МОНГОЛ СЭРДЭГ МОРИН ЖИЛ
Морин жил морилон ирж буйг тохиолдуулан морьтон монголын түүхийг сөхөж, шинэ цагийн өнгийг шинжихийг хичээв.
Морь хэмээх капитал
“Монголын нууц товчоон”-д өгүүлэхээр, Тэмүжин Тайчуудын гараас амь мөлтөс зугатаж ирсний дараа барааны газар байсан найман шарга агтыг нь дээрэмчид тууж одно. Тэмүжин тэдний араас дарги хонгор морио унан мөшгиж яваад хожмын анд Боорчутай таарна. Боорчу өөрийн адууг бэлчээрт нь орхиод Тэмүжиний адууг эрэлцэхээр амь дүйсэн аянд явна. Ононгийн шугуйг бараадан анчин, түүвэрчин аж ахуйгаар далдалж явсан Тэмүүжиний амьдралд энэ эрлээс хойш эрс эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд гарч, тал нутгийн залуу баатрууд түүнийг хүрээлж эхэлсэн билээ.
Энэ аянаас Наху баяны хүү Боорчу, Тэмүжин хоёрын хооронд эрчүүдийн гүдэсхэн нөхөрлөлөөс гадна ашиг сонирхолын холбоо үүссэн байх боломжтой. Нууц товчоонд өгүүлсэнчлэн, “Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж байсан” учраас Наху баян мэтийн тал нутгийн хөрөнгөтнүүд дайн самуунаас залхаж байсан нь лав. Ийм учраас идэр залуу, амбицтай, өндөр угсаатай Тэмүүжинд хөрөнгө оруулж, гар газар, хөл хөсөр цаг үеийг авчирхыг хүсчээ. Мэдээж хэрэг суут баатар Тэмүүжин хүмүүст сэтгэгдэл төрүүлж байсан нь лав. Наху баяны тулгуур хөрөнгө мэдээж адуу. Боорчу Тэмүжинтэй нөхөрлөхөөр ирсэн нь Тэмүжиний амбицтай шинэ төсөлд нэгдэж, хөрөнгө оруулсан хэрэг. Түүний араас Урианхайн Жарчиудай дархан хүү Зэлмэгээ дагуулан ирнэ. Технологи хөрөнгийг дагадаг. Хэнд адуу буй түүнд хурд буй, хэнд хурд буй түүнд хүч буй. Нууц товчооны зохиогч Тэмүүжинг хүчээ олон, улсыг байгуулах хүртэл адууг зөрчлийн нэгэн гол хүчин зүйл болгон ашигласан нь тал нутгийн хууль, тэр үеийн дэлхий ертөнцийн хүчний зүй тогтлыг сайтар ойлгосны шинж байв. Морин дэл дээр, морины капиталд эхэлсэн энэ нөхөрлөл хожим дэлхийн тавиланг өөрчилсөн билээ.
Адуутай анд барилдсан нь
Адууг бидний өвөг дээдэс анх гаршуулаагүйг шинжлэх ухаан нотолсон. 2021 онд Францын палеогенетикч Людовик Орландо тэргүүтэй судлаачдын хийсэн геномын судалгаа, Ижил-Дон мөрний хөндийд 4200 жилийн өмнө анх адууг гаршуулсан гэх дүгнэлтэнд хүрсэн билээ. Гэхдээ энэ нээлтэнд дух атируулж, хөмсөг буулгаад хэрэггүй юм. Ижилийн тэгш талаас олон зүгт тарсан адууны соёлыг төгс төгөлдөр хөгжүүлсэн хүмүүс бол бидний өвөг дээдэс. Үүнийг Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэн Уильям Тейлор, манай урдаа барьдаг археологичдын нэг Ж.Баярсайхан болон судлаач Т.Түвшинжаргалтай хамтран хийсэн судалгаа батлаад удаагүй байна.
Алдарт “Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ийн тэтгэлгээр монгол нутаг дахь Буган хөшөө - Хиргисүүрийн цогцолбороос олдсон адууны дурсгалууд дээр хийсэн судалгааны үр дүнд адууны толгойн ясны олдвор дахь шүднүүд амгай зуусны ул мөрийг тээж байснаас гадна нүүдэлчид адууны шүдийг авч эмчилж байсныг тогтоосон юм. 3000 жилийн өмнө манай өвөг дээдэс адууг өнөөдрийнхөөс ялгаагүй унаж, хэрэглэж байсан нь одоохондоо дэлхийн рекорд. Энэ рекорд цаашид уртасна уу гэхээс өөр газар бууриа сэлгэхгүй биз ээ.
Судлаач Энтони Тэйлор, “Мал эмнэлгийн тусламж үйлчилгээг өрнийн шинжлэх ухааны ололт гэж ойлгож ирсэн. Гэтэл бидний судалгааны үр дүнгээс харахад адууны анатомийг гүнзгий танин мэдэж, адууг хайрлан өсгөдөг уламжлал Хятад эсвэл Газар дундын тэнгисийн суурин иргэншилд бус ахуй амьдрал нь адууныхаа эрүүл мэндээс шууд хамааралтай байсан нүүдэлчдийн дунд тэднээс олон зууны өмнө анх үүсч, хөгжсөн байна” гэж “Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ийн сурвалжлагчид ярьжээ.
Адуу гэдэг амьтан үгүй бол Монголчууд хэд хэдэн эзэнт гүрэн байгуулах байтугай төв Азийн энэ хатуу ширүүн уур амьсгалтай тэгш өндөрлөгт өнөөдрийг хүртэл тэсэж амьдрахгүй байжээ. Адуу биднийг төсөөлснөөс маань ч хол аялуулсан анд нөхөр ажгуу.
Морин дэл дээр түгсэн “Сарны тоолол”
Үүх түүх дэлгэж суух хооронд, могой жилийн сүүл шувтарч, морин жил төвөргөн айсуй. Монголын түүх бол морин дэл дээр бичсэн түүх. Энэ түүхийг хэмжих сарны тоололын тухай гэвч бас түүх ярилгүй болохгүй нь. Хүн төрөлхтний хамаг ололтыг өмчлөөд зогсохгүй, шавар балгадаа хүртэл ертөнцийг төв гэж зүрхлэн бодож ирсэн манай мөнхийн хөршүүд сарны тоололыг ч өөрсөддөө хамаатуулдаг. Гэтэл Францын домогт хятад судлаач Эдуард Шаманн энэ ойлголтыг хятадын өөрсдийнх нь түүхэн тэмдэглэлээс эшлэн үгүйсгэсэн билээ. Монголын тал нутагт оршин байсан түрүү үеийн түрэгүүд он тоололдоо амьтны нэр ашиглаж буйг хятадын түүх бичээчид “Бэйши” буюу Умардын улсуудын тухай бичмэлдээ гайхан тэмдэглэсэн бөгөөд судлаач үүнээс үүдэн он тоололын системийг хятадууд нүүдэлчдээс авсан гэж үзсэн байна.
Гэхдээ Бархасбадь гараг нарыг бүтэн тойрох мөчлөг дээр суурилсан 12 хуваагдал бүхий хийсвэр системийг хятадууд Христийн тоололоос хоёр зууны өмнө хулсанд тэмдэглэлдээ бичсэн бөгөөд, торгоны замын эзэн согдууд болон бидний өвөг дээдэс он тоололын энэ ажиглалтыг нь илүү прагматик утгаар өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн гэх хувилбар арай илүү голтой гэдэг дээр дэлхийн эрдэмтэд эдүгээ толгой дохижээ.
Тэгэхээр бидний өвөг дээдэс дорнын сарны тооллыг төгөлдөржүүлж, монгол морьны туурай хүрсэн газар бүхэнд түгээн дэлгэрүүлсэн түүхтэй ажээ. Хүннүгээс улбаатай язгуурын төр, Их Монгол улсын “Их засаг” хуульд ертөнц захирагдаж, монгол хаадын цаг тоолол соёл иргэншлийн хилийг дамнан үйлчилж байсан учраас л сарны тоолол торгоны замын тоосонд тээгдсэн дорнын сонин уламжлалаас хальж, дэлхийн тоолол болсон нь үнэн.
Морь ярих туульс
Хятадууд Хүннүгээс эхлээд бидний өвөг дээдсийн тухай асар их мэдээлэл цуглуулж, тэмдэглэн үлдээсний дотор моринд хамгаас их ач холбогдол өгнө. Морины им тамга, цэрэгт хэрэглэх боломжтой хэдэн агттай зэрэг тагнуулын мэдээнүүдээ дурайтал бичиж үлдээжээ. Энэ нь аргагүй. Хань Улсын Хуанди Лю Бон Хүннүгийн Модунь Шаньюгийн 40 түмэн морин цэрэгт 7 хоног бүслэгдэж, амь гарахын эрхэнд хэлсэн бүх шаардлагыг нь зөвшөөрөн бууж өгсөн гутамшигт түүхийг тэд өөрсдөө бичин үлдээжээ. Иймээс хятадууд адуу үржүүлэх боломжтой умард нутгаараа олон түмэн адуу үржүүлэх аж ахуй байгуулжээ. Морь ийнхүү стратегийн зэвсэг болов. Бидний өвөг дээдэс ч хөршөө хүчирхэгжихийг хараад суусангүй. Үе үе уулгалан довтолж, үй түмэн адуу тууж ирдэг байсан нь түүхнээ үлджээ.
Жангарын туульд олон түмэн адуу олзлон тууж ирсэн тухай иймэрхүү өгүүлэмж асар олон байдгийг ажигласан Шинжааны торгууд эрдэмтэн Батмөнхийн Батжаргал нэн сонирхолтой дүгнэлт хийсэн юм. Б.Батжаргал ахай бол эртний хятад хэлтэй, манай түүхчдийн ихэвчлэн орос судлаачдаас дам эшэлдэг байсан хятадын алдарт түүхч Сы Ма Цяний “Түүхэн тэмдэглэл” зэрэг олон хятад эх сурвалжийг монгол хэлнээ орчуулсан хүн. Судлаач Жангарын тууль дахь ноёдын дэс дараалал, төрийн зохион байгуулалтаас эхлээд маш олон зүйл Хүннүгийн тухай хятад тэмдэглэл, түүхэн баримтуудтай дүйцэж байгааг судалж бичсэн юм. Өөрөөр хэлбэл “Жангар” Хүннүтэй чацуу, түүнээс ч эрт үүссэнийг нотлох наад захын нотолгоо. Гэтэл энэ нотолгоо Оросуудын бидэнд бичиж өгсөн, “Жангарын тууль 16 дугаар зуунд үүссэн” гэдэг тодорхойлолттой зөрчилдсөн учраас манай эрдэмтэд Б.Батжаргал гуайд зэрэг өгөлгүй боорлосоор нутаг буцааж санаа амарсан. Алтыг аваад авдарыг нь хаяхын үлгэр ийм.
Туульс бол үндэстэн оршин байсны нотолгоо, үндэсний хэлний нотолгоо билээ. Монгол туульсын гүнд морь нь баатрынхаа гэр бүлийн гишүүнээс ч чухал үүрэгтэй ажгуу. Баатар эхнэрээсээ урьдаар морио олох ёстой. Хүний хэлээр ярих хүлгийнхээ шалгуурыг давсан туульсын баатар гэргийгээ олох дараагийн аянд гардаг дадмал зохиомж бол монгол туульсын онцлог бөлгөө.
Морин сүлдэт Монгол
1991 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Ардын их хурлын танхимд хийсэн зохиолч Д.Дожоодорж агсны тэмдэглэлээс монголчууд гурван мянганы дараа ч морио хэрхэн дээдэлдэг хэвээр үлдсэнийг харж болно. 30 жилийн өмнө олон депутатын хувьд эрх чөлөөгөө олно гэдэг адуугаа чөлөөтэй өсгөх боломж мэт харагдаж байсан нь илт. Улсынхаа сүлдийг шинэчлэн батлахаар хуралдсан депутатууд сүлдэндээ морь оруулах гэж хэчнээн их хичээснийг эндээс харж болно.
109 дүгээр тойргийн депутат С.Лхагвасүрэн, “...Хөдөө явж байхад хөдөомөрчид “ээ дээ хүлэг морио сүлдэндээ үлдээгээрэй гэж захисан...”
44 дүгээр тойргийн депутат Ш.Сүрэнжав, “...Морь, соёмбо хоёроо орхивол монгол заяа орхигдоно... Ер нь ард түмний сэтгэлийн мэдрэмж энэ танхимд байх ёстой шүү...”
274 дүгээр тойргийн депутат Л.Цог-Очир, “Энэ морь чинь бидний алж иддэг, унаж давхидаг тийм морь биш ээ. Цэвэр бэлгэдлийнх байх учраас магадгүй хоёр, гурван толгойтой ч байж болох юм. ”
271 дүгээр тойргийн депутат Ж.Даргахүү, “Морийг сүлдэндээ оруулна. Харин морь далавтай байх уу, эзэнтэй байх уу гэдгийг ярилцъя”
214 дүгээр тойргийн депутат Д.Доржсамбуу, “Элбэгдорж чи үнэхээр хувийн аж ахуйтны холбооны ерөнхийлөгч юм бол морийг сүлдэндээ оруулах талаар ярьж, хөөцөлдөөч...”
Төрийн сүлд зурах шалгаруулалтанд Цагаан давааны хогийн цэг дээр амьдардаг нэр бүхий иргэн хүртэл морь зураад ирж байсан гэж депутат Р.Хатанбаатар дурсчээ. Депутатууд НАХЯ-ны дэргэдэх чуулгын тоглолт үзсэн бөгөөд тэр тоглолтон дээр одоогийн гавьяат Э.Бүрнээбаяр, “Тахийн удамт монгол адуу/Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу” хэмээх алдарт хитээ дуулсан нь депутатуудын бодол санааг бүр ч эргэлт буцалтгүй болгосон гэж депутат Ц.Балдан-Очир сэтгүүлч С.Шийлэгтөмөрт ярьжээ.
Ийнхүү социалист төрийн сүлдэн дэх реалист морь зураач Ц.Ойдовын хийсвэр дүрслэл бүхий абстракт мориор солигдож, морин эрдэнэ маань монгол төрийн сүлдэндээ үлдсэн түүхтэй.
Морьноосоо буусан морин жил
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг Ардчилсан хөдөлгөөнүүд, жагсаалуудыг удирдаж, шаардлага тавьсан эр зоригтой залуусын хүчээр ялсан гэж ярьдаг, боддог нь ердөө нэг хүчин зүйлийг онцолсон дүгнэлт билээ. Монгол хүмүүс дээр монголын удирдагчдын гараар хийсэн социалист туршилт бүтэлгүйтэж, үр ашиггүй эдийн засгийн тогтолцоо ул суурьнаасаа ч, толгой түрүүнээсээ ч ялзарч дуусаад нурж унасан нь хувьсгалч холбоодын гавьяатай дүйцэхүйц “Монголын үнэн” юм.
Системийг төвлөрүүлэгч ЗХУ нуран унаж байсан учраас түүнд хамаг баялагаа хэдэн арав дахин хямдаар нийлүүлчихээд хариуд нь зээл нэртэй амь зогоох татаас авч аж төрж байсан монголын эдийн засаг нуран уначихаад байсан юм. Хэлбэр төдий тусгаар тогтнол оршиж, эдийн засгийг элгээрээ хэвтсэнийг 1988 онд ШУА-ийн Философи, Социологи, Эрхийн хүрээлэнгийн эрдэмтэн Х.Гүндсамбуу анхааруулан бичиж байв. Нэрт судлаачийн бичсэн "БНМАУ-ын улс ардын аж ахуй 1987 онд" илтгэлд социалист эдийн засаг мухардалд орсныг харуулна:
“Ямар ч хамаагүй үнээр биелүүлдэг төлөвлөгөөжилт, асрамжлан бөөцийлөх, бөөцийлүүлэх зуршил, гүйлгээгүй бэлэн бүтээгдэхүүний хийгээд суурилуулаагүй тоног төхөөрөмж, ашиглагдаагүй материалын үлдэгдэлт хуримтлал, мөн үнэ төлбөргүй болон цохолтын хөрөнгө оруулалт, бүтцийн доголдол, тэнцэл ба балансжилтын зөрөө зэрэгт юуны түрүүнд тусгалаа олж байна” тэрээр дүгнэсэн байна. Мэдээж хэрэг эрдэмтний дүгнэлт хавтсанд мартагдаад систем инерцээрээ уруудсаар үлдсэн.
Тухайн үеийн эрх баригч МАХН-ын төв хэвлэл, «Үнэн» сонины 1988 оны № 306 дугаарт социалист эдийн засаг огтоос үр ашигггүй байсныг мөн товч тодорхой бичжээ:
1960 онд улс ардын аж ахуйн үндсэн фонд 3.7 млрд төгрөг байхад хоёр млрд илүү төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэж байсан бол 1987 онд 43.8 млрд төгрөгийн үндсэн фонд эзэмшчихээд найм хүрэхгүй млрд төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэж байв. Товчхондоо 1960 онд 3.7 миллиард зарлага гаргаад 2 миллиардыг олдог байсан бол, 30 жилийн дараа 1990-ээд онд арав дахин ихийг зардаг болсон ч орлого нь ердөө гурав дахин өсөж, эсрэгээрээ улсын өр гэрлийн хурдаас өсжээ. Үр дүнд нь БНМАУ 1990оны цагаан морин жилтэй золгоход Оросод төлөх 11 тэрбум долларын “их өр”-тэй хоцорсон билээ.
Энэ үнэний зах зухаас ардчилсан хөдөлгөөнүүд хэлж, шаардсанаар хувьсгал жам ёсоороо эхэлсэн билээ. Монголчууд боломж гарах төдийд түрхрэн босож, бодлогогүй засаг, худал хуурмаг үзэл суртал, өрөөр амь залгаж, өөрийн бүтээгдэхүүнээ үнэгүйдүүлдэг эдийн засгийн бодлогыг амар тайван замаар сольж чадсан юм.
Морьны сэдвээсээ жаахан хазайтал бүх зүйл гунигтай болчихлоо. Морь унаад капитализмыг алгасаж яваа зурагт хуудас хуучин нийгмийн үед алдартай байв. Тэр морьтон энэ хүртэл харайгаад үнэнд гүйцэгдэж, морьноосоо буужээ. Морь маань харин түүхэн үүргээ гүйцэтгэж, биднийг технологийн эрин үед, эрх чөлөөт нийгэмд хөтлөн оруулаад сүлдэндээ заларсан билээ. Морьтон монгол өөр хурдатгал, өөр хүчин зүйлд найдах ёстой болов.
30 мянга дахин өссөн гурван морин жил
Хуурмаг бодлогод хөтлөгдөж 70 жил явсан монголын эдийн засан Ардчилсан хувьсгалын дараа дэлхийн дэвжээнд бух шарнуудтай хамт болчих тугал шиг байлаа. Цагаан морин жилээс хойш морин жил гурвантаа ирж, хүний амьдралын гурван үе улирхад монгол хүмүүс бүтээж чадна, монголын эдийн засаг бүх шарнуудтай өрсөлдөж чадна гэдгээ нотолж чадсан нь эрх чөлөөний хамгийн том үнэ билээ.
1989 оны эцэст эдийн засагт эргэлдэж байсан нийт мөнгөний нийлүүлэлт ердөө 5.1 тэрбум төгрөг байсан нь өдгөө бол таван даргын дэргэдэх эрдэнэ ЖиДҮ-гийн зээл хэлбэрээр завшчихдаг мөнгө байжээ. Эдүгээ монголын зах зээлд 50 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа нь 1990 оноос 10 мянга дахин өссөн үзүүлэлт. Иргэдийн гадаад валютын хадгаламж 157 сая төгрөгөөс 21.6 их наяд төгрөг болтлоо өссөн нь 30,000 дахин өссөн дүн. Энэ бол цагаан морин жилд монголчуудын хийсэн эрх чөлөөт сонголтын үр дүн бидээ.
Гал морин жилд гал гаргах тоонууд
Макро тоонууд агуу амжилтыг зураглаж байна. Энэ толгой эргэм амжилт нээрээ л бидний толгойг эргүүлжээ. Монголын хөрөнгөтнүүд төрийг ичгүүр сонжуургүйгээр угжих болов. Яг л 1930-аад онд Германы хөрөнгөтнүүд Германы Үндэсний Социалист Ажилчны Намыг угжиж байr Адольф Гитлер хэмээх араатныг төрүүлсэн шиг монголын гол хөрөнгөтнүүд нэг нам, түүнийг тойрсон тойрон хүрээлэгчдийг угжих болсныг 2024 оны сонгуулийн хандивын мэдээ тод харуулсан.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээ 33.0 их наяд төгрөг. Алдагдал нь 2 их наядыг давав. Улсын гадаад өр 2025 оны эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, аравхан жилийн дотор хоёр нугалсан амжилт үзүүлээд байгаа дампуу төрд Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг өгөхөөр болж, гарын үсэг зурж патиардуулцгаав.
Харамсалтай нь энэ их баялаг дөрвөн сая руу дөхөж яваа монгол хүмүүст хүртэхгүй. 2022 онд нэг монгол айл дунджаар 10 сая төгрөгийн зээлтэй байсан бол өнөөдөр 20 сая давсан. Засгийн газар инфляцийг 7 хувьд барина гэж амлаж байгаа ч тэдний амлалт хэрхэн хэрэгждэгийг сүүлийн 10 жил бид харж байгаа. Азийн хөгжлийн банк хэрэглээний үнийн өсөлт 8 хувь давна гэж таамаглаж байгаа ч амьдрал дээр хэрэглээний сагс маань цоорч эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сан200 тэрбумын алдагдалтай он давав. Төрийн зардал ихсэх мөртлөө иргэдэд ирэх өгөөж ууршив.
Манай төр, аргацаасан халамжаар төсвөө хавагнуулснаас болж хөрөнгө оруулалт хийх орон зай хумигдаж, уул уурхайн аварга том төрийн өмчит корпорациудад нүүрлэсэн хулгай, иргэдийн нэрийн дансны цөлмөлтийг хувийн хэвшлийн уурхайн ашгаар нөхөхийг оролдож байна. Хойд хормойгоор урд хормойгоо нөхсөн, одоо хойд энгэрээр урд энгэрээ нөхнө. Дараа нь одон зүүх энгэр жирийн монгол хүнд үлдэх болов уу?
Монголыг сэрээх морин жил
Монголчууд морин жилд сэрэх нь баттай болжээ. Сэрэхдээ 1990 оны цагаан морин жилтэй адил эдийн засгийн нуралтаар сэрэх нь ээ. Сүүлийн 10 жилд мөнгөний нийлүүлэлтээ 7 дахин өсгөсөн атлаа бүтээмж нь хорьхон хувиар өссөний үйлийг лайгаа үүрцгээнэ. Яг л социализмын үеийн бүтээмжгүй улс, гэрлийн хурдаар өсөх өр. Монголчууд гурван морин жилийн эргэлтэнд бүтээмжтэй байхыг хичээн зүтгэсэн ч морин сүлдэт төр нь 36 жилийн өмнөхтэй адил өрийн эдийн засагтай, тэжээвэр улс болгож хувиргажээ.
Жирийн монгол хүнийг гэрийн өр нь морин жилийн өглөө бүр сэрээнэ. Харин морин сүлдтэй төрийг маань монголын өр сэрээх нь үү? Сэрэхгүй бол сэрээж чаддаг нь монголын зан. Татвараа багасгаж, хулгайгаа цэгцлэхээс урьдаар хөрөнгөтнүүд, эвэртэн туурайтнууд ханцуй дотроо наймаалцаад эхэлвэл монголчууд сэрдэг юм. Цагийн тохироо гэхээсээ хувьсгалын тохироо ч байж мэднэ.
36 жилийн өмнө цагаан морин жилд эдийн засгийн профессор, улсын удирдагч асан Ж.Батмөнхөөс сэтгүүлч Т.Галдан социализмын үед зарцуулсан зээлийн зарцуулалтын талаар асуужээ. Ж.Батмөнх дарга шулуухан хариулсан. “Авсан зээлээ бид салхинд хийсгээгүй... Ингэж хэлэхдээ би зээлийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байсныг огтхон ч үгүйсгэхгүй”. Ард түмэн нь засаглалд нь дүн тавьчихсан ээдрээт өдрүүдэд тэрээр Засгийн эрх мэдлийг гадаад, дотоодын элдэв өнгөлзлөгөөс хамгаалж, зүй ёсоор нь хойч үедээ хүлээлгэн өгч чадсан гавьяатан билээ. Өвгөн удирдагчид байсан шиг өндөр ноён нурууг өнөөдөр бид хэнээс хүлээх вэ?
Я.Баяраа
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл.

