Мөнгө эд баялгийг хараадаг хүн өөрөө ёс бусаар мөнгө олдог. Олсон ч байдаг Яагаад мөнгө хөөж болохгүй гэж. Мөнгөгүй бол үнэ цэнэ байх уу? Амьдрал байх уу? Хөдөлгөөн, үйлчилгээ байх уу? 

Саяхан миний их дотны дүү хүү Ж.Төмөрсайхан Германаас утсаар ярив.

Ах таны бичсэн нийтлэлийг харлаа, уншлаа, баяр хүргэе. Гэхдээ ойлгох хүн нь хэд бол? Их л уншдаг нөхөд таашаах байх. Үгүй ингэснээс та аль ерээд онд л юм даа, бидэнд "Муусайн юмнууд мөнгө хөөлөө гэх юм. Мөнгөгүй бол хүн чөлөөтэй ч хүндэрч чадахгүй юм чинь... өмдөндөө... яана шүү дээ... гэж хэлж байж билээ. "Ах ч арай дэгсдүүлж байна” гээд бид инээж байж билээ. Тэгсэн харин бид Германд ирүүтээ л restroom буюу жорлонд ороод гарахдаа л "Хээ, ийм учиртай юм байх нь ээ" гэж ухаарч билээ” гэж ярих нь тэр.

Чи яагаад мөнгө ярив? Би яагаад мөнгө ярив? Мөнгийг магтах гээд байна уу? Учрыг нь одоо тайлъя.

1982 онд сургууль төгссөн нэг муу жулдрай оюутан Улсын драмын академик театрт хуваарилагдан очив оо. Очих ч юу байхав дээ, Н.Сувд багш минь "Энэ хүүхдийг заавал авна" гэсээр байгаад л театрт очсон хэрэг л дээ. Намайг авснаасаа болж багшийн минь чих их халууцсандаа, хөөрхий... Одоо ч дээрдсэн юм алга... Бас эрдэмтэн, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун гуай надад их сайн л даа. Социалист нийгэм ид л язганаж байв даа. Э.Оюун гуай яриа сэнхрүүлэг их хийнэ. Намайг дагуулж яваад ярианыхаа дундуур эсвэл төгсгөлд нь дуулуулна, шүлэг хэлүүлнэ, хошин шог, элэглэл гээд зөндөө л сүрхий юм болно. Дараа нь улаан аравтын дэвсгэр өгнө. Тэр нь миний ажлын хөлс. Их мөнгө шүү!?!?

Тэгээд түүгээр зогсохгүй тэнд эндэхийн Шинэ жил, Эмэгтэйчүүдийн баяр энэ тэр гээд гитартай дуулна. Ганцхан дуулахгүй л дээ, тал бүрээр үзэгчдийг цэнгүүлнэ. Нэг удаа л гэхэд 25-40 төгрөг авна. Их мөнгө шүү. Социализм шүү дээ. Улаан коммунист нийгэм, улаан аравтын дэвсгэр... Энэ үйл явц намайг мөнгийг хүндэтгэдэг, мөнгөнд дуртай болгосон юм. Тийм учраас “мөнгө хөөсөн, гитар үүрсэн, академик театрын нэр гутаасан" гэсхийгээд л гөвдүүлнэ. Нөгөө л Н.Сувд багш минь миний өмнөөс донго хүртэнэ. Гэвч өмөөрнө. Заримдаа ч цөхрөөд хөөрхий "Үгүй ээ, чи нэг аятайхан шиг байж болохгүй байна уу" гэснээ "Чи ч тийм байж дөнгөхгүй л дээ" гээд тас тас инээнэ...

Мөнгөний шуналтай би вээр бүр давраад 1986 оноос гав ганцаараа нэг цаг гучин минутын хугацаатай концерт туурвина. Энэ бүтээлээ театрын тайзан дээр амилуулах эрх олдсонгүй. Тийм учраас Соёлын төв өргөөнд морин хуурч Д.Цогбадрах дүүгээ, Б.Цэрэндагма эгчийгээ урьж оролцуулаад хоёр цаг гучин минутын бүтээл туурвиад 24 мянган төгрөгийн ашиг олов оо. Соёлын төв 1 500 хүний суудалтай байсан л даа. 1988 онд шүү дээ.

Мөнгө боддоггүй, хэрэглэдэггүй хүнийг энэ ертөнцөөс эрээд олшгүй, олдох ч үгүй. Харин зөв үү, буруу юу гэдэгт утга нь, философи нь оршино. Өөрийн хүч, хөлс, хөдөлмөр, авъяас, чадвар, хариуцлага, зарчим шингэсэн мөнгө бол жинхэнэ үнэ цэнт баялаг. Хүн өөрийн баялгийг өөрөө бүтээхээр төрсөн бодгаль. Ашигтай байх уу, алдагдалд орох уу гэдэг нь туайн хүний хичээл зүтгэлээс л хамаарна. Нөгөө тал нь арга залиар уу, дээрэм тонуулаар уу гэдэг асуулт. Ийм аргаар мөнгө олох нь гэм зэм, нүгэл дагуулна. Дээрэмчин тонуулчид буянтай дүр эсгээд үргэлж л далд нуугдмал идэш рүүгээ мяраах араатан мэт бээж, бэрд царайлж байдаг. Тэд мөнгийг үзэн яддаг. Хөнгөн аргаар... Хээл хахууль, луйвар, дээрэм тонуулаар хичээллэж мөнгө хөрөнгө олно. Тийм мөнгө ямар ч хямгагүй... Бохироор урсдаг... Хүнийг боолчлох эрмэлзэлд автана... Аллага таллага ч энүүхэнд... Нөгчиж үүрд ангжирсан нэгнээс бүү ай. Атгаг санаатай амьд хүнээс л болгоомжилж зайтай бай гэж хүн бүрд дуулгая. Сайн байгаа шигээ муу хүн бас байна. Сайн муу, сайхан муухай, жаргал зовлон хосолж байдаг хорвоо юм хойно сайн нь муугаасаа илүү, сайхан нь муухайгаасаа давуу, жаргал нь зовлонгоосоо элбэг байгаа юм шүү.

https://newspress.mn/uploads/2019-06-12/62569907_2807308262629645_5247912155482685440_n.jpg

Бодит хандлага, үнэнтэй үе үе нүүрэлдэж, бүр нүүр тулж чадваас тэрхүү тулах хүч хүний амьдралын зөв философи болох үндэс нь юм. Энэ үзэгдэл нэг жүжигчний театр байгуулах суурь минь болсон юм аа. 1986 оноос хойш эдүгээ хүртэл урлагийн бүхий л төрөл сүлэлдсэн бүтээлээ туурвисаар омой яваа, би. Би + дугаралтын найруулагч, МУУГЗ Б.Баатар ингээд л бол оо. Ашиг орлогоос өөр хүн хуваалцахгүй. Ашигтай, чамлахааргүй ашигтай. Тайзан дээрээ үнэн таатай, үзсэн хүн бүр толгойдоо цэнэг аваад нүдээ цэлмээгээд харина, ярина, дурсана. Дахиад л үзэхээр ирнэ. Зарим заримдаг атаач ховчдын ярьж, бичиж байгаагаар хулгайлж авсан "Ард" кино театртаа бүтээж, тууривсаар л...

Н.Энхбаярыг Ерөнхий сайд, залгаад Ерөнхийлөгч, М.Энхболдыг хотын дарга байх урт хугацаанд ном журмын дагуу, тэр үеийн хууль дүрэм дээр нь үндэслэж 14 хоногийн дотор төлөх ёстой мөнгийг нь төлж, урьд байсан 97 сая төгрөгийн өрийг нь төлөөд худалдаж авсан учир нүүр бардам явдаг юм.

Дээрх хоёр хүн надад зүгээр өгчихнө гэж үү? Надад хулхидуулж, надаар луйвардуулна гэж үү? Харин ч тэд "Монголын л нэгэн иргэн, өмчлөх эрх эдлэлгүй яах вэ дээ” гэж байсан юм шүү.

Мөнгө л яриад байнаа даа, би? Хүн амьдарч л байгаа бол хөдлөх, хөдөлмөрлөх зарчим баримталж, оюун санаагаа байнга асаалттай байлгаж үр дүн, зорилгодоо хүрдэг байх нь чухлын чухал хөшүүрэг юм. Би хүмүүст авъяас чадвараа гайхуулж, бүтээж, туурвин тэднээс мөнгө авч байна. Хүмүүс тасалбар худалдан авч надад мөнгө өгч, хүн бүр сэтгэл хангалуун байна. Энэ л харилцаа бол мөнгөний үнэ цэнэ... Олсон мөнгөөрөө юу хийх нь миний эрх... Үзэгчдийнхээ эрхийг хохироох эрх надад байхгүй... Ийм л зарчим бидний хаана хаана л байнга байх учиртайсан.

Өөр нэг жишээ ярья. Чи том компанид ажиллая. Чи тэр компаний төлөө биш өөрийнхөө төлөө зүтгэх учиртай. Чи тэндээс цалин авч байна. Тэр цалинг тэдний компаний төлөө эсвэл тэр компаний захирлын төлөө авахгүй, өөрийнхөө төлөө л авна. Чиний цалин өндөр байх уу, бүр нэмэгдэх үү эсвэл хасагдах уу, зөвхөн чамаас хамааралтай. Чи компаний төлөө ажиллаж ч гэж дээ, захирал нь намайг шулаад байна гэх л юм бол чи сөнөнө гэсэн үг... Яагаад гэвэл тэр компани чамаар дутахгүй... Чиний оронд илүү сайн хүн олдоно. Ийм учраас чи ажлаа маш сайн, ур чадварын өндөр төвшинд хийж, аливаад зарчимч хандлага тогтоох аваас компани болоод захирлын анхааралд өртөж хүндтэй байр суурь эзлэх болно. Энэ л чиний "чи"-ээрээ байгаа, "би"-ээрээ орших үнэ цэнэ. Түрийвч, картандаа хэдэн төгрөгтэй байх нь чиний л эрмэлзлэлээс шалтгаална... 

Гай нь өнөөдөр манай нийгэмд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн дээрэмчид олширч хуулийн аргаар баялаг бүтээгчдийг тонож, дээрэмдэж байна л даа... Чи үүнээс бүү ай. Айх л юм бол, бууж өгөх л юм бол баларна. Тэмцэх хэрэгтэй. Оюун санааны тэнхээгээ эрчилж, хүн бүр эрхээ эдэлж, эд баялагаа хамгаалах, зөв цагдаа, шүүх, батлан хамгаалуулахын төлөө албан журмаар биш сайн дураараа, хүчээр биш хүн гэдэг том үнэ цэнээрээ эвлэлдэн нэгдэж, туйлшрахгүй харин тууштай байж мөнгөний үнэ цэнийг дээдэлдэг капитализмыг өмөөрч хамгаалъя.

Мөнгө нь цаг хугацаа болоод амьд байхын, амьдралын аль хэр зөв байхын хэмжүүр. Гай нь хүмүүс сайн дураар биш хүчинд автаж, ажил үйлс хийхийн тулд хийж бүтээдэггүйчүүдээс зөвшөөрөл авч, мөнгө бүтээлч хүн рүү биш харин зөвшөөрөл олгогч руу урсаж, хүмүүс танил талаараа баяжиж, авлигач тонуулчид хөлжиж, үнэнч зөв хүмүүс нь сүйрэл рүү шуурхай нүүж байна. Монгол Улсын яг одоогийн нүүр царай энэ. Эдийн засгийг ч, мөнгийг ч, улс төрийг ч, нэн ялангуяа хүний эрхийг үхсэн малын мах шиг ялзруулж байна. Ямар ч үзэл санаа, чиг зорилгогүй, логикгүй, мэдлэггүй, философигүй байгаа нь Монгол Улсын төр дэх үг зөөж өс зузаалдаг, хов дайж хор найруулдаг хүний мөснөөс дусал дуслаар цус мэт урссаар л... Хэдий хэрийн цаг хугацаа алдаж хаа хүрэх юм бол доо?

Зовж биш жаргаж, бүтээж сэтгэж зөв олсон мөнгө, эд баялагтай, бодит чиг хандлагатай, үнэнтэй нүүр тулсан, зарчимч, оновчтой, хөдлөшгүй, хатуу байр суурьтай хүн л онцгой, гойд, сайн үр дүнд хүрнэ гэдгийг дуулгавай.

Бүтээлч хүн ончтой бөгөөд тодорхой үр дүнд хүрч өөрийнхөөрөө байж, өөртөө итгэлтэй, эрсдэл таарвал шийдэж чадах чадвар сайтай байдаг. Ийм хүн өөрийнхөө эзэн. Тээнэгэлзсэн шийрэгнүүр хүмүүн шийдвэр гаргах эрхгүй, өөрийн толгойгүй, дохио зангаагаар бөхөлзөж золионы шийдвэрээр аливаад хандахчаан болдог. Энэ хүн нийгмийн боол, золионы амьтан. Ялгааг нь харж тандаарай. Өөрөө аль нь вэ, хэн нь вэ? Өөрийгөө ол доо. Тэгсэн цагт мөнгө хөрөнгийг яаж олох, яаж эдлэх зарцуулах, яаж эргүүлэхээ мэдэж болно. Мөнгийг сэтгэж бүтээх үү, бүтээлч бусаар тонох уу?

Айлаас эрэхээр авдраа ух, хөрш зэргэлдээ улс орон, гуравдагч гүрнүүдээс буцалтгүй тусламж нэрээр тонуул хийж, төлж барахгүй өрөнд дарагдаж, луйврын өтөнд идүүлж, зууврын дарга нарт мэрүүлж байхын оронд сонголтоо зөв хийж, хүн бүр өөрсдөө мөнгө хийхийн төлөө өндөр данхар, тэнэглэлээр хий нь хяргаж амьсгаа хурааж буй төрийг тэр чигээр нь явуулаад цомхон бүтэцтэй, чадварлаг төртэй болъё.

Жаран тэрбум, ЖДҮ-ийн мөнгө иргэд та бидний мөнгө шүү дээ, бод доо. Өөрийгөө, амь насаа, өмчөө, нэр төрөө хамгаалах хууль эрх зүйг бүрдүүлэх чадвартныг л сонгоё.


2019. 6.12