1990 оны 8-р сарын 29-нд “Монголын залуучууд” сонины #95 /7804/ дугаарт хэвлэгдэн гарсан нийтлэлээ эрдэмтэн зохиолч, найруулагч, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан дахин нийтэлсү. Оюунлаг Монголын уншигч та бээр он цагийн аялалд эргэн морилно уу.
Мэргэн цэцэн мэлмий тань болгооно уу.



  • Бага нас – Ленинград – Р.Таагүр, Галидаса
  • Амьдралын эрхээр орчуулагч болсон нь
  • “Алтан үе” буюу “аваргууд”…
  • Чойбалсангийн “ивээл”
  • Ардын жүжигчнээс төрийн шагналд
  • Санаанд үлдсэн бодлоос
  • Насны намар сайхан...


БАГА НАС – ЛЕНИНГРАД – Р.ТААГҮР, ГАЛИДАСА

Ленинград... Невскийн өргөн чөлөө... Цэлмэг нартай гэгээн өдөр... Цэнхэртэн давалгаалах Балтийн тэнгис... БНМАУ-ын ардын бүрэн эрхт Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхан гэргий Цэцгээ, охин Оюун, Раднаа нарын хамт зугаалан явна. Жаахан Оюун аавынхаа захиснаар Рабиндранат Таагүр, Галидасаг уншина. 

Гаадамбын ногоон бөгөөд заримдаг шар тоорцогт цэцэг харан
Гадалийн ёсоор соёолон ургасныг билигт газар чимхэн идэгч буга
Галд түлэгдсэн газар дэлхийн үнэр ус баригч чамд
Гялалзсан хурдан дусалт үүлсний жимийг зааж өгнөм заа
хэмээн Энэтхэгийн сонгодог уран зохиолоор боловсорч байсан ажгуу. 

Тэд аюумшигт цаг тойрон буйг яахин тааварлах билээ. Дамбадаржаа, Цэвээний Жамсран, Егүзэрийн хийдийн Ёнзон хамбын эсэргүү хэрэг гэгч зохиомол боловчиг нэгэнт тогтсон “хуарангийн социалист” нийгэмд яах аргагүй зайлшгүй “хэлмэгдэл” гэлтэй... Жавхаалаг сайхан Эрдэнэбатхан гуай Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн нэг нь байжээ. ЗХУ-д “социализмын хөгжлийн шатанд ангийн тэмцэл хурцадна” гэсэн суут удирдагчийн онолоор хэдийнэ номтой боловсролтой бүхнээ барих явдал нэгэнтээ эхэлсэн үе... 

Энэ явдлын учир зүйн тайллыг олон онолч эрдэмт мэргэд тайлбарласан авч захиран тушаах тогтолцоог эзэнт гүрний нийгэмд “удирдагчаас” өндөр боловсролтой, илүү мэдлэгтэй, чадвартай хүн байх “ёсгүй” гэсэн “журамтай” ажгуу. 

Ингэж Оюуны гэнэхэн бага насны нь дулаахан нарыг дүн өвлийн жихүүн жавар бүрхжээ.


АМЬДРАЛЫН ЭРХЭЭР ОРЧУУЛАГЧ БОЛСОН НЬ 

Оюун ижийтэйгээ Монголд иржээ. Гэр орноо хураалгаж, амьдрахын эрхээр орчуулгаа (мэдэх орос хэлнээсээ) хийсэн нь их шог зохиолч Н.В. Гоголийн “Байцаагч түшмэл”. Тус жүжиг эрдмийн хүрээлэнгийн тайзнаа олон тавилт үзэж, эдүгээ ч их илчээ түгээсээр... Иймийн учир “Байцаагч түшмэл” анхны орчуулга, “Алтан хараацай”-н тухай тодорхой бичмээр юм. Уг жүжгийг Ши.Аюуш найруулан Цагааны Цэгмид (хотын дарга), Цэрэндулам (эхнэр), Дагийсүрэн (охин), Хлестаковд Д.Намдаг гуай, Бобчинскийд Шаравдоо тогложээ. 

Залуу насны цог заль бадарсан анхны ардын цэнгэлдэх хүрээлэнгийнхэн шууд л тайзнаа гаран ёстой л “нэгийг үзэж, нэхий дээлээ уралцжээ”. Гэхдээ нэхий дээл урагдсан юм уу аль эсхүл жүжиг нь урагдсан уу, бүү мэд... Яавчиг гол дүрийн Цэгмид гуай тэрхэн үед бичиг үсэг мэдэхгүй (тааруухан) боловч тоглохдоо гарамгай байв. Сургуулийн явцад бичигт тайлагдсан нь манай алдарт жүжигчнийг төрүүлэх тус дэм болсон нь маргаангүй. 

Анхны инээдмийн жүжиг амжилттай сайн болж чадаагүй ээ. Энэ нь өөрийн учир шалтгаантай. “Байцаагч түшмэл” манай тэр үеийн үзэгчдэд үнэмшилтэй туссангүй, харин ч үлгэр домгийн чанартай үзэгдсэн нь зүйн хэрэг биз ээ. Тайлбарлан бодвоос ер нь үндэсний тайзны урлаг гэдэг өөрийн үзэгчдийн өвөрмөц, үнэн байдлын дотор эргэлдэж байдгаараа онцлогтой. 



“АЛТАН ҮЕ” БУЮУ “АВАРГУУД”

Ардын цэнгэлдэх хүрээлэнг анхлан байгуулсан авьяастнууд утга уран зохиолын сонгодгууд, алдар цуутай жүжигчин уран бүтээлчид мөн билээ. Ши.Аюуш, С.Буянннэмэх, Д.Нацагдорж, Шороотын Цэвээн, Дамдинбазар, Ичинхорлоо, Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Д.Намдаг гээд олон арван авьяастан зон олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн бэлэг төгөлдөр “аваргууд”. Тэд нар маань “залуу” байжээ! 

Залуус гэж хэн ч мэдээжээр урган цэцэглэн яваа үеийнхнийг хэлнэ. Залуус өөр зуураа танилцах, эвцэх, хамтрах, бие биеэсээ сурах, шинэд тэмүүлэгчид байдаг... Тэгээд ч ардын цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд Улаанбаатар даяараа оролцохсон гэж хөдөлж байжээ. Нээлтэд Намын Төв Хорооны дарга Дамбадаржаа, Эвлэлийн Төв Хорооны, Мал аж ахуйн Яамны сайд, Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч хавсран гүйцэтгэгч Жадамбаа, Ардын гэгээрүүлэх Яамны тэргүүн сайд Эрдэнэбатхан нар хүрэлцэн ирсэн юмсанж. Энэ тухай манай жүжгийн сонгодог зохиолч Донровын Намдаг, Дамбадаржаа дарга тусгайлан бэлтгэсэн мөнгөн бүслүүрт хувинтай айраг аван, үзэгчдийн орох хоёр том хаалганы баруунаар орж, дугуй тойрогт урт гудмаар аажуухан явах зуураа ерөөлийн үгсийг өндөр дуугаар аялан дуудаж, хувинтай айрагнаасаа байн байн дээш өргөн цацаж, тайзан дээр ирж, монгол гэрийн хэлбэрт бөмбөгөр орой өөд хүндэтгэлийн байдлаар хичээнгүйлэн ширтэж, нэг үе болсноо хувинтайгаасаа олонтаа өргөн цацсан тухай дурсан бичсэн байдаг. 

“Ардын цэнгэлдэх хүрээлэн” гэгдэх бөмбөгөр ногоон хэмээх монгол тоорцог хэлбэртэй барилгыг мялаах ёслол тийнхүү ардын дэг ёслол нарийн ширийн цогцтой, гоо сайхны өөрийн эрхэм дээд тэнгэрлиг ойлголт байсан нь юутай бахархалтай вэ? 

Шороотын Цэвээн, Ичинхорлоо, Цагааны Цэгмид, Нямын Цэгмид гээд олон “алтан үеийн” жүжигчдийн уран бүтээл, дүрийн “голч”-ийг олоход нь Э.Оюун багшийн мэдлэг боловсрол, найруулгын өвөрмөц арга барил чухал үүрэг гүйцэтгэсэн биз ээ... 


ЧОЙБАЛСАНГИЙН “ИВЭЭЛ”

Алтан сайхан цаг – залуу насны танхил үед хар толбо болгон үлдсэн дурсамжаас нь нэгэн зүйл өчвөөс Чойбалсан эцгийн “ивээл” хайр мэдрэгдэх биз ээ. Д.Намдаг гуайн “Монголын талд” жүжиг бэлтгэж байсан авай. Найруулагч – сургагч Борейшо, орчуулагчаар Э.Оюун ажиллаж байжээ. Жүжигчин Сэнгээ эсэргүүний дүрд тоглож байж. Ингээд нөгөөх хамтрал “коммун” хурал цуглуулдаг юм биз дээ... 

-Хуралд цуглаарай... гэж хашгирна. Гэтэл найруулагч,
-Чи “Үхэлд” дуудаж байгаа далд санаатай дуудаач! гэж айлдаж гэнэ. Оюун гуай ч орчуулаад л байж гэнэ. Жүжигчин Сэнгээ тайзны тоос манаруулан янз янзаар хүн айж, мал цочмоор хашгирч гарчээ.

ЗХУ-ын сургагч – найруулагч “Вот вот” гээд хөхүүлэн магтаж байсан юм биз дээ. Жүжгийн “хяналтан” дээр ДЯЯ-ны төлөөлөгч, “Энэ эр жинхэнэ эсэргүү мөн, сайхан үнэмшилтэй тоглож байна” хэмээн тоглож шоглохын хооронд “марзганасан” ажээ. Удалгүй жүжигчин шоронгийн хаалга “улс төрийн хэрэг”-ээр татсан авай. Хэн боловчиг хүнд энэ явдал ямар сэтгэгдэл төрүүлэх билээ? Иймэрхүү “ивээл” эцэг Чойбалсангийн энхрий хайраар хүрээлэгдэн амьдарч, урлаж бүтээж байсан авай! 

Бодвоос тэр цагаас хойш олон жил өнгөрөөгүй байна. “Эсэргүүний” гамин бароны дүрд тоглодог “тусгай” жүжигчид гэж нэгэнт хоёр төрлийн бий болсон ажгуу. Жүжигчдэд “их удирдагчдын” дүрийг тогловоос “гавьяат”, “ардын”, “төрийн” шагналыг асгадаг байсан үе саяхан... Бас нэгэн зүйл: мөн л Д.Намдаг гуайн “Сүрэг чоно” жүжгийн сайд Наваанжамбад Пагам гэдэг жүжигчин тогложээ. Мөнөөх театр хариуцсан ДЯЯ-ны төлөөлөгч, “Өөрсдөө тагнуул байхаа, мөн лут тоглож байна” хэмээн тун удалгүй Пагам жүжигчин баригдан яваад долоон жил ял эдлээд гарч ирэхэд нь театр бэрэвшээгээд аваагүй юм билээ. Уг нь сайхан авьяаслаг жүжигчин байсан юм гэж хуучилсан билээ.


АРДЫН ЖҮЖИГЧНЭЭС ТӨРИЙН ШАГНАЛД

Дайны дараахан “Ахан дүүс” жүжигт нь Э.Оюун гуайд БНМАУ-ын төрийн шагнал олгосон ажээ. Жүжиг нь Өвөр Монголын ах дүүсээ Монголын ардын арми чөлөөлөх үеэр болж байгаа үйл явдлыг тайзны хэлээр хүүрнэм авай. 

Авьяас гэж цаг үе олох, хөл нийлүүлэн алхах, нийгмийн амьдралын амин сүнсийг мэдрэх явдал хэмээн нэгэн мэргэд айлджээ. Иймээс Оюун гуай, монгол түмний яс махны тасархай өвөрлөгч хошууны түмэнтэй ах дүүс бид хэмээн өгүүлсэн нь өнөө ач холбогдлоо алдаагүй ээ. Уйгагүй олон жил дараалан эрдмийн жүжгийн хүрээлэнгийн ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч хийж, үзэгч олон сайшаан болгоосон жүжиг урлан дэглэн найруулсанд нь, мөн бүтээсэнд нь орчуулагч бяцхан охиноор “бөмбөгөр ногооны” хаалгыг алхсан түүнд тайзны урлагийн дээд хэргэм “Ардын жүжигчин” цол олгожээ. 

Манай тайз, дэлгэцийн олон сайхан алдартай уран бүтээлч “Оюун багш” хэмээн дууддаг нь юун тухай өгүүлэх нь ойлгомжтой бизээ. Үүнд хэн ч эс эргэлзнэм буй заа. Насан буурлуудын маань сүлд хийморь алдар гавъяа өлмий бат оршиг! 


САНААНД ҮЛДСЭН БОДЛООС

Анхлан Европын гэж магтан шагшиж, “идэвхтэй зарчим” хэмээн бишрэн сүсэлж байсан урлагийн чиглэлийг яах аргагүй Монголд түгээсэн зүтгэлтний нэг нь Э.Оюун гуай мөн. Гэхдээ нэгэн бодол мунхаг тойнд эргэлдэн байгаа билээ. Юу гэвээс аль эрт эзэнт их гүрний нийслэл Хархорин хотын түмэн амгалант харшийн өмнө загалмайтан дархан Вильгельм Бушьегийн урласан бурхны элч хүү мөнгөн бүрээ татаж эх болсон газар ээжээс мөнхийн холбоотой галбирваа модноос идээний дээж сархад, айраг, сүү, таван амтат оргилон урсаж их нийслэлийн зон олон хааны жүжиглэнгийн хүрээлэнгийн бишгүүр, зэмсэг болсон наадмыг баясан үзэж гоо сайхны нь таашаадаг байсан буй заа... 

Ухаант өвөг дээдэс маань соёл, урлаг, шүтлэгийг Өрнө, Дорно гэж ялгаагүй тив дэлхийн эрхэм дээд гоо цогцсыг хүндлэн ертөнцийн төв байсан Хархоринд залж дээдлэн хүндэлдэг байсныг юу гэж мэргэн уншигч та болгоох вэ? Миний хувьд үнэхээр О.Дашбалбар найрагчийн, 

Агшин зуур ялагдахдаа зуун жил ялах хүнээ дотроо хадгалж
Аугаа ертөнцөд өөрийгөө булаалгамгүй оршсон
Ард түмэн минь надад, миний үр садад
Ану хатан, Мандухай сэцнийг төрүүлж өгсөн
Алтан дэлхийд бахархах төгс сайхан хүмүүстэйгээ
Амьд яваадаа би дүүрэн баярламуу!
хэмээн болгоосноор Оюун гуайн тухай бодох эгшинд, амьдралын их замыг туулаад ухаан оюунд тодорхой болгоод, хий сүүмэлзэх дөлийг бөхөөж, сэтгэлийг ёроол захгүй хар хөх мөнх сайхан энх тайван оргил өөд аваачиж, тэнгэрт анивчин чичирхийлэх түмэн од угалз, бас нууцыг сэнхрүүлэн бадруулах гайхамшигт яруу сонсголонт тэнгис далай лугаа хөгжмийн эгшиглэнг дуурсгана гэж санагднам. 

НАСНЫ НАМАР САЙХАН 

Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүн байхдаа, үүрийн даалгавраар Шар Ордныг (одоогийн пионерийн ордон) нураа, бурхан тахилыг устга! гэсэн ширүүхэн лүндэн театрын залуучуудад буулгажээ. Жүжигчин Дагийсүрэн бид хоёр сүмийн буланд хяран бурхан тахилыг хэмхлэн байхыг бүлтэлзэн харж зогсож байсансан. Гадаа хашааны буланд овоолоостой гэснээ санаа алдан дуугүй болсонсон. 

Цагийн ширүүн салхийг сөрөн гарах хүч зориг “өнчин”, эсэргүүний охинд байсан гэж үү?
Бурхан багш гэмшиж наминчилсан нүглийг өршөөсүгэй хэмээсэн биш үү?

Оюун гуай маань эдүгээ ард олныхоо дунд маханд дугаарлаж, автобусанд шахагдан, эгэл түмний амьдралаар явж байна. Бүх насаараа “тусгай” хангамжинд байсан хүнд сурталтнуудаас ялгаатай нь уран бүтээлчид маань ингэж сэтгэлээр зон олонтойгоо хамт гэдэг нь илхэн. Ийм ч учир хийсэн бүтээснээрээ биднийг оюун, ухаан, гэгээрэн сэнхрэхийн их аян замд дагуулан явмой.