Ном гэдэг үг бол эртний грек хэлээр nomos гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ үг бол жам ёс, зүй тогтол гэсэн утгатай юм. Энэ үг эртний согд хэлээр дамжин уйгур болон монгол үг болон ирсэн. Номыг эртний самгарьд хэлээр Дхарма, түвд хэлээр Чой гэдэг юм. Хүн төрөлхтөн номыг хэдэн мянган жилээр дээдэлж иржээ. Ном бол мэдлэг юм. Мэдлэг бол хүч юм.

Би хөдөө нутагт Мөрөн сумандаа анх 7 настайдаа сумын бага сургуулийн сурагч болж 2-р ангиасаа ном уншиж эхэлсэн. Ном их уншаад эхэлсэн тул сургуулийн цээж бичгийн хичээл дээр огт алдаагүй бичдэг сурагч хэмээн Цэргээ багш минь намайг магтдаг байлаа. 2-р ангийн сурагч байхад Цэргээ багш намайг 4 дүгээр ангийн сурагчидтай хамт суулгаж цээж бичиг бичүүлэхэд би огт алдаагүй бичсэн тул багш маань нөгөө 4-р ангийн хүүхдүүдэд намайг сайн жишээ болгон магтдаг байж билээ. Тэхлээр би 8 настайгаас эхэлж номтой нөхөрлөж эхэлсэн юм байна.Сумын номын сангийн бараг бүх уран зохиолынномыг уншиж билээ. Сумын номын сангаас анх авч уншсан Бямбын Ринчечний “Заан Залуудай” гэдэг ном надад ихэд таалагдддаг байсан даа. Удалгүй 5-р ангидаа сурахаар Хэнтий аймгийн төв Өндөрхааны дунд сургуулийн сурагч болов. Өндөрхааны дунд сургуульд сурч байхдаа аймгийн төв номын санд очиж бараг бүх түүх, уран зохиолын номуудыг нь уншиж дуусгав. Тэр үед гардаг байсан уран зохиолын “Цог” сэтгүүлийн дугаар бүрт гардаг шинэ уран зохиолуудыг алгасалгүй уншдаг байлаа. Сургуулийн хичээл дээр заадаг сурах бичгийг нь би урьдчилаад уншиж дуусгадаг байлаа. 6 дугаар ангид сурч байсан нэгэн намартүүхийн хичээл дээр би түүхийн багшийг миний уншчихсан зүйлийг яриад байна, ямар уйтгартай юм бэ хэмээн бодож, багшийгаа үл тоож хичээл дээр нь өөр юм хийгээд байв. Түүхийн Баттөмөр багш миний энэ үл тоосон байдлыганзаарч нилээд дургуйцэж “За Сүхбаатар чи, миний зааж байгаа хичээлийг үл ойшоогоод байгаа юм бол миний заагаагүй хичээл болох Английн хөрөнгөтний хувьсгалын тухай яриадах” гэв. Би ч тэр даруй Английн хөрөнгөтний хувьсгалын тухай, Английн хаадын тухай, Английн алдарт цэргийн жанжин Оливер Кромвеллийн тухай дуржигнатал ярьчихлаа. Багш энэ бүгдийг сонсоод “ Чиний тархины цэнэг сайн юм байна. Онц дүн чамд тавилаа” гэв.Энэ бүгдийн дараа “Би юм мэддэг гэж сагсуурах нь дэмий юм байна” хэмээн ойлгов.

Тэр үед Монголд хөрвүүлж хэвлэгдсэн гадаадын зохиолчдынномуудыг их уншдаг байлаа. ”Майн Ридийн “Зоригт анчин бүсгүй”, Т.Драйзерийн “Америкийн эмгэнэлт явдал”, Жюль Вернийн “Арван таван наст капитан”, “Нууцат арал”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”,А.Дюмагийн “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, Виктор Гюгогийн “Зоригт далайчид”, Г.Мартыновын “Каллисто гариг”, Канон-Дойлийн “Шерлок Холмс”, Вальтер Скотын “Айвенго”, Фенимор Куперийн “Сүүлчийн Могикан”, “Мөрч”, Александр Беляевын “Эрдэмтэн Доулийн толгой”, “Газар уснаа явагч хүн”, Жек Лондоны “Мартин Иден”,”Цагаан соёот”, Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц”, “Гульсары минь баяртай”, “Багш” , Шолоховын“Дөлгөөн Дон”, Лев Толстойн “Дайн ба Энх” зэрэг номуудыг уншдаг байв. 

Аймгийн номын сангийн байнгын идэвхтэй уншигч байсан тул номын санч Ханд гуай намайг андахгүй болж Номны санд очих болгонд “За Сүхбаатар чи өнөөдөр ямар ном унших вэ. Энэ бүх номын катологийг үзээд номоо сонго” гэдэг байв. Би дуртай номоо сонгож уншсаар байгаад сүүлдээ унших ном бараг байхгүй болж байв. Хожим нь би их сургуулиа төгсөж Хэнтий аймагтаа хуваарилагдаж ажиллаж эхлэхдээ өөрийн цуглуулсан 4 шуудай номыг аймгийнхаа Номын санд хандивлаж бэлэглэж билээ. Ханд гуай маань учиргүй баярлаж “Сүхээ чамд маш их баярлалаа. Зарим хүмүүс манай номын сангийн номыг унших гэж аваад огт өгдөггүйюм. Би номын өрөнд ороод байлаа. Харин чи энэ өглөгийн номоороо намайг аварлаа” гэж билээ.

Удалгүй би дунд сургуулиа төгсөж 17 настайдаа Зөвлөлт Холбоот Улсын их сургуульд сурахаар явлаа. Тэнд очоод анхны лекциндээ суусан чинь зөвлөлтийн их сургуулийн багш нарын орос хэл дээр уншсан лекцийг ойлгохгүй байлаа. Эхлээд мэргэжлийн хэл болох хууль зүйн ухааны хэллэгийг орос хэл дээр сурах шаардлагатай болов. Хуулийн олон номнуудыг их сургуулийн номын сангаас авч орос хэлнээс хөрвүүлэн уншиж эхлэв. Гадаад хэлийг ганц жилийн дотор сурдаг зүйл биш байлаа. Би зөвхөн багш нарын хичээлийг орос хэл дээр сонсоод ахиц гарахгүй юм байна хэмээн ойлгож орос хэл дээр гардаг олон ном, олон кино үзэж байв. Ялангуяа зөвлөлтийн зохиолч Расул Гамзатов, Чингиз Айтматов, Мухтар Ауэзовын романуудыг орос хэл дээр уншаад л байв. Казахын нэрт зохиолч Мухтар Ауэзовын “Зам” хэмээх хоёрботь номыг их нухацтай хөрвүүлэн уншдаг байв. Энэ бүгдийн дүнд миний орос хэл нилээд сайжрав . Гэхдээ бүр сайн биш.

Зөвлөлт Холбоот улсад их сургууль төгссөний дараа би Хэнтий нутагтаа ирээд орос, монгол хэл дээр гарсан шинэ номуудыг захиалан авчуншдаг байв. Би амралтаа аваад Улаанбаатар хотод очиж Улсын Төв Номын санд ховор сайн ном олж уншдаг байв. Зарим хүмүүс намайг “Хүн гэдэг чинь чинь амралтаа аваад хөдөө гарч хорхог идэж айраг уудаг байтал чи хот орж ном уншдаг байхдаа яадаг юм, ямар их номын хэнээтэйхүнбэ” хэмээн шоолдог байв.

Нутагтаа ирээд би дорно дахины түүх, уран зохиол, шашны тухай ихэд сонирхдог болов. Монголын эртний сонгодог ном судрыг ихэд сонирхдог болов. Босоо монгол бичгийг бие даан сурч монголын уламжлалт сонгодог зохиол“Оюун түлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал, “Нэгэн үсгийн эрдэм” хэмээх сургаал, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”,” Тоть шувууны сургаал”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шаштир оршвой”, “Чойжид дагины тууж”, “Молон тойны эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой”, “Үлгэрийн далай”, “32 модон хүний үлгэр”, “Эрдэний сан Субашид” зэрэг гайхамшигт ном судрыг уншиж монголын уламжлалт соёлын ихөвийг гайхан биширч байлаа.

Наяад оны дундуур Зөвлөлт Холбоот улсад ил тод байдал,өөрчлөн байгуулалт эхэлж зөвлөлтийн ном, сонин, сэтгүүл чөлөөтэй болж их л сонирхолтой байв. Зөвлөлтийн шинэ сэтгүүл, шинэ номнуудыг захиалан авч уншсаар байтал орос хэлний мэдлэг эрс сайжирлаа. Орос хэл дээр эссе бичих хэмээнд хүрэв. Түүх,философи, шашны талаар үхширмэл хуучин үзлээсээ салжчөлөөт үзэл, шинэ мэдлэгтэй болж байлаа. Шинэ үзэл санаатай шинэ номууд улам их анхаарал татаж байлаа. Тэр үед Зөвлөлт Холбоот улсад хэвлэгдсэн шинэ ном, сэтгүүлийг мөнгийг нь төлөөд захиалахад тэр дороо Монголд ирдэг байлаа. Би тэр үед сайн ном л олддог юм бол үнийг нь хэд ч байсан хамаагүй авдаг байв. Хамгийн үнэтэй нэг ном авсанаа сайн санаж байна. Зөвлөлт Холбоот Улсад өнгөт офсет хэвлэлээр хэвлэгдсэн “Мифы народов мира “ гэдэг хоёр боть номыг би сарын цалингийхаа хагасыг төлж авч билээ.Зөвлөлтийн түүхч, доктор Лев Гумилевын номуудыг их уншдаг байлаа. Зөвлөлтийн дипломатчдын бичсэн гадаадын орнуудын тухай олон сайхан ном уншдаг байлаа.

Тэр үед Зөвлөлт Холбоот улсад хэвлэгддэг байсан “Наука и Религия” гэдэг сэтгүүл намайг шашингүйн үзэлтнээс шашинлаг үзэлтэн болгочихсон юм даа. Тэрхүү сэтгүүлийг би жил бүр захиалж олон дугаарыг нь хадгалдаг болсон юм. Учир нь тэр сэтгүүл дээр дэлхийн хамгийн том шашин болох Христ,Ислам, Хинду, Буддын шашны сургаалийг нийтэлдэг байсан юм. Би бүх шашны тухай ойлголттой болоод дэлхийн хамгийн агуу шашин бол Буддизм юм байна гэдгийг сайтар ойлгосон доо. Ингээд би уран зохиолын олон ном цуглуулдаг байсан бол түүнийгээ орхиод шашны ном судар цуглуулдаг болов.

Уншдаг ном маань өөрчлөгдөж голдуу шашны судруудыг уншдаг болов. Эхлээд олдсон шашны судар бол христийн шашны Библи судар байлаа. Орос хэл дээр хоёр төрлийн Библи олдлоо. Энэ нь “Хуучин гэрээслэл”, нөгөө нь “Шинэ гэрээслэл”. Дараа нь Исламын шашны Коран судрыг орос хэл дээр оллоо. Дараа нь хинду шашны “Гита” судрын тухайолж уншлаа. Хинду шашны анхны ойлголтуудыг би Махатма Гандийн бичсэн “Үнэнийг эрсэн миний түүх” номноос ойлгосон доо. Хамгийн олдохгүй хэцүү судар бол тэрхүү наяад онуудад Буддын шашны судрууд байлаа. Учир нь кирилл бичгээр хэвлэсэн буддын судар тэр үед огт олдохгүй байлаа. Түвд болон уйгуржин монгол бичгээр хэвлэгдсэн олон сая буддын судруудыг аль дээр үед гучаад онуудад монголын улаантнууд бүрмөсөн устгаж шатааж дуусгасан тул буддын судрууд огт олдохоо больсон байв.

Би наяад оны дундуур Оросын Буриад улсад ажлаар явж байгаад Агын тойргийн нэгэн музейд буриадын эрдэмтэн Гомбожав Цыбиковын түвд хэлнээс орос хэл дээр орчуулсан “Ламрим” судрыг үзээд мэл гайхаж билээ. Монгол улсад монгол хэл дээр кирилл бичгээр хөрвүүлсэн Ламрим судар ная, ерээд онуудад огт гараагүй байхад энэхүү судар орос хэл дээр аль дээр үед 1919 онд хөрвүүлэгдсэн байхыг хараад гайхсан даа. 

Шашингэсэн үг бол самгадиар шасана буюу сургаал гэсэн утгатай үг. Хамгийн агуу ном бол шашны судрууд юм байна лээ. Тэр дотороо хамгийн агуу нь Буддын шашны “Ламрим” судар юм байна лээ. Ламрим судрыг Монголд кирилл бичгээр анх 2000 оны үеэс л хэвлэж эхэлсэн юм. Одоо надад нийтдээ 8 төрлийн Ламрим судар байна. Ламрим судрыг сайн лам багшаар хөтлүүлдэг юм. Би 2000 оны эхээр Ламрим судрыг Энэтхэгийн Гомон дацанг дөнгөж төгсөөд ирээд байсан залуу шунлайв гавж С.Гантөмөр багшаар хөтлүүлсэн юм. Шунлайв гавж С.Гантөмөр багш бол олон “Ламрим” судрыг монгол хэл дээр кирилл бичгээр хөрвүүлж хэвлүүлсэн,сүсэгтэн олонд олон улаа “Ламрим” судрыг хөтөлсөн, эрдэм номтой, эгэл даруухан лам багш даа. Одоо миний өдөр тутам уншдаг Ламрим бол С.Гантөмөр гавж багшийн хөрвүүлсэн “Амар мөр”, залуу ламтан У.Пүрэвсүхийн хөрвүүлсэн “Шаамар Ламрим” юм.“Шаамар Ламрим” сударт: “Мөрийн үндэс буяны саданг шүтэх ёс, Шүтээд оюунаа хэрхэн судлах зэргэмж, Дунд төрөлхтөн лүгээ нийтийн мөрийн зэрэгт оюунаа судлахуй, Их хөлгөний мөрийн зэрэг” гэсэн үндсэн бүлгээс бүрддэг юм. 

Би одоо уран зохиолын ном авч уншихаабольжээ. Зөвхөн Буддын шашны судар номыг л авч уншдагболжээ. Учир нь уран зохиолын ном уншаад хүмүүс гэгээрдэггүй юм. Буддын “Ламрим” судрыг уншаад хүмүүс гэгээрдэг юм.Би бүхий л насаараа олон мянган ном уншжээ. Ингээд эцэст нь ийм л дүгнэлт хийлээ : 

Шажин бүгдийн дотроос
Шакьяамуний шажин дээд.
Ном судрын дотроос
Ламрим судар дээд .