Цаатан

Гэрэл зураг бол байгаль, хүмүүний ертөнцийн сүр хүч төдийгүй ядрал доройтол, баяр бахдалаас гадна цөхрөл бас тулгамдсан асуудлыг эргэцүүлэх боломж олгодог бодит урлаг юм. Ч.Батзаяа, Х.Энхжаргал нарын “Цаатан” хэмээх шинэ бүтээл бол яг ийм эргэцүүлэл, бодролын зураглал. 

Азийн тивийн гүнд алдар цууныхаа хамтаар олон зууны турш нууцлагдаад XX зууны эхээр сэрж босон сэргэн мандсан Монгол нутгийг дэлхий ертөнц мэднэ. Монголчуудын амьдрал их хаан Чингисийнхээ нэр алдар шиг тов тодорхой атлаа, их Азийн гүн шиг нууцлаг агаад ер бусын бөлгөө. Ийм ер бусын шинж хосолсон Монгол нутгийн алс хязгаарт мянганы өмнөх шигээ амьдралын хэвшилтэй цаатан иргэд амьдардаг. 

Орчин цагийн холбоо мэдээллийн технологи тэднийг дэлхийтэй зэрэгцүүлж харагдуулдаг ч уламжлалт оршихуйн өнгө гадрыг зассан төдий. Тэд хөвч тайгынхаа гүнээс гүнд нүүдэллэж, цаагаа маллаж, уламжлалт хэвшлээрээ амьдарсан хэвээр. Өв уламжлалаа хадгалан сэргээх үзэл санаа нэг талаасаа тэднийг хамгаалан тэтгэвч шинэчлэгдэн буй шинэ ертөнц хуучин уламжлал, үнэт зүйлсийг алхам алхмаар гадуурхан шахаж байдаг билээ. Ийм тэмцэл, үзэгдлийн уулзварт оршин байгаа цаатнуудын хувь заяа, хөвч тайгын гүн дэх хүмүүний соёлын бяцхан түүдэг юу өгүүлэхийг харцгаана. 


ХӨРӨГ: ЦААТАН САНДАГИЙН ГАНБАТ

  • Танай удам угсааны талаар яриагаа эхэлье.

Би Улаан-Уул сумын нутагт 1959 онд төрсөн. 

Соён овгийн хүн. Аав, ээж минь ОХУ-ын Тува Улсын Кунгуртуг гэдэг газраас гаралтай хүмүүс байсан. Харин миний хань бол Бальгаш овгийн Жамбадоржийн Пүрвээ Зүүн тайгын эмэгтэй. Түүний аав, ээж нь мөн Тувагийн Тож дүүргийн хүмүүс. Манай духачуудын өвөг дээдэс хэдэн зууны турш Монгол, Оросын хооронд хилийн бүс нутгаар нутаглаж ирсэн хүмүүс. Бид айл гэр болж Зүүн тайгадаа амьдраад олон жил болжээ. Хүүхдүүд маань бүгд удмын цаатнууд. Тайгадаа айл хөрш, хамтдаа амьдарч байна. 

  • Сургуулийн тухай тодруулмаар байна. Учир нь “Тайгын хүүхдүүдийг дотуур байранд оруулсан ч халууцаад өвлийн хүйтнээр байрны ард унтаж байсан" гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

Би Улаан-Уул сумын төвд нэгдүгээр ангид орж наймдугаар анги төгссөн хүүхэд. Гэхдээ таны асуусан шиг тийм зүйл байгаагүй дээ, хэтрүүлэг бололтой. Социалист нийгмийн үед цаатан иргэдийг боловсролтой болгож соёлжуулахаар төр засгаас их олон арга хэмжээ авч байсан юм. Нэг ижил загвартай олон байшинд цаатнуудыг авчраад зогсохгүй, улсаас машинаар цааны хөвдийг нь хүртэл зөөж байсан түүх бий. Тайгын хүн, амьтан тайгадаа л амьдрахаас талд суурьшиж чадахгүй л дээ. Одоо бол тайгын малчдын хүүхдүүд бүгд сургуульд хамрагдаж байна. Харин эдний маань эх хэл бидний цаг үед алга болж байгаад нь санаа их зовж байна.

  • Таныг малын эмчээр ажиллаж байсан гэж сонссон? 

Тиймээ, нэгдэл гэж байх үед малын эмчээр ажиллаж байсан. Одоо ч цаанд шаардлагатай ойр зуур эмчилгээ, тариа хийдэг. Хөвсгөл аймгийн төв Мөрөнд малын эмчийн сургалтанд суусан. Дараа нь Улаанбаатар хотод мөн сурч байсан. 

  • Цаатнуудын ахуй амьдрал таны бодлоор ямар байна?

Бидний цаатнууд цааныхаа буянаар сайхан амьдарч байна аа. Онгон дагшин байгальдаа цаагаа маллаж, ууландаа явж байх чинь жаргал шүү дээ. Улсаас цаатан иргэдэд цалин олгодог болсон. Амьдралд нэмэртэй. Зун жуулчид их ирнэ. Бидний ахуй амьдралд бодит нэмэр болж байна. Жуулчдад амьдрал ахуйгаа сонирхуулж, цаагаа үзүүлж мөнгө олно. Өвөл чөлөө заваараа цааны эврээр бэлэг дурсгалын зүйл урлаж, жуулчдад борлуулахаар бэлтгэдэг. 

  • Цааны сүргийн өсөлт, тоо толгой ямаршуухан байна? Бас цааны цус ойртолтын тухай яригдах боллоо.

Сүүлийн жилүүдэд цаа сайхан өсөж байна. Цааны цус ойртолт гэж байхгүй дээ. Бид өөрсдөө арга хэмжээ авна. Цааны нийлүүлгийг нарийн зохион байгуулдаг. Этрээ зөв сонгоно. Баруун, Зүүн тайгынхны уулзалтаар (фестиваль) юм уу, цуглаж уулзах үеэрээ солилцоо хийнэ. Бас хэд хэдэн удаа Тувагаас цаа авчирч цус сэлгэсэн. Тун зөв ажил байгаа юм. 2014 онд ОХУ-ын Тувагаас 20 цаа авчирсан юм. Энэ ажилд хөгшин бид хоёр бас явсан. Завханы Арц Суурийн боомтоор гараад Кызыл хот ороод тэндээсээ Тож дүүрэгт (районд) очсон. Цаагаа бүр түүнээс цаашаа очиж авсан. 

Замдаа Тож дүүрэгт амьдардаг ах дүү нараараа зочилсон доо. Тэнд Пүрвээгийн төрсөн эгч 84 настай хөгшин амьдардаг. Ханийн маань ах дүү нар олуулаа бий. Цар тахал гарснаас хойш харин хүүхдүүдтэй нь холбогдож чадаагүй л сууна. Тож дүүрэгт байгаа ах дүү нар нь одоо цаа малладаггүй. 

  • Эртнээс цаатнуудын амьжиргааны эх үүсвэр ан агнуур байж. Одоо ан, гөрөөнд явдаг уу?

Аль эртнээсээ нааш цаатнууд гөрөөчин хүмүүс байсан. Одоо ч гараа мухарлуулсан даа. Зөвшөөрөлгүй ан гөрөө хийх хуулиар хориотой, буу үүрч явахаас ч эмээдэг болсон. Бид байгаль, амьтнаа хайрласан хууль, дүрмээ дагалгүй яах вэ. Хуучин цагт бол ангийн олзоо хоол хүнсэндээ хэрэглээд, уламжлалт үслэг ангийн арьсыг борлуулж амьдралдаа нэмэр болгодог байв. Одоо жилдээ нэг удаа ядаргаа тайлах бор шөл ууя ч гэсэн хориотой шүү. Ан авын уламжлал гэдэг том уламжлалт соёл юм шүү дээ. Ерээд оны зах зээлийн эдийн засаг руу шилжих хүндхэн үед Монгол даяар амьтныг ихээр агнаж тоо толгой нь их багассан. Түүнээс улбаатай энэ хуулийг гаргасан. Одоо харин амьтныг хайрлан хамгаалахаас гадна, зохистой хэмжээгээр ашиглах талаар эргэн хараасай гэж боддог юм. 


  • Хоёулаа зэрлэг цааны тухай ярилцъя. Хөвсгөлд зэрлэг цаа бий юу? Та харсан уу? Гэрийн цаатай нийлэх явдал гарч байсан уу? 

Өвөл Оросын нутгаас хил давж орж ирээд, хавар эрт буцчихдаг юм. Сүүлийн жилүүдэд ховордсон байх. Манай нэг цаанаас зэрлэг цааны төл гарч байсан. Хугаш нь ааш зан их догшин, үргэмтгий юм билээ. Урц, хүнд ер ойртохгүй, гүйгээд зугтчихдаг амьтан. Цааны хамгийн цаана захлан тав, арван метрийн хол л байна. Манай Пүрвээгээс өөр хүнийг ердөө ойртуулдаггүй үргээд зугтчихдаг байсан. Хоёр, гурав дахь үедээ ч тэр зан нь арилдаггүй юм билээ.

  • Танай өрхүүд зэрлэг цааны нутгаар амьдрах тохиолдол байсан уу? 

Цаатнууд бид чинь жилийн дөрвөн улиралд цааныхаа бэлчээр, идшийг даган нүүдэллэдэг хүмүүс. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт (УТХГН) гэрийн цаа оруулахгүй гээд цааны бэлчээрийг хязгаарлаж байна. Хүний эрхээс гадна цааны бэлчээрлэх эрх зөрчигдөөд байх шиг. Хэрвээ УТХГН-аар явах бол заавал зөвшөөрөл авахыг шаарддаг болсон. Энэ УТХГН-ын хууль, дүрмээс айж амьдарч байна. Урцны шургааг авахад хүртэл хориотой болжээ. Хил хамгаалахтай бол бид хэл амаа ойлголцоод яваад ирсэн ч харин энэ УТХГН-ын хууль дүрмэндээ юм уу, бидний нүүж суух хүртэл хязгаарлагдсаар байна. Бид чинь өв соёлоо хадгалж, уламжилж яваа хүмүүс

биз дээ. Бас эзгүй хязгаар нутгаа эзэнтэй байлгаж байгаа эх орны хилчид ч гэж хэлж болно шүү дээ.


Ийм яриа бидний дунд болж өнгөрөв. Сурвалжлан асуусан гэхээс, сонирхон тодруулсан асуултууд гагцхүү цөөхөн хэдхэн цаатны ахуй амьдралын тухай мэдэх хүсэл, өв соёлоо устаж, мөхөхөөс сэргийлж, туслахад жаахан ч атугай дэмнэх чин сэтгэлийн хөөрөлдөөн байсан юм. Зүүн тайгын цаатнуудад, албан ёсоор овог, отгийн ахлагч томилогдоогүй ч, насаар ахмад, үг үйлдлээрээ Зүүн тайгадаа төдийгүй аялагч бидний дунд тайгын ахлагч Ганбаа хэмээн хүндлэгдсэн нэгэн эрхэмтэй хуучилсан хүүрнэл энэ буюу. Тэрээр мөн өвөг дээдсээсээ уламжлан ирсэн бөө хүн билээ. Цаатан ардын өв соёлыг хэвээр үлдээхэд алсыг харсан зөв бодлого үгүйлэгдэж буйг алс хязгаарын цааны бэлчээрээс тэрээр богинохон ч тун олон зүйлсийг ойлгуулж, сануулан сургамжилсан юм.