УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр буюу 2020.10.21-ний хуралдаанааргурван том зээлийн хэлэлцээрийг дэмжлээ. Үүнд Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврогийн төслийн дэмжлэг, техник туслалцаа, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхүүлээр болов. “Үлэмж” олонхийн парламент дэмжих нь гарцаагүй. 

Дээрх зээлийн хэлэлцээрээс өндөр үнийн дүнтэйгээрээ ч, “Ковид-19” вирусээр овоглосноороо ч Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас авч буй 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл анхаарал татаж байна. 

“Монголд хэрэгжүүлж буй коронавирусийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгож байгаа” гэсэн тайлбартай, 16 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 3 жил чөлөөлж, 0,25 хувийн хүүтэй олгогдох 100 сая ам.доллар! 

“Монгол Улсын эдийн засгийн аюул "Ковид-19"-ийн нэр дор яваад байна”

Улсын Ерөнхий сайд асан, Сангийн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр энэ үгийг хэллээ. Айхавтар бөгөөд оносон үг! Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр бол “Коронавирус гарч байх үед дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд, санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах бодлого барьж ажилласан. Цагийг нь тулгаж, өндөр хүүтэй бонд авах, арилжааны банкнаас зээлж авах сөрөг нөлөө үүсч магадгүй гэж гэрээ хэлцэл хийж байгаа. Энэ гэрээ УИХ-аар батлагдсаны дараа энэ ондоо багтаад авах боломж бий. Зориулалт нь төсвийн дэмжлэг байдлаар ашиглана. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээ” гэв. Бараг л “Оны өмнөх төсвийн алдагдлаа нөхнө” гэсэнтэй адил утгатай байгаа биз? Төсвийн алдагдлаа нөхчихлөө гэж бодъё. Коронавирус гарсаар байгаа шүү дээ, Ч.Хүрэлбаатар сайд аа?! Я.Содбаатар сайдаас асуу даа. Дуусчихсан юм шиг яриад байгаа нь сонин байна? 

Муугаар бодож эрсдлээ тооцоод Коронавирус эрчимжвэл яах вэ? Яг зориулалтаар нь буюу Коронавиурст л зориулж 16 жил буюу “дөрвөн парламентын хугацаа” дамнан төлөх зээл авчихлаа гэж итгэхгүй байна. Ер нь Коронавирусын эсрэг юу хийх гэж энэ зээлийг авч байгаа төлөвлөгөө төсвийн задаргааг бид нэхэх ёстой. Тэгж байж хяналтаа тавина, төлөлцөнө. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Монгол Улсын эдийн засгийн аюул "Ковид-19"-ийн нэр дор яваад байна”. Энэ аймаар үг шүү. УИХ-ын ажил эхэлснээс хойш 353 сая ам.долларын зээл авсан байгааг тэр хэлсэн. Цаашаа хэрхэн үргэлжлэх вэ. Энэ бол “Увсын” хоёрын асуудал биш, Улсын эдийн засгийн Аюулгүй байдлын асуудал. Яагаад? 

Гурван улсын хэлэлцээрээс Монгол хожоогүй. Монгол хожих уу?

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр буюу 2016 оны зургадугаар сарын 23-ндгурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. 

Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тэр үед Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн“Эдийн засгийн коридорын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг талууд дэвшүүлсэн. Зөвхөн Хятадын зүгээс 190 гаруй санал оруулж ирснээс Монголын талд ашигтай гэж үзсэн 32-ыг сонгосон хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2018 оны есдүгээр сард Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо хооронд “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулав. Үүгээр дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцах Ажлын хэсгийг гурван улс байгуулсан бөгөөд ажлын хэсгийн дарга нар нь Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга болж таарав. Энэ гурван дарга уулзаж байсан удаагүй. 

Дахиад хоёр жил өнгөрлөө. Манай улсад юу өөрчлөгдөв? Өнөөх Эдийн засгийн коридорын хөтөлбөрт дэд бүтцийн чиглэлээр хамгийн олон буюу 13 төсөл байдаг. Гэтэл энэ 13 төсөл дотроос 3 төслийн хэрэгжилт хангалтгүй, бусад 10 нь тодорхой хэмжээнд ахицтай урагшилжээ. Дэлхийн банкнаас гаргадаг Ложистикийн гүйцэтгэлийн индексээр (LPI) Монгол Улс 2018 онд нийт 163 орноос 133-т орсон, энэ нь өмнөх 2016 оны 108 дугаар байрнаас ухарсан үзүүлэлт юм. Монголд ашигтай байна уу? Монгол ялж чадав уу?

Монгол Улсын гадаад худалдааны нийт хэмжээ 2016-2019 онд 67 хувиар өссөний шалтгааныг Хятадтай хийж буй худалдаа, нүүрсний экспорт нэмэгдсэн гэдгээс өөрөөр тайлбарлах аргагүй. Оростой хийж буй худалдаа дорвитой нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл гурван талын хамтын ажиллагааны үр дүнгээс Монгол хожсонгүй.

Эдийн засгийн коридорын тухай хэлэлцээрт дэд бүтэц, ложистикийн чиглэлээрээ хаанаас яаж санхүүжихийг “зааж өгсөн”, баталчихсан. Ингэхдээ “Коридорын төсөл, арга хэмжээнүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэл, мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс, түүний дотор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан, Азийн хөгжлийн банк, БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк, ШХАБ-ын Банкны нэгдэл зэрэг санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. 

Одоо хэрэгжүүлж байгаа санхүүжилтийг харахаар “Монгол Улсын төсөв, Олон улсын санхүүгийн байгууллага: АХБ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хятадын банк: Экспорт, импортын банк, Хятадын хөнгөлөлттэй зээл, тусламж гэсэн төрлөөр хэрэгжиж байна. Үүнээс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны санхүүжилт ийнхүү орж ирж эхэлж байна. Гэхдээ ложистикоор, дэд бүтцээр, санхүүжилт нь гацаад байгаа төмөр замын барилгын ажлын санхүүжилтээр биш Ковид-19 цар тахлаар овоглож орж ирэх бололтой. Үүнийг УИХ хэрхэн шийдэхийг хүлээж байна. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ба Монгол

АДБХОБ долоон настай. Анх 2013 оны аравдугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин олон улсад анх зарласан даруйдаа Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох саналыг тавьсан юм.Хамт санал авса орнуудыг анзаараарай. Монгол Улсын Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, банкны үүсгэн байгуулагчаар оролцох ажлыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосон. Үүний дагуу АДБХОБ-ийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бай­даг. Хэлэлцээрийн үр дүнд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгосноор Элчин сайд аравдугаар сарын 24-нд гарын үсэг зурсан байдаг. 

Цаашилбал, АДБХОБ-ийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжсэн байдаг.

Ингээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо АДБХОБ үүсгэн байгуулах хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус баримтаа аравдугаар сарын 7-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцэж, аравдугаар сарын 8-ны өдрийн ээлжит УИХ-аар соёрхон баталлаа. Энэхүү соёрхон баталсан баримт бичгээ БНХАУ-ын Засгийн газарт хүргүүлсэн гэдэг. 

Монгол гэдэг гишүүн орны тус банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ бүс нутгийн бусад орныхоос харьцангуй бага буюу нийт 41.14 сая ам.доллар “хийж” 0.3013%-ийн саналын эрхтэй оролцох болсон гэх мэдээг анх орох үед СЯ-наас мэдээлэл өгч байв. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө! Ковидын эсрэг 100 сая ам.доллараар! Төмөр зам барих уу?

Ямартай ч Монгол Улс АДБХОБ-нд геополитик, стратегийн л ач холбогдолтой түнш байж болох юм. Учир нь Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хэмээх тус тусын бодлогоо Монгол, Орос, Хятад гурван тал хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр 2016 онд тохиролцсон билээ. Үүний дагуу эдийн засгийн коридорын хөтөлбөр байгуулагдсан. Зарим нэг чиглэл өөрчлөгдөж ямар боомтын төмөр замыг яаралтай барих, алийг гацаах зэргээр адармаатай асуудал бий.

АДБХОБ “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг 10 тэрбум ам.доллараар санхүүжүүлэхээр хөтөлбөр баталж өнгөрсөн дөрөвдүгээр сараас гишүүн орнууддаа олгож эхэлсэн гэсэн мэдээ харлаа. Манай улс гишүүн орон мөн. Харин ямар орнуудтай хамт, ямар утгатай зээл авахыг УИХ мэргэнээр тунгаан шийднэ. Дараа нь 100 сая ам.доллар ямар хугацаанд, хэдэн үе шаттай, аль банкуудаар, ямар нөхцлөөр дамжиж байрших нь бараг л “Монголын улс төрийн” зарчмаар шийдэгдээд Ерөнхийлөгчийн сонгуультай уралдан олгогдох биз. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө! Ковидын эсрэг 100 сая ам.доллараар! Төмөр зам барих уу? Ийм хардлага биелэлээ оллоо гэхэд хэн хяналт тавих вэ? Асуудал яаж ч муугаар эргэсэн 16 жил үргэлжлэх цар тахал биш байх, харин 16 жил төлөх зээл үлдэж таарах нь. Нэг л өдөр, нэг л сиймхийгээр гарын үсэг зуралцаад зээлийн нөхцөл өөрчлөгдөх вий гэдгийг хянаж явахгүй бол зээл бол “цалам”. “Цалам”-ыг цаг тоолон хүлээдэг эрх баригчдаар удирдуулж байгаагаа бүү март! “Өнөөдөр” АДБХОБ-ны 100 сая ам.долларын зээлийг авахыг зөвшөөрөх УИХ “маргааш” ШХАБ-т “Үгүй” гэж хэлж чадах уу?