг зураагүй гэсэн хувилбар, таамаг бас явдаг. Тэр үеийн Богдын Ногоон ордны мастерууд болох Гэндэндамба, Жүгдэр зэрэг зураачид байсан. 

Гэндэндамба, Жүгдэр, Цагаан Жамба нарын бүтээлүүд бол онцгой. Манай нэрт урлаг судлаач Дашбалдан багш амьд сэрүүндээ энэ тухай ярьж байсныг одоо тод санаж байна. 

Нээрэн хожим мэргэжлийн нүдээр харахад рисункийн маш зөрөөтэй шинж ажиглагддаг. Рисунк бол зураачийг таних хамгийн энгийн арга шүү дээ. Энэ талаар лавшруулан судлах нь зүй” гэж бичжээ. 

Нэрээ бичээгүй зураачийн нэрлэсэн Д.Дашбалдан багш бол тухайн цагийн Монголын тэргүүлэх урлаг судлаачдын нэг юм. Тэрбээр үзэл суртлын урлаг судлаачдаас эрс ялгардаг, өөрийн гэсэн байр суурьтай  хүн байв. Энэ дүгнэлтийг олж уншаад би хувьдаа их баярласан. Хэдийгээр Д.Дашбалдантай танил, тэр ч байтугай хамтран ажиллаж байсан ч түүнээс энэ эргэлзээтэй асуултаа асуугаагүй өнгөрөөчихсөндөө харамсаад бардаггүй юм. 

Тэгэхээр “Монголын нэг өдөр”-ийг Марзан Шарав зурсан” гэдэгт манай урдаа барьдаг хоёр том урлаг судлаач эргэлздэг байж.

Цааш нь ухаад бодохоор “Шаравын” ч гэдэг, бас “Петроградын” ч гэдэг нэрээр алдаршсан ур чадвар тааруу, “аймаар” ухуулах хуудсууд, ном сонин сэтгүүлийн зургуудыг хэн зурсан бэ? гэдэг асуулт ургана. Эдгээрийг Хэвлэлийн хороонд ажиллаж байсан монгол, орос, мөн дээр нэр дурдсан австри зураач зэрэг олон зураач оролцсон нэг баг хамтлаг бүтээсэн болов уу даа. Гэтэл ур чадварын хувьд ийм илэрхий зөрөөтэй зургуудыг Шарав гэдэг нэг л хүн зурсан гээд овоолоод байдаг нь хэр бодитой вэ? Энэ талаар зураачид, урлаг судлаачидтай ярихад “бүгдийг Шарав зурсан” гэдэг тодорхойлолтод бараг цөмөөрөө эргэлздэг. Хэрэв тэр “аймаар” гэж тодорхойлоод байгаа хувьсгалын ухуулах хуудсуудыг зурсан зураач нь Шарав мөн бол ур чадвар тун тааруухан зураач байж. Эсрэгээрээ, хэрэв алдарт “Монголын нэг өдөр”-ийг зурсан нь үнэн бол тэр ёстой гайхалтай зураач байж! Одоо хүртэл нийгмийн болон хувь хүмүүсийн ой санамжинд амь бөхтэй оршсоор байгаа “Марзан Шарав” гэдэг зураачийн ийм хоёрдмол дүр миний хувьд тодроод байна даа. 

Эндээс улбаалаад надад юу бодогддог гээч! Манай улаан хувьсгалчид Зөвлөлт Орос, Коминтерний заавраар ядуу малчин ард гаралтай, ойр зуурын гарын дүйтэй, доорд зиндааны лам байгаад Ардын хувьсгалын үзэл санааг талархан дэмжсэн зураг зурдаг нэг “товарищийг” гайхамшигт зураачийн дүрд тодруулчихсан юм биш биз гэх эргэлзээ төрдөг. Тэрнийг нь “Өглөө” кинон дээр гайхамшигтай харуулж чадсан. Тэр кинонд гардаг Шарав гэдэг ядуу лам Сүхбаатар жанжны хүсэлтээр Ленин багшийн хөргийг зурж өгсөн гоё дүр монголчууд бидний ой санамжид бат суусан, маш үнэмшилтэй. Тэд ийм хиймэл “товарищ”- баатрууд тодруулахдаа гарамгай! (Энд би кино бүтээгчдийг муулах гэсэнгүй, харин ч үнэмштэл бүтээснийг нь магтмаар байна).

Пионер Павел Морозов, цэрэг Александр Матрасов, уурхайчин Стаханов... тэр ч байтугай Сталин өөрөө өөрийгөө хиймэл дүр гэдгээ хэлж байгаа кино ч байдаг. Коммунистууд аллага хядлагын мастер Ленин, Сталиныг ариун явдалт, их багш болгож хувиргаж чаддаг хүмүүс шүү дээ! Тиймдээ ч “коммунистууд бол гарамгай химичид. Тэд алтыг баас болгож чадна, баасыг ч алт болгож чадна” гэсэн онигоо бий! Тэгэхээр коммунистууд Шарав гэдэг хувьсгалчийг Монголын дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчийн дүрд “тоглуулж”, тухайн цагт зурсан бүтээсэн бүгдийг нь сайнтай муутай нь хамаад Марзан Шарав дээр овоолчихсон юм биш биз! 

Маркийн тухай яриандаа эргээд оръё. 

Энэ 2024 онд монгол маркийн 100 жилийн ой болно. Гэтэл ХХI зууны бидний монголчууд нөгөө л нүүдэлчний хэнэггүй зан, тоомжиргүй сэтгэлгээгээрээ анхныхаа маркуудын, тэр ч байтугай харьцангуй саяхны 1960, 1970-аад оны маркийн зураачдаа ч албан ёсоор бүрэн гүйцэд тодруулаагүй л байна! 

Түүх бичлэгийн тал дээр, жишээ нь амьдран сууж буй Англи орноороо жишээлэхэд анхны маркаа зурсан хүн байтугай, анхны марканд юу дүрслэн зурахыг санал болгосон хүнээ ч тэмдэглэн үлдээжээ. 

Зориуд онцлоход энэ бичвэртээ өчүүхэн миний бие Шарав гэдэг зураач анхны маркийг зураагүй гэж үгүйсгэх гэсэнгүй! “Монголын нэг өдөр”-ийг ч, хувьсгалын зурагт хуудсууд, ном сонин сэтгүүлүүдийн зургуудыг зураагүй ч гэж хэлээгүй. Тэр аль нэгийг нь зурсан байж таарна. Тэгвэл яг алийг нь зурсан бол? Энэ талаар ямар нэг баталгаа байгаа эсэхэд л эргэлзээд байгаа юм! Хэрэвзээ, аль нэгнийг нь Марзан Шарав зурсан нь баримтаар нотлогдвол бусад зурагт дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ. 

Ийнхүү эргэлзээнд даруулаад байж байтал 2023 оны намар нийгмийн сүлжээгээр түгээгдсэн Purev Dolgorjav зураачийн постоос нэн сонирхолтой ярилцлага олж уншлаа. 

Purev Dolgorjav нь Б.Шаравын мэндэлсний 120 жилийн ойд зориулж, 1989 оны 5 дугаар сард хэвлэгдсэн нэгэн сонины “Мартагдашгүй үйлстэн” буланд гарсан Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваа гуайн дурсамжийг нийтэлжээ. Түүнээс  эш татвал:

“...Хэвлэлийн хороо 1925 онд шинэ байранд нүүж ирэх үед Шанхай хотоос ирсэн таван зураач ажиллах болжээ. Хунз, Лю Жи Мин нар зураач, төмрийн сийлбэрч, Хо Ван Лю нь цайрын тасагт Чин Бо До ажиллаж байв. Эдгээр зураачид нь ихэвчлэн чулуун барын аргаар зураг чимэглэл хийдэг...”.

Хэрвээ энэ баримтыг үнэн хэмээн үзвэл, дараах таамаглал дэвшүүлж болно.  

Манай анхны “Очирт” маркийг чулуун барын аргаар 1924 онд Шанхайд (?) хэвлүүлжээ. Дээр нэр дурдсан зураачдын баг манай анхны маркийг Шанхайд хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх ажлыг гардсан байх өндөр магадлалтай санагдана. Тиймээс манай тал хойтон жил нь эдгээр хүмүүсийг мэргэжилтнээр урьж, хоёр дахь марк болох “Соёмбот”-оо хийлгэсэн байж болох юм. 

Эсхүл манайхан өөрсдөө бие даан, маркаа чулуун бараар хэвлэх аргыг сурч авахаар Шанхайн тэдгээр мэргэжилтнийг урьж ажиллуулсан юм болов уу? Хэрэв Марзан Шарав эдгээр “Соёмбот” маркийг зурсан бол Шанхайн мэргэжилтнүүдээс чулуун барын аргыг заалган сурсан байх магадлалтай. 

Дурсамжид дурдсанаар, Л.Гаваа гуай “...Хэвлэлийн хороонд анх удаа чулуун барын аргыг дэлгэрүүлж, суралцсан хүн (Шарав) юм… Шарав өөрөө бол ...Кудрин багш надад чулуун барын аргыг заасан…” гэж ярьжээ. 

Тэрбээр Шанхай хотоос таван зураач ирсэн гэсэн атлаа дөрвөн хятад хүнийг нэрлэж. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр, тав дахь мэргэжилтэн орос зураач нь Шаравт чулуун барын аргыг яг гардан заасан багш байж болох юм. Нөгөө дөрвөн хятад зураач нь хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх ажилд тусалсан болов уу. Магадгүй энэ Кудрин гэгч мэргэжилтэн Шанхайд амьдарч, ажиллаж байсан орос хүн байх. 1917 онд Орос оронд гарсан Октябрийн хувьсгалын дараа олон орос хүн Хятадын Харбин болон Шанхай хотод цагаачлан гарсан байдаг,  тэдний нэг биз. 

Гэхдээ Л.Гаваа гуайн ярилцлагад Марзан Шаравын марк зурсан тухай үг, үсэг алга хэдий ч “улсын мөнгөн тэмдэгт, сугалаа мэтийн маш ярвигтай чимэглэл... зурж байхыг харсан” гэж дурдсан байна. 

Хэрэв тийм бол марк зурсан байх үндэслэл бас бий болж байна. Тэгэхдээ нэг зүйлийг анхаараарай. Түрүүн дурдсан баримт бол арваад насны жаахан хүүхдийн хагас зуун жилийн дараах дурсамж гэдгийг!

Марзан Шаравын уран бүтээлд Шанхай-Хуажин барил ажиглагдавч голдуу төвөд зургийн шинжийг ашигласан тал нь дийлэнх болов уу.  “Очирт” марк бол иймэрхүү загварын марк юм. Тэгэхээр үнэн ч юм шиг. Гэхдээ л баримтаар нотлох хэрэгтэй!

Түүний нэрээр хаяглаж явдаг энэ олон эрээвэр хураавар зургуудыг алт гууль, ус тосоор нь ялгах “Шарав судлал” гэдэг хорхой хүрэм судалгааны талбар байгааг эрдэм ухаан төгс, эрч хүчтэй залуу урлаг судлаачдадаа дуулгаад, энэхүү хэсгээ өндөрлөе!


 Тодын Отгонбаяр.  (Лондон зураач)                                                      2026.05.20