2023.04.25.

Хүн төрөлхтөн үр хүүхдийнхээ төлөө бодож олсон хамгийн аугаа зүйл бол сургууль. (Гэр орондоо өдөржингөө бужигнаж буулгах шахдаг манай хүүхдүүдийг өдрийн хагаст ч гэсэн өөртөө саатуулж тогтоодог сургууль бол буянтай газар гэж нэгэн эцэг ярьжээ) Дэлхийн бүх хүүхдийг ухаан орж хэлж ярьдаг болмогц нь сургууль хүлээж байдаг. Анги танхимгүйн улмаас гүүрэн дор газарт завилан хичээллэж суугаа энэтхэг хүүхдүүд, өвлийн тэсгэм хүйтэнд олон км алхаж үс нь хөлдөөд хичээлдээ ирдэг хятад “мөсөн жаал”, манай сумын төвийн дотуур байранд ах эгчтэйгээ бүлтэгнэж харагдах зургаахан настай сурагчаас энэ бүгдийг мэдэрч болно. Бичиг үсэг, эрдэм ном сурах нь зөвхөн нэг хэрэг. Түүнээс илүүтэйгээр, янз бүрийн гэр бүлд төрж өссөн бяцхан иргэд сургууль, анги хэмээх хамт олны нэгэн эд эс болж, өөр хоорондоо нэгдэж зан төлөв тэгшрэн, насан туршийн найз нөхдөө олдог. Сургууль бол хүүхэд хаанахын хэний байхаас үл хамааран олгодог тэгш боломж, гараа юм.

Тийм ээ, хүүхэд бүр тэгш эрхтэй. Харин өнөөдөр нэг хэсэг нь гурвуулаа суудаг ширээ, 50 сурагчтай анги, А-гаас К хүртэл бүлэгтэй сургуульд чихэлддэг бол нөгөө хэсэг нь эцэг эхийн мөнгөний чинээгээр 30-40 мянган долларын төлбөртэйгээр тансагладаг “илүү тэгш эрхтэй” болжээ. Зах зээлийн өрсөлдөөнд гараанаас түрүүлээд гарчихаж байна. Хувийн болон гаднын хөрөнгө оруулалттай сургуулиуд нийгмийн гэхээсээ илүү бизнесийн өндөр хамгийн ашигтай салбар болж, дэлхийн, өндөр хөгжилтэй орны, барууны хөтөлбөр нэрийн дор Монгол Улсын боловсролын тогтолцоог хоёр хувааж байгаа нь юунд хүргэх бол? Хүүхэд нь улсын сургуульд сурдаг Улсын Их хурлын гишүүн олдохгүй байна гэж нэг судлаач бичсэн. Сайн сураглавал эрхбиш ганц хоёр олдох биз. Дараачийн сонгууль ч дөхлөө...  

Харин би энэ удаад арай өөр асуудлаар “жижигхэн” санал хэлнэ.

Гудамжаар алхаж явсан сурагч охин гутлаа үдэхээр тонгойход үүргэвч нь толгой дээгүүр нь давж газарт унамагцаа эзнээ биеэр нь татаж годройтуулан дээрээ тэрийлгэхийг үзлээ. Тийм хүнд үүргэвч!

Бидний үед сурагч цүнх барьдаг байлаа. Нэг өдөрт орох 4-5 хичээлийн сурах бичгүүд босоогоороо хоёр эгнэж багтдаг, хажуугаар нь шургуулдаг 12 мөнгөний дэвтрүүд арай өргөн учраас илүү гарч захаараа нугарчихдаг, харин арын хуудсан дээрээ “Гудамжийг цирк болгогч залуучууд аа...” гэж анхааруулсан гонзгой дэвтэр яг таардагсан.

Шинэ цагийн сурагчид цүнх биш үүргэвтэй болжээ. Цүнх мөртлөө үүргэвч. Амыг нь нээгээд сурах бичиг, дэвтэр, ном, хоолны сав, бас бус юмнуудаа дээр дээрээс нь овоолж дүүргэдэг. Гадуур нь усны сав дүүжлээстэй. Сургуулийн эргэн тойронд нуруун дээрээ дэнжигнэх үүргэвчтэйгээ тэмцэн бөхөлзөж гүйлдэх хүүхдүүд. Дээрхэн телевизээр “Сурагчид стандартаас хоёр дахин хүнд цүнх үүрч байна” сурвалжлага гарсан. Цүнх гэдэг нь үүргэвч юм. Дунд ангийн бололтой жаал “Дөрөвдэх өдөр аймаар их хичээл ордог болохоор чилдэг, балиар хүнд, мөр өвтгөдөг, гэхдээ эр хүн юм чинь гүрийгээд явдаг, автобус эргэхэд савдаг” гэсэн бол нэгэн ээж “Манай хүүхэд ийм жоохон, цүнхээ үүрэхдээ далжийдаг, зөндөө ном, хувцас, уут, тавчиг, бас тавиур авч явдаг” гэж тоочлоо.

Одоо миний санал. Дунд сургуулийн сурах бичиг, номын ихэнхийг цахимаар, эсвэл цаасаар, цахимаар ээлжлэн хэрэглэх, үүний тулд хүүхэд бүр таблет, планшет, айпад ашигладаг болох тухай юм. Энэ хэдийг манайхан энгийн яриандаа нийлүүлээд пад гэх юм, түүнийг дагая.

2007-2008 оны үед олон улсын нэгэн санаачлагыг дагаж Монгол Улсад “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг зарлаж (тэр үеийн Ерөнхийлөгч санаачлахгүй хаачихав) ХО хэмээх “эвэртэй” (антенн нь байх) ногоон компьютерийг тарааж эхэлсэн ч тухайн үеийн технологи одоогийнх шиг өндөр түвшинд хүрээгүй учраас эртэдсэн байх, хилийн манайд төдийгүй хилийн чанадад тэгэсхийгээд замхарсан. Тэгэхэд пад сураггүй байжээ. Харин одоо бол өөр цаг. Эйпл-ийн iPad, Самсунг-ийн Galaxy Tab тэргүүтэй нэрлэж баршгүй олон компани, загварын пад зах зээлд ярайж байна.  

Хүүхэд бүр пад-тай болсноор сурагчийн үүргэвч хөнгөрөх зөвхөн нэг хэрэг, түүнээс илүү өөр боломж, өөрчлөлтүүд гарна.

1. Пад-ыг ноутбүүктэй харьцуулахад 4-5 дахин хөнгөн буюу 500-600 граммаас хэтрэхгүй жинтэй. Сурагчийн ямар ч жижиг үүргэвч, томхон халаасанд хүртэл багтах учраас хаа сайгүй авч явна.
2. Ашиглахад хялбар. Ганц хавтгай учраас ширээн дээр бага зай эзлэнэ. Дуртай үедээ гартаа авах, зогсож сууж хэвтэж ашиглахад чөлөөтэй.  
3. Дэлгэц нь номын хуудастай яг дүйх хэмжээтэй учраас шууд орлоно. Сурах бичиг, номын цахим хуудсыг дэлгэцэн дээр нааш цааш эргүүлж урагш хойш гүйлгэж уншина.
4. Хэдэн зуу, мянган ном, сурах бичиг, ном, дүрс дуу бичлэгийн файлыг багтаана.
5. Пад дотор байгаа нь чамлагдвал Интернэт орно, сим хийгээд үүрэн телефон болно.
6. Гар утас ба ноутбүүкээр юу хийдэг, түүнийг чадна. Гар, хулгана залгаад бичнэ,
7. Зураг авч бичлэг хийх, үзэж, сонсох зэрэг мэдээж зүйлийг дурдаад орхиё.
8. Сургуульд компьютерийн кабинет мэтийн хоцрогдол арилна.

Цахим, цахим хэрэглээ нь цаасан ном, сурах бичгийн эсрэг биш, харин түүний үргэлжлэл юм. Эхлэл гэж хэлсэн ч болно. Бүх ном хэвлэл тэртээ тэргүй эхлээд цахимаар хийгдэж бэлэн болдог. Аль аль нь байг, тэгвэл нэгийг хичээл дээр, нөгөөг гэртээ ашиглана гэх мэт. Ганц удаа хэрэглэх материал, заавар, танилцуулга, хавсралт, гарын авлагууд цахимаар байхад хангалттай. Өөрчилж засварлах бол цахим дээрээ товчлуур дараад гүйцээ. Хэмнэсэн цаас, хэвлэлийн зардал, түүнд зориулах байсан улсын төсөв, айл өрхийн мөнгө жинхэнэ сайн ном руу урсана. Хүүхэд багачуудын хичээл шалгалт, чөлөөт цаг, хүмүүжил, танин мэдэхүйд хэрэгтэй, янзтай, сайхан, үүнийг яаж бодож олов оо гэж дуу алдахаар номнууд лангуун дээр эздээ хүлээж байгаа. Том утгаараа янз бүрийн шалтгаанаар улам олон хичээл, сургалт, арга хэмжээнүүд цахим болж, хүүхэд бүрээс хоёрдахь бичиг буюу код бичих чадвар нэхэгдэж, виртуал орон зай, метаверс ертөнц хаалгаа дэлгэн, хиймэл оюун ухаан цонхоор шагайж байхад манай сурагчид гар хоосон байж таарахгүй. Гар утас бол биш ээ.  

Дараачийн асуудал бол хэрхэн пад-жуулах вэ? Эхэндээ гаднаас оруулж ирэхээс өөр аргагүй боловч яваандаа өөрсдөө угсарч үйлдвэрлэх хэрэгтэй.

2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд 746 мянга, техникийн болон мэргэжлийн сургалтын байгууллагад 38 мянган хүүхэд, залуучууд суралцаж байна. Дээд сургуулийн оюутны тоо 145 мянга. Бас цэцэрлэгийн хүүхэд 266 мянга (бага насны хүүхдийн тоглоом, танин мэдэхүйн есөн шидийн пад байдаг юм байна). Ингээд хамгийн цөөндөө нэг сая пад-ны зах зээл Монголд байна. Пад зөвхөн сургуульд хэрэгтэй биш. Авсаархан хэрнээ компьютер учраас хувь хүний цахим бичгийн хэрэглэл, уран бүтээлчийн багаж, үйлчилгээний газарт сурталчилгаа, бизнесийн байгууллагад харилцаа, үйлдвэрлэлд хяналтын самбар төдийгүй удирдлага гээд хэрэглээ хязгааргүй.

Арваад жилийн өмнө манай Эм Си Эс-ийнхэн Могул ноутбүүк, гар утас хоёрыг угсарч үзээд зогссон (бас л эртэдсэн байх). Тэгвэл Ehlel-ийн Батзаяа хэдэн жилийн өмнөөс шууд гар утас руу орж өөрийгөө зовоосоор байх шиг.

Хэрвээ гар утсанд брэнд, чамирхал, элдэв үзүүлэлт чухал, алган чинээ их биед тэр болгоныг багтаахыг шаарддаг нарийн түвэгтэй, харин пад бол цэвэр хэрэглээ учраас хавьгүй хялбар, тогтсон, удаан хэрэглээтэй бүтээгдэхүүн. Хэн нэгэн “Миний пад-ны камер төдөн мегапиксел” гэж гайхуулж байхыг сонсоогүй.

Монголдоо ганц удаа уурхай, дэлгүүр, барилга, ноолуур, хамтлаг биш бидний хувьд гарцаагүй өндөр технологийн үйлдвэрлэл хөгжүүлж, тэр нь пад байж болмоор. Уул уурхайгаас бөөн мөнгө ухаж гаргавал түүгээрээ хөрөнгө оруулалт хийх, хайран санагдвал гаднаас татах, хамтарсан компани, үйлдвэр байгуулах. Бид ор хоосноос эхлэхгүй. Их дээд сургуулиуд электроникийн мэргэжлээр байнга төгсгөдөг. Программ, аппликэйшн, сайт бүтээх программ зохиогч, дизайнер, аюулгүй байдлын инженер, эцэг эхийн хяналтыг тавих олон нийт бүгд бий. Эхний үед эд ангийг авчирч угсарна, яваандаа зарим нэгийг өөрсдөө хийж орлуулна. Хавтан, схем, дэлгэц, чип энэ тэр гэж худлаа яриад яахав, гэхдээ хэн мэдлээ. Бид чинь 1980-аад онд компьютер угсарсан улс. Хэзээ нэгэн цагт Монголоос шинжлэх ухааны том нээлт биш байж болох ч технологийн гайхалтай санаа, ШБОС, магадгүй дараа үеийн пад гаргаад ирэхэд хэн нэгэн хориг тавина гэж бодохгүй байна.