Үйл явдал

ЗХУ-ын орбит станцын “Салют-7” хиймэл дагуул нисгэгчгүйгээр сансарт хагас жил гаруй ажиллаж байгаад гэнэт удирдлагагуй болон нислэгийг удирдах төвийн сигналд ямар ч хариу өгөхөө болив. Хиймэл дагуул унавал ЗХУ-ын сансар судлал, шинжлэх ухааны нэр хүндэд маш муугаар нөлөөлөн улмаар олон хүний амь нас ч сүйдэх эрсдэлд оржээ. Унах унахдаа АНУ-ын газар нутаг дээр унах магдлалтай болсон нь байдлыг улам хурцатгав. Удирдлагагуй болсон хиймэл дагуул АНУ-ын аль нэг хэсэгт унаж томоохон сүйрэл болох магадлалтай болсон ба энэ нь хоёр орны хоорондох хүйтэн дайны үед болж байгаа нь байдлыг улам хурцатгав. ЗХУ-ын сансарын нислэг удирдах төвийнхөн 3 сар бэлдсэний эцэст тусгай тоноглогдсон “Союз Т 13” хөлгийг хамгийн туршлагтай хоёр нисгэгчээр жолоодуулан нисгэхээр шийднэ. Тэдний өмнө сансарт удирдлагагуй эргэлдэн хөвж яваа хиймэл дагуулыг олж очин,өөрийн хөлөгтэйгөө гар удирдлагаар холбон, эвдрэлийг олж засан, хэвийн ажиллагаанд оруулан, улс орныхоо нэр хүндийг аврах маш хүнд даалгавар ногдоно.

Зураг авалт

Кино багийнхан гол санаагаа сансрын нисгэгч Виктор Савиныхын тэмдэглэлийн дэвтрээс авсан ба бодит байдалд ойртуулахын тулд киноны зөвлөхөөр сансрын нисгэгч Сергей Крикалёв, Александр Лазуткин нарыг авч ажиллуулсан юм. Гэхдээ киног үзэгчдэд сонирхолтой болгох үүднээс зохиол дээрээ уран сайхны зарим нэг өөрчлөлтийг оруулан нисгэгчдийн нэрсийг ч бас Владимир Феодоров, Виктор Алёхин болгож өөрчилсөн. Киноны оператороор зураг авалтын мастер Сергей Астаховыг урьж ажиллуулжээ. Астахов кадр болгоныг бодит юм шиг харуулахыг хичээн маш олон тоног төхөөрөмжийг зураг авалтандаа зориулан хийлгэж компьютер график аль болох бага ашиглахыг зорьсон байна. 

Байконурын станц дээрх сансарт ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдийг ашиглан “Союз Т-13”, “Салют 7” хөлгүүдийн макетийг яг бодит хэмжээгээр хийхэд ”“Ленфильм” студийн танхимд багтахааргуй байсан тул Петербург хотод тусгайлан шинээр зураг авалтын павильон засав. Гол дүрийн 2 жүжигчиндээ жингүйдлийг бодитоор мэдрүүлэхийн тулд тусгай бэлтгэлийг олон цагаар хийлгэснээс гадна ИЛ-76 онгоцоор нилээд өндөрт нисгээд өндрийг огцом алдуулан унагааж 26 секундын жингүйдэл үүсгэсэн байна. Ингээд зураг авалт дээрээ жүжигчидээ тусгай тросоор татаж жингүйдэж буй мэт харагдуулсан нь маш гоё бодит болж чадсан юм.

Бодит түүх

1985 оны 2-р сарын 11 нд удирдлагаас гарсан “Салют- 7” хиймэл дагуулыг “Союз Т 13” хөлгөөр нисэж очин засаж хэвийн ажиллагаанд оруулсан явдал нь тухайн үеийн сансар судлалын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү бөгөөд амжилттай явагдсан ажиллагаа болсон юм. Тус ажиллагаа нь удирдлагагуй болсон хиймэл дагуулыг сансрын хөлөгтэй гар удирдлагаар холбох цаашлаад гэмтлийн шалтгааныг олж тогтоон засаж хэвийн ажиллагаанд оруулсан анхны практик тохиолдол болсон байна.

“Салют- 7” хиймэл дагуул дээр хамгийн сүүлд 1984 оны 10 сард “Союз Т-12” хөлгийн баг очиж ажилласнаас хойш 6 сарын турш автомат удирдлагаар нисгэгчгүй ажиллаж байсан хиймэл дагуулын алсын удирдлагын тэжээлийн хэсэгт гэмтэл гарч удирдлагагуй болон дэлхий рүү ойртон унаж эхэлсэн юм. Сүүлд олж тогтоосоор тэжээлийн батарейг нарны энергээр цэнэглэдэг хэсэгт гэмтэл гарснаас хөлгийн батарейнууд цахилгаан тэжээлийн эх үүсгвэргүй болон хиймэл дагуул бүхэлдээ хөлдсөн байсан байна. Сансрын нислэгийн удирдлагын төвийнхөн 3 сарын дотор “Союз Т 13” хөлгийг өөрчлөн тоноглож бэлтэв. Ажиллагааг удирдах, гар удирдлагаар 2 хөлгийг залгах сансрын нисгэгчийн сонголтонд Монголчууд бидний сайн танил тухайн үеийн хамгийн туршлагтай нисгэгч Владимир Жанибеков сонгогдсоноор түүний сансрын 5 дахь удаагийн нислэг товлогдов. Нислэгийн бортинженерээр Виктор Савиных сонгогдсон нь түүний хувьд 2 дахь нислэг болсон байна. Хоёр нисгэгч маань бэлтгэлийн ихэнх цагийг гар аргаар удирдан хиймэл дагуултай холболт хийх дээр зарцуулсан байна. 1985 оны 6-р сарын 6-нд“Союз Т 13” хөлөг Байконуурын станцаас хөөрч сансарт автомат удирдлагтайгаар ниссээр хиймэл дагуулд 4.4 км ойртсоны дараа удирдлагыг Владимир Жанибеков гартаа аван холболтыг амжилттай хийж чадсан байна. “Салют- 7”-той холбогдсоны дараагаар нээж үзэхэд станц бүхэлдээ хөлдсөн байдалтай –5 градусын дулаантай байж. Станцын тэжээлийн хэсэг ажиллахгуй, усны нөөц нь хөлдсөн хүндхэн нөхцөлд багийнхан ажиллахдаа ноосон малгай, өвлийн комбинзон ,эсгий гутал өмсөхөөс өөр аргагүй байсан нь фото зурганд үлдсэн байдаг. 

6-р сарын 20 гэхэд 2 нисгэгч маань хиймэл дагуулын ихэнх хэсгийг хэвийн ажиллагаанд оруулж чадсан юм. 6-р сарын 23 өдөр “Прогресс 24”, 7-р сарын 21-нд “Космос 1669” хөлгүүд ирж хиймэл дагуултай холбогдон тэдэнд түлш, хүнс, усны хангалт хийжээ. 8-р сарын 2-нд шинэчлэн сайжруулсан “Орлан-ДМ” скафандртай задгай сансарт 5 цагийн турш ажиллан хиймэл дагуулд нэмэлт нарны батарейг суурилуулжээ. 9-р сарын 18-ийн өдөр “Союз Т14” хөлгөөр сансарт 110 өдөр ажилласан Владимир Жанибеков , 11 сарын 21-нд 168 өдрийн турш ажилласан Виктор Савиных нар үүрэг даалгавраа амжилттай биелүүлэн эх дэлхийдээ газарджээ. 

Та энэхүү сонирхолтой түүхэн баримтат киног үзэхийг хүсвэл доорхи линк дээр дарж үзэж болно

https://www.youtube.com/watch?v=oWcLGetHh2g

2017 оны 10 сарын 4-нд ЗХУ анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөсний 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Кремлийн кино зааланд тус киног үзэж сонирхуулав. Киноны багийнхныг ОХУ-ын ерөнхийлөгч Пүтин хүлээн авч уулзахад сансрын нисгэгч Владимир Жанибеков, Виктор Савиных, Олег Скрипочка болон Юрий Гагарины охин Елена Гагарина нар мөн оролцжээ. 

Владимир Жанибеков киноны талаархи сэтгэгдэлдээ “Надад киноны бодит түүхээс хазайсан хэсгүүд нь таалагдсангүй. Мэдээж урлагийн бүтээл талаасаа бол маш сайн бүтээл болсон байна. Гайхалтай гоё кадр, эффектүүд ялангуяа жингүйдэж байгаа нь үнэхээр бодит мэт болсноос гадна жүжигчид маань маш сайн тогложээ. Гэхдээ өөрсдийн сансрын нисгэгчидээ сансарт шууд буудаж алахад бэлэн генералууд, айлган сүрдүүлсэн сайд дарга нар бол хэзээ ч байгаагүй юм шүү харин ч эсэргээр намын төв хороо, батлан хамгаалах яамныхан маань чадах бүх л зүйлээр дэмжиж туслан ,бидний төлөө маш их санаа зовинож ажиллаж байсан юм. Манай Сансар судлалын төвийн чиглэл бол алж устгах биш аврах, хамгаалах юм. Гадаадын үзэгчид энэ киноог чинь үзээд бидний талаар эвгүй сэтгэгдэл төрөхөөр л санагдлаа. Ер нь бол та нарт зөвлөхөд манай Виктор Савиныхын бичсэн “Мөхсөн станцаас ирсэн захиа” номыг уншаарай, мөн хөлгийн журналыг ч уншиж болно”. гэжээ.

Энэ кино надад үнэхээр таалагдсан, танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна. Киноны зохиол болон зураг авалт, кинонд ашигласан дуу хөгжим, найруулагч, операторын ур чадвар үнэхээр л биений шар үс босгож сэтгэл хөдөлгөмөөр. Дээр нь Владимир Жанибеков гэдэг нэр ,"Земляне" хамтлагийн “Земля в иллюминаторе” дуу гээд бүгд нэг л танил дотно...

Земля в иллюминаторе,

Земля в иллюминаторе,

Земля в иллюминаторе видна,

Как сын грустит о матери,

Как сын грустит о матери,

Грустим мы о Земле, она одна.