Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцон БНКиргиз улсад айлчлаад ирлээ. Албан мэдээг хангалттай өгсөн учраас энгийн харсан үзсэн, мэдсэн тандсанаа тэмдэглэн сонирхуулъя гэж бодов. Юуны өмнө сүүлийн хэдэн жилд кофешопуудаар хэрэн хэсч яваа чөлөөт нийтлэлч намайг урьж дагуулсан Ерөнхий сайдын багт талархсанаа илэрхийлье. Гэхдээ нийтлэлийг минь зааж чиглүүлэхгүй учраас өөрийнхөөрөө “галзуурч” бичих нь ойлгомжтой.

Киргизийн нийслэл Бишкект хэт өөдрөг төсөөлөлтэй бууснаа нисэх буудлаас хотын төв рүү явах замдаа л мэдэрсэн. Хуучны гэр хорооллын гудамжууд, галладаг байшингаас суунаглах утаа, за тэгээд хамгийн гайгүй нь л болов уу гэлтэй тунчиг тарчиг тохижилттой хотел мотел угтав. Тэнд хотжилт алга. Дөнгөж төрсөн нярай үрээ ээж, аав нь тэврээд тамхиа татан алхах, хогоо хаана ч хамаагүй хаяж хөглөрүүлэх эрүүл бус аж амьдралаараа биднийг цочоом дүр зургаас харахад “Бид тэднээс хол, ёстой л үсрэнгүй хөгжжээ” гэдэгтээ бат итгээд буцаж ирсэн дээ.

Гэвч энэ бүхнээс илүү, энэ айлчлалын уянга нь юундаа байгаа нь, ирсэн зорилгын гол “стратеги” нь хоёр хөршийн Гүйцэтгэх засгийн тэргүүнүүдтэй Бишкект уулзахдаа байсан гэдэг л хамгийн сонирхолтой байх нь мэдээж.

Юуны өмнө явсан гол зорилго ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныхаа тухай ярья. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцоод байх нь манай улсын хувьд улс төрийн чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь хоёр хөрш оронтойгоо харилцах таатай уур амьсгалыг бүрдүүлж, ил тод болгож, гурван талт хамтын ажиллагаагаа урагшлуулахад үнэхээр тустай нь мэдрэгдсэн. Дарамт, шахалт нь ч ил, хүсэлт гуйлт нь ч ил болоод ирж байгаа юм. Мөн бүс нутаг дахь сонирхлоо илэрхийлэх, гишүүн орнуудын болон ажиглагч орнуудын бодлого, үйл ажиллагааны талаар илүү бодитой мэдээллийг авах боломж олгодог юм билээ. Тэд юу хамгийн чухал байгаагаа энд ярьдаг болохоор тэр.

Манай улсын хувьд ШХАБ-ын хуралд оролцогчидтой уулзаад эхэлмэгц л сайн мэдээ, магтаалаар хучуулаад эхэлсэн нь гайхшруулсныг нуух юун. Учир нь бид дотооддоо л Засгийн газраа шүүмжлээд загнаад байсан чинь гадаад талд ямар үнэлгээтэй байгааг нь сонсоод гайхсан гэж жигтэйхэн. Эдийн засгийн үзүүлэлтээрээ чухам л Энэтхэг, Монгол хоёр л “алаад” байгаа юм байх аа. ДНБ-ий хэмжээгээрээ “дабльдсан”, жил бүр тогтмол өсөөд байгаа улс орон эдгээр гишүүн болон ажиглагч орнууд дотор тэр бүр байхгүй гэнэ. Ажиглагч гэснээс манай Монгол чинь ШХАБ-ын цор ганц ажиглагч орон болчихсон шүү дээ. Беларусь нь гишүүнээр элсчихсэн, Афганистан маань дотоод нөхцөл байдлаасаа болоод ажиглагч ч байх боломжгүй, сураггүй болсон.

Цор ганц “ажиглагч” орон-Монгол Улс тэдэнд таалагдаж эхэллээ

Ингээд ажиглагч орон маань тодоор үлдлээ. “ШХАБ-д элсээч” гэсэн шахалт байсан уу, гэвэл хэвээрээ байсаан. Шахаж байна лээ. Гэхдээ Монголын Ерөнхий сайд байр сууриа маш тодорхой илэрхийлчихсэн. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр ч тэр. Тэрбээр “Манай улс 2004 оноос хойш 19 жил ажиглагчийн статустай яваа. Цаашдаа ч ийм байх болно. Үүнээс гадна ШХАБ-ын гишүүн орон байхын ач холбогдол, тухайн улс орнуудад авчирсан үр өгөөжийг тод томруунаар хэлэлцэх, бодитой үнэлж дүгнэж, улмаар дэлхий нийтэд сурталчлах цаг болсоон. Магадгүй гишүүн орон болон манай улс шиг ажиглагч статустай орон олширч ШХАБ гэдэг байгууллагын үйл ажиллагаа тэлэх боломжтой гэсэн. Үүнийг ч хуралд оролцогч орнууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн төдийгүй тээвэр, боловсрол, соёл, хүмүүнлэгийн талын үйл ажиллагаануудыг идэвхжүүлэх, түүнийгээ сурталчлах ёстой гэдэг дээр санал нэгдсэн юм.

За одоо “хөшигний цаадах” сонин хачнаас дуулсан мэдсэнээ тоймлон хүргэе. Юуны өмнө БНКиргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров, Ерөнхий сайд А.Жапаров гэдэг хоёр Жапаровтой уулзлаа. Ерөнхийлөгч С. Жапараов нь урьд нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Авлигаас урьдчлан сэргийлэх Үндэсний агентлагтаа ажиллаж байгаад Парламентын гишүүн, Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгч болчихсон түүх намтартай. Парламентын дарга Нурланбек Шакиев нь сонинд редактор хийсээр байгаад Парламентын гишүүн, улмаар Парламентын дарга болчихсон намтартай. Ерөнхий сайд А.Жапаров нь харин шинжлэх ухааны ажилтан, залуучуудын болон улс төрийн олон шатанд ажилласан, за тэгээд Парламентад Байнгын хорооны дарга, Эдийн засаг, сангийн сайд, Тэргүүн шадар сайдаар удаа дараа, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа ажиллаж байсан туршлага арвинтай улстөрч байлаа.

Нэг сонин мэдээ маань гэвэл энэ дарга нар Монголын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Монголын дүү” улс орон болмоор байна гэдгээ илэрхийлсэн юм. Агуулгын хувьд Монгол Улс хэрхэн өнөөг хүртэл хоёр том гүрний дунд ардчилал, эрх чөлөөгөө хадгалж, нээлттэй, олон тулгуурт харилцаагаа олон улсад бэхжүүлж, эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжиж чадав гэдгээс суралцмаар байна гэж тайлбарлаж байлаа. Мэдээж үргэлж шүүмжилж байдаг бидний хувьд шоолмоор ч юм уу, “шок” ч юм уу санагдаж болох юм. Харин тэдний хувьд бол чин үнэнээ л хэлсэн нь энэ. Үнэхээр ч тухайн улс оронд нь байгаад үзэхэд манайхаас суралцахаар зүйл байнаа, байна. Монголчуудтай тун төстэй царай зүстэй киргиз хүмүүсийн дунд ардчилал, эрх чөлөөтэй монгол хүмүүс бид зовхи нь өөдөө, хөөр баясал дүүрэн, тэс өөр зүстэй, харцтай явдгаараа ялгардаг юм билээ. За ингээд бараг Монгол Улс “дүү”-тэй болоод ирлээ. Наргиа биш шүү, тэдний Ерөнхий сайд, Шадар сайд манай Ерөнхий сайдаас насаар олон ах ч энэ ярианаас цааш “ах аа” гээд байсан нь сонин санагдсан. Үнэхээр ч тэднийх Засгийн газраа жагсаж унагаадаг бол манайх “кнопдож” унагаадаг. Жигтэйхэн соёлтой боловсон парламенттай, одоо гишүүнийхээ тоог нэмээд 126 гишүүнтэй болох гэж байгаа гэхчлэн ижилсэл, ялгарлын туйл гэх үү дээ.
Зөвхөн эднийх биш л дээ. Яг дээрх шалтгаанаар суралцая, туршлага солилцоё гэсэн урилгыг Пакистан, Энэтхэг, Узбекстан гээд орны Ерөнхий сайд нараас бас сонслоо. Ерөөсөө яаж ингэж “Ардчилсан” байж чадаад байна вэ, хэцүү шүү дээ”, “Яаж хоёр том гүрний дунд олон улстай, ялангуяа барууныхантай ингэж чөлөөтэй харилцаж, хөгжиж чадаад байна”, яаж Ковидоос хойшхи эдийн засгийн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ээ байнга тогтвортой, бүр “дабльдаж” өсгөж чадаад байна вэ”, “Эрх баригч намын даргын хувьд ҮХНӨ хийж 126 гишүүнтэй парламенттай болох саналыг яагаад оройлон дэмжив” гэхчлэн олон асуудлыг амтархан сонирхоод байна. Бас “Манайд хөрөнгө оруулаач ээ, бизнес эрхлээч ээ, ямар л бол ямар орон зай байна” гээд байх юм. Эрт оношлогооны “Нура” эмнэлгийнхээ нээлтийг энэ үеэр хийсэн “Таванбогд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан бизнесийнхнээ төлөөлж баяртай мэдээтэй угтсаныг энэ дашрамд талархан онцолмоор байна. Дэлхийн хүн төрөлхтнийг туйлдуулсан хавдрын өвчнийг эрт оношлох буянтай сайхан үйлсийг мөнгөн ашгийг нэгдүгээрт тавилгүй эхлүүлж өгсөн түүнд Киргизийн ард түмэн ихэд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.
Эндээс юу гэж бодсон бэ гэхээр Монгол Улс ядаж л ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд дундаа гадаад нэр хүнд сайтай байна. Энэ нь дан ганц Засгийн газрын хэмжээнд биш Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалууд, гаднын улс орнуудаас урьсан зочид, уулзалт хэлэлцээрүүдийн үр дүн, Монгол төрийн баримталж буй шат дараалалтай, тактиктай бодлогуудтай ихээхэн холбоотой юм. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдын үүх түүх, залуу нас, эрч хүчийг ихэд сонирхож буй нь анзаарагдлаа. Үүнийг магтаал гэж хүлээж авахгүй байх гэж найдъя.

М.В.Мишустины бэлэглэсэн Миша баавгай ба “Хэрвээ Мишустин бүгдийг шийддэгсэн бол…”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хоёр хөршийн Ерөнхий сайдтай харилцахдаа бас л сонирхолтой өнцгөөр, шинэлэг тактикаар харилцаад байх шиг санагдсан. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн, М.В.Мишустины өвөөг Халхголын дайны үеэр нисэгч байсан бяцхан түүхийг дурсаад “зүрхэнд нь дөхөж” үзэж байна лээ. Хариуд нь Михайл Владимирович ч түүнийг 1980 оны олимпийн жилд төрснийг “өхөөрдөөд” Миша баавгайны оргиналь дүрийг бэлэглэж харагдсан. М.В.Мишустин, Л.Оюун-Эрдэнэ нарт ижил төстэй зүйл тэмтрэгдсэн нь тэд шинэлэг юм, ардчиллыг дэмжигч, коммунизм, социализмын аргаар улсаа удирдахгүй гэсэн өөдрөг сэтгэлтэй, яриа хэлэлцээг хүртэл чөлөөтэй, нээлттэй, хаалтыг сэтэлж өөр байдлаар хийж дотносох хүсэлтэй нь ажиглагдлаа. Ёстой л “Энэ шинэхэн, халуухан талхан дээр чинь Бэрхийн ч юм уу, Бишкекийн цөцгий түрхээд…” гэх мэт амтархан сониучирхан харж байлаа. Мэдээж хамгийн их сонирхож байсан том төслүүдэд маань саад бий ч түүнийг даван туулах аргуудаа хэн хэн нь гадарлаж доторлоод саналаа солилцоод авах шиг болсон. Наад зах нь л гэхэд УБТЗ-ыг зөвхөн орос, монгол гэлтгүй ОХУ, Монгол Улс, БНХАУ хамтдаа дахин хэлэлцэх бүтэцтэй болж олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хүчирхэг шинэлэг технологи, техникүүдийг урьж шинэ шатанд аваачих тухай хүртэл яриад авсан. Хэрэв Мишустин бүхнийг шийддэгсэн бол бидний зорьж буй томоохон төслүүдийн хувь заяа нааштайгаар, их л өөрөөр эргэхээр итгэл үнэмшил төрүүлсэн дээ.
Энэ мэтийн задгай сэтгэлгээ, яриа хөөрөөнд үндэслэн автозамын сүлжээндээ Узбекстан, Киргизийг дайруулан автозам тавих тухай ОХУ, БНХАУ-ын талд зоригтойгоор илэрхийлчихсэн. Лав л үгүй гэх хатуу эсэргүүцэл сонссонгүй.

Ли Чян том гүүр ч өгнө, “том гүүр” болохыг ч шаардах бололтой

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны хувьд ч мөн л Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй, эрч хүчтэй, шинэлэг, хоёр орны хоорондын яриа хэлэлцээр бүхнийг ажил хэрэг болгож алхам алхмаар ахиулж ажиллах боломжтой, хүч тавин ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Монгол, Хятад аль алиных нь хувьд төмөр замын холболтын цэгүүдийг тохирсон, тохирохдоо Монголын тал эхлээд Гашуунсухайтынхаа асуудлыг эцэслэн шийдэх, тэгж байж Сэхэ, Шивээхүрэн бусад төмөр замуудын боомтын ажил дуусах зайлшгүй шат дараалалтай байгааг ойлголцсон учраас ойрын үед энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Энэ үеэр олзуурхахгүй байхын аргагүй нэгэн шинэ мэдээ бол БНХАУ-ын метро барьдаг арвин туршлагатай компаниудтай гурван шугам бүхий метроны төсөл дээр хамтран ажиллахаар болсон. Үүний хүрээнд Засгийн газар анх удаа метроны төслийн асуудлыг албан ёсоор хэлэлцэж эхэлсэн бөгөөд ашгийн асуудлаас илүү түгжрэлийг бууруулах асуудал чухал гэдгийг эрхэм Ерөнхий сайд Ли Чян машид ойлгож нухацтай, бодитой туслахаа амласан юм.
Мөн манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй түгжрэлийн асуудлаар ярилцахын ялдамд “Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулаад нэг томоохон гүүрэн байгууламж барьж өгч болно гэдэг бүтээлч санал тавьсан юм. Ли Чян төрөлх Хятад орныхоо Жөжян гэдэг нэг л мужтай 40 жилийн амьдралаа холбон ажиллаж бүх асуудлыг нь шийдсэн Жянсү мужийн намын хороонд улмаар ХКН-ын Төв хороотой холбогдож өнөөдрийн Ерөнхий сайдын албан тушаалд хүрсэн хүний хувьд тэрбээр “Танайх олон сайхан зам тавьжээ, гагцхүү хоорондоо холбогдохгүй юм. Үүнийг бид хийж чадна” гэж товхийтэл хариулсан. 

Хааяа ч гэсэн “Монгол Улс минь хөгжиж байна” гэж бодож алхаад үзээрэй

Товчхондоо энэ бүхнээс “Бид бага оврын Элбэгдоржтой болжээ” гэсэн хошин сэтгэгдэл төрж суув. Цаадах чинь Ерөнхий сайд болсныхоо дараахан баахан цаас урж “хүнд сурталтай тэмцэнэ” гэж золигтсон, ер нь огцом түргэн, хөөрүү хөвсөргөн олон санааг гаргаж байлаа. Тэгснээ Ерөнхийлөгч болсныхоо дараа наадмаар дэвж шавсны нь эс тооцвол гадаад орчиндоо бас л гайхалтай сайн тоглогч байсан юм.
Түүний Засгийн газрын үед танхим нь дотооддоо баалуулж балбуулсаар байсан ч гадаад нэр хүндийн хувьд нээлттэй, эерэг, бас тодорхой хэмжээнд гайхшруулсан сигналууд хөвөрч байдаг байв. Одоо Л.Оюун-Эрдэнийг харахад яг түүн шиг хальтхан харахад хөвсөргөн хөөрүү, хөнгөн шингэн ч дотроос нь чамлахын аргагүй ул суурьтай бодлого, бодолтой алхмууд гарч эхлээд цаашид ч юу ч дуулгаж мэдэхээр харагдах юм.

Би түүнийг сайн мэддэггүй л дээ. Одоо харахнээ Ерөнхий сайд маань залуу хүн. Тэр гэнэн, тэнэг байх эрхтэй. Харин төрийн өмч, улсын төсөвт шунаж завших эрхгүй. Үүнийгээ ч мэддэг учраас нэр цэвэр улстөрч ард түмнийхээ төдийгүй дэлхий дахины алган дээр улсаа төлөөлөөд нүүр бардам зогсож байгаа нь нэн тааламжтай сэтгэгдэл төрүүлэв. Хамгийн гол нь өнөөдөр Монгол Улс гацаад зогсчихоогүй юм байна. Хөгжиж байна. Цаашид улам хөгжинө гэж дэлхий дахинд харж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл “Бүх зүйл тийм ч муугүй байгаа бололтой” гэсэн өөдрөг сэтгэгдэлтэй алхаж яваад ирлээ.