Москвад лавссан цас буюу цаг хугацааны цаана, наанаас атгалцсан гар
Москвад лавссан цас буюу цаг хугацааны цаана, наанаас атгалцсан гар
ОХУ-ын Гадаад хэргийн яамны чанх өмнө, Смоленская өргөн чөлөөнөөс баруун тийш үргэлжилсэн Смоленская гудамжны эхэн дээр байх “Азимут” зочид буудалд бид буулаа. Москвад бэлэн бус төлбөр тооцооны асуудал ихээхэн хүндрэлтэй болсныг Элчин сайдын яамныхан Улаанбаатараас гарахын өмнө л сануулсан юм. Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд бүгд бэлэн мөнгөөр тооцоо хийж байлаа. АТМ, эксченж, картын гүйлгээ, пос машины аль нь ч байхгүй. Зөвхөн кассын машин л байна.
Банк, санхүүгийн байгууллагууд нь олон улсын хоригт орсноос хойш ийм төлбөр тооцооны хүндрэлтэй байдал үүсжээ. Түлш шатахууны хэрэглээнийхээ дийлэнхийг хойд хөршөөсөө хангадаг манай улсад энэ асуудал эмзэг тусаж буй нь мэдээж. Эргээд экспортоо нэмэгдүүлэх, гадаад худалдааныхаа тэнцлийг хангах нь бүр үндэсний эрх ашгийн хэрэг гэж хэлж болно. Энэ төлбөр тооцооны хүндрэл зөвхөн ОХУ-д л байгаа гэдгийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн сануулсан юм.
Еврази руу гарах хаалган дээр

Зүүн урд буландаа Ту-104 онгоцны хөшөөтэй “Внуково” нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Монголынпарламентын төлөөлөгчид Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны байр руу довтолгосон нь ийм учиртай. Улсын Их хурал өнгөрөгч оны эцэст Монгол Улс болон тус холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулах Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан юм. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын дарга уг хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ. Тэгэхээр түүний анхнаас нь гардсан, өөрийнх нь “нэрийн” ажил яах аргагүй энэ хэлэлцээр.
Монголын парламент Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэрбээр ЕАЭЗХ-ны Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевт дуулгаж, төлөөний ноотыг гардууллаа. Хэлэлцээрт манай гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох ноос ноолуур, мах, махан болон сүүн бүтээгдэхүүн, арьс шир, нэхмэл, сүлжмэлбүтээгдэхүүнд давуу эрх олгохоор тусгаад байгаа. Евразийн орнуудаас улаан буудай, эрдэнэ шиш, ургамлын тос, мал, шувууны мах, элсэн чихэр, чихэр, бяслаг зэрэг хүнсний гол гол бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таатай нөхцөлөөр нийлүүлнэ. Үүний тулд техникийн зохицуулалт, мал, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ, гаалийн хамтын ажиллагаа, цахим худалдаа зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бүрдүүлэх ёстой.
Энэ холбооны таван гишүүн орон нь ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз. Манай улстай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг одоогоор ОХУ, Беларусь, Казахстан Улсууд соёрхон батлаад байгаа юм байна. Армени, Беларусь Улсууд мөн удахгүй батална гэсэн мэдээлэл дуулдана. Хамгийн гол нь 200 сая гаруй хүн амтай Евразийн зах зээлд гарах үүд хаалга нь ОХУ. Иймд хойд хөрштэйгөө явуулж буй худалдаа, эдийн засгийн харилцааныхаа саад тотгорыг эхний ээлжид шийдвэрлэх нь чухал.
Москва хотноо болсон Монгол-ЕАЭЗХ-ны бизнес хэлэлцүүлэг, Монгол-Оросын бизнесийн форумд оролцогчид чухамдаа үүнийг л ярьцгаасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хэлэлцээрийн хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах 367 төрлийн бүтээгдэхүүний 97 хувь нь хүнсний болон хөнгөн үйлдвэрийнх гэдгийг хэлж, Евразийн стандартыг хангахын тул манай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой гэсэн юм. Хэлэлцээр хэрэгжсэнээр манай экспорт дунджаар 25 хувь нэмэгдэх тооцоо гарч байгааг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн ярьж байлаа.
Үндсэндээ сүүлийн 30 гаруй жил манай улс ОХУ-тай экспортын гаалийн маш өндөр тарифтай явж ирсэн гэдгийг бизнесменүүд хэлж байв. “Монгол маркет” ХХК-ийн захирал Б.Бямбадорж 30-200 хувийн татвартай гэсэн бол Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав дундажлаад гаалийн татвар 18-50 хувь гэж тодотгож байна. Дээр нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл шаардлагууд, стандартууд зэрэг тарифын бус хаалт, саадууд элбэг. Мал эмнэлэг, ургамал, хорио цээр, стандартын асуудлуудыг ярилцаж, саадбэрхшээлүүдийг арилгах талаар Худалдааны сайд А.А.Слепневтэй яриа хэлэлцээ хийсэн тухайгаа дэд сайд С.Даваасүрэн дуулгалаа.
Барууныхны үлдээсэн орон зай

“Азимут” зочид буудлын өрөөний цонхоор Смоленская-Сенная талбай дахь Ерөнхий сайд агсан Евгений Примаковын дөрвөн баганат хөшөө үзэгдэнэ.Зөвлөлтийн үед КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны гадаад тагнуулын асуудал эрхэлсэн Нэгдүгээр ерөнхий газар (ПГУ)-ын дарга, Оросын гадаадтагнуулын албаны захирлаар ажиллаж байсан тэрбээр ОХУ-ын албан ёсоор томилогдсон гурав дахь Ерөнхий сайд байв. Засгийн газрын даргаар томилогдохоосоо өмнө тэр Гадаад харилцааны сайд байж, Оросын гадаад харилцааг Атлантын үзэл баримтлалаас олон чиглэлт бодлогод шилжүүлсэн гэгддэг. Дорно дахины, тэр дундаа араб судлаач эрдэмтний хувьд тэрбээр Ойрх Дорнод, Өмнөд Ази, Энэтхэг, Хятадтай бие даасан гадаад харилцааг явуулсан нь БРИКС-ийн үндэс суурь болсон гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд дүгнэдэг.
Үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон В.С.Черномырдинээс тэрбээр Засгийн газрыг хүлээн авч, найман сар Ерөнхий сайдын албыг хашжээ. Төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаатай, бие даасан эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, ажүйлдвэрийн салбарын өсөлтийг 23.8 хувьд хүргэж, инфляцыг 38.0 хувиас 3.0 хувь хүртэл буулгаж байжээ. АНУ-д албан ёсны айлчлал хийхээр Атлантын далайдээгүүр нисэж яваад НАТО-гийн хүчин Югославыг бөмбөгдөхөөр шийдсэнийг дуулмагцаа Ньюфаундлэнд арлын орчим онгоцоо эргүүлэн, Москва руу буцсан үйлявдлыг Примаковын эргэлт (петля Примакова) гэж нэрлэдэг. Энэ эргэлт ОХУ-ын гадаад бодлогын шинэ, олон талт чиг баримжааны бэлгэ тэмдэг болдог юм.Харин өнөөдөр Орос орон улс төр, эдийн засгийн хориг дотор байна. Энэ тухай би Оросын хамгийн олон талт гадаад бодлоготны дурсгалын хөшөөний өмнө зогсоод эргэцүүлж байгаа минь ёстой л цаг, түүхийн хоржоон мэт санагдана. Смоленская өргөн чөлөө, хуучин Арбатын гудамжинд хүртэл шинэлэг орос бүтээгдэхүүний зар, хаяг, шошгууд гэрэлтэн үзэгдэх ажээ. Эдийн засгийн хоригийн улмаас Coca Cola, Pepsi, Uniqlo, Apple, H&M, Starbucks, Heineken, McDonald’s, Unilever гээд барууны олон зуун брэнд Оросын зах зээлийг орхин гарсан. Нүдэнд дасал болсон эдгээр нэр, хаягуудаас алийг нь ч Москвагийн гудамжинд олж үзэхгүй болсон байна. Харин тэдний орон зайг эзлэн авах гэсэн Оросын үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийн хичээл зүтгэл, тэмүүлэл харагдах ажээ. Гадаадын компаниуд хэдийгээр гарч явсан ч тэднээс технологи, соёл, ноу-хауг нь сурч үлдсэн оросууд өөр өөрсдийн орон зайг бий болгохоор ажиллаж байгаа ньанзаарагдаж байлаа.
ОХУ-ын Төрийн хэлний тухай хуульд 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гадаад үгсийг орос хэлнээ дүйцэхүйц утга буй бол зар сурталчилгаанд ашиглахыг хориглосон зохицуулалт тусгагджээ. Ялангуяа хэрэглэгчидтэй харилцах цэгүүд буюу дэлгүүрийн витрин, цонх, хаалга болон мэдээллийн самбар, дэлгэц зэрэг хэрэгслүүдээр дамжуулж буй мэдээлэл орос хэлээр байх ёстойг хуульчилсан байна. Тухайлбал, үйлчилгээний байгууллага ажиллаж байгаагаа илэрхийлдэг “open” гэх үгийг “открыто” гэсэн орос үгээр солих ёстой бөгөөд эдгээр үгсийг гарцаагүй ашиглах шаардлагатай бол “открыто/open” гэж орос үгийг эхэнд нь байрлуулж хэрэглэхээр заасан байна.
Нэгэнт барууны бүтээгдэхүүн, үйлчилгээ Оросоос гарчихсан болохоор дотоодын бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэглээгээ хангах нь тэргүүн зорилт болсон биз. 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын зах зээлийн 90 хувийг үндэсний бараа, бүтээгдэхүүн эзэлсэн гэх статистик үзүүлэлтийг ТАСС агентлаг мэдээлсэн байна. Хувцас, гутал, спортын бараа, гэр ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, үнэт эдлэл, цаг, ширээний хэрэгсэл, тавилга, хоол хүнс, ресторан, аялал жуулчлал, зочид буудал, дарс үйлдвэрлэл гээдбүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн төрөл бүрд тэсрэлттэй өсөлт гарч байна гэжээ. Мөн Оросын хэрэглэгчид ч дотоодынхоо бараа, бүтээгдэхүүнд итгэл найдвар тавьж байгааг дурджээ.
Парламент хоорондын яриа хэлэлцээ

“Ганцаардсан” ч гэлээ улам бүр хүчирхэгжин, тэсэрч буй энэ зах зээлийг Монголын бизнес эрхлэгчид сонирхож байна. Улсын Их Хурлын даргын айлчлалынбүрэлдэхүүнд манай хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөл багтжээ. ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрээр татварын таатай нөхцөл олгох 367 нэрийн бүтээгдэхүүнийг харилцан импортлоход учирч болзошгүй стандарт, хорио цээрийн болон бусад техникийн саад тотгорыг арилгах талаар хууль тогтоох байгууллагын түвшинд ярилцсан нь айлчлалын голагуулга байлаа.
Манай улсын гадаад бодлогын үндсэн тулгуур нь хөрш орнуудтай харилцах харилцаа. ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээбайгуулж,харилцааны хүрч болох хамгийн дээд түвшнийг тогтоосон. Геополитик, олон улсынхарилцааны ямар ч нөхцөлд хоёр хөрштэйгөө уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хөгжүүлэх, үүний зэрэгцээ гурав дахь хөршүүдтэй нягт хамтран ажиллах олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримталж буй. Гэвч Монгол Улс, ОХУ-ын харилцаа, худалдааны эргэлт хүссэн түвшинд хүрч чадахгүй байгааг талууд харилцан дүгнэж байна.
Парламент хоорондын яриа хэлэлцээгээр л хамтын ажиллагааны мухардлыг тайлж, улс төр, геополитикийн ээдрээтэй үед харилцааны олон талт хүчин зүйлсийг хангаж, итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх боломжтой байдаг. Учир нь парламент бол төрийн байгуулал дахь хамгийн ардчилсан, олон талтай институт. Тиймээс Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын харилцааны байнгын механизмыг бий болгох нь зүйтэй гэж үзэн, 2023 онд хамтынажиллагааны Комиссыг байгуулсан юм. Энэ Комиссын хоёрдугаар хуралдааныг Улсын Их Хурлын даргын айлчлалын хүрээнд зохион байгууллаа.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Засгийн газар хоорондын комисст дэмжлэг үзүүлж, харилцааны тулгамдсан асуудлыг улс төр, эрх зүйн түвшиндшийдвэрлэх зорилготой гэж парламентын хамтын ажиллагааны Комиссын талаар товч тайлбарлалаа. Комиссын хуралдаан эхэндээ харилцан ойлголцолгүй, бие биеэ буруутгасан байдалтай байсныг тэрбээр жинтэй үг, бодитой дүгнэлтээрээ өөрчилж чадсан гэж үүнд оролцсон албаны хүмүүс дараа нь ярьж байв. Оросын талын дарга, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга А.В.Гордеев парламент хоорондын комиссын үйл ажиллагаа маш сайн гэж дүгнээд, шийдвэрүүдийг албажуулах үүднээс албан ёсны протокол гаргасныг мэдээлсэн юм.
ОХУ-ын банкнууд эдийн засгийн хоригт орсноос үүдэлтэй төлбөр тооцооны удаашрал, хүндрэлийг даван туулах нэг шийдэл нь Евразийн хөгжлийн банк(ЕАХБ) байж болохыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэмдэглэв. Тус банк Олон улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудболон улс орнуудын глобал түншлэл (MCDF)-ийн ажиглагч гишүүн болоод байгаа нь нэг алхам гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Комиссын Монголын талын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүний албан үүргийг давхар хашиж байгаа сайд нар гэдгийг онцлохучиртай. Энэ нь хоёр Хурлын болон Засгийн газар хоорондын комиссуудын үйл ажиллагаанд харилцан уялдаатай хандахад дөхөм болсныг тэд өөрсдөө ярьжбайлаа. Төмөр замыг 2030 он хүртэл шинэчлэх Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дуусаад байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулж, Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн зүүн босоо тэнхлэгийн коридорт хамтран ажиллах ШХАБ-ынуулзалтын тохиролцоог дэмжихийг хүссэн байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Комиссын хуралдаан болон салбарын сайдтай хийсэн яриахэлэлцээний хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг батлуулах, Монгол Улсын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах хүрээнд нөөцийн савуудыг шинээр барих хүртэлх хугацаанд Эрхүү мужид түлшний сав түрээслэх, хил орчмын геологийн эрэл судалгааны ажлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлуудыг дэвшүүлж, нааштай шийдэлд хүрчээ.
Нэмж тодруулахад Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны Комиссын хуралдаанд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов оролцож, мэдээлэл хийжээ. Ингээд хуралдаанаар эдийн засаг, санхүү, банкны салбарын, байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах талаарх, мөн хөдөө, аж ахуй, түлш, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц болон хил дамнасан хамтынажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудлуудыг ярилцсан байна. Гэхдээ Засгийн газар хоорондын комиссоор хэлэлцсэн тодорхой асуудлуудыг дахин давтан ярилцахаас зайлсхийж, товчхондоо хүмүүнлэгийн болон эдийн засгийн талаар түлхүү хэлэлцсэн гэж А.В.Гордеев сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдсан юм.
В.В.Володины барьсан зоог ба 1945 оны “Правда”

Смоленская-Сенная талбайн хөшөө төв царайтай. Зулай, мөрийг нь нөмрөн будрах цасны цагаан өнгө студийн гэрэлтүүлгээр зурж тодруулсан мэт сэтгэгдэлтөрүүлнэ. Баруун гартаа нүдний шилээ барьж, зүүн гараараа хүрэмнийхээ энгэрийг бага зэрэг ярж атгасан Примаков Гадаад хэргийн яамны зүг духайсхийн ширтэнэ. Гадаад хэргийн яамыг “Де Факто” ток шоуны хөтлөгч Д.Жаргалсайхан “Лавровын байшин” хэмээн нэрлэсэн юм. Энэ байшин бол “Сталины долоон өндөр” буюу “Сталинские высоткы” гэж нэрлэгддэг Москвагийн нүүр царай болсон шовх оройтой өндөр, сүрлэг барилгуудын нэг. Эдгээрийн хамгийн өндөр нь Москвагийн Улсын Их сургууль бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны төлбөрөөр босгосон гэлцдэг.
“Лавровын байшин”-гийн баруугаар ороосон олон эгнээтэй өргөн зам Смоленская өргөн чөлөөгөөр арагш өгсөж, Новинский бульвараар өмнө нь Калинины гэдэгбайсан шинэ Арбатын өргөн чөлөө рүү нийлнэ. Энэ замаар хоёр улсын далбаа намируулсан хуягт тэрэг өмнө, хойноо дохиотой хамгаалалтаар хүрээлүүлэндовтолгох ажээ. Учир нь өргөн чөлөөний зам явсаар Возвиченка гудамж руу нийлж, улмаар Төрийн Думын байшинд хүрдэг юм.
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Улсын Их Хурлын дарга Н.Учралд энэ айлчлалын хугацаанд хоёр ч удаа зоог барьсан юм. Хэдийгээр чандалж тогтоосонтоо байхгүй ч албан ёсны айлчлалуудын үед барих зоогийн тоо ихэнхдээ нэг л байдаг. Харин ноён В.В.Володины “протокол хэтрүүлсэн”-ий цаана маш том хүндэтгэл, басхүү ойртон дотносох хүсэл эрмэлзэл байгаа нь анзаарагдахаар байлаа.
Н.Учрал залуу хүн атлаа гадаад харилцааны хувьд ихээхэн олон талтай. Тэр ужиг удаан мухардалд байсан ураны хэлэлцээрийг Францтай байгуулж, АНУ-аас Starlink, Apple Pay-г Монгол Улсад урьж оруулсан хүн. Эдийн засгийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайд байхдаа “Монгол-Хятадын экспо”-г бүс нутгийнхамтын ажиллагаа болгож өргөжүүлсэн түүнийг ОХУ тэргүүтэй Евразийн таван оронтой худалдааны хэлэлцээр байгуулж, Улсын Их Хурлаар батлуулж чадсанд Оросын талд итгэл найдвар төрсөн болов уу. Тийм ч учраас В.В.Володин Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаандаа ОХУ өндөр ач холбогдол өгч, үнэлж, хүндэтгэж байдгийг онцолсон байна лээ.

Энэ жил ердөө 39 хүрсэн, Монгол, Зөвлөлтийн ах дүүгийн найрамдалт харилцаа, бие биедээ өгч байсан тусламж, дэмжлэг, харилцан итгэлцлийн тухай ямар чойлголтгүй өссөн шинэ үеийн төлөөлөл болохын хувьд Улсын Их Хурлын дарга Н.Учрал В.В.Володины анхааралд өртжээ. Удаа дараа барьсан зоогийнхоо үеэр тэрбээр энэ сэдвийг хөндөж, 1980-аад оноос хойш төрсөн залуус, хүүхдүүдэд Монгол, Оросын уламжлалт, түүхэн харилцааг ойлгуулах, мөнхийн хөрш ардтүмнүүдийн урт удаан хугацааны, тууштай харилцааг ухамсарлуулахад анхаарал хандуулах цаг болсныг хэлсэн байна. Харин Улсын Их Хурлын дарга Н.УчралМонголын залуу үе эцэг, өвгөдийнхөө эв найрамдал, ах дүүгийн харилцааг зохих ёсоор судлан мэдэж, хүндэтгэн хайрладаг хэмээн хариулж, өөрөө ч тийм залуусын нэг гэдгээ илэрхийлсэн нь Төрийн Думын даргад гүн сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
Холбооны Хурлын дээд танхим болох Холбооны зөвлөлийн тэргүүн, эдүгээ 77 нас сүүдэр зооглож буй хатагтай В.И.Матвиенкогийн дурсгасан “Правда” сонины 1945 оны дугаар ч нэгийг өгүүлнэ. Улсын Их Хурлын даргын түүнтэй хийсэн уулзалт Ялтын бага хурлын төгсгөлийн өдөртэй давхацсандаа ч биш, тэртээ 81 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээ албажсаныг сануулах гэснийх нь лавтай юм. Улсын Их Хурлын даргын багшилж байсан “Их Засаг” сургуулийн үүдэнд “Гитлерийн Германы эсрэг эвсэл” буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зэрэгцэн сууж буй түүхэн агшныг уран баримлаар бүтээн залсан байдгийг ч судалж мэдсэн хэрэг биз ээ. Тэгэхээрхатагтай В.И.Матвиенкогийн дурсгал бол хоёр улсын харилцаа дан ганц өнөөдрийн дипломат шугамаар бус, дэлхийн дахины түүхийн огтлолцлоор холбогдсоныг илтгэн сануулж, цаг хугацааны цаана, наанаас атгалцсан гар юм.
“Дотоод үйлдвэрийн” телевиз

“Лавровын байшин” гэж бидний нэрлэсэн Гадаад хэргийн яамны араар хуучин Арбатын гудамж үргэлжилнэ. Александр Пушкин, Наталья Гончарова хоёрын романтик баримал, хоёр гараа халааслаад бөгтийн алхах омог бардам шүлэгч Булат Окужавагийн хөшөө, Виктор Цойгийн графит, жүжигчин, найруулагч Евгений Багратионович Вахтанговын нэрэмжит театр, түүний хөшигт баримал гээд олон арван түүхэн дурсгал, барилга байгууламж бүхий энэ гудамж хайр, баяр гуниг, зовлон шаналал, урлаг, уран зохиол, яруу найргийг сэтгэлд эгшиглүүлнэ. Тэртээ XV зуунаас эдүгээ хүртэлх цаг түүхийн ээдрээ нугачаа, гэгээн сайхан, бараан бүүдгэрийг нэгд нэгэнгүй агуулан орших хуучин гудамжинд цас лавсан байлаа.
Энэ өвөл Москвад цас их унажээ. Гудамж, талбайн хаа сайгүй цэвэрлэгээний ажил өрнөнө. Автозам дээр давс цацсанаас болж шавар шалбааг үүсжээ. Замынхажуугийн хунгарыг нүдэн баримжаагаар хэмжвэл зарим газартаа хоёр метрээс ч зузаан байна уу гэмээр үзэгдэх аж. Сүүлийн 200 жилд ингэж орж байгаагүй гэнэ. Байгаль, цаг уурын үзэгдэл он цаг хийгээд үе мөчлөгийн шинэ эхлэлийг зааглан илэрхийлдэг бол юуны ч юм нэгэн цаг үе дуусгавар болж, нөгөө нь эхэлж байна уу гэлтэй.
Улсын Их Хурлын даргын айлчлалыг сурвалжлах сэтгүүлчдийн багт Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга О.Чинбаяр, зөвлөх О.Бат нар газарчилсан юм. О.Чинбаяр Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн уран зохиолын орчуулагч, дипломатч хүн. Гадаад харилцааны салбар руу орохоосоо өмнө төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониндажиллаж, “Толь” сониныг эрхэлж, “Маш нууц” сониныг үүсгэн байгуулж явсан сэтгүүлч, хэвлэн нийтлэгч байлаа. Тиймдээ ч сэтгүүлчдэд элгэмсүү дотно байж,жижиг сажиг, аахар шаахар гэлгүй асуулт бүхэнд тодорхой, дэлгэрэнгүй хариулж, Москвагийн тухай, ОХУ-ын төрийн өвөрмөц бодлогууд, нийгэм, эдийн засгийн байдал, орос хүмүүсийн онцлог, цас, модод, хөшөө дурсгал, барилга байгууламжийн тухай, мөн Элчин сайдын яамныхаа тухай энгийн ойлгомжтойтайлбарлаж өгсөн нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Сэтгүүлчээр ажиллаж, сэтгүүл зүйн салбарын ажлыг ойлгосныхоо хувьд тэр бидэнтэй “хуйвалдан”,мөнхүү танилын харилцаа холбоогоо ашиглан НТВ телевизийг үзэн сонирхох боломж олголоо.
Өнгөрсөн онд НТВ телевиз үндэсний дэвшилтэт технологи, орчин үеийн оюуны өмчийн бүтээгдэхүүнд суурилсан үндэсний хэмжээний өндөр технологийнмультимедиа цогцолбор болж өргөжин, үүгээрээ "Телевиз, радио нэвтрүүлгийн шилдэг системийн төсөл" шагнал хүртсэн байна. Энэ цогцолбор Останкиногоос хойш 46 жилийн дараа баригдсан Оросын хоёр дахь томоохон телевизийн техникийн төв болсон гэнэ.
Цогцолборынхоо байранд өнгөрөгч оны 12 дугаар сард нүүж ороод байгаагаа ерөнхий продюсер Тимур Вайнштейн хэлж, цогцолборт маань хүрэлцэн иржбайгаа анхны зочид та бүхэн боллоо гэсэн юм. Нийт 76000 м2 талбай бүхий энэ цогцолборт долоон том студи, эфирийн болон эвлүүлгийн найруулагчдын өрөө,редакц, сэтгүүлчдийн ажлын байр, цагийн есөн бүсэд шууд дамжуулалт хийх хүчин чадалтай студиүд, нүүр будалтын өрөө, жижиг хэрэгслийн агуулах, техникийнөрөөнүүд гээд олон объект багтсан байна. Түүнчлэн оффис, критив багийнхны ажлын орон зай, арилжааны дата төвүүдийн зэрэгцээ дижитал мэдээллийн редакцажилладаг.
Цаг давчуу явсан учир бид гол гол өрөө тасалгаа, байгууламжийг үзэж, технологи, дижитал платформууд, критив шийдлүүдээс зурвасхан гүйлгэж хараад өнгөрөв. Биднийг очих үед удахгүй эхлэх хаврыг угтсан аялан тоглолтууддаа зориулан Филипп Киркоров тус телевизийн “Суперстар! Битва сезонов” шоунд оролцож, бичлэгээ хийж байхтай таарлаа.
НТВ телевизийнхэн техник хэрэгсэл болон телевизийн программ хангамж, эвлүүлэг монтажны платформуудаа Оросын үндэсний хөгжүүлэлтээр бүрэн шийдэж байгаагаа бидэнд онцолж байлаа. Энэ ярианы цаана оросууд өөрсдөө чадна, бид бусдын технологи, техникээр дутахгүй гэсэн бардамнал нэвт харагдажбайсан юм. Тус телевиз эфирийн болон цахим телевиз, олон нийтийн сүлжээний боломжуудыг нэгэн зэрэг ашиглан улам өргөн хүрээнд, илүү багтаамжтай, ихагуулгатайгаар ажиллаж байгаагаа танилцуулж байв.
Я знаю об Улаанбаатар

Орос оронд 2000-аад оны эхэн үеэс эх оронч хүмүүжлийн бодлого хэрэгжиж байгааг бид мэдээллийн хэрэгслүүдээс үзэж мэдсэн. Энэ бодлогынхоо хүрээндмэдээллийн, тэр дундаа цахим орон зайг хянах, үндэсний үзэл санааг сөрөг мэдээллийн нөлөөнөөс хамгаалах, түүх соёлын үнэт зүйлсээ хадгалахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсаар иржээ. Мөн орчин үеийн дижитал контент, мультмедиа бүтээгдэхүүнийг үндэсний хөгжүүлэлтэд суурилан шинэ хэлбэрээр бий болгож, залуу үеийнхний эх оронч хүмүүжлийг идэвхжүүлэх төслүүдэд 3.9 тэрбум рублийн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс одоогийн байдлаар 2.3 тэрбумыг оруулаад байгаа тухай манай ЭСЯ-наас эрхлэн гаргасан эрдэм шинжилгээний илтгэлийн “Боломж, шийдэл” эмхэтгэлд дурджээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин үндэснийхээ өв, соёлыг сурталчлан таниулах, Москва болон бусад хотуудадажиллаж, суралцаж байгаа иргэддээ мэдээлэл, соёлын үйлчилгээ хүргэх, тэднийг нэгтгэн зохион байгуулах талаар идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд ИхМонгол Улсын үеийн хэв шинж, чимэг загвараар их найман ханатай өргөө гэр босгож, Дэлхийн хоёрдугаар дайны хүнд, хэцүү жилүүдэд Монгол Улсаа төлөөлөнЭлчин сайдаар ажиллаж байсан “Монгол төрийн мэргэн өвөө” гэгддэг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар Ж.Самбуу агсны нэрээр нэрлэсэн байна. Мөн Соёл мэдээллийн төвдөө яамныхаа ажилтан албан хаагчид, тэдний гэр бүл, монгол иргэдийнхээ тусламжтайгаар номын сан байгуулж, энд шашин, соёлтой холбоотой хэлэлцүүлэг, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулахын зэрэгцээ Монгол судлаач багш, оюутнуудад зориулсан олон үйл ажиллагаа явуулж буйн нэг нь “Боломж, шийдэл” эрдэм шинжилгээний хурал ажээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учралын айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан Монголын ноолуурын салбарын бизнес эрхлэгчид хамтран ЭСЯ-ны дэргэд“Кашмир хаус” дэлгүүр нээхээр болсноо энэ үеэр зарлалаа. “Кашмир хаус”-т манай ноолуурын нэр бүхий 10 орчим брэнд нэгдэж байна. Дэлхийн том брэндүүдОросын зах зээлийг орхин гарсан энэ үед бизнесийн орон зайг эрэлхийлж ажиллах нь Монголын аж ахуйн нэгжүүдэд хожлын нүүдэл болохыг үгүйсгэшгүй.
Энэ орон зайг БНХАУ-ын бизнес эрхлэгчид аль хэдийнээ олж хараа юу гэлтэй санагдлаа. Москвагийн гудамжаар хятад автомашин, мөн Оросын дотоодынүйлдвэрүүдэд угсарсан хятад загварын автомашинууд сүлжилдэнэ. Алдарт “Москвич” Хятадын JAC компанитай хамтран Renault-ын үйлдвэрийг дахин нээж, мөн Хятадын SAIC концернтой түншлэн шинэ загваруудаа угсарч эхэлсэн бол тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч Aurus Санкт-Петербургийн Тоёотагийн үйлдвэрийг шинэчлэн ашиглаж, мөн Хятадын түнш компанитай хамтран седан машин угсарч эхэлснийг шинэ Арбатын том дэлгэцээр харуулж байна. Бидний сайн мэдэх АвтоВАЗ Хятадын Shineray концернтой, Волга Geely-тэй хамтран ажиллаж байгаа тухай мэдээг Оросын мэдээний сайтуудад нийтэлжээ.
Москвагийн гудамжинд алхам тутамд тааралдах бие даасан үйлдвэрлэл, үйлчилгээ, дотоод нөөц боломжийг илтгэсэн үзэгдэл, юмс нэгийг бодуулж, нөгөөг сануулна. Импортыг чухамдаа 99 хувь орлож чадаад, үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний чанарт нэгэнт анхаарал хандуулаад эхэлсэн нь худалдагч бүсгүйн инээмсэглэлээс хүртэл харагдахаар ажээ. Хаанаас ирснийг минь асуугаад “Монгол” гэж хариулахаар “Да да, я знаю обУлаанбаатар” хэмээн харцаа гэрэлтүүлэн өгүүлэх зуур худалдан авсан цасан бөмбөлгийг минь эвтэйхэн боож өгсөн залуухан бүсгүйг би Монголын парламентынспикер Н.Учралын насны, шинэ үеийн төлөөлөл болов уу хэмээн таамагласан билээ.
Мартагдсан мэдрэмж
Будран бужигнах цасан бургиа дундуур Смоленская гудамж зүглэн алхаж явна. Бүрий нөмрөхийн хэрээр Москвагийн тэнгэр улам бүүдгэр болж, зөөлөн хаялахцасны ширхгүүд улам сэвсийн томорно. Шинэ жилийн гоёл чимэглэлээ буулгаж амжаагүй гэрэл гялтганасан гудамж уруудан хүмүүсийн дундуур яаралгүй алхахзуур халаасан дахь бэлэн мөнгөө үе үе тэмтэрч явав. Алдчих вий, унагачих вий гэж зовних энэ сонин мэдрэмжийг мэдрээгүй ямар их удаа вэ.
Д.Энхболдбаатар
Өдрийн сонин. 2026.02.16 №031 (7882)

