Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д амжилттай айлчилсан. Айлчлалтай холбогдуулан 4 жилийн тэртээ бичиж байснаа эргэж толилуулъя. Хятадтай бизнес эрхлэх бүх монголчуудад хамааралтай мэдээлэл! БНХАУ-ын баярын өдрөөр ингэж бичиж байжээ. Авах гээхийн ухаанаар хандана уу. 

Өнөөдөр БНХАУбайгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр. Хятадын хувьсгалын түүх, социалист бүтээн байгуулалтыг нь түүхчлэн өгүүлэх боломжгүй тул монголчуудад мэдлэг мэдээлэл, санаа сэдэл өгөх зарим чухал баримтыг хэлхэн баярын өдрийн энэ нийтлэлээ толилуулж байна. 

Энэ 70 жилийн баяртай давхцаад түүхэн тэмдэглэлт өөр нэг баяр – Монгол Улс, БНХАУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр талдаа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Энэхүү тэмдэглэлт хоёр “70 жил”-ийг тохиолдуулан Хятадын Коммунист Намын XIX их хурлынхаа түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх, “Бүс ба Зам” олон улсын төслөө урагшлуулах, “Хятад мөрөөдөл” стратегийн алсын их зорилтдоо хүрэх гарааныхаа эхний 10 жилийг амжилттай туулж байгаа хятадын ард түмэнд баяр хүргэх нь зүй билээ.

Бас нэг түүхэн учирлал байна. Монгол-Хятадын харилцаа гэдэг чинь үргэлж ийм гэгээн саруул дардан замаар яваагүй, Та бүхнийг нэг өглөө сэрэхэд чинь л хятад гэж ийм нэг өгөөмөр найз алгаа тосоод хүлээж суусан юм огтоос биш, энэ бүхнийг маш их үнэ цэнэ, өртгөөр бүтээж босгоод өнөөдөр монголчуудыг Хятадтай золгуулсан гэдгийг бүү март! Хятадтай харилцаа муудсан үед Монголын Дипломат алба хэрхэн нуман тулгуурт ажиллаж байсныг, бас харилцаагаа хэвийн болгох ур ухаан хэрхэн зарж, буулт хийхдээ буулт хийж (ганц жишээ–Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргасан), харилцан зөвшилцөх гэж, эцэст нь нэг цэг дээр уулзах гэж хичнээн их чармайлт, олон жилийн шургуу хөдөлмөр манай төр-засагзарцуулсныг бүү март!

Гарчгаа “Нээлттэй, багтаамжтай Хятад хаалгаа дэлгээд хүлээж байна” гэж авсных ямар сэдэв рүү орж ярихыг уншигчид тааж байгаа. Нөгөө л болохгүй бүтэхгүй, мөнгөгүй, ядуу, дорой, ажилгүй Монгол рууХятадын зүгээс ямар гээч өгөөмөр бодлого явуулдаг, түүнийг нь хэрхэн ашиглах ёстой талаар шударга зөвлөлгөө гээд ойлгочих! 

Хятадын удирдагч Си Жиньпин дэлхий дахин руу хандуулсан “Бүс ба Зам”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” зэрэг санаачилгаа улам бүр боловсронгуй болгосоор байгаагаас эхлэе. Түүний мэргэн заалт:–БНХАУ ганцаараа хөгжихийг хүсэхгүй, харин хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжихийг хүснэ, танайд ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарч ажиллахад бэлэн байна, улс орнууд Хятадын хөгжлийн хурдан галт тэрэгт суухыг урья, тэгэхдээ багтаамжтай, тэгш, хүртээмжтэй байя, Хятадын эдийн засгийг далайтай зүйрлэе, Хятадын тэр “далай” үргэлж нээлттэй, багтаамжтай байх болно, Хятадын “далай” салхи шуургыг даван туулж, олон орнуудад үүдээ нээн, хөгжлийн боломжоо хуваалцаж, ирээдүйн хөгжсөн хэтийн төлөвийг нээж өгөхөд үргэлж бэлэн байна! 

Түүний энэ заалт (бодлого) дэлхийн олон улс орнууд, тэр ч бүү хэл дэлхийн өөр тив, алс холын бүс нутгуудаас дэмжлэг хүлээсээр байна. Харин манай улс хамгийн түрүүн дэмжигсдийн эгнээнд явж, “Талын зам”(хөгжлийн зам) төслөө өмнөөс нь өргөн барьсныг тэмдэглүүштэй. 

Хятад нь эдүгээ 1) бүтээмжтэй, 2) ногоон, 3) зохицонгуй, 4) нээлттэй, 5) хуваалцах гэсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаа тунхаглажээ. Шанхай хотноо 2018 оны намар олон улсын импортын анхдугаар ЭКСПО-г амжилттай зохиогдсон. Тэрхүү ЭКСПО-д 172 улс, үүнд G20, Торгоны зам дагуухи 58 улс, хөгжлөөр тааруу 35 орон, гадаад ба дотоодынх нь нийт 3600 компани оролцсоны 200 гаруй нь дэлхийн топ 500-д багтдаг бизнесийн манлайлагчид, түүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй мянган бизнесчид зорьж очсон билээ. Уг арга хэмжээ нь Хятадын өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойтой давхцан, тэгснээрээ улс төрийн ач холбогдол нь суга өссөн юм. Импортоор гол сэдэв болгосон үндэсний хэмжээний дэлхийн анхны ЭКСПО гэдгээрээ олон улсын худалдааны түүхэнд шинэ амжилт тогтоож, дэлхийн олон оронд “Хятадын хөгжлийн боломжийг хуваалцах” уриан дор 57.83 тэрбум ам.долларын худалдааны гэрээ хэлэлцээрүүдэд тэр үед гарын үсэг зурсан гэх хэдхэн баримт юу илэрхийлнэ вэ? Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн өргөн дардан зам өмнө маань нээлттэй, түүнд БНХАУ өөрийн асар их хувь нэмрээ оруулж байгаа, оруулсаар байгааг илтгэсэн хэрэг биз ээ.

Ойрын энэ 5 жилд Хятад нь 80 их наяд ам.долларын бүтээгдэхүүн импортолж, 600 тэрбум ам.долларын дүнтэй гадаадын хөрөнгө оруулалт татан, гадаадад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. 

Шууд хил залгаа Монгол маань энэ бүхний гадна хоцрохгүйгээр барахгүй уриалан оролцож, ашгаас нь хүртэх нь нэн чухал. Энэ бүхнийг би Хятадтай худалдаа-эдийн засгийн харилцаа эрхэлдэг, эрхлэх сонирхолтой монголчууддаа уриалах, санаа сэдэл өгөх зорилгоор хэлж байна. Экспортынхоо хэмжээгээр БНХАУ дэлхийд нэгдүгээрт яваа, валютын орлогынх нь 80 хувь экспортоос ордог худалдааны энэ гүрэнтэй бүх талаар хамтын ажиллахыг уриалая! 

Шүүмж. Тэвчээртэй хүлээн авч эргэцүүлээрэй! Яг үнэндээ бол манай зүгээс Хятадын энэхүү асар их боломжийг туйлын хангалтгүй ашиглаж ирсэн ба одоо ч хэлбэр дүрсээ олоогүй худалдаа нь үзүүлэлт гэхээсээ ичгэвтэрийн жишээ болохын наагуур байна. Хятадын гадаад худалдааны талаар бид наад захын мэдлэггүй хэвээрээ яваа юм болов уу гэх хар буудаг.Эдүгээ бид Хятад руу нүүрс ба алтаа түүхийгээр нь гаргадаг. Ноолуур, арьс шир, зэс гаргаж байна. Манай зүгээс экспортод гаргадаг ITEM ингэсгээд зогсчихно. Манайд боловсруулах үйлдвэр, аж үйлдвэр бүр илт дутагдаж байна. Газар дээрхи ба дорхи баялгийн түүхий эдээ гадаадын тэргүүний технологиор боловсруулж экспортод гаргах хамтарсан үйлдвэрүүд илт үгүйлэгдэх ба бид энэ талаар амаа цангатал ярихаас хэтрээгүй байна. Нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, хоёр том хөршийн зах зээл рүүгээ экспорт хийх, нэмүү өртөг шингээж чадах аваас Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ өснө. Гэхдээ энэ маань ярианаас хэтрэхгүй яваа. 

Үнэндээ өнгөрсөн 30 жилээ тольдвол өмнөд хөрштэйгээ “худалдаа”-г ёстой яралзуулж өглөө. Монгол Улсад олсон ашиг гэж байх нь байна, гэхдээ нийт ард түмэндээ тэр бүр нялзсангүй. Өрхийн жижиг бизнесийн хэмжээнд л хөгжлөө. Харин хойшоо харж наймаа хийсэн нь бага, бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийгээд хойшоо гэдийсэн байдалтай. Оросоос оруулдаг импортын 88-90 хувийг шатахууны импорт эзэлдэг. 2018 оны байдлаар Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын нефть бүтээгдэхүүн хойд хөршөөсөө импортолсон. Эргээд манайхаас экспортолдог бараа бүтээгдэхүүний дүн нь 100 сая ам.долларт хүрдэггүй, дунджаар 50-80 сая ам.доллар. ОХУ-ын гадаад худалдааны эргэлтэд манай улс ердөө 0.2398 хувийг эзэлдэг.

Гэлээ гээд Хятадтай хийж байгаа худалдаа нь Монгол-Оросын худалдаанд үлгэр жишээ болгож үзүүлэх юмаар тун бага. Хятадаас бараа, хүнсний бүтээгдэхүүн ихээр авдаг. Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Хятадаас давхардуулан оруулж ирдэг. Хятадтай хийж буй улсын хэмжээний том худалдаа гэвэл уул уурхайн бүтээгдэхүүн. “Хятадын хөгжлийн боломж хуваалцах” худалдааг бид хөгжүүлэх ёстой атал 30 дахь жилдээ энэ талаар хийсэн бүтээсэн зүйлгүй явна. Манай улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор (90 хувь) бүрдүүлдэг ба тэр экспортын нэлээд нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваагаар очдог түүхий нүүрс юм. 

БНХАУ нь ногоон эрчим хүч рүү шилжсэн, түүхий нүүрс (нүүрсний хэрэглээгээ 2019 онд 58.5 хувь хүртэл бууруулна) түлж цахилгаан гаргахаа больж буй, тэр нь төрийн бодлого нь. Харин манайхан шороотой цэвэрлээгүй нүүрсээ зарах гэж үхэлдсээр. Заавал ав гэнэ, авахгүй гэвэл хоёр улсын харилцаа руу татаад аваад ирнэ, УИХ, Засгийн газар дээр бөөн асуудал болгоно, муу нэртэй ГХЯ нөгөөхийг нь борлуулах гэж Сайдаа илгээнэ, гуйлгана, гуйна, нүүрээ түлнэ. Ерөөсөө нүүрс ухаж гаргаад Хятад руу машинаар зөөхөөс өөр экспорт эрхлэхгүй хэмээн Монгол даяараа үгсээд тохирчихсон аятай аяглаж байгаа нь Хятадтай хийж буй улсын худалдааных нь төрх болжээ. 

Хятад өмнөөс маань шал өөр тайлбар хэлнэ. Монгол Улсыг муутгаж, нүүрсийг нь боож, сөхрүүлэх гэсэн юм биш, нээлттэй, багтаамжтай Хятад хаалгаа дэлгээд хүлээж байна, наад нүүрсээ боловсруулаад, цэвэрлээд, угаагаад, эсвэл бүтээгдэхүүн болгоод оруулаад ир ээ, шингэрүүлээд хий болгоод оруулаад ир ээ, хязгааргүй ихээр авъя аа, Хятадын зах зээл нээлттэй байнаа хэмээн мянга ухуулаад нэмэргүй.

Манай экспортын бодлого баригчид, тодорхойлогчид Шанхайн олон улсын импортын ЭКСПО-гоос санаа сэдэл, гэрэл гэгээ авчраасай. Төрийн бодлогын хэмжээнд гадаад худалдааг цэгцлэх талаар ямар нэг бүтээлч санаачилга дэвшүүлээсэй! 

ЭКСПО-г жил бүр Хятад зохион байгуулна, олон улсын үйлдвэрлэгч, экспортлогчдод Хятадын зах зээлийг нээх индэр болгохын төлөө хичээж ажиллана. Тэр тоолонгоор Монгол-Хятадын худалдаа нэг нэг шат ахиж, чанарын хувьд дээшилж байх учиртай юм. 

Шанхайн импортын ЭКСПО-д хиймэл оюун ухаан, эрчим хүч хэмнэх, байгаль орчин хамгаалах, 3D хэвлэл зэрэг шинэ дээд технологийн бүтээгдэхүүн, хүний гараар бүтсэналмаз эрдэнийн худалдаа ярайж байсантай БНХАУ руу нүүрсээ гаргах гэж урт цуваа хэдэн арван км үргэлжлүүлэн газраар илгээж байгаагаа бид харьцуулаад сэтгэ дээ. 

Майкрософтын босс Билл Гэйтсээс эшлэх үгс: - Хятад ньмаш олон салбарт түргэн хөгжлөө. Бүх салбартаа инновац нэвтрүүллээ. Дижитал хөгжлөөр тэргүүлэх түвшинд хэр байгааг нь дэлхийн эдийн засгийн цогц салбарууд дээр шалгаруулбал Хятад яах аргагүй тодорно. Цахим тооцоог Хятад улсад маш түгээмэл ашиглаж, хүмүүс бэлэн мөнгөгүй амьдралд дасчээ. Нэн буурай, хөгжлөөр тааруу улс орнуудад дижитал банк-санхүү хөгжүүлэхэд Гэйтс сангийн холбоо тусалдаг. Ирээдүйд бусад орнууд дижитал хөгжил, дижитал өөрчлөлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Яаж хэрхэн хийх, юу хийхийг Хятад улс харууллаа. 

АНУ-ын Далласт “Супер компьютерын дэлхийн топ 500-гийн шинэ жагсаалт”-ыг ноднин нийтлэхэд америкийн “Суммит” компьютер тэргүүн байранд орсон бөгөөд жагсаалтад багтсан компьютерынхоо тоогоороо Хятад улс тэргүүлсэн дүн гарч байв. Супер компьютерын дэлхийн топ 500-гийн жагсаалтад хятадын “Шэньвэй” гуравт, “Тяньхэ-2” дөрөвдүгээр байранд оржээ. Супер компьютерын нэрсийн жагсаалтад хятадын 227 компьютер багтсан байсан нь энэ жил энэ үзүүлэлтээс буухгүй болов уу. 

Энэ бүхнийг би Хятадтай худалдаа эдийн засгийн харилцаа эрхэлдэг, эрхлэх сонирхолтой монголчууддаа уриалах, санал сэдэл өгөх зорилгоор бичиж байна.

Ингэхэд хятадын ердийн худалдан авагчид хэрхэн өөрчлөгдөөд байгаа билээ. Манайд “Хар баасан гариг” гэдэг шиг олон улсын “Хос 11” буюу “11.11” гэх худалдааны өдөрлөг 2009.11.11-нээс эхэлсэн байдаг. Үүнийгээ дэлхийн нийтийн оролцоотой, өргөн цар хүрээтэй худалдан авалтын өдөрлөг гэж нэрлэдэг. 2018 онд гэхэд л ганц өдөрт 213 тэрбум 500 сая юанийн худалдаа хийсэн байх юм. Юуг илтгэн харуулав гэхлээр Хятадын хэрэглээний зах зээл ямар асар их нөөц боломжтой, ямар өндөр чанар, онцлогтой болсон, хятадууд маань олон талт хэрэглээний шинэ эрин үе рүү шилжсэн гэдгийг хэлэх шиг. “11.11”-нийг“Хятадын хэрэглээний зах зээлийн алтан үе” гээд нэрлэх болсон нь манайханд ямар ч хүртээлгүй гэж үү?

2018 оны байдлаар “Хос 11” нь дэлхийн олон улс орныг 48 цагийн турш, өргөн цаг хүрээнд хамарч, гадаад хэрэглэгчид нь цахим хуудсаараа дамжин Хятадын хэрэглэгчдийн хамт худалдан авалтад оролцож, худалдан авалт эхлээд 2 цаг болоогүй байхад 100 тэрбумын үзүүлэлтэд, 24 цаг өнгөрөхөд 200 тэрбум юанийг давсан байжээ. 

Хэрэглээ гэдэг нь өөрөө Хятадын эдийн засгийн хөгжлийн нэг гол тулгуур болжээ. Энэ ньОйрын 15 жилд Хятадын импортын бүтээгдэхүүн 30 их наяд ам.доллар, үйлчилгээ 10 их наяд ам.долларт хүргэхээр зориг шулуудсан нь иргэдийн амьжиргааны хэрэгцээг хангах зорилготой. Үүгээрээ нээлттэй, хүртээмжтэй “наймаа” өрнүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш чухал хөшүүрэг үзүүлэх нь байна.

Эдийн засагт хүч сэлбэх гэдгийг Хятадад худалдаа, үйлчилгээ хэмээн тайлбарладаг. Цагаан сараар олон хоногоор амрааж Хятад даяараа ажил зогсдог нь тэр олон зуун сая хүний хувийн мөнгийг эргэлдүүлж, дотоодын аялал жуулчлал, дэд бүтэцдээ өртөггүй хөрөнгө оруулалт хийлгэх нэг гол арга хэрэгсэл гэж үздэгээс тэр юм. 

НҮБ-ын эх сурвалжаас үзвэл, дэлхийн 40 гаруй улсыг хөгжлөөр тааруу,нэн буурай улс орноор бүртгэжээ. Тэдгээр орнуудад  Хятад хамгийн их хөрөнгө оруулж байгаа юм байна. Үүнийг зөвтгөсөн ч гэх үү, эсвэл уриа дуудлага гэхээр чухал санаачилгыг ноён Си Жиньпин дэвшүүлсэн. Тэр нь “Ирээдүйд Хятад улс хэрхэн, хэр зэрэг хөгжихөөс үл   хамаарч, хэзээд хөгжиж буй орон хэвээрээ байж, хөгжиж буй бусад орныг дэмжиж   ажиллахаа үргэлжлүүлнэ” гэжээ. Дэлхийн топ хоёр дахь эдийн засгийг бүтээчихээд ингэж ярьж байгаад нь нэг талаас гайхах, нөгөө талаас олзуурхах сэтгэл төрөхөөр юм.

Би юу хэлэх гээд байна вэ? Хятадаас бараа бүтээгдэхүүн оруулж, агуулах дүүргэх бус, харин эсрэгээр Хятадын асар том зах зээл, худалдан авах чадварыг овжиноор олж харж ашиглаад байхад л хөл дээрээ тун эрчимтэй босчих хувилбар миний нүднээ буудаг юм. 

Дэлхийн хөгжлөөр тааруу 40 гаруй улс орнууд дотор Монгол маань арай ч орчихоогүй яваа боловч тэднээс арай дээгүүрхэн яваа нь тун чамлалттай. Хөгжлөөр тааруу гэдэг нь хөгжих найдвар бараг алдагдсан, эсвэл даяаршлын шуурганд нэрвэгдсэн, худалдаа нойл заасан, дэлхийн эдийн засгийн хасах үзүүлэлтүүд очиж байнга нөлөөлж байдаг улсуудыг хэлдэг бол манай улсад тэгсэн гэх үзүүлэлт, баримт тэр бүр байхгүй, өөрсдөөсөө шалтгаалсан ядуурал, ажилгүйдэл, бухимдалдаа барьцаалагдсан гэдгээр Монгол маань тэрхүү “40 гаруй” руу ороход ямагт ойрхон яваадаа дүгнэлт хийх хэрэгтэй.

БНХАУ-ын ойн баяраар магтан дуулал, найрамдлын бахархлыг бичсэнгүй. Гэхдээ санаа сэдэл аваасай, бодитой олж хараасай гэсэндээ ийн өгүүллээ.


“Засгийн газрын мэдээ” сонин, 2019/10/1
Мягмар гариг