“Шарын шашны мунхралаас дарлагдсан ард түмнийг аврав”, “Манжийн дарлал ба мөнгө хүүлэл мөлжлөг”, “Зөвлөлт ахан дүүс”, “Найрамдлын алтан зам мөр” гэх маягийн үг хэллэг нь үзэл суртлын зорилготой, утга уянгын хийсвэр нэршил болохоос биш түүхийн, эсвэл танин мэдэхгүйн бодит мэдлэг биш. Амьдрал тэмцэл гэдэг маш төвөгтэй, ээдрээтэй, олон өнгөтэй учир хийсвэр төсөөллөөр абсолют хар цагаанд хуваачих нь ойлгоход амархан, нийтийн оюун санааг дагуулахад ч дөхөмтэй байдаг. Зөвхөн шашин, үлгэр домог, үзэл сурталд “сайн ба муу”, “аврагч ба мангас”, “үнэн ба худал”, “бурхан ба чөтгөр”, “дарлагч ба дарлагдагч”, “нөхөр ба дайсан”, “зөв ба буруу” гэсэн хялбар, хийсвэр дүрслэлүүд бий. Шашин эсвэл үзэл сурталд л нэг баатар, нэг дайсан ба тэрхүү дайснаас болж зовж буй гэмгүй иргэд, тэр баатрын үгийг зөрчвөл цээрлэл хүртэх тухай номлол бий. Ухаан төлөвшөөгүй хүүхдүүд иймэрхүү хялбар зохиомжтой үлгэр домог, хүүхдийн зохиол уншиж өсөөд, яваандаа ухаан суухын хэрээр илүү нарийн төвөгтэй “Анна Каренина”, “Зуун жилийн ганцаардал” зэргийг уншина. Харамсалтай нь ухаан төлөвшиж амжихгүй, үлгэр домогт итгэсэн чигээрээ үлддэг хүмүүс маш олон. “Нэг сая хүн нэг сар итгэсэн бол тэр хуурамч мэдээ, харин зуун сая хүн зуун жил итгэсэн бол тэр шашин” хэмээх алдартай үг бий. Комунизм ба шарын шашин аль аль нь хийсвэр зохиомол зүйл. Харин комунизмын үзлээр нураасан шарын шашны 700 сүм хийд бол бодитой зүйл билээ.

“Монгол орон уйлж байна” гэдэг өгүүлбэр хийсвэр, харин монгол хүний цалин бага байгаа нь бодитой. Улсын өмч гэдэг үнэндээ ихээхэн хийсвэр ойлголт, харин төрийн өмчийн хувьцаат компаний захирлын суудал бол маш бодит зүйл. Аймаг бүрт баригдсан сүртэй угтах хаалга бол аймгаа гоёор төсөөлүүлэх гэсэн хийсвэр хэрэггүй зүйл, харин угтах хаалга барих төсөв ба даргын цавчаа бол бодит зүйл. Цайны дээж өргөж залбирах нь хийсвэр үнэмшил, харин хүний машин завааруулах нь бодит үзэгдэл. “Хийсвэр зүйлд итгэж цайны дээж өргөлөө” гэж хуулиар торгож мэдээж болохгүй, харин машин завааруулбал торгууль төлүүлж болно /ер нь ч төлүүлэх хэрэгтэй/. Яг урвуугаар “цайны дээжээр сайхан ерөөл өргөж байхад наад машин чинь юу юм нэг муу төмөр” гэдэг мангар шалтгаанаар хүний машин завааруулсан зөрчлийг зөвтгөх ёсгүй. Нэг компани ард түмнийг эрүүл хүнсээр хангахын төлөө ажиллана гэдэг хийсвэр ойлголт, харин тэр компани татвараа төлсөн эсэх, ажилчиддаа хэр цалин өгч байгаа нь бодит зүйл. Нэг УИХ гишүүн эх оронч байна гэдэг нь хийсвэр ойлголт, харин тэр гишүүн ЖДҮ хуссан нь нотлогдсон бол бодит зүйл. 

Ард түмэн хэдий чинээ хийсвэр зүйлд итгэж автдаг байх тусам хөгжил хоцорч, дарангуй систем бий болно. Хийсвэр зүйлийг таних зарим арга бий. “Яагаад ийм юм бэ” гэж асуухад олигтой баримттай хариулт олдож өгөхгүй, “угаасаа л ийм шдээ” гээд улайгаад байвал тэр хийсвэр байх магадлалтай. Бурхан байдаг уу? Угаасаа л байдаг шд, батлах хэрэггүй. Яагаад Тулга эх оронч гэж? Угаасаа л эх оронч хүн, ямар санаатай ингэж асуув чи муу хужаа. Хийсвэр ойлголт бүхэн муу гэсэн үг мэдээж биш л дээ. Дэлхийн түүх, соёлын өв тэр чигээрээ эзэн хаанд, эсвэл бурханд зориулсан хийсвэрлэл байдаг. Төрийн сүлд, төрийн далбаа хэмээх хийсвэр зүйлийн ачаар улс үндэстэн нэгддэг. Гэхдээ л комунист СССР, милитарист Япон, нацист Германы иргэд эх орон, эзэн хаан, “төгс Ари үндэстэн” гэсэн хийсвэр зүйлийн төлөө амь хайрлахгүй тэмцсэн ч үнэндээ төв хорооны дарга нарын төлөө, квантуны генералуудын төлөө, Хитлерийн эрх мэдлийн төлөө л зүтгэсэн байдаг юм. Шарын шашны сүсэгтнүүд бурханд өргөл барьц өгдөг ч үнэндээ сүм хийд, хамба нарт л өгсөн байдаг. Дарангуй засагтай улсад жирийн иргэн өөрийгөө улсынхаа төлөө зүтгэж байна гэж итгэдэг ч үнэндээ улсын эрх мэдэлд байгаа хүмүүсийн төлөө л зүтгэсэн байдаг. Дарангуй системд хүнийг ажиллуулж ажиллуулчихаад тохирох цалинг нь өгөхгүй “хөдөлмөрийн баатар”, “ардын жүжигчин” хэмээх хийсвэр цол өгдөг. Харин ардчилалд шилжсэнээр гавьяат цолтой дуучны ханш 2 сая, соёлын тэргүүн бол 1 сая гэх маягаар хийсвэр шагналын бодит гэмээр ханш тогтож байх шиг. Орос бол хүчирхэг гүрэн, Путин бол хүчирхэг удирдагч гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Харин яг Орос оронд очиж амьдрахыг хүсэх үү гэвэл бүгд эргэлзэнэ. Дарангуй засаг дор улсынх нь, удирдагчийнх нь нэр сүр хүчирхэг мөртлөө иргэд нь тийм ч жаргалтай байдаггүй. Хойд солонгосын Ким Жон Уныг дэлхий даяараа мэднэ, харин Өмнөд солонгосын ерөнхийлөгч хэн ч юм бүү мэд. 

Монголоороо бүтэн өгүүлбэр бичиж чадахгүй мөртлөө “Монгол хэл англи хэлнээс илүү баялаг хэл” хэмээн “аархах” нь үндэсний бахархал сэргэж буй хэрэг ерөөсөө ч биш. “Монгол ахуй” хэмээх хийсвэр төсөөллөөр монгол малчин хүнийг хорвоогийн хоцрогдсон нэгэн болгох гэдэг нь үндэсний үзэл бүр ч биш. “Аав ээжийн ач хариулах юмсан” гэж уйлж бархирах нь улам нэмэгдэх атал аав ээжийнхээ тэтгэвэрийн зээлээр тэжээлгэж буй нь ёс суртахуун, хүмүүжил огтоосоо ч биш. “Монголын аархал омогшил”, “Монгол хүний гени хамгийн супер” гэх мэт нь хийсвэр ойлголт. Харин бүгд Монгол улсаас зугтахыг хүсэж буй нь бодит асуудал. Наанаа монгол омогшил бахархал, нутаг ус, аав ээжийн уярам хийсвэр төсөөллөөр хийстэл нь уяраачихаад, цаанаа монгол хүнийг боловсролгүй хоцрогдсон арчаагүй, хоёрыг тунгаах ухаангүй байлгах гэдэг үзэл санаанаас сэрэмжил. Хүний наслалт уртсаж, бүгд чөлөөтэй мэдлэг мэдээлэл солилцож, хувь илүү үнэ цэнэтэй болж, “эх орон” гэдэг хийсвэр зүйл биш “иргэн хүн” гэдэг бодит зүйл нэгдүгээрт тавигддаг тийм цаг үе ирж байна. Мөн нөгөө талаасаа сургууль, цэцэрлэг, банкны зээл, уул уурхайн хувь өгөөж гээд бүх зүйлийг төр засаг нь өгөх ёстой гэдэг номлолоос ч сэрэмжил, учир нь бүгдийг өгдөг төр бүгдийг нь авдаг билээ. 

Эх орны баялгийг хулгайлсан бүдүүн дарга шийтгүүлэхгүй мөртлөө ганц утас суйлсан хүнийг шоронд суулгах нь шударга биш санагддаг. Яагаад? Яагаад гэвэл “эх орны баялаг” бол хийсвэр, харин алдсан утас бол бодит. Түүнчлэн утсаа алдсан хүн арай бодитойгоор уурлаж байгаа бөгөөд, өнөөдөр утсаа алдсан “сэтгэлийн шарх” нь маргааш ч, магадгүй жилийн дараа ч хэвээрээ л үлдэнэ. Харин өнөөдөр “эх орны баялгийг хулгайлсан урвагч” маргааш нь арай гоё пиар хийж чадвал “эх орны баялгийг хамгаалан тэмцэгч” болж хувирч ч мэднэ. “Эх орон”, “баялаг”, “урвагч” гэх ойлголт нь ихээхэн хийсвэр учир “Эх орны баялгийг хулгайлсан урвагчийг цаазална” гэсэн өгүүлбэрийг хуулинд оруулж болдоггүй. Магадгүй шашны номлолд, хойд солонгосын Чучхэ үзэлд ийм заалт оруулж болох л юм. Авлигын хэрэг бол мэдээж бодит зүйл, харин МАНАН бүлэглэл бол хийсвэр. Авлигын хэрэгт хуулийн зүйл заалт оноож, мөрдөн шалгаж, шийдэх нь маш төвөгтэй процесс. Арай гэж нэг тийш шийдэж байгаа авлигын хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дуусгах” гэх мэтээр бүр будилуулж, тэгсэнээ бүх бурууг нь МАНАН гэх хийсвэр зүйлд чихэж, элдэв үзэл суртал үлгэр домог ярьдаг томчууд бол харин бодитойгоос бодитой бөгөөд орой бүр ТВ –ээр бодит царайгаа харуулдаг билээ.

Өнөөдөр шударга санагдсан хүн маргааш шударга биш санагдах нь байдаг л зүйл. Харин өнөөдөр хуулийн заалт зөрчсөн хүн маргааш нь зөрчөөгүй болчихдог байвал тэр жинхэнэ гамшиг мөн. Монголчууд хатуу гар хүсээд байгаа нь үнэндээ хатуу хууль л хүсээд байгаа хэрэг, хатуу хууль гэдэг нь дарга цэрэг ялгахгүй хэрэгждэг л хууль юм. Үүнийг зарим нь “шударга ёс”, зарим нь “хуулийн засаглал” гэх мэт янз янзаар хэлээд хоорондоо мэтгэлцээд байдаг ч үнэндээ монголчууд бүгдээрээ нэг л зүйл хүсээд байгаа. Хууль ёс гэдэг нь хулгайтай тэмцэхийг хэлнэ /хулгай гаргуулахгүй байх/, шударга ёс гэдэг нь хулгайчтай тэмцэхийг хэлнэ /өөрт таалагдахгүй хулгайч нарыг яллах/ гээд тодорхойлчихсон ч болох л юм. “Шударга ёс”, “эх оронч үзэл”, “баялагийн тэгш хуваарьлалт” гэх мэт хийсвэр зүйл ярьж буй хүмүүсээс сэрэмжил. Зарим шударга хүний тогтоосон хийсвэр шударга ёс дээр биш, хүнээс хамааралгүй бодит хууль дүрэм дээр тогтсон улс л цаашдаа хөгжиж, иргэд нь жаргалтай амьдардаг гэдэг нь сүүлийн 100 жилд нотлогдсон теорем билээ.