Homo Sapiens буюу хүн биднийг амьтдаас заагладаг шийдвэрлэх ялгаа юу вэ?

– Соёл иргэншил үү? Оюун ухаан уу? Эсвэл босоо бие үү?

Харин зохиолч сэтгүүлч Matthew White Ridley-ээр хэлүүлбэл

– Зөвхөн хүн бидэнд байдаг Солилцох чадвар л биднийг амьтнаас ялгаруулж өгдөг юм.

Дэлхий хэзээ мөдгүй сөнөх тухай аль 50 жилийн өмнөөс л яригддаг байлаа. Юу юугүй л өлсгөлөнд нэрвэгдэж, хорт хавдартаа баригдаж, хүчлийн бороонд түлэгдэж, ган гачигт талхлагдсаар үхлийн муугаар төгсөх ёстой байсан хүн бид боловч, одоогийн байдлаар хараахан мөхчхөөгүй төдийгүй, түүнээс хойш орлого маань (инфляцийг тооцоод ч) 3 дахин өсч, дундаж наслалт 30% уртсаж, нялхасын эндэгдэл 2/3 оор буурч, нэг хүнд ноогдох хүнсний бүтээгдэхүүний хэмжээ гуравлаж, хоёрлоод байгаа дэлхийн хүн амыг яаж ийгээд болгоод л байна.

– Тэгвэл энэ бүхэн ямар механизмаар ингэтэл хөгжөөд байна вэ?

Яагаад Neanderthal хүмүүс зээ гээд мөхчхөөд байхад, homo sapiens бид одоо болтол мөхөхгүй байна вэ?

500,000 жилийн өмнө хүний хийж байсан чулуун зэвсгээс дутахгүй зэвсгийг Неандерталчууд ч бас хийдэг байж (Неандертал гэдэг нь эртний нэгэн хүн дүрст амьтан бөгөөд, төрөл зүйлийн хувьд хүнтэй өвөг нэгтэй ах дүүс гэхэд болно). Тэгвэл хүний хийдэг чулуун зэвсэг маань өдийд компьютерийн хулгана болтлоо хөгжөөд байна. Хүний гарт зориулж хийгдсэн юм болохоор, энэ хоёрын хэлбэр хэмжээ төстэй гэж жигтэйхэн.

Харин нэг нь зөвхөн чулууг ашиглаад хэн нэгэн өөртөө зориулж ганцаараа хийсэн эд бол, нөгөө нь металл хуванцар силиконоос авхуулаад зүсэн зүйлийн материалыг хольж, зүг бүрийн хүмүүсийн мэдлэг оюуны цогц нэгдлээс төрсөн шидэт талстны дээж юм.

– Та компьютерийн хулгана яаж хийдгийг мэдэх үү? Эсвэл тэрийг мэддэг хүнийг мэдэх үү?

Магадгүй хэн нэг нь түүний чипийг схемчилж чаддаг ч, тэр хүн хулганы пластик материалыг нефтнээс хэрхэн гаргаж авдгийг мэдэхгүй. Харин тэрийг мэддэг нефтчин нөхөр, ажлын цагаар хэрэг болгож уудаг кофеныхоо буурцгийг хэрхэн тариан талбайгаас хурааж авдгийг мэдэхгүй.

Магадгүй сая сая хүний хамтын хөдөлмөр нийлж байж, компьютерийн энэ өчүүхэн хулганыг зөвхөн танд зориулж бүтээж байна гээд төсөөл дөө.

Үүний ард "хөдөлмөрийн хуваарилалт" болон "мэдлэгийн солилцоо" гээч юм тасралтгүйгээр эрчимтэй явагдаж байдаг.

Өнөө цагт жирийн нэг англи иргэн ганц цаг ном уншихад хэрэгтэй гэрлийг өөртөө бий болгохын тулд, ердөө тал секунд ажиллахад л хангалттай болж. Харин энэ тоо 1950 онд 8 секунд байсан бол, 1880 онд 15 минут байсан юм.

Энэ бол, бид бүхэн төдий чинээ даяарчлагдаж (буюу ойртож), худалдаа наймаа чөлөөтэй хөгжиж, басхүү төдий чинээ хөдөлмөрийн хуваарьт мэргэшин төрөлжиж ирсний үр өгөөж.

Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс л эр эмээрээ ажлаа хуваарилж аваад хийж сурсан юмсанж. Эрчүүд амь өрссөн ангийн ажлыг хариуцаж, хариуд нь эмэгтэйчүүд үндэс малтдаг залхмаар ажлыг хариуцсанаар, үр дүнд нь тус бүрдээ мэргэжилдээ туршлагажиж, бүтээмж дээшилж, цагийг ч хэмнэж. Ер нь аль аль нь л хожиж. WIN WIN.

Энэ мэт жишээ нь өнөөгийн бидний хувьд байдаг л хүүхдийн санаа биз. Тоочин хүү Тулга, зураач охин Цэцэг хоёр бие биенийхээ даалгаварыг хийгээд өгчихвөл, илүү урт хугацааг эрхлэн нялуурч өнгөрөөнө.

Тэгвэл гайхалтай нь, иймэрхүү ажлын хуваарилалт хийж байсан ул мөр Неандерталчуудад огт байдаггүй байна. Гэхдээ энэ бол неандерталчууд тэнэг гэсэн үг хараахан биш. Тэр ч бүү хэл, тархины хэмжээг нь харвал, өнөөгийн биднээс ч багтаамжтай төдийгүй, үхэгсэдээ хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлдэг байсан ул мөрийг нь ажваас, төдий чинээ дээд оюун ухаантай байжээ гэдэг нь мэдрэгддэг. Бас тэдний ДНХ дотор FOXP2 гэдэг ген агуулагдаж байснаас үзвэл, хоорондоо хэл яриагаар харилцдаг байсан нь тодорхой. Харин ердөө ганцхан зүйл, тэдэнд ажлын хуваарилалт гэдэг ухагдахуун л байгаагүй бололтой юм.

Түүнээс гадна, ухаант неандерталчуудын хийгээгүй бас нэг зүйл нь "солилцоо". Тэдний үлдэгдлээс гарч ирэх багаж зэвсэг болгон гарцаагүй тэр нутгийн чулуу материалаар хийгдсэн зүйлс байдаг гэнэ. Тэгтэл тэдэнтэй нэг хөндийгөөс олдсон хүний булшин дотроос хэдэн зуун километрийн зайтай газрын чулуунууд гарч ирэх ч тохиолдол бий.

Хүмүүс хэзээнээс эд материалаа солилцож эхэлсэн юм бүү мэд. Хаа байсан сая жилийн өмнөх хясааны үлдэгдэл, анх байсан Алжирийн эргээсээ 200км алслагдсан эх газрын гүнээс олдсон явдал бий гэдэг. Тэгэхээр худалдаа наймаа гэдэг, газар тариалангаас дор хаяж 10 дахин урт түүхтэй болж таарах байх. Худалдаа наймааны ачаар хүний түүх цэцэглэсэн жишээ гэвэл Торгоны зам, Сүэцийн сувгаар тогтохгүй олноор тоологдоно.

Хүнээс бусад амьтдын дунд солилцоо наймаа байдаг эсэх нь тун эргэлзээтэй. Шимпанзе сүргийнхээ хэн нэгэнд мод хэрхэн хугалдгийг зааж болох л юм. Гэхдээ л сүргийн хүрээнээс давж заах явдал найдвартай байхгүй. Ажилсаг шоргоолж хэдийгээр ажилсаг нь дэндсэн үлгэр жишээ боловч, өөр үүрний хатан шоргоолжны төлөө бол ална гэсэн ч хөдлөхгүй. Харин хүн бид уул гол, тив далайг алгасан хоорондоо харилцаж байна.

– Өдий болтол ноход харилцан эрх тэгшээр ясаа солилцож байхыг харсан удаагүй

гэж эдийн засгийн онолын эцэг гэгддэг Adam Smith хэлсэн гэдэг.

– Хэрвээ хүн төрөлхитөнөөс худалдаа наймааг нь салгаж орхивол, Эсвэл бид харилцан мэдээлэл солилцох боломжгүй болбол??? ...Хэрэв тэгвэл хүмүүс бид юу болох бол?

Үүний хариулт бол, бидний хөгжил удаашраад зогсохгүй, бүр ухран доройтох болно.

Тасманы арал гэдэг хэсэг арал урьд цагт Австралийн эх газартай холбоотой байж. Тэгтэл 10,000 жилийн өмнөх цаг уурын дулаарлаас болж, далайн түвшин нэмэгдэж, эх газраас тусгаарлагдажээ. Үр дүнд нь, арлын иргэдийн хөгжил удаашраад зогсохгүй, бүр уруудан доройтохдоо хүрч.

Тэд загас агнуурын багажаа ч хийж чадахаа байж, өмсдөг хувцасаа ч хийж чадахаа больсон гэдэг. Учир нь тэндэхийн 40,000 толгой хүн тэр бүх технологиудыг хадгалж өвлүүлэхэд хэтэрхий цөөдсөн учраас байв.

Тэгтэл өмнөд америкийн Tierra del Fuego гэдэг арал мөн л эх газраас тусгаарлагдсан боловч, тэдний соёл уруудах явдал байсангүй. Учир нь тэд эх газраас тасарсан ч, худалдаа харилцаа нь тасраагүй юмсанж.

Өнөөгийн бид чөлөөт худалдааны бүс, FTA, дэлхий худалдааны байгууллага гэлцэн том том ярьж даналзах нь, үнэндээ түүхийн өндөрлөг, хүний онцлогоос харвал жам ёсны хөгжлийн дараагийн гишгүүр гэж хэлж болмоор. Тиймээс хуйвалдан наймаалцах, панз үсэргэх, дамлан шаглах (заримынх нь ойлгодгоор бараг шулан хөлжих) гэх мэтийн гаж сөрөг ойлголтуудаа эртнээс засвал зохилтой мэт (Яахаараа ер нь монгол хэлэнд энэ төрлийн нааштай хэллэг байдаггүй байнаа???).

За тэр яах вэ. Солилцох харилцаа гэдэг нь хүний нэлээд анхдагч чадвар мөнөөр зогсохгүй, зөвхөн хүнд л байдаг чадвар байж ч мэдэх нь.

Тэгвэл дахиад асууя. Яагаад Неандертал хүмүүс мөхчхөөд байхад, homo sapiens бид одоо болтол мөхөхгүй байна вэ?

Matthew White Ridley

– Ний нуугүй ярихад, энд би огтоос IQ–ны тухай мэтгэлцээн өрнүүлэх сонирхол алга. Бидний хувь хүн нэг бүрийн ухаалаг тархин дээр хүний нийгэм оршин тогтнож ирсэн гэж үнэндээ бодохгүй байна. Асуудлын гол нь, хүн бид хоорондоо хэрхэн үр дүнтэйгээр санаагаа солилцож, улам бүтээлчээр хамтран ажиллах вэ гэдэг юм. Өөрөөр хэлбэл, бид бүхний "хөгжлийн хөдөлгүүрийн жинхэнэ цаад механизм нь Санаануудын хурьцал" болохыг ойлгоосой л гэх гэсэн юм.

When ideas have sex