Колончлолын үеийн индианчууд нь сайн ажиглавал 1911 оны үеийн монголчуудтай их төстэй. Индианчуудын хоёр талаас франц, британичууд шахаж байсан бол монголчуудыг хятад, орос хоёр хавчиж байлаа. Хойд хөршид Октябрын хувьсгал гарч Зөвлөлт Оросын шинэ гүрэн байгуулагдсан бол хойд америкт ч дайн дэгдэж Америк гүрэн шинээр бий болжээ. Зарим талаар индианчууд монголчуудаас дээр хавьгүй нөхцөлтэй байлаа. Хүн амын тоогоор индианчууд монголчуудаас хэдэн арав дахин олуулаа. Дээрээс нь колончлогчид ашиг хонжоо л хайж байснаас биш яг индианчуудыг эзлэж авахыг зориогүй, ядаж л британи, америк, франц пүүсүүдтэй тохиролцох нь орос, хятадын төрийн томчууд, цэргийнхэнтэй тохиролцохоос арай зөөлөн боорцог. Мөнгийг нь л төлчихвөл индианчууд боломжийн зэвсэглэж чадах байлаа, угаасаа ч колончлогч талууд индианчуудыг зэвсэглэж нэгнийхээ эсрэг ашиглах тохиолдол олон байв. Тэр байтугай морийг хүртэл анх европын колончлогчид л америк тивд авчирч, түүнийг нь индианчууд өөрийн мэт унаж хэрэглэсэнийг хүмүүс бараг мэддэггүй. 

Монголчуудын ганц илүү юм нь төрт ёсны уураг тархи, олон зуун жилийн язгуур түүх л байлаа. Харин индианчуудад төрийн уураг тархи гэж байгаагүй юм. Төрийн уураг тархи нь үндсэндээ тагнуулын байгууллага, тагнуулын инстүүц. Америкчууд тагнуулын байгууллагаа CIA буюу “Central Intellegence Agency” гэдэг, махчилбал “Төв Уураг Тархины алба” гэсэн утгатай. Индианчууд, Курдууд, Түвдүүд үндсэндээ манайхаас дээр нөхцөлтэй, манайхаас хавьгүй олон хүн амтай, илүү иргэншсэн улсууд мөртлөө өдийг хүртэл тусгаар тогтнолоо олж чадаагүй нь тагнуулын чиг үүрэгтэй байгууллага нь тааруухан ажилласантай зарим талаар холбоотой. Ер нь ч манжууд цэргийн хүчээр биш, тагнуулын сүлжээгээр халхыг эзэлсэн билээ. Халх даяар доншуур наймаачин, бадарчин ламаас эхлээд түшмэдийн хүрээний тагнуул, туршуулын илгээсэн хэдэн зуун хуудас айлтгал, мэдээлэлтэй манжийн Энх-амгалан өглөө бүр танилцаж, цаашид хэрхэхээ эргэцүүлж байлаа. “Манан будан” роман бол нэг талаасаа Энх-амгалан хааны тагнуул, туршуул, тусгай албаны ялгуусан амжилтыг харуулдаг. Төрийн уураг тархи сайн ажиллабал тусгаар тогтнолоо хамгаалж, ардчилсан хувьсгалыг хохиролгүй хийж чадна, бусдын эрхэнд ажиллабал 30 мянган хүнээ буудаж, жаахан сэрэмж алдвал 7/1 шиг явдал тохиолдож ч мэднэ.

“Чухал 100 сэдэв” нэвтрүүлэг энэ удаа тагнуулын сэдэв хөндсөнийг хараад эхэндээ жаахан хачирхав. Тагнуултай кино гэдэг шиг тагнуултай нэвтрүүлэг ч юмуу даа. Тулга ах ямар учраас тагнуулын албатай хайр зарлаж, ямар зүйл сэдээд байгааг нь бүү мэд. Харин нэвтрүүлэг үзээд тусгай албадын тухай, тагнуулын байгууллагын тухай жаахан төрсөн сэтгэгдлээ бичье гэсэн юм. Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, ажиллаж байгаа таван хүний дөрөв нь оролцжээ. Очирбат, Багабанди, Энхбаярын ярианууд сонирхолтой бөгөөд төгсгөлд нь Тулга ах маань өнөөх л гадаад дотоодын бүлэглэл, корпорациудаас улсаа аврах тунхагаа ярихыг эс тооцвол тун юм бодуулсан бүтээл. Эсвэл угаасаа бүтэн нэвтрүүлгийн зорилго нь тэр төгсгөлийн Тулгын хэдэн өгүүлбэр ч байж мэдэх юм. Эх оронч гэдэг нь ихээхэн хийсвэр ойлголт. Хүн өнөөдөр эх оронч байснаа маргааш нь эх орон ч биш байж болно. Бизнесмэнүүд, тэрэндээ тулбал парламентийн гишүүд ч эх оронч сэтгэлгүй байж болно, угаасаа ч тийм байгаа. Харин тагнуулууд эх оронч сэтгэлтэй байхаас өөр аргагүй. Чухам тагнуулууд л эх оронч шиг байж чадсан ба эх орноосоо урваагүй учир улс орон өдий дайны байгаа. Харин эх оронч ерөнхийлөгч бол эх оронч тагнуултайгаа хамт шүү гэсэн утга лав тодорчээ. За тэр нь ч дүүрч.

Хятадын аюулаас үндэсний тагнуулууд хэрхэн улс орноо аварсан тухай зүйлс ярих болов уу гэсэн харин үгүй ажээ. Харин ч хэлмэгдүүлэлтийг зөвлөлтийн НКВД хийсэн бөгөөд, манай тусгай албад, тагнуулын байгууллага бусдын эрхэнд ажиллабал хэрхэн хохирол учруулдаг тухай бодитой ойлголтыг өгч байна. Тагнуулын гол зорилго нь мэдээлэл цуглуулах, нийтийн чиг хандлагыг тандаж мэдэх. Заавал ч Жэймс Бонд шиг нууц даалгавар биелүүлээд байдаггүй. Тагнуул маш олон хэлбэртэй. Тусгаар тогтнолоо сэргээхийн өмнө дэлхий дахины чиг хандлага дэмжлэгийг судлах зорилгоор тал тал тийш тагнах, мэдээлэл цуглуулахаар хүмүүсээ илгээж байж. Заримаас дурдвал 1895 оноос Бадамдорж нарын төлөөллийг оросын хаант улсад, Чагдаржав нь Орос, Польш, Итали, Франц Энэтхэг орноор, Данзан Япон Хятадад, чин ван Дашдэндэв хятад шинжааны нутгаар олон жил явж мэдээлэл сэлт цуглуулж, тандаж байжээ. Тухайн үедээ бадарчлан явах, хийдэд шавилан суух гэх зэрэг халхавчийг гол төлөв ашигладаг байж хэмээн дурдав. Сүүлд НКВД –н гар хөл болохоос өмнөхөн нь Дотоодыг Хамгаалах яам Дилов хутагттай албан ёсны харилцаа тогтоож, 1931 оны 2 сард урагшаа өвөрмонгол уруу туршуул болгож гаргаж байсныг ч дурдав. 1961 онд НҮБ –ын гишүүнээр ороход манай гадаад тагнуулууд зохих үүргээ гүйцэтгэсэн аж. “Ардын хувьсгалаас эхлээд, ардчилсан хувьсгал хүртэл монголчууд бүх зүйлийг зөвөөр хийсэн. Ямар нэг хүч дээрээс хараад байсан ч юм шиг..” гэж Монгол судлаач алдартай америк хэлсэн байдаг. Ингэж зөвөөр хөдлөхөд тагнуул, тусгай албадын үүрэг тодорхой нөлөөтэй болов уу.

Нэвтрүүлгийн нэлээд хэсэгт ардчилсан хувьсгалын тухай ярилцана. Төрийн том тушаалтнууд ба жагсагчид, нас насныхны төлөөллийг холбоод, дунд нь зуучлах үг хэлэх хүн их ховор байсан, тагнуулынхан л их үүрэг гүйцэтгэсэн тухай дурдаж байв. Ардчилсан хүчнийхэний бүхий л үйлдэл ажиллагааг мэдэж, мэдээлж байсан, гадны зүгээс ч янз бүрийн турхирсан зүйлсийг хориглож чадаж байжээ. 1990 онд онц байдал зарлаагүй атал 2008 оны 7/1 –нд онц байдал зарласан нь тагнуулын байгууллага сэрэмж алдсаных гэсэн өнцөг хэлээд амжив. Эцсийн дүндээ МАХН хэвээрээ үлдэж, харин НАХЯ –ыг буулгасан байна. Ер нь ч ард түмэн МАХН гэхээсээ НАХЯ –аас илүү айж байсан гэдгийг тухайн үеийнхэн ойлгож байж. НАХЯ –ыг 1992 оны 4 сард татан буулгаж, улмаар тагнуулын байгууллагын хууль эрхзүйн үндсийг хамгийн түрүүнд гаргаж тавьжээ. Өмнө нь ямар нэг хууль эрх зүйн үндэсгүй, намын захиргааны заавар дүрмээр ажилладаг байв. 

Дөрвөн ерөнхийлөгч, хоёр ерөнхий сайд, тагнуулын байгууллагад ажиллаж байсан генералуудын ярианд яг тагнуулч шиг эргэлзсэн өнгөөр үзлээ. Аль хэсэг нь хэтрүүлэг домог, аль хэсэг нь яг тархи угаалт, аль хэсэг нь үнэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ямартай ч тагнуул, тусгай албаныхан улс төржилтийн заваан юманд бага холбогдоосой гэсэн өнцөг харуулж байгаа нь үнэхээр талархууштай. Нууц бичлэгний эрин үе эрчээ авч, төрийн сайдаасаа түцний худалдагч хүртэл “намайг тагнуул шалгаад байна” гэж хийрхдэг энэхүү сонин цагт хамгийн их нууц бичлэгээр хар пиар хийдэг бүлэглэл тагнуул, тусгай албаны талаар ямархуу нэвтрүүлэг хийх юм бол гэж бодоод жаахан жийрхэж л байлаа. Санасаныг бодоход ёстой боломжийн. Эцсийн эцэст төрийн уураг тархи болсон тагнуулын байгууллага нь улс төрийн пиарын агентлаг шиг болж болохгүй шүү дээ. Жүжигчид солигддог ч тайз ба тайзны засалчид хэвээр үлддэг хойно.