COVID19 цар тахал гарч МИАТ ХК төрийн тусгай үүргийн нислэгээр амьдарч буй энэ хүнд мөчид тэртээх долоон жилийн өмнөх нэгэн “азгүй” гэрээний улмаас тус компани 20тэрбум вон, түүний 10 тэрбумынх нь 15 хувийн алдангийг төлж мэдэхээр болоод байна. БНСУ-ын Сөүл хотын дүүргийн төв шүүх БНСУ-ын “Сэюү” ХК, түүний захирал Ким Сан Гүгээс Монгол Улсын МИАТ ХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр хэлэлцэж тус шүүхийн Иргэний хэргийн 46 дугаар танхимын шүүгч Ким Жи Чол, Ли Сүн Ёл, Кан Хён Жүн нар “БНСУ-ын “Сэюү” ХК нь“МИАТ” ТӨХК-иас 20 тэрбум вон нэхэмжилсэн. Үүний 10 тэрбумыг нь нэхэмжлэлийг өөрчлөх хүсэлт гаргасны маргаашаас эхлэн төлж барагдуулах хүртэл жилийн 15 хувиар бодсон төлбөр нэхэмжлэхээр” шийдвэрлэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр БНСУ-ын “Сэюү” компанийн зүгээс анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь “түгшүүр” авчираад байна.

Хэрэв байдал муугаар бөгөөд шударгаар эргэж Солонгосын шүүхэд ялагдвал гэрээний “гэрч” ч гэх үү, “нууц ноёнтон” болох тэр үеийн Зам тээврийн сайд, одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, түүний зөвлөхөөр ажиллаж байсан, одоогоор ҮАБЗ-ийн шинжээчээр ажилладаг, “хилээр оруулсан 20 сая ам.доллар” гэх асуудал ил болоход ОХУ-д үлдсэн Ж.Бямбацогт бөгөөд, гэрээ зурагдах үед “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад “гэнэт” ажлаа өгөөд Нийслэлийн проурорын газрын Хяналтын прокуророор томилогдсон, одоо Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, гэрээнд гарын үсэг зурсан “МИАТ” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын даргаасан С.Билэгсайхантай хамт л хариуцлага хүлээх ёстой. Мөн тухайн үед “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, уг гэрээг харсан даруйдаа зогсоох үүрэгтэй Г.Жаргалсайхан ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх ёсгүй.

“Сэюү”-тэй байгуулсан гэрээнээс “МИАТ” ТӨХК зөвхөн эхний хоёр жилд л гэхэд 26 тэрбум төгрөгийн алдагдал амссан гэдэг. Гэрээг дуустал буюу 2019 он дуустал таван жил үргэлжилсэн бол хохирол хэд хүрэх байсан бол? Зөвхөн эхний хоёр жилд л “МИАТ” ТӨХК-ийн Дайны эрсдлийн даатгалын сангаас учирсан зургаа орчим тэрбумын хохирлоос дөрөв дахин их алдагдал амссан байж болохоор сэжүүр байгаа бөгөөд сүүлийн зарим тоо баримт олдохгүй байна. Эндээс харахад “МИАТ” ТӨХК-ийн Дайны эрсдлийн даатгалын сангаас учруулсан хохирлын төлөө тэр үеийн МИАТ-ийн захирлууд дунджаар гурван жилийн ял шийтгүүлсэн болохоор “Сэюү”-тэй хийсэн гэрээний улмаас “хамжигчид” нь тэдэнтэй адилхан л шийтгэл хүлээх ёстой гэсэн хардлага төрж байна. Тэгэхээр өнөөдөр маш хариуцлагатай, өндөр албан тушаал хашиж байгаа тэднийг Солонгосын “Сэюү” компанитай ямар холбоо сүлбээтэйг олж тогтоож байж “МИАТ” ТӨХК-ийн энэ гэрээний хэргийн учиг тайлагдах биз ээ. Маш өндөр алба хашиж байгаа энэ цаг үед амаргүй л юм. Гэхдээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой.

Таамаглахад, гэрээний хавсралт А-д дурдсанчлан Сөүлийн чиглэлийн орлогын мэдээг судлаад жил бүр 55 тэрбумаас илүү гарсан бүх  орлогоо “Сэюү” компанид алдах байсан гэж тооцвол “МИАТ”-ийн амсаж мэдэх хохирлын хэмжээ “аймшигтай” өсөхөөр байгааг бичихээс ч зүрхшээм.

Анх энэ асуудал Монголын талд “5 сая ам.долларын асуудал” гэгдэн АТГ-т хүртэл шалгагдаж байсан. Эргэн сануулбал БНСУ-ын “Сэюү” ХК-ийн захирал Ким Сан Гүг 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын“МИАТ” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхантай гэрээ байгуулж Улаанбаатар-Инчёон-Улаанбаатар чиглэлийн суудал борлуулах эрхийг авчээ.Энэ талаар тухайн үед Солонгосын хэвлэлүүд “MIAT announces to move to General sales agentin Korea”буюу “МИАТ компани Солонгост ерөнхий борлуулагч агентын тогтолцоонд шилжихээ зарлалаа" хэмээн мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, тус компани олон улсын авиа компаниудын хувьд шууд бус сувгаар хэрэглэгчдэд хүрч МИАТ-ийн нислэгийн цагийн хуваарь, тийзний үнийг танилцуулж борлуулах эрхтэй болсон. Шууд гэдэг нь МИАТ өөрөө салбар нэгжүүд, цахим хуудсаараа тийзээ борлуулна гэсэн үг.

Тухайн үед МИАТ компани1960-аад оноос хойш гадаадын авиа компаниудтай өөрөө гэрээгээ байгуулаад ажилласан арвин туршлагатай, дээр нь Сөүлд Төлөөлөгчийн газартай байж яах гэж Солонгосын “Сэюү”-тэй шууд бус сувгийн гэрээ буюуGSAгэрээ байгуулав гэсэн хардлага шүүмжлэл салбар дотроо бол өрнөж л байсан.

Аргагүй шүү дээ. Яг тэр гэрээ байгуулагдсан үеийн тоо баримтаас харахад БНСУ-д албан бол “хараар” ажиллаж байгаа манай улсын120 мянга орчим иргэн, зөвхөн нэг жилийн дотор Сөүлийн чиглэлийн аяллын дугаарыг хамтран эзэмшдэг “Кореан Эйр” болон “МИАТ” компанид 5.5сая ам.долларын орлогыг оруулсан байдаг. Гэтэл 2014 оны нэгдүгээр сарын 30-нд “МИАТ” ТӨХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан, Солонгосын “Сэюү” компанийн захирал Ким Сан Гүг нар гэрээнд гарын үсэг зурчихаж. Солонгосын “Asia news agency”сонинд нийтэлснээс үзэхэд “МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан энэ гэрээг хууль бус гэж үзээд татгалзсан” гэдэг.

Энэ гэрээнд ямар “муу” заалт байсан юм бол? Гэрээний 3.12-т “Манай нислэгүүдэд Солонгосын талын үйлчлэгч/стюардесс/ ажиллах бөгөөд тэднийг “МИАТ”-ийн зардлаар сургана гэжээ. Мөн компанийн зар сурталчилгааны материалыг “МИАТ”-ийн зардлаар “А” хавсралтад заасан газруудад хүргэнэ гэж заасны дотор манай улсын нислэг үйлддэггүй улс орнууд ч багтсан байна. Өөрөөр хэлбэл МИАТ-ийн зардлаар хэвлүүлсэн сурталчилгаа хаана очиж тараагдах эс тараагдах нь МИАТ-д хамаагүй гэсэн утгатай мэт. Түүнчлэн “МИАТ” компанийн Солонгос руу чиглэсэн бүх нислэг GSA буюу захиалгат нислэг болно, 40тонн хүртэлх ачааг үнэ төлбөргүй тээвэрлэх гэх зэргээр заасан нь Монголын талд асар их алдагдалтай, үндсэндээ карго маань борлуулалтгүй болох эрсдлийг дагуулжээ. Ийнхүү МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсэргүүцсэн гэрээг байгуулсан С.Билэгсайхан МИАТ-ийг өөрийн гэсэн тогтмол нислэггүй болгож, “борлуулалтын гэрээ” гэх халхавч нэртэй ч үнэн хэрэгтээ захиалгат нислэгийн гэрээ болчихсон юм уу даа. Үүнийг тус гэрээн дэх “нислэгтэй холбоотой болон бусад зөвшөөрлийг МИАТ компани хариуцна гэсэн үг, өгүүлбэр баталж буй юм. Өнгөц харахад “МИАТ” болон “Сэюү” хоёр ААН-ийн хоорондын гэрээ мэт боловч тухайн үеийн Зам тээврийн яам нь МИАТ компанид тулгамдаад байсан8.6тэрбум төгрөгийн алдагдлаас болоод яаравчлан үүрэгдэж батлуулсан энэ гэрээг Солонгосын тээврийн яаманд уламжлахад батлах эсэх нь эргэлзээтэй байсан гэдэг. Тиймээс ч Солонгосын зарим сайтад “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан хууль бус гэж үзэж гэрээнд гарын үсэг зураагүйг олзуурхаж мэдээлээд байсан нь сонирхол татдаг. Учир нь “Сэюү” компани өмнө нь “Zest airline” компанийн ерөнхий борлуулагч агентаар ажиллаж байхдаа санхүүгийн маргаан үүсгэж, томоохон асуудалд холбогдонGSAгэрээ нь цуцлагдан хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүхийн танхимд дуудагдаж байсан юм билээ.

Гэрээнд зааснаар 2019 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх хугацаанд “Сэюү” ХК нь жил бүр 55 тэрбум төгрөгөөс дээших орлогыг МИАТ ТӨХК-д олгохгүй гэсэн байдаг. Мөн “Сэюү” ХК нь баталгааны бэлэн мөнгө болох таван сая ам.долларыг МИАТ-д хадгалуулна. Энэ мөнгө гэрээ зөрчигдсөн нөхцөлд “МИАТ” ТӨХК-ийн хохирлыг барагдуулахад зарцуулагдана. Харин ийм асуудал гарахгүй бол гэрээ дуусахаас 14 хоногийн өмнө уг таван сая ам.долларыг “Сэюү” ХК-д буцааж шилжүүлнэ. Гэрээний хугацаанд “Сэюү” ХК  нь Улаанбаатар-Инчён-Улаанбаатар чиглэлийн 340 нислэгийг хариуцаж МИАТ-д 55 тэрбум төгрөг төлнө. Энэ хугацаанд нийт зорчигчдын тоо 138 мянга байна. “Сэйюү” ХК  чартерийн нислэг хүсвэл МИАТ агаарын хөлөг гаргаж өгнө. Хэрвээ үйл ойлголцол гарч, маргаан шийдүүлэх шаардлага гарвал БНСУ-ын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж гэрээнд заасан байна. Ингээд гэрээний дагуу 2014 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-ийн данс руу “Сэюү” ХК-иас баталгааны мөнгө болох таван сая ам.долларыг шилжүүлжээ. Улмаар МИАТ ТӨХК-иас 2014 оны хоёрдугаар сарын 10-нд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ руу “Сэюү” ХК нь 2014 оны гуравдугаар сарын 1-нээс эхлээд БНСУ доторх GSA болсон талаар мэдэгдэж, “Сэюү” ХК-ийн талаарх GSA код олгох болон BSP хүлээн авах дансыг өөрчлөх хүсэлтийг гаргасанбайна. Гэтэл МИАТТӨХК-ийн ТУЗ-ийн хурал 2014 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдаж, БНСУ-ын “Сэюү” ХК-ийн саналыг хэлэлцээд татгалзсан шийдвэргаргажээ.Гэхдээ гэрээнд зааснаар “Сэюү” ХК-д таван сая ам.долларыг эргүүлэн төлөхөөр болсон байна. “Сэюү” ХК-тай байгуулсан гэрээ, бизнес саналаас татгалзсан шалтгаан нь "МИАТ" ТӨХК-ийг заавал Гүйцэтгэх захирал төлөөлж гарын үсэг зурах ёстой гэж үзсэн байна.Зөв шүү дээ. Гэтэл дээрх гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан гэсэн нэрийн дээр нь Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан гарын үсэг зурчихсан байсан шүү дээ.

Ингэж уг гэрээ хэрэгжихээ больсон талаар МИАТ ТӨХК-иас 2014 оны хоёрдугаар сарын 24-нд мэдэгджээ. “Сэюү” ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа “С.Билэгсайхан нь МИАТ ТӨХК-ийг, эсвэл тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг төлөөлөх бүрэн эрхтэйгээр энэхүү гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Түүнчлэн С.Билэгсайхан ийм эрхийг аваагүй байсан ч энэ гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэтэл МИАТ ТӨХК хууль ёсны үндэслэлгүйгээр гэрээг хэрэгжүүлээгүй учраас хохирлыг барагдуулах ёстой. Тиймээс МИАТ ТӨХК нь  “Сэюү” ХК-д гэрээний хэрэгжилтийн ашиг болох 160 397 805 000 воны тодорхой хувь болох 20 тэрбум вон болон үүнийг алданги төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ингэж нэхэмжлэх үндэслэлээ МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Сэюү” ХК-ийн захирал Ким Сан Гүгтэй уулзаж уг гэрээг "МИАТ" ТӨХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ц.Даваасүрэнд шилжүүлсэн гэж тайлбарласан байна. “Сэюү” ХК уг гомдлыг 2017 онд гаргасан байгаа юм.Өөрөөр хэлбэл, А.Гансүхийг Зам тээврийн сайд байх үед болсон энэ асуудлын “үр дагавар” 2017 онд улсынхаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болчихсон байхад шүүхэд очсон байна. 

Гэхдээ БНСУ-ын Сөүл хотын дүүргийн төв шүүхийн Иргэний хэргийн 46 дугаар танхимын шүүгч нар “Сэюү” ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч "МИАТ" ТӨХК-ийн гаргаж өгсөн нотлох баримтууд, тайлбар зэргийг 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хүртэл хянаж үзээд есдүгээр сарын 5-ны өдөр шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэр нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн “Сэюү” ХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзээд буцаахаар шийдвэрлэжээ.Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй “Сэюү” дараагийн шатны шүүхэд хандаад байна.Хэрэв дээд шатных нь шүүх “Сэюү” ХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гээд үзчихвэл МИАТ ХК 20 тэрбум вон, түүний 10 тэрбумынх нь хоёр жилийн 15 хувийн алдангитай нийлүүлсэн төлбөрт унаж мэдэх нь. Дээр нь нэмээд зөвхөн нэг л жишээ дурьдахад 2019 оны дөрөвдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд уг гэрээний хэрэгтэй холбогдох анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор МИАТ ТӨХК-ийн дөрвөн ажилтан Сөүлд албан томилолтоор ажилласан гээд бодохоор том, жижиг гэлтгүй гэрээнээс үүдсэн хохирол үргэлжилсээр байна.

“МИАТ” ТӨХК-ийн Дайны эрсдлийн даатгалын сангийн хэргээр МИАТ-ийн захирлуудыг ажил үүрэгтээ хайнга хандсан гээд гурван жилийн ял өгч байсан. Яг тийм ял авах хэргийг уг гэрээг байгуулах үед МИАТ ТӨХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Алиманцэцэг “харчихаад бултсан” байгаа биз. Одоо тэр УЕП-ын орлогчийн хувиар энэ асуудлыг хэрхэн харж байгаа бол? Хариуцлага тооцох цаг ирдэг юм.

                                                                                                                                                /Үргэлжлэл бий/