Барууны ангиллаар 1940 – 1960 онд төрөгсөдийг B үеийнхэн /дайны дараах baby boomer/ гэнэ. Харин 1960 – 1980 онд төрсөн нь Х үеийнхэн /ном бол ертөнцийг харах цонх/, цаашлаад 1980 – 1995 бол Y үеийнхэн /интернэт бол ертөнцийг харах цонх/ буюу миллэниалууд бөгөөд хамгийн залуу 1995 – 2010 оныхон нь Z үеийнхэн /ертөнцийг цонхоор харах албагүй/ ажээ. Гэхдээ барууны нийгмийн эдгээр тодорхойлолт яг манай хөрснөөс ихээхэн, бүр эсрэг ялгаатай байх нь бий. Жишээ нь барууны ертөнцийн Y үеийнхэн нь элбэг хангалуун капитализмын төгс ялалтын дор, төрөлт нэмэгдсэн үеийнхэн. Тиймээс мөнгөнд илүү үрэлгэн брэнд хөөсөн хандлагатай бол харин Z үеийнхэн нь эсрэгээрээ томоохон эдийн засгийн хямралууд тохиолдсон, төрөлт буурсан, 9/11 халдлага ба тероризм нүүрлэсэн, сургууль дээр автоматаар шүршигч нарын үед хүүхэд нас нь өнгөрсөн учир илүү няхуур хандлагатай, мөнгөө дэмий зүйлд үрдэггүй хандлагатай аж. Харин манайд энэ нь эсрэгээрээ, Ү үеийнхэн нь картын бараа, шилжилтийн үеийн хүнд нөхцөл, төрөлт буурсан үеийнхэн байдаг бол Z үеийнхэн нь эдийн засаг дээрдэж, төрөлт нэмэгдсэн хангалуун үед хүүхэд нас нь өнгөрч байх жишээтэй. Бас чухал гэмээр нэг зүйл бол хэчнээн техник, технологи өөрчлөгдлөө гээд барууны ертөнцөд Z үеийнхэн нь өөрсдийн ээж аав буюу Х үеийнхний зан төлөвшлийг өвлөх, эсрэгээрээ ах эгч нар буюу Y үеийнхнээсээ зөрөх /өрсөлдөгч нар учир/ хандлагатай байхад манайд Z үеийнхэн өөрсдийн ээж ааваас илүү Ү буюу ах эгчийн /арай баримжаатай/ зан байдлыг дуурайх маягтай байна. Учир нь баруунд B X Y Z үеийнхэн бүгд капитализмдаа л өссөн бол манайд Х үеийнхэн социализмд, Y нь шилжилтийн үед, Z нь л сая нэг юм зах зээлд өссөн хүмүүс юм.

Гэхдээ нэг юмыг сануулж хэлэхэд хүмүүс нэгнээ ойлголцохын тулд шинэ нэр томьёо зохиодгоос биш нэгнээсээ ялгарахын тулд биш юм. “Gen Z” гэдэг үгийг ашиглаж болно, үгэнд ашиглуулж болохгүй. B X Y Z үеийнхэн, миллэниал, Gen Z гэх маягийн нэр томьёо нь тухайн үеийн шинжлэх ухаан технологи, улс төр нийгмийн байдал нь хүнд хэрхэн нөлөөлөхийг тоймолж гарсан нэршил болохоос хүний шинэ төрөл үүсч бий болоод, хүний тархинд эволюц явагдаад байгаа хэрэг биш. Угаасаа хүний тархинд сүүлийн зуун мянган жил ямар ч эволюц явагдаагүй. Жишээ нь 13 –р зуунд Тэмүүжинийг төрөнгүүт нь цаг хугацаагаар авчраад өнөөгийн нийгэмд өсгөвөл бас л нэг Gen Z хүүхэд гараад ирнэ, мэдээж бусдаасаа хавьгүй ухаантай, амбицтай хүүхэд байх биз /ямартай ч хас шивүүлж уурхай шантаажлахгүй/.

Дууны үгнээс индивидуал хүртэл

2000 –аад оны зарим хип хоп дууны үг “Хайр бол тоглоом биш, салахаар шийдвэл үхлээр дуусна..”, “Намайг биш мөнгийг сонгож байвал я**** минь явдаа..”, “Чиний төлөө үхлээс айхгүй үүрдийн миний анд минь..” гэсэн сүржин романтизм байлаа, зарим клип нь одоо харахад энэтхэг киноны хэтрүүлэг шиг инээдтэй. Гэхдээ тухайн үедээ үнэхээр л уярааж байсан юм шүү. Харин өнөөгийн хит дууны үг нэг иймэрхүү болсон:

”Бүтээгүй болгон ирээдүйг засна хэд хэдээр. Дурлалаас дурлалд өөрийгөө олоход цаг хугацаа хомс юм биздээ. Тэдний юу хэлж байгааг сонс, худлаа биш байж магадгүй. Тэдний юу гэснийг надаас битгий асуу, би чамд худлаа хэлж магадгүй” /NMN – Ажлын дараа/. Арай өөр байгаа биздээ. Сүржин романтизм, усан уянга биш зүгээр л энгийн амьдрал, энгийн хэн нэгний индивидуалыг өгүүлнэ. Вандэбогийн дуунуудыг нэг анзаараарай.

“Би чиний төлөө бүхнээ зориулна” гэдэг сүржин романтизм үеэ өнгөрөөж, “Би чамтай хамт алхдаг, гэхдээ чиний төлөө алхдаггүй” гэсэн шинэ хандлага ирж байх шиг. Хуучны кинонд найзынхаа төлөө элэг, бөөрөө өгөхөөс ч буцахгүй сүржин нөхөрлөл харуулдаг бол харин орчин үеийн кинонд найздаа хэдий хайртай ч элгээ өгөх хэмжээний биш бодитой нөхөрлөл харуулна. Хайр бол 20 –р зууны сэдэв, харин хүний индивидуал бол 21 –р зууны сэдэв /миний үг биш, дэлхийн хандлага юм шүү/. Ялангуяа монгол хүний хувьд хатуу индивидуал шинж азийн бусад үндэстнээс гойд ялгарах ба хятадууд шиг күнзийн философоор нэг том юмны эрэг шураг байхыг хүсэхгүй. Монголчууд хэнтэй ч нийлж, хэнээс ч урваж чаддаг нь индивидуал чанарын л нэг сонин илрэл юм. Жишээ нь солонгост хараар ажиллаж байгаа нэгнээ монголчууд өөрсдөө матдаг, хуучны хүмүүжилтэй бидэнд матаасчин нь хөгийн санагдана. Гэхдээ шинэ үеийнхэн бол жишээ нь матаасчинг тийм ч муугаар харахгүй, амьдралын бодит үнэн гэж л харна. Юу нь буруу гэж, буруу юм гэвэл хууль бусаар ажиллах нь л буруу байх, тэгээд ч матлаа гээд Сталины ГУЛАГ биш нутаг уруугаа л явах юм чинь.

Романтизм дуусах уу?

Шинэ үеийнхэн хүйтэн, аминч сэтгэлтэй болж байна гэж өнгөц харагдаж магад. Тэд зүгээр л ах эгч, аав ээж нарынхаа автаж итгэсэн сүржин романтизм, усан утга уянгыг орхиж бодит амьдралыг илүүтэй хараад байгаа юм. Хамгийн сайхан романтизм, жишээ нь анхны хайр, анхны шөнө гэх мэт нь үнэндээ ихээхэн хийсвэр ойлголт. Гэхдээ “анхны хайр чинь хэн бэ?” гэсэн асуултанд бүгд хариулж дөнгөнө л дөө. Заримдаа романтизм их дараатай зүйл. Яг өнөө цагийн жишгээр хуримлаж буй хосууд баярлахаас илүү ядардаг, хэдэн өдөр бэлтгэнэ, хурим дээрээ юу болсоноо ч анзаарахгүй хоёр гурван хувцас сольж манарч байтал дуусчихна. “Амьдралд ганц удаа”, “Дурсамжтай ш дээ” гэж бодоод ихэнхи нь ийм нүсэр ёслол хийдэг байх. Ирээдүйд охиныхоо, хүүгийнхээ хуримыг маш сайхан нүсэр хийнэ гэж төсөөлж байгаа ээж, аав нар байвал бараг бүтэхгүй л болов уу даа, шинэ үеийнхэн ийм төвөгтэй сүржин романтизмаас жийрхэнэ. Хонхны баяр гэж бас төсөөлөхөд сайхан романтизм, оюутан цагийн сүүлчийн үдэлт, монтаж гээд л. Гэхдээ одоо ингээд харахад хонхны баяраа дурсдаг хүмүүс бараг байхгүй л юм, ихэнхийнх нь хонхны баярын монтаж шүүгээний мухарт хэвтэж байгаа. Тэгээд романтизм дуусах юм гэж үү? Мэдээж үгүй. Давтан хэлэхэд хүний тархи 100 мянган жилийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй, шинэ өөр хэлбэрийн, шинэ үеийн романтизмууд бий болж л таараа, тэрийг нь олж чадвал харин дараагийн Шекспир, Спильберг болно доо.

Үгийн утга өөрчлөгдөх нь

Социализмын үед зочид буудал гэдэг нь үнэхээр л зочид буудалладаг газар байв. “Зочид буудалд цагаар орж ганц шил юм мултлая” гэвэл соц үед бүр ямар ч утгагүй, галзуу сонсогдоно. Социализмын үеийн дэлгүүр бол өнөөгийнх шиг шопинг хийж зугаа гаргадаг газар биш хүнс, бараа түгээх цэг төдий байв. Худалдагч бол юмаа зарж ашиг олдог хүн биш, бараа түгээж буян үйлддэг хүн, буянтай юм чинь баавартай л байж таараа. Ер нь социализмын үед мөнгө гэдэг нь өнөөгийнх шиг олон үүрэггүй, ердөө хүнс бараа авах талоны үүрэгтэй байлаа. Иймээс социализмын үеийн мөнгөний тухай ёс суртахуун өнөө цагт үйлчлэхгүй, тэгэнгүүт л бүр гуйваад мөнгө бол бүх юм гэж ойлгоод дээр дооргүй хулгай хийх гээд уралдчихдаг нь харамсалтай. “Мөнгө бол халтар цаас” гэж саагихыг шинэ үеийн хүүхэд залуус ойлгохгүй, учир нь мөнгө гэдэг картанд эсвэл дансанд байдаг тоо. Ямар “мөнгө бол хэдэн тоо үхсэн баас” гэж саагилтай биш. “Мөнгө”, “дэлгүүр”, “буудал” гэсэн энгийн хэрэглээнүүд утга нь ийм их өөрчлөгдсөн байхад хайр сэтгэл, нөхөрлөл гэх бүр нарийн үгсийн утга өөрчлөгдсөн болов уу? Социализм бол романтизмаар дүүрэн нийгэм. Социализмын үед хайр сэтгэл байтугай хагас килограм мах авах нь хүртэл Одиссэйн аялал мэт романтизм дүүрэн үйл явдал. Бүх зүйл хүнээс хамаардаг учир хүн хоорондын харилцаа их чухал, хүмүүс хоорондоо хэчнээн их харилцана төдий чинээ хар цагаан зөрчил, драма, романтизм үүснэ. Соц үед машины хагарсан дугуй нөхөхөд хүртэл нэлээд нөхөрсөг романтизм хэрэгтэй, харин өнөөдөр 5000 төгрөг л байхад боллоо. Нэгнийдээ түлхүүрээ үлдээх, нэгнийхээ хөргөгчинд махаа үлдээх, нэгнийдээ орж утсаар ярих романтизмууд саяхныг хүртэл байсан. Гэвч эдгээр нь хожим дурсахад эсвэл кинонд харуулахад л гоёос биш яг тухайн үедээ бол “яажшуухан өөрийн гэсэн хөргөгчтэй болох вэ?”, “яажшуухан өөрөө гэртээ утастай болох вэ” гэсэн прагматик үзэл нь хүчтэй байсан болов уу. 

Учралаас сонголт хүртэл

Нөхөрлөл, хайр сэтгэл бүгдээрээ л ямар нэг учрал тохиолдол – өнөөг хүртэл тийм байлаа. Хайртай хүнээ сонгох биш ямар нэг азтай учралаар тааралдана. Найз нөхдийг сонгоод байх юмгүй, байр гудам, сургууль, цэргийн найз гэх мэт хувь тавилангаар цаанаасаа ногдоно. Хайр сэтгэл, нөхөрлөл нэгэнт цаанаасаа оногдсон хувь тавилан учир ихээхэн нандин, алдаж болшгүй зүйл үнэт зүйл байж. Арай гэж учрал тохиолдлоор олдсон найзаасаа, арай гэж учирсан хайртай хүнээсээ салчихвал дараагийн азтай учрал хэзээ ч юм бүү мэд. Согтуу найзынхаа төлөө шөнийн хоёр цагт гарч зодолдохгүй л бол найзаас хагацна. Байр, гудамны ах нараа дагаж өөр хороолол, дошныхонтой зодолдохгүй л бол найзгүй, бүр хүрээлэлгүй болно. Харин сошиал мэдиа хөгжсөн орчин үед өөр. Найз нөхөд ба хайр сэтгэл бол ямар нэг азтай учрал тохиолдол гэхээсээ хувь хүний сонголт болжээ. “Хувь тавилангаар оногдсон” найзуудтай харьцуулахад өөрийн сонгож олсон найзууд арай дарамт багатай /хаха соорий/. Хэний ч өмнөөс шөнийн хоёр цагт гарч зодолдох, эсвэл жүүлэхээс очиж авах шаардлагагүй. Харин иймэрхүү байдлыг манай ба манай өмнөх үеийнхэн харахаар жинхэнэ нөхөрлөл гэдэг юм устаж байхгүй болоод ч байгаа юм шиг, шинэ үеийн залуус нэгэндээ их новшийн ханддаг болчихсон ч юм шиг санагдана. Тэгээд амьд харилцаа үгүй болох уу? Үгүй юмаа, харин ч амьд харилцаа улам тэлнэ. Сошиал мэдиа бол өөрөө амьд харилцаа, амьд учраас л хүмүүс тэгтлээ донтдог юм.

Поророгийн үеийнхэн

Пороро хүүхэлдэйн киноны нэг ангид ийм үйл явдал гардаг юм. Пороро хамт амьдардаг Кронтойгоо баахан муудалцаж Пэти, Рүүпи хоёр тэднийг эвлэрүүлэх гээд болсонгүй зөнд нь орхидог. Ингэж байтал Пэтигийн дээвэр эвдрээд Рүүпигийн гэрт хонохоор болов. “Пороро, Крон хоёр муудалцах нь их муухай юм” гэж байсан өнөөх хоёр маань харин өөрсдөө ганц өдөр хамт байсан биш хөлд тээглэсэн ном, тенисний бөмбөгөөр тоглох чимээ төдийгөөс болж хэрэлдээд, Пэти гомдоод явна. Төдөлгүй Рүпи тайвширч, Пэтид санаа зовоод Поророгийн гэрт ирэхэд өдөр хэрэлдэж байсан хоёр аль хэдийн эвлэрсэн байлаа. Рүпи асуудаг юм,

  • Крон та хоёр байнга хэрэлддэг байж яагаад хамт амьдардаг юм бэ? гэхэд Пороро,
  • Ганцаараа амьдрах чинь уйтгартай ш дээ хэхэ. 

Айхтар диалог. Эцэг эх нь утсаа ухаж сүржин романтизм, усан уянгаар нэгнээ шүүж сошиалд хэрэлдэж байхад хоёр гурван настайчууд амьдралын энгийн үнэнийг Поророгийн нэг ангиас ойлгоод авчихаж байгаам. Харин бидний багад “Ну Погоди”, “Том Жэрри” л байлаа.