Цэндийн Нямдорж гэх энэ нэр Монголын хуулийн салбарт хадагдаад яг 41 жил болжээ. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын их сургуулийн хуулийн ангийг дүүргээд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавихаар болж, цэргийн коллегийн хуралд суусан 1981 оноос эхэлж тооцвол. Прокурорт ажилласан долоон жилийнхээ хугацаанд тэр хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч болтлоо тасралтгүй өсч дэвшжээ. АН-ын сүүлчийн даргаар “тодорч” эхэлсэн С.Эрдэнийг хүний аминд халдаж, хорихын өрөө рүү явахад хэргийг нь уншсан прокурор гэж өөрөө ярьдаг л юм, 1984 онд.

Улмаар 1990 онд Хууль зүйн Тэргүүн дэд сайд, түүнээс хойш таван удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан намтар нь түүнийг эзэмшсэн мэргэжлээсээ холдох нь битгий хэл, харин ч “уяатай” явж ирснийг илтгэнэ. Үндсэндээ Ц.Нямдорж гэдэг хүн төрд тасралтгүй зүтгэсэн 41 жилийнхээ 14-д нь сайдын алба хашиж, 28-д нь хууль тогтоогчийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ хооронд УИХ-ын дэд болон даргаар ажилласан гурван жил нь ч багтана. 2020 оны ээлжит сонгуульд өвдөг шороодсоныг эс тооцвол 1992 оноос тасралтгүй төр түшилцэж ирсэн тэрбээр 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан нь саяхан. 

Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ёсоор “хөшигний ар”-аас гарсан наймдугаар сарын сүүл хүртэл Монгол Төрийн сайдын албатай байв. Төрд зүтгэсэн он жил, хашсан албан тушаалынхаа туршлагаар Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнэ шиг шинэ залуу Ерөнхий сайдын хамгийн сайн түших багана, тулах цэг нь болно гэцгээж байсан ч тийнхүү халаагаа өгсөн түүхтэй.

Ийм өгүүлэх гол агуулга нь хахир зантай ч өөрийн гэсэн харизмтай, хамгийн гол нь 1992 оноос хойш Монголын төрд болсон үйл явдлыг он, сар, өдөртэй нь хэлдэг Ц.Нямдоржийн ой санамж одоо л хэрэг болж мэдэх нь. Шалтгаан нь нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь хөтөлж, хамаатуулах болсон нүүрсний хулгайн гэх хэрэг. Энэ оны дөрөвдүгээр сард анх “гэрэл цохиулсан” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлээс улбаатай нүүрсний хулгайн асуудал өдгөө бүх нийтийн тэмцэл болтлоо өргөжиж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь ч нэг завинд сууснаа ээлж дарааллан мэдэгдэв.

“Нүүрсний хулгай” тойрсон эргэлзээг тайлахаар УИХ-аар Нээлттэй сонсгол явуулахаар болсон нь ч эл асуудал хэдийнэ өндрөө авсныг харуулах бодит үндэслэл. Гэхдээ энд нэг асуудал байна? Тэр нь УИХ-аар явуулах “Нээлттэй сонсгол” болон нүүрсний хулгайтай тэмцэх энэ Засгийн, Ерөнхий сайдын тэмцэлд сайд асан Ц.Нямдоржийн дэмжлэгийг авъя! 

Засгийн газрын зүгээс Монгол Улсаас сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан нүүрсний хэмжээ, БНХАУ-д сүүлийн 10 жилд импортолсон хэмжээтэй жил жилээр нь тулгаж үзэх шаардлага бийг онцолж буй. Урьдчилсан байдлаар 2013-2019 оны хооронд зургаан жилийн хугацааны тулгалтыг хийхэд 385 мянган тн орчим нүүрсний зөрүү гарсныг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бий. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Тавантолгойн ордоос олборлосон болон хилээр гаргасан нүүрсний хэмжээг тулгаж үзнэ гэж тооцвол лав үүний 3-4 жил нь Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж байсан үед хамаарч таарна. Нэг ёсондоо хилийн боомттой холбоотой мэдээллээр хамгийн сайн хангагдаж явсан хүн нь тэр. Түүний ой санамж хэрэгтэй болох нь гэсэн шалтгаан нь энэ. Тодорхой үндэслэл, тоймтой баримжаа бүхий мэдээлэл түүний амнаас гарч мэдэх л юм. Гагцхүү иргэн Ц.Нямдорж нүүрсний хулгай тойрсон энэ бүх асуудал ямар байр суурьтай, хэрхэн хандах нь өнөөдөртөө сонирхолтой! Сайнаар бодоход нүүрсний хулгай хаанаас эхтэй, хэн гэгч түшээд нь хэтэвчээрээ холбоотой хамааралтай явж ирсэн талаарх үйл явдлыг он, сар, өдөртэй нь олон нийтэд дэлгэвэл тэр нь л Ц.Нямдоржийн гавьяа болж үлдэнэ үү? гэхээс лав гай тарихгүй.

UZEG.INFO