МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БА НИЙГМИЙН ДАВХРААЖИЛТ

Нийгмийн бүтэц ба залуучууд

Аливаа нийгэмд нэгэн цаг дор нийгмийн хэд хэдэн үеийнхэн нэгэн зэрэг зэрэгцэн оршиж, хамтран амьдардаг нь жам ёсны зүйл. Түүнийг бид “Үе” гэдэг бол орос хэлэнд “Поколение”, англи хэлнээ “Generation” хэмээн нэрлэж хэвшсэн байна.

Европын эрдэмтдийн хувьд үе гэдгийг гол нь насны ялгаа мэтээр ойлгож хэвшсэн байдаг. Дорно дахины ард түмэн, түүний дотор монголчууд бид амьдрлын хугацаагаа Сарны тоололоор хөтөлж, өнөө ч түүнийг баримталсаар буй. “Үе мултрах” гэдгийг өөрөөс дээш доош 12 жилээр тооцдог Дорнын энэхүү хуанлигаар тооцон үзэхэд нэгэн цаг үед “Өсвөр үе”, “Идэр үе”, “Ахмад үе” гэсэн Гурван үеийнхэн бүхэлдээ зэрэгцэн оршиж, нэгэн үеийнхэн нийгэмд“ирж”, нөгөө үеийхэн нь “буцаж” байдаг байна. (Б.Энхмандах. “Преемственность поколений в современном монгольском обществе социально-политический анализ”, М., 1991)

Зураг №1


Ирж буй үе
Өсвөр   үе
Идэр   үе
Ахмад   үе
Өтөл үе
0-1 хүртэл
1-24 нас
25-49 нас
50-74 нас
75-аас дээш

Үүнээс харахад, бүхэлдээ зэрэгцэн оршиж, хамтран амьдарч буй 3 үе хоорондын харилцааны асуудал аливаа нийгмийн харилцааны нэг зангилаа асуудал байсаар ирсэн, байх ч болно. 

Эдгээр 3 үеийнхэн нь хүн амын бүтэц дотор насны тусгай ангилалуудад хамаарч байх нь зүйн хэрэг. 

Тиймээс Монголын нийгмийн хүн амын насны бүтцийн талаар цөөн тоо баримтыг харж, залуучуудын нийгмийн байр суурийн өөрчлөлтийг ажиглаж болно.

Монгол Улсын 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 2020 онд 3 296 866 байв. Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Хүн амын насны бүтцийн голч нас 27.9 болсон нь хүн амын тэн хагас нь 27.9-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна.

Зураг №2

Тэгвэл хүн амын насны бүтцийг 1990 оноос хойш хүн амын 3 удаагийн тооллогын дүнг харьцуулах байдлаар авч үзсэн судлаачдын судалгааг үзвэл: 

График №3. 

Хүн амын насны бүтэц (1989, 2000, 2010 он) (“Монголын нийгмийн өөрчлөлт”, УБ, 2013 он, 156-р тал)


0-14 нас
15-44 нас
45-64 нас
65 түүнээс дээш
2010
27,3%
54,1%
14,9%
3,7%
2000
35,8%
50,7%
10,1%
3,5%
1989
41,9%
54,1%
10,3%
4,0%


Дээрх хоёр зургаас харахад хүн амын 15-44 насны бүлэгт хамаарах хүмүүсийн эзлэх хувийн жин буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа тул Монгол Улс залуучуудын орон хэмээх уламжлалаа хадгалсаар байгаа нь харагдаж байна.

Залуучууд гэдэг бол тухайн улс орны хөдөлгөгч хүч буюу хүн амын гол бүтээлч бүлэг юм. Тэр ч утгаараа дэлхийн улс орнууд залуусаа хөгжүүлэх, тэднийг ажлын байраар хангах, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой хөгжлийн бодлогоо чиглүүлдэг.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын бодлогын түвшний баримт бичигт 15-24 насны хүмүүсийг залуучууд гэж тэмдэглэсэн байдаг боловч, Дэлхийн улс орнуудын залуучуудын талаархи тодорхойлолт насны хувьд харилцан адилгүй байсаар байна. Тухайлбал, Угандад 12-30 насныхныг, Нигери, Бангладешид 18-35 насны хүмүүсийг залуучууд гэсэн тодорхойлолтод багтаажээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 119 дүгээр Зарлигийн хавсралтад “18-28 хүртлэх насанд залуус хамаарна” гэж тодорхойлсон байдаг бол “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” Монгол Улсын хуулийн 3.1-д 18-35 насны хүмүүсийг залуус гэж тодорхойлсон. Манай улсын хувьд улсын хүн амын 34.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа гэдэг статистик тоо байдаг.  Ийнхүү хөдөлмөрийн насны иргэдийн гуравны нэгээс илүү хувийг залуучууд эзэлж байгаа нь Монголын эдийн засаг хөгжих нэг хүчин зүйл гэж судлаачид онцолдог.

Иймээс хүн амын энэ насны бүлэг буюу залуучуудад чиглэсэн төрийн бодлогод илүүтэй анхаарах шаардлага өнөөгийн Монгол оронд өндөр хэвээр байна.

Залуучууд ба нийгмийн давхраажилт

Төрийн болон хамтын өмч ноёрхсон, хувийн өмчгүй, хүн амын орлогын гол эх үүсвэр нь улсаас хатуу тогтоосон цалин, тэтгэвэр болж байсан социализмын үед нийгмийн бүтцийг “ажилчин”, “малчин”, “сэхээтэн” хэмээх “нөхөрсөг” гурван ангид хувааж авч үзэж байсныг бид мэднэ. 

Анги, бүлгүүд нь өөр хоорондоо оюуны болон биеийн хөдөлмөр эрхлэх байдал, ажил, хөдөлмөрийн шинж чанар, үйлдвэр, ХАА гэх мэт ажиллаж буй эдийн засгийн салбараар ялгарахаас гадна цалингийн хэмжээгээрээ, боловсролын түвшингээрээ ялгагдаж байсан. Залуучуудын нийгмийн давхраажилт ч ийм байдалтай байсан нь мэдээж.

Иргэн бүр бүх шатны боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэж, нийгмийн хамгааллын халамж, үйлчилгээнд бүрэн хамрагдах тэгш эрхтэй байсан нь нийгмээрээ “дундчууд”, тодруулж хэлбэл, “тэгшитгэлийн дундчууд” байхад хүргэж байсан нь бидний мэдэх “бодит социализм”-ын гол шинж байв. 

Иймд хуримтлал үүсгэх, баячууд төрөн гарах эдийн засгийн хөрс байгаагүй, баян хоосны ялгаварал газар аваагүйгээс 1990 он өмнөх Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн шатанд хэрэглээг нь хумьсан, ядмаг дундчууд давамгайласан нийгмийн бүтэцтэй байсан хэмээн дүгнэж болно.

Монголын нийгмийн шилжилтийн эхний жилүүдэд Монголын нийгмийн өөрчлөлт, түүний дотор залуучуудын нийгмийн өөрчлөлтийн талаар судалгаа эхэлсэн байдаг.

Тухайн үед Залуучуудын Газрын даргаар ажиллаж байсан эрдэмтэн судлаач, Доктор Ч.Энхбат шинэчлэгдэж буй нийгмийн харилцаа бүхий Монгол орны залуучуудын зарим асуудлын талаар “Нийтээр үнэлж цэгнэн дээдлэж байсан зүйлс бүхий өмнөх тогтолцоо задарч, шинэ бүрэлдээгүй өнөө үе хэн бүхнийг түүний дотор залуучуудыг ээдрээтэй байдалд орууллаа. …Монголын залуу үеийнхэн өөрчлөгдөж байна, тэдний эрх ашиг, хүсэл эрмэлзэл нэлээд өөр өөр болж залуучуудын дунд ялгарал ажиглагдахуйц явагдаж, өөрчлөгдөж буй залуучуудын ялгарлын бүлэг бүрт тодорхой зохицуулалт аяндаа шаардагдах болж байна.” хэмээн нэгэнтээ бичиж байжээ. (Ч.Энхбат,“Нийгмийн харилцаа, залуучууд”, Шинэ толь №6, 1994 он)

Монголын залуучуудын талаарх судалгааны ажилд цоо шинэ хандлага бий болгож, шинэ түлхэц өгсөн судлаач бол Монголын анхны социологчдын нэг, бидний хамтран зүтгэгч Доктор Х.Гүндсамбуу агсан байсан. Тэрээр Монголын орчин цагийн нийгмийн давхраажилтын талаар суурь судалгааны бүтээл гаргаж, XX Зуунаас XXI Зуунд шилжих Монголын нийгмийн давхраажилтын үйл явцыг судлах явцдаа залуучуудын, түүний дотор оюутнууд, хувиараа аж ахуй эрхлэгчид, малчид, ажилчдын бүлэг, хот суурин болон хөдөөгийн оршин суугч бүлэг бүрт гарч буй өөрчлөлтүүдийг тодорхойлосон байдаг. 

Судлаач маань өнөөгийн Монголын нийгмийн давхраажилтын шинэ нөхцөл байдлыг Дээдсийн давхраажилт буюу улс төрчид, баячууд, содон хүмүүсийн, Доодсын буюу ажилгүйчүүд, ядуучууд, “ёроолын” бүлгийн болон хот, хөдөөгийн бүлгүүд хэмээн ялгарч буйг тодорхойлосны хамт Монголын залуучуудын нийгмийн нэг том бүлэг болох “оюутнуудыг” далдуур ажил эрхлэгчдийн нэгэн адил нийгмийн завсрын бүлэгт авч үзсэн нь нэн сонирхолтой байдаг. 

Х.Гүндсамбуу эрдэмтэн энэ бүтээлдээ зах зээлийн нөхцөлд Монголын нийгмийн давхраажилтад нөлөөлж буй хамгийн чухал гол хүчин зүйл бол нийгмийн шилжилтийн боломж, түүний бодит нөхцөл байдал гэж тодорхойлоод залуучууд нийгмийн тодорхой анги, давхаргад шилжих, өөрийн байр суурийг олох “Өгсөх ба уруудах шилжилт”, “Үе дотоодын ба үе хоорондын шилжилт”, “Хэвтээ ба босоо шилжилт” зэрэг нийгмийн шилжилт, хөдөлгөөнийг төрийн бодлогоор зохицуулах нийгмийн шаардлагын судалгааны үндсийг тавьсан. (Х.Гүндсамбуу, “Монголын нийгмийн давхраажил: Хөгжил, Хандлага”, УБ, 2002 он) 

Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрхийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 1990 оноос хойшхи Монголын нийгэмд гарсан язгуур өөрчлөлтийн талаар судалгаануудаа нэгтгэн “Монголын нийгмийн өөрчлөлт” хамтын бүтээлээ 2013 онд гаргасан байдаг. Энэ бүтээл бол Монголын нийгэмд сүүлийн 30 гаруй жилийн буюу “завсрын үе”-д болсон, болж буй өөрчлөлтүүдийг философи, социологи, улс төр судлал, эрх зүйн болон эдийн засгийн үүднээс шинжилж, эрдэм шинжилгээний дүгнэлт гаргасан суурь судалгаа болсон байдаг.

Энэ судалгаагаар Монголын нийгмийн даврхаажилтад үндсэн өөрчлөлт гарч, уламжлалт анги болох малчин, ажилчин, сэхээтний бүлгүүдийн хувьд хувийн хэвшлийн ажиллагсад гэдэг дотоод бүлэгт задран хуваагдахын хамт бизнес эрхлэгчид, удирдах ажилтны бүлэг үндсэндээ цоо шинээр төлөвшин тогтож, орчин үеийн Өрнөдийн социологичид, нийгэм судлаачдын ойлголтоор Монголын нийгэм Дээд анги, Дунд анги, Доод анги гэсэн түвшинд ангилагдах болсныг тодорхойлосон. (“Монголын нийгмийн өөрчлөлт”, УБ, 2013 он, 170-182-р тал)

Эдгээр болон бусад судалгаанаас өнөө үед нийгмийн дундаж ангийг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага буй болж байгаа нь ажиглагддаг бөгөөд судлаачдын дүгнэлтээр Монголын “Дундаж давхарга”-ыг тодорхойлохдоо нэг хүнд ногдох орлогын түвшний доод босгыг 6-10 ам.доллар, дээд босго 30 ам.доллар орчимд байгаа гэж авч үзсэн байдаг. (UNDP, “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ”, УБ, 2014)

Монголын болон гадаадын эрдэмтэн, шинжээчдийн оролцоотойгоор хийгдэж ирсэн “Дундчуудын” талаарх шинжилгээ судалгаануудыг нэгтгэн дүгнэж үзэхэд: “Монголын дундаж давхарга гэдэг бол өдөрт дунджаар 2-10 ам.долларын тогтмол орлоготой, орон сууц, тохилог сууц эсвэл хувийн хашаа байшинд амьдардаг, хүүхдээ их дээд сургууль, коллежид сургах чадвар, хүсэлтэй, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, мал аж ахуй эрхэлдэг бол 1 хүнд 200 –аас доошгүй бог ногддог, дээд, тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын аль нэгийг эзэмшсэн, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхан, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид зэрэг өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай, өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч буй хүн амын олон янзын хэсэг, бүлгийг нэрлэж болохоор байна.

Залуучуудын нийгмийн бүтэц ч энэхүү давхраажилтын үйл явцын гадна оршоогүй бөгөөд тэдний хувьд нийгмийн дээд, дунд, доод аль анги бүлэгт хамаарагдах нь өөрсдөөс нь, тэдний мэдлэг, боловсрол, авьяас чадвар, хичээл, зүтгэлээс хамаардаг нийгмийн хамгийн хөгжил, хөдөлгөөнтэй боловч нөгөө талаас “эмзэг” бөгөөд “эрсдэл” бүхий бүлэг байдаг. 

Тэд нийгмийн шилжилт дотоод хөдөлгөөн, шинэ давхраажилтад онцгой үүрэгтэй нийгмийн бүлэг. Учир нь тухайн хүний удам угсаа, гарал үүсэл нь нийгмийн дээд, дунд, доод аль ангид хамаарч буйгаас үл хамаарч, залуу хүн өөрийн боловсрол, мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ цаашид нийгэмд эзлэх байр суурь буюу хамаарагдах нийгмийн анги давхрагаа өөрсдөө тодорхойлох чадвартай нийгмийн хамгийн хөгжил, хөдөлгөөнтэй бүлэг болно.

ОББЭЭ, Доктор (Ph.D.) Б.ЭНХМАНДАХ