УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа. Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой нөхцөл байдлын цаг үед УИХ-ын чуулган энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцож, Ирээдүйн өв санд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар баталсан билээ. Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 1100 төсөл, арга хэмжээг 1.390. 921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж “Барих- шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266.268.7 сая төгрөг төлөхөөр батлагдсан. 

Дэгийн тухай шинэ хуулийн дагуу улсын төсвийн тухай хуулийг Ерөнхийлөгчид өргөн барьснаас тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Нөхцөл байдлаас харахад УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн жилд батлагдсан төсөв гэдэг утгаараа, нөгөө талаас ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй байх магадлал ч өндөр байна. 

Ерөнхийлөгчийн хориг тавих эсэхээс үл хамааран Ковид-19 вирусны цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сая баталсан төсвийн тухай хуульд тодотгол хийхээс өөр аргагүй болох нь тодорхой. Эхлээд оны эцсийн төсвийн гүйцэтгэлийг харцгааж, дараа нь хэдийд тодотгол хийхээ товлох биз ээ.

Энэ удаагийн төсвийн онцлог нь Ковид-19 вирусны цар тахлын хүндрэлийн үед, мөн үүний улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд батлагдлаа. Яг төсвийг хэлэлцэж эхлэх үе буюу өнгөрсөн 8-10 дугаар сард эрсдлийг дундаж хэмжээнд зураглаж байсан бол өнөөдөр эргэн харахад эдийн засгийн ерөнхий төсөөлөл, төсвийн орлогын хэмжээ зэрэг өөдрөг төсөөллүүд эдийн засгийн суурь нөхцөл болж таарч байна. Азаар ч гэх үү, Засгийн газрын нөөц хөрөнгийг яг Засгийн газраас оруулж ирсэн хэмжээгээр нь баталсан. Ковидтой холбоотой нэмэгдэж орсон, түүнийг нь хөндөөгүй. Хүүхдийн мөнгийг олгох хэмжээг хэвээр баталсан зэрэг нь өнөөдөр “аминд орох” нааштай шийдвэр гэж хэлж болохоор байна. 

Цаашид Ковид-19 вирусны цар тахлын хүндрэл ямар хугацаанд үргэлжлэх, хэр хүндрэл авчрахаас шалтгаалж тодотголоо хийж таарна. Ямар ч байсан дотоодын аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлэх татварын орлогыг цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы арга хэмжээ ниргэчихлээ. Эдийн засаг нүүрс, зэс, Оюутолгойн экспорт дээр тогтох нь гарцаагүй байна, тэр тусмаа нүүрсний экспорт эргэлзээтэйд тооцогдохоор байгаа учраас Оюутолгойн экспорт л гол түшиц болох төлөвтэй байна. 

Одоо бидний өмнө яг өнөөдрийн нөхцөл байдал удаан хугацаагаар үргэлжилбэл яах вэ? Улмаар хамгийн хүнд төсөөлөл буюу өнөөдөр бидний мөрдөж байгаа дэглэмийн дээд талын зэрэглэлийн буюу хамгийн хүнд хэлбэр болох Онцгой дэглэмд шилжвэл яах вэ гэдэг талаас харж зураглалаа гаргах шаардлагатай боллоо. 

Тухайлбал ирэх оны төсвийн хуулийг батлахдаа хөрөнгө оруулалтыг танах шаардлага гарсан. Зөвхөн Дундговь аймагт л гэхэд улсын нэгдсэн төсвөөс хийх хөрөнгө оруулалтыг 52 тэрбум төгрөгөөр тусгасныг 27 тэрбум төгрөг болгож танаж баталсан. Үүнийгээ хассан гэхээсээ илүү дараагийн жилүүдийн төсөв рүү эрэмбэлж шилжүүлж зохицуулалт хийсэн гэж тайлбарлаж байна. Энэ мэтчлэн зардлуудыг танах, зардлын оронд зардал гаргахгүй байх чиглэлийг баримталсан бололтой юм. 

Мөн хамгийн их асуудал дагуулаад байгаа халамжийн төсвийн тухайд нийт 72 нэр төрлийн халамж байсныг 68 болгож нэр төрлийг цөөлсөн байна. Гэхдээ аль төсвөөс хэдэн хувиар танах тухай тодорхой заагаагүй халамжийн нийт үнийн дүнгээс нь 5 хувиар танасан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээтэй иргэдэд олгодог халамжийн төсвийг төдөн хувиар хас гээгүй аж. Үүний цаана ямар процесс болсон бэ гэвэл НХХЯ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох халамжийг салбарын төсөвтөө авахгүй, Эрүүл мэндийн сайдын багцад байх ёстой гэж үзсэн боловч НХХЯ, ЭМЯ хоорондоо “түлхэлцсээр” эцсийн мөчид Сангийн яам төсөвт тусгахдаа НХХЯ-нд харьяалуулсан. Одоо халамжийн сан дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох халамжийн төсөв орсон, үүнээсээ алийг нь хэдээр хасч нийт дүнгээрээ 5 хувиар хасахыг НХХЯөөрөө халамжийн шинэчлэлийн бодлоготойгоо уялдуулах, ухаалаг систем рүүгээ оруулаад зохицуулах ёстой аж.

Энэ удаагийн Төсвийн тухай хуульд Засгийн газрын баримталж буй бодлого алдагдаагүй учраас Ерөнхий сайд, Сангийн сайд нар Happy байгаа нь лавтай. 

Харин Төсвийн байнгын хорооны гишүүдээс гарч буй саналуудаас харахад цаашид улсын төсвийг 14 хоногт багтаан хэлэлцэж батална гэдэг хангалтгүй, УИХ-ыг хугацаагаар их шахдаг юм байна гэж үзэжбайгаа юм билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ төсөв дээр бүтээлч ажиллах хэрэгтэй болсон. Урьд нь орлогогыг ч, зардлыг ч, хөрөнгө оруулалтыг ч нэмээд танигдахгүй болтол өөрчилчихдөг байсан бол одоо тийм юм байхгүй учраас УИХ маш бүтээлч, задалж үзэх хэрэгтэй болчихож байгаа юм. Бас нэг онцлог гэвэл Төсвийн шинэчлэлийн хөтөлбөрийг УИХ баталсан. Энэ нь төсвийн хуулийн хэрэгжилттэй холбоотой. Төсөв зарлагаддаг салбаруудын хувьд тийм ч таатай биш Төсвийн шинэчлэлийг заавал хийхээс аргагүй болоод байгаа юм билээ. Нэг л жишээ дурдахад багш нарын цалинг регистрийн дугаартай нь холбож цалингийн ухаалаг систем рүү оруулж цалинг нь өгөхөд 10 хувийн зөрүү гарсан байгаа юм. Үүнтэй нь уялдуулж Сангийн яам ухаалаг шийдвэр гаргаж энэ жилийн төсөв дээрээс 10 хувийг хасчихсан. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайд “Энэ хасалтаас болж арван хэдэн мянган багш халах юм уу” гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Гэтэл үнэндээ ямар ч халах шаардлага байхгүй. Учир нь тийм тооны багш огт байгаагүй, бараг л “уламжилж” ирсэн хий тоо. Эндээс харахад хэдэн он дамжин салбараараа төсөв хулгайлаад яваад байсан юм уу гэж харагдаж байгаа юм. Яагаад гэвэл тэдгээр орон тоон дээр тийм тоон багш байгаагүй, тэгсэн хэрнээ босоо төсөв учраас төсөвт тусгасан хөрөнгийг буцаадаггүй. Оны эцэст шингээгээд зарлагадчихдаг. Ийм алдааг арилгаж хэмнэлт гаргах, төвийн орлогыг зөв зарцуулахын тулд төсвийн шинэчлэлийг хийхээс аргагүй юм билээ.

Харин энэхүү төсвийн шинэчлэлийг хийхдээ УИХ санаачилж УИХ гартаа авахгүй бол Засгийн газар хэзээ ч өөрсдөө хийж чадахгүй, хүч нь ч хүрэхгүй, Сангийн яамнаас бусад зарлагадагч салбарууд ойлгох ч үгүй биз. Шүүмжлэл ихээр дагуулдаг концессийн тухайд У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр концесс зарлаагүй. Төсөвт өмнөх концессуудын тухайд болон хамгийн ихээр шүүмжлэгддэг орон нутагт төсөвлөгдсөн сумын төвийн барилга, байгууламж, театр, соёлын төв, хөшөөнүүдийн ажлын гүйцэтгэлтэй танилцаад дараа дараагийн жилийн төсөвт шилжүүлж, төсөвт өртгийг нэмэгдүүлж үрэлгэн зардал гаргаснаас ирэх жилийн төсөвт багтаагаад барьж дуусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. 

Айдас төрүүлдэг гадаадын улс орнуудаас авч буй зээл, тусламжуудын тухайд богино хугацааны зээлээрээ экспортыг, үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Чингис бондыг зарцуулсан шиг 20-30 жилийн хугацаанд алсуур, дам нөлөөгөөрөө өгөөжөө өгдөг дэд бүтцийн салбар руу хийхгүй. Ийм төсөлдөө урт хугацааны зээлийн хөрөнгө оруулалтаас зарцуулж болох юм гэсэн чиглэлийг баримталжээ. 

Ийнхүү төсвийн хөрөнгө оруулалтын тухайд цаг хугацааны хувьд нэн тулгамдсан биш, ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн биш бол зохицуулалт хийж хойшлуулаад Хүүхдийн мөнгө болон Засгийн газрын нөөц санд төсөвлөж оруулж ирсэн төсөв, Ковидын эсрэг авах арга хэмжээний болон зуд, гамшигтай холбоотой нэмэгдсэн төсвийг хэвээр баталсан ийм төсөв баталж Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа юм байна. Энэ төсөв Ерөнхийлөгчөөс хориг хүлээн авах нь тодорхой, тодотгогдох нь ойлгомжтой ч онлайн хэлбэрийн хувьд анх удаа ийм хэлбэрээр төсвөө баталлаа. УИХ-ын Тамгын газар энэ гэнэтийн байдалд шуурхай бэлтгэж арга хэмжээ авч ямар нэг саадгүйгээр үйл ажиллагааг хангасанд талархаж буйг энэ дашрамд уламжилъя