Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд манай улсад айлчилсантай холбогдуулан миний бие Монгол Улсаас Саудын Арабын Хаант улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласнаа дурсаж дараахи түүхээ сонирхуулъя.

Би бол бас ч үгүй их хувь заяатай хүн. Бахархал гээд гарчиглалаа. Эх орноо төлөөлөн тус улсад суух анхны Элчин сайд, улмаар тус улсад Монгол Улсаас айлчлан очсон Засгийн газрын анхны бие төлөөлөгч байх хувь заяа 2009 онд тохиож билээ. Манай улс 2009 онд шинэ Ерөнхийлөгчтэй болж 2009.06.26-ны өдрийн зарлигаараа (Дөрөв дэх Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайд томилсон анхны зарлиг) намайг тус улсад томилж билээ.

Хувь заяа гэж юуг хэлэв. Юуны өмнө тус улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Ханхүү Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль-Саудад бараалхснаа тэгж нэрлэж байна. Юу гэвэл тус улсыг феодалын нүүдэлчин нийгмээс нь орчин үеийн хөгжил рүү залсан анхны их хаан Файсалын хүү гэдгээрээ Саудын Арабын байтугай дэлхийн түүхнээ нэрээ дуурсгасан нэгэн байв. Тус улсын нийслэл Рияд хотноо очсоныхоо маргааш нь Эрхэм дээд Ханхүүгийн харшид морилов. Итгэмжлэх жуух бичгийнхээ (ИЖБ) хувийг гаруулж ёслолын уулзалт хийх Монгол, Сири, Гана улсын Элчин сайд нарыг ГХЯ-ных нь Ёслолын газрынзахирал Элчин сайд Алаудин Аласкари угтан авч, намайг хүлээн авах үед нь байлцахаар ГХЯ-ны Азийн газрын захирал Элчин сайд Мустафа Кавтар ирсэн байв. 

Намайг ИЖБ-ийн хувь гардуулахаар ороход Гадаад хэргийн сайд Ханхүү Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль-Сауд угтан авч, “Хоёр орон дипломат харилцаа тогтоогоод удаагүй байгаа үед Монгол Улсын анхны Элчин сайд морилон ирж ИЖБ-ээ барьж байгаа нь түүхэн үйл явдал, бид энэ түүхэн үйл явдалд оролцож байгаа түүхэн хүмүүс” гэж хэлсэн нь намайг чухам огшоох шиг болж билээ. Миний бие Гадаад харилцааны сайд С.Батболдын мэндчилгээг уламжлангаа тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан очихыг Эрхэм дээд Ханхүүд хүслээ. Хоёр орны хамтын ажиллагааны эхлэл болгож, Саудын Арабын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын судалгааны институтэд Монголын хоёр дипломатчийг бэлтгэх, судалгааны нэг ажилтан ажиллуулах, Саудын Арабын иргэний их сургуулиудад араб хэл, эдийн засаг, газрын тосны мэргэжлээр 5 монгол оюутан суралцуулах тэтгэлэг олгохыг миний бие Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хүсэлт болгосон захидлыг гардуулахад Саудын Арабын Гадаад хэргийн сайд дуртайя хүлээн авч байгаагаа мэдэгдэн, Дээд боловсролын яамандаа одоохон чиглэл өгч ойрын үед асуудлыг шийдвэрлүүлэх болно гэв. 

Эрхэм дээд Ханхүү манай орны талаар үлэмж мэдлэгтэй, сайхан төсөөлөлтэй нь илт байв. Монголын Эзэнт гүрэн, Эзэн Богд Чингис хаан, түүний байлдан дагуулалт дэлхийн түүхнээ мөнхөрсөн тухай түүх ярьж урмыг минь сэргээв. Улмаар тэр их түүхийг дархалсан монголчууд нүүдэлчин удамтай, саудчууд ч нүүдэлчин удамтай, иймд ахан дүүс байх бололцоотой, одоо хоёр орны хооронд иргэд хоорондын өргөн хэлхээ холбоо тогтоон хөгжүүлж, харилцан зорчих явдлыг хөхиүлье, худалдааны харилцаа тогтооё,хоёр тал харилцан ЭСЯ-аа нээе хэмээн тэрээр уриалж байв. Миний бие 1997 онд номын садан Баабартайгаа хамтран “Манай зууны хөрөг” ном туурвихдаа Эрхэм дээд Ханхүүгийн эцэг Хаан Файсалын улс төрийн хөргийг бичиж байснаа дурдаад, тэр хөрөг нийтлэлийн товч агуулга, канондсон зураг, хуудас, хавтасны нүүрийг гардуулахад тэрээр маш их тааламжтай, бүр гайхсан байдалтай байсныг би ихэд олзуурхаж билээ.

Их хувь заяа гэж үзэхээр үйл явдал руугаа оръё. Хаанд бараалхсан тухай. Төрийн ёслол гэж бас л өвөрмөц, бас ч үгүй сүрлэг санагдсанаа дор буулгая. Дөрвөн тивийн 14 улсын Элчин сайд ирсэн он, сар, өдөр, цагийн дарааллаараа жагсана. Тив бүс нутгийн төлөөллөөс гадна арабын ертөнцийн, исламын шашинт, найрсаг харилцаат 14 улс хэмээн биднийг дотор нь ангилж үзнэ. Үүнд:

  • Арабын: Ирак Сири;
  • Исламын: Пакистан; 
  • Найрсаг харилцаат: Монгол, Гана, Норвег, АНУ, Дани, Япон, Сингапур, Ирланд, Канад, Венесуэл, Украин гэж ангилав. 

Иракийн Элчин сайд нь Саудын Арабт ирсэн дарааллыг тэргүүлж байгаагаараа, мөн арабын, исламын гэдгээрээ биднийг төлөөлж Цог жавхлант Хаанд хандаж үг хэлэх ёстой гэв. 

Хааны Ордонд биднийг морилсны дараа Хааны Ёслолын албаны хариуцлагатан, Хааны торгон цэргийн хурандаа гэх хоёр эрхэм ИЖБ-г хэрхэн яаж барих талаар видео зааварчилгаа өгч алхах гишгэх, эргэх, зогсох, гар барих зэргийг биетээр сургуулилав.Үдийн мөргөлийн цаг давхацсан тул Пакистаны Элчин сайд сургуулилтаа орхиодбидний дэргэд мөргөлөө үйлдэж харагдав.

Саудын Арабын Хааны ёслолын журмаар бол ИЖБ барьж байгаа гадаадын Элчин сайдад 2-3 минутаас илүү хугацаа өгдөггүй, хэдхэн үг хэлж өөрийгөө танилцуулах ба Хаантай яриа өрнүүлэхгүй, зэрэгцэж зогсохгүй, дөхөж очихгүй, Төрийн дуулал эгшиглэхгүй, төрийн далбаа мандуулахгүй, зөвхөн хүндэт харуулын өмнүүр алхаж өнгөрдөг гэв. 

ИЖБ-г хэрхэн яаж барих талаар хичээллэсний дараа хэсэг саатаж цайлаад дараа нь Элчин сайд бүрийг дагалдах торгон цэргийн офицеруудыг жагсаалаар оруулж ирээд танилцуулав. Ингээд 12.30 цагаас эхлэн Элчин сайд нар 3-4-өөрөө нэг баг болж, түрүүчээ Хааны “Эл Ямама палаас” ордныг чиглэн цувран явлаа. Буудлын үүднээс мотоциклчдоор хамгаалуулсан цуваанууд 15 минутын зайтай хөдлөв. Дагалдах торгон цэргийн офицер машинд хамт суув. Машинд манай улсын төрийн жижиг далбааг (өөрсдөө урласан бололтой) мандуулсан байв. Хамгийн сүүлд хөдөлсөн манай цувааг 13.30 цагийн үед очиход Хааны торгон цэрэг, Саудын Арабын гурван замын цэргийн болон аюулаас хамгаалах хүчний нэгдсэн хүндэт харуул жагсан сүрлэгээр угтав. Хүндэт харуул командаар сэлэмт ёслол үйлдсэний дараа надад рапорт өгөв. Би Хааны нэгдсэнхүндэт харуулын өмнүүр аажуухан алхсаар (миний баруун гар талд торгон цэргийн ахмад хамтяваа) ордон руу эргэв. Ордны их хаалганы өмнөх довжоон дээр ГХЯ-ны Ёслолын газрынзахирал Элчин сайд Алаудин Аласкари угтан авч мэндчилээд ордонд морилон орохыг урилаа. Миний бие урилгын дагуу ордонд ороход Хааны ордны хэрэг эрхлэх сайд, Хааны Ёслолын дарга, Хааны торгон цэргийн захирагч нар угтан авч цааш нэвтрүүлэв.

Урт саруул коридораар дамжин явах зуур бидний баруун гар руу ариутгалын тусгай шингэн цацаж харагдав. Цааш хэд алхсаар уулзалтын нэгэн том танхимд орлоо. Тэнд миний өмнөх 13 Элчин сайд эгнээгээрээ сууж байна. Риядад ирсэн он, сар, өдрөөрөө эгнэн суужээ. Энд бид бараг бүтэн цаг саатлаа. Учир нь их үдийн мөргөлийн цаг тул Хаан мөргөлдөө явж, Коран судрын уншлагын дууг цагаан хоолойгоор цууриатуулав. Мөргөлийн дуу дуусмагц ИЖБ барих ёслол эхлэнэ. 14.30 цагийн үед мөргөл дуусч Хаан дээшилсэн бололтой. Ингээд Иракийн Элчин сайд ахлаад дарааллаараа Хааны хүндэтгэлийн танхим руу цуваагаар явлаа. 

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд байлцахаар Гадаад хэргийн сайд Эрхэм дээд ханхүү Сауд Аль-Файсал, Тагнуулын төв газрын захирал Эрхэм дээд ханхүү Мукран бин Абдулазиз, Хааны зөвлөхүүд–Эрхэм дээд ханхүү Абдулазиз бин Абдалла бин Абдулазиз, Эрхэм дээд ханхүү Мансур бин Наасэр бин Абдулазиз, Эрхэм дээд эмир, доктор Бандар бин Сулейман бин Мухаммад Аль-Сауд, Эрхэм дээд ханхүү Абдулазиз бин Фахд бин Абдулазиз болон Сайд нарын зөвлөлийн гишүүн Төрийн сайд, Сайд нарын зөвлөлийн даргын хэрэг эрхлэх газрын дарга, Хааны Ордны хэрэг эрхлэх сайд, Хааны Ёслолын дарга, Хааны торгон цэргийн захирагч, Гадаад хэргийн яамны Ёслолын дарга нар эрэмбээрээ суужээ. 

Элчин сайд нарыг явж ороход Саудын Арабын албаны бүх хүмүүс босч зогсов. Өрөөний голдХаан, түүний зүүн гар талд Гадаад хэргийн сайд, хэлмэрч зогсов. Бид дарааллаараа чигээрээ алхсаар Цог жавхлант Хаан руу очиж найрсгаар мэндчилэн гар бариад гэдрэг хоёр алхам ухраад хэлэх зүйлээ хэлээд бөхийсхийн ИЖБ-ээ гардуулах журамтай. Тэндээсээ зүүн гар тийш эргэж эгнээгээрээ суугаа Элчин сайд нарын суудалд эрэмбээрээ сууна. 

Миний бие эл журмыг баримтлан Цог жавхлант Хаан руу очиж гар бариад гэдрэг хоёр алхам ухраад номхон зогсоод Хааны нүд рүү эгцлэн харж, чанга дуугаар дараахи зүйлийг хэлэв. Үүнд: 

  • It is a great honour for me to present my Letter of Credence assigning me as the First Ambassador of Mongolia as well as First official person from the Government of Mongolia visiting the Kingdom of Saudi Arabia. Availing this opportunity, I would like to convey the warmest greetings from the President of Mongolia H.E. Mr. Elbegdorj Tsakhia and on his behalf invite Your Majesty to visit Mongolia at Your convenience. Within the short duration since diplomatic relations were established between our two countries in 2007, we’ve made significant steps for its development such as the exchange of the Ambassadors.I am confident that Your Majesty will make a valuable contribution to development of friendly relations and cooperation between Mongolia and the Kingdom of Saudi Arabia. Please accept, Your Majesty, the assurances of my deepest consideration. 

Ингээд ИЖБ-ээ дугтуйнаас нь гаргалгүй үл ялиг тонгойн гардуулав. Цог жавхлант Хаан ИЖБ-г хүлээн аваад баярлалаа хэмээн хэлээд цааш нь өгсөний дараа би гэдрэг эргэж Элчин сайд нарын суудалд хамгийн доод үзүүрт нь очиж суув. 

Энэ үед ордны үйлчлэгч нар тэнд суугаа албаны бүх хүнийг араб кофегоор дайллаа. Ууж дуустал аягачнь дэргэд зогсож байх бөгөөд тэд бүгд хар ширэн хуйтай гар буу зүүсэн, мөн тэднийг алтан сэлэм агссан хүмүүс дагалдаж орж ирсэн нь сонин санагдаж байв. Кофений зочилгооны дараа төрөл бүрийн жүүсээр дайллаа. Дараа нь Хаан албан ёсоор баяр хүргэж үг хэллээ.

Итгэмжлэх жуух бичиг барьсан гадаадын 14 улсын Элчин сайд нараар уламжлан тус тус улсын Төрийн тэргүүн, Засгийн газар, ард түмнүүдэд сайн сайхныг ерөөж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Саудын Араб улс байх болно гэсэн ёслолын чанартай үгс хэлж байв. Хариуд нь Иракийн Элчин сайд биднийг төлөөлж арабаар ёслол талархлын үгс хэлэв.

15.00 цагийн үед ёслол өндөрлөж, бид үүд рүү чиглэв. Зочид буудалд хүртэл 14 ёслолын хар тэргийг хамгаалалтын албаны машин гэрлэн дохиогоо гялалзуулан дагуулж давхисаар “Риядын хурлын ордон” хэмээх зочны буудалдхүргэж ирлээ. 

Саудын Арабт ИЖБ бариулдаг ёслолын дэг жаяг нь ихээхэн хүндэтгэлтэй, гэхдээ бага зэрэг хүнд сурталтай мэт санагдсан. ИЖБ барих тухай хэвлэмэл товхимол байхгүй, яг барихын өмнө сургуулилдаг нь барьц алдахад хүргэж мэдэхээр санагдав. ИЖБ хүлээн авах Хааныг авгайлах ёсон хүртэл дэлхийн жишгээс гажуу юм. Тэрээр Саудын Арабын Хаан, Ерөнхий сайд гэсэн албан тушаалтай боловч түүнийг Исламын ариун дагшин хоёр сүмийг хамгаалагч (Custodian of the Two Holy Mosques) гэж нэрлэх ёстой.

ИЖБ барьсан Элчин сайд нараас надад илүү анхаарал хандуулах шиг санагдсан, тэрхэн үедээ. Учир нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод удаагүй, бас анхных нь Элч төлөөлөгч гэдгээр тэгсэн болов уу. Маргааш нь хэвлэгдсэн сонинуудад миний зургийг дангаар нь хэвлэсэн ч харагдаж байв. ИЖБ барьсан тэр оройдоо тэдний ТВ-ийн сувгийн мэдээгээр биднийг, намайг хангалттай харуулна билээ. Анх удаа Элчин сайд болж очсон, тэгэх тусмаа анх удаа Засгийн газрын элч төлөөлөгч нь болж очсон, анх удаа албан ёсны айлчлал хийсэн гэдгээ дээр чадан ядан буулгалаа. Авах гээхийн ухаанаар хандах биз ээ. Саудын Арабын Хаанд бараалхсан анхны монгол хүн гэдгээрээ бахархдаг даа!