С.Жавхлангийн жагсаалд очлоо. Үнэндээ жагсаагүй ээ, С.Жавхланг дэмжигчид, сонирхогчдын цугларалт л байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнтэй хэдэн үг солилоо. Мэдээж “Монголоо аваръя” гэж бодсон гэж байгаа юм. “Дабл стандарт”-ын талаар асуулаа, дорвитой үг хэлсэнгүй. Засгийн газар, УИХ ч юм уу тарна, огцорно гэдэгт би байтугай тэр маань ч өөрөө итгэлтэй биш байв. Тэгэхээр лоозон л төдий бололтой.

Товчхондоо би дэмжих гэж эсвэл гутаах гэж биш, нүдээр харж чихээр сонсож, зүрхээрээ мэдрэх гэж очсон юм. Тиймээс юу бодогдсон сэтгэгдлээ л хуваалцъя. Тэнд “бэлтгэгдсэн жүжигчид” алга. Сэтгэл зүрхээрээ очсон, үгээ ч хэлж чадахгүй гэрэвшсэн, ихэвчлэн С.Жавхланг харах гэж очсон Увс нутгийн гаралтай, эсвэл СУИС-д хамт сурч байсан, дуунд нь дуртай хүмүүс л “дэмжиж яваа юмаа” гэж байна. Танил дүү нар ч таарч хууч хөөрлөө.

Эмзэглэмээр нэг зүйл нь намайг очих мөчид тэд хотын удирдлагад төв талбай дээр гэр барих хүсэлт тавих гэж очиж л дээ. Хүлээж аваагүй гэсээн. Цементэн дээр хэдэн хучлага дээр хайрагдаж буй тэднийг хараад одоогийн огцруулъя гээд байгаа сайд, дарга нар нь хоёр жилийн өмнө хэчнээн тав тухтайгаар эсэргүүцлээ илэрхийлж байсныг яаж санахгүй өнгөрөх билээ.2019 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө л дөө. Өглөө сэрэхэд л 15 гэр дүнхийж байлаа шүү дээ. Хорогдох төдий биш ээ, гоёмсог гэрүүд, тэдгээрээс тавыг нь УИХ-ын тухайн үеийн гишүүн бариулсан гэж мэдээ хүртэл гарч байв. Энэ бол ялгаа шүү. Ямар эрсдэл учрахыг С.Жавхлан ч, төр ч таашгүй. Энэ талбай дээр төрийн хамгаалалт дунд эгэл жирийн залуу иргэн нь савтай шатахуун авчирч өөрийгөө амьдаар нь шатаахад хэн ч яаж ч чадаагүй. Тэр хар өдрөөс хойш нэг жил ч болоогүй, тэгээд л таг чиг. Хүний амь тасрах тийм амархан. Монгол хүний амь нас төрийн өмнө тийм л үнэтэй.

Энд нэг харьцуулалтыг олон нийт яриад байгаа юм. Иргэн Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг яагаад барьж аваад явчихав, яагаад С.Жавхланг болохоор бөө бөөлүүлээд байхад байлгаад байна вэ гэж? Яах аргагүй харьцуулах кейсүүд. Ялгаа нь юу гээч?

С.Жавхлангийнх тайван “жагсаал”. Өнөөдөр С.Жавхлан маань яг үнэндээ “Ганцаараа” байна. Бодож төлөвлөсөн ч юм алга. Хамгийн харамсалтай нь С.Жавхлан юу хүсээд байгааг С.Жавхлан ч мэдэхгүй байна. Муухайгаар хэлэхэд яг үнэндээ “Яаж хурдан тараад харих вэ” гэдэг аргаа хайж ядаж байгаа дүр зураг мэдрэгдлээ. Түүний харц, түүний зүрх ийм л мессеж өглөө. Ийм нөхцөлд Төр “оролцох”, “хориглох” нь төр муухай харагдах гээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл төр цөхрөхөөд тарахыг нь хүлээж байна. Түүнээс биш давуу эрх олгоод байгаа юм биш бололтой.

Тэнд юу болж байна вэ гэвэл хэн дуртай нь түүний чанга яригчаар ирж ярьчихаад яваад өгөх юм. Яг л “уураа гаргах муна” нүдчихээд яваад өгдөг шиг үзүүлбэр болчихлоо. Нөхөртөө гомдсон эмэгтэй ирээд “хоёр жил хүүхдийг нь хүчиндээд байхад засрах байх гэж хараад цагдаад мэдэгддэггүй байсан” л гэх юм. Дунд сургуулийн сурагч “С.Жавхлан ахаас нэг зүйл асууя” гээд “Та төрд байхдаа юу хийсэн юм бэ” л гэж асууна. Лавлахад Шангриллаг хаатал тэднийд, хаасны дараа харуул манааныхнаас гуйж байгаад бие засдаг, өглөөд “Модерн номадс” руу ороод цайлчихдаг гэж байна билээ. Намайг очиход яг халуун хоол нь ирж таарсан, цайлж хооллоод жаахан дулаацахад нь дөнгөж очингуутаа даарч бээрсэндээ ичиж байлаа.

Шөнө өнөө хэд маань яаж хоноо бол гээд 04.16цагийн үед очлоо. Арай олуулаа болчихсон, арваад хүн унтаж байна. Дэргэд нь хоёр бөө бөөлж байна. Бөөгийн тухайд С.Жавхлангаас асуухад “Бөөгийн холбооноос холбогдоод очиж бөөлнө, дэмжинэ, нэгдэнэ” гэсэн гэнэ. Ийнхүү шинээр ирж буй хүмүүсийн тал нь сонирхож, тал нь толгой дохиж л дэмжих юм. Нэг сонирхолтой нь түүний өөрийн пэйж дээрх live-ийг үзсэн хүмүүсийн коммент нь тэр аяараа дэмжинээ, “чи шүү” гээд байдаг,online tvчиглэлийн мэдээллийн сайт дээр хуулаад тавихаар “яв, зайл” гэцгээгээд байхыг найзтай нь хамт туршиж үзсэн юм л даа. 

Тэгэхээр С.Жавхлан минь, нэг л зүйлийг хэлье. Миний дүү гэртээ харь даа. Сайн бодож төлөвлөж байгаад дахиад жагсаж болно шүү дээ. Улс төрийн дэмжигч, урлагийн фэнүүд хоёрын ялгааг гаргаж байж ийм ажил хийхгүй бол ямар ч эрсдэлд орж мэднэ гэдгийг хувиасаа зөвлөе.

Төр засаг ч гэсэн мундаг сайндаа чамайг байлгаад байгаа юм биш. Монголын ард түмний үзэл бодлоо илэрхийлэх хамгийн гол элемент жагсаал цуглаан гэгчийн нэр хүндийг унагах гээд, олон нийтэд муухай харагдуулах гээд та нарыг “байлгаад” байна.

Өнөөдрийн УИХ, Засгийн газар дотор С.Жавхлантай нэг танхимд хууль батлалцаж суусан хүн цөөнгүй бий. Яагаад очиж уулзаж болдоггүй юм бэ. Тэр бол хатуу ширүүн тэмцэгч биш. Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, урлагаар хөглөгдөж асаж шатаж явдаг л залуу иргэн. Түүнд жагсах эрх бий. Сэтгэлийн хөөрлөөр төлөвлөлтгүй эхэлсэн ч олон улсын хэмжээнд, гадныхан түүний энэ “ажлыг”, цугласан хүмүүс, үзүүлсэн уриа лоозонг харсан хэн ч “Улс төрийн эсэргүүцэл” л гэнэ. Тавьсан шаардлага, яриад байгаа зүйлд худал үг алга. Нийгэмд шударга ёс алга, хууль тэгш бус үйлчилж байгаа нь үнэн. Цар тахлын үед одон тарааж, сонгуулийн уулзалтууд хийхээс эхлээд тархалт нэмэгдэхэд хүргэсэн нь үнэн. Зохион байгуулалт муугаас халдварыг бууруулж чадахгүй байгаа нь, үүнээс үүдээд өдөр бүр арав гаруй хүн амь насаа алдаад байгаа нь үнэн. Үүнийхээ төлөө нэг, хоёр гишүүн гарч ирээд “Уучлаарай” гэхэд л “Жавхлангийн жагсаал” гэгч чинь тарахад бэлэн байна шүү дээ. Яагаад үл тоогоод байгаа юм бэ гэдэгт би ч гэсэн бухимдаж байна. Ямар арга замаар Төрийн толгойд сууснаа ийм амархан мартах байсан юм уу? Төр, иргэний зай ийм хол байвал олон олон жагсаал гарна. Тэгэх ч эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг. Одоо байраа соль. Төр засаг гадаа гар. С.Жавхлан дүү минь гэртээ харь л гэе дээ.